Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

улсын яллагч Ө.Манзушир,

шүүгдэгч Я.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Я.Ж-д холбогдох 2416000000260 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны ** дугаар сарын ***-ний өдөр Говь-Алтай аймгийн ****** сумд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Говь-Алтай аймгийн ******** сумын ***** багийн **** тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн эрүүгийн шүүхийн 1995 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ***** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ******** регистрийн дугаартай, Н овогт Я-н Ж.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Я.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Я.Ж нь Говь-Алтай аймгийн ***** сумын нутаг дэвсгэр улсын чанартай А-**** кодтой зам дээр 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шөнийн 01 цагийн үед ***** ГАО улсын дугаартай toyota allion маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

1. Шүүгдэгч Я.Ж-н шүүх хуралдаанд өгсөн “...Согтуугаар машин жолоодож явсан нь үнэн. Хэргээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

2. Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Цагдаагийн газрын техник замын байцаагчаар үүрэг гүйцэтгэн ажилласан. 2024  оны 10 дугаар сарын 07-ны шөнийн 01 цагийн үед улсын чанартай А-***** кодтой зам буюу аймгийн төвөөс 73 км-т ***** сум нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллаж байхад ***** ГАО улсын дугаартай “аллион” загварын тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцож байхад нь зогсоож шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч Я.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Би жолоочийг тээврийн хэрэгслээс буулгаж саатуулан драгер үлээлгэж согтолтын зэргийг тогтоох шаардлагатай гээд цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд авч ирээд 7510 маркийн драгераар согтолтын зэргийг шалгахад 2.03 хувийн согтолтой байсан ... Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/

3. Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 /жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон/-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хасуулсан” гэх жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/

4. Холбогдогч Я.Ж-н амьсгал дахь спиртийн агууламж 2,03 хувь промиль гарсан болохыг тусгасан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл./хавтаст хэргийн 2 дугаар хуудас/

5. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ЗШ/517 дугаартай шүүгчийн шийтгэврийн хуулбар/хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Тодруулбал тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Мөн “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг мөн, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор хуульчилсан тайлбарыг хийжээ. Энэ нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд урьд өмнө нь адил үндэслэлээр шийтгэл хүлээж эрхээ хасуулсан тохиолдолд хамаарна. Шүүгдэгч Я.Ж-н тухайд өмнө нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодох зөрчил үйлдэн 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан тул түүний энэ удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангана бүрэн хангаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг зорилгоор шүүгдэгч Я.Ж-н “1995 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн ***** дугаартай тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/, Баянгол дүүргийн шүүхийн 1995 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн **** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар/хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/, шүүгдэгч Я.Ж-н гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “...согтуугаар машин жолоодож явсан нь үнэн. Хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/, шүүгдэгчийн эрүүл мэндийн бичиг баримтын хуулбар/хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Я.Ж-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Я.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 8 (найм) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, шийдвэрлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Н овогт Я-н Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ж-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг)  жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 8(найм) сарын  хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тэнссэн хугацаанд шүүгдэгч Я.Ж-д тогтоосугай.

4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Я.Ж-д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА