Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян

Улсын яллагч Д.Оюунбилэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваа

Шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 201722000136 тоот хэргийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Н.Б-,

Шүүгдэгч Н.Б- нь  согтуугаар  2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын 1 дүгээр багийн нутаг Таана гэх газарт иргэн П.Д-гийн гэрт  иргэн О.А-тэй маргалдан хоолойн тус газарт хутгаар зүсэж  бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч .Н.Б- нь  согтуугаар  2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын 1 дүгээр багийн нутаг Таана гэх газарт иргэн П.Д-гийн гэрт  иргэн О.А-тэй маргалдан хоолойн тус газарт хутгаар зүсэж  бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч О. О.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017  оны 02 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед гэртээ буузаа хийх гээд эхнэр Бүдханд, ээж Эрдэнэдалай нарын хамт байж байтал манай ... гэсэн дугаар руу гаднаас дуудлага орж ирсэн, манай авгайн ээжийнх нь төрсөн дүү С-далай дээр мотоцикль эвдэрчихлээ, хөлдөж үхлээ, ирж тус болооч гэсэн, за би яваад очьё гэсэн, хэсэг хугацааны дараа дахин залгаад хөлдөж үхлээ хурдлаач гэхээр нь би мотоцикльтой ганцаараа давхиад очтол Ханхын ам гэх газрын  тушаа далай дээр мотоцикль эвдэрчихсэн С-, П.Д-, Н.Б-, түүний эхнэр дөрөв байж байсан,намайг очиход Н.Б- согтчихсон мотоциклийнхоо хажуу талд дөрвөн хөллөчихсөн тасралтын байдалтай хэвтэж байсан.   ...далай дээр хүйтэн байсан болохоор С-нэг шил архи задлаад Э- гэх хүнд өгсөн, надад архинаас өгөхөөр нь би хальт амссан чинь Н.Б- хөөе пиздануудаа хурдлаач гэсэн,тэгээд миний араар Н.Б- суугаад нэг шуудай гурил ачсан.  ...замдаа явж байхдаа Н.Б- би 10  өдөр архи уугаад ирлээ, самарт яваад цөм хийгээд ирсэн гэж байсан.  ...цаашаа хөдлөөд П.Д- гэх айлд очсон. П.Д- гэх айлд дулаацаад сууж байгаад далай дээр задалсан байсан тал архиа хундагалаад тойруулсан, надад ирэхээр нь бага зэргийн балгачихаад сууж байсан чинь Н.Б- баярхуу зан гаргаад хэрүүлийн үг яриад унасан.Тэгэхээр нь би чамайг хүргэж ирсэн нь буруу болчих вуу гэсэн чинь Н.Б- гэх нөхөр над руу чи юу гэнээ гээд босоод ирсэн.Тэгээд урагшаа  хальт босохдоо хамар руу нь мөргөчихсан юм.Н.Б-гийн хамарнаас цус гараагүй, тэр үед П.Д- ах боль гээд одоо яв гэхээр нь П.Д- ахын гэрээс гараад мотоцикль дээрээ очоод асаах  гээд тонгойж байтал хоолой хэсгээр зөөлхөн юм шудраад гарах шиг болсон.Тэгээд хоолойгоо дартал цус гоожиж байхаар нь гэррүү гүйгээд ортол араас  гүйцээгээд хаячихья гэж байсан,энэ үед П.Д- ах гараа зүсүүлсэн.Тэгээд би гэрт ороод цусаа хараад ухаан балартчихсан байсан,..С-, Э- хоёр хэрүүл маргаан болохоос өмнө гараад явчихсан байсан,би гэр дотор Н.Б- намайг хальт түлхээд  би орны хажуу  руу хальт унасан,би босч ирээд уурандаа чамайг гөлөг болгоно шүү гэж хэлсэн,тэгээд би ухасхийхдээ  Н.Б-гийн дух хэсэг рүү мөргөчихсөн юм, тэгээд би гэрээс гараад явчихсан юм.  ...би далай дээр хүмүүс авах гээд 19 цагийн үед очсон байх, 20 цагийн үед П.Д-гийнд очсон, ойролцоогоор 23 цагийн үед хоолойгоо хэрчүүлсэН.Б-тай муудалцаад гэрээс гараад явахад Н.Б-, түүний эхнэр хоёр л гэрт үлдсэн юм. П.Д- ухас гээд гараад явсан, бусад хүмүүс П.Д-гийн ээжийнх рүү явсан байсан байх, ямар ч байсан байхгүй л байсан юм, гэрийн гадаа мотоцикль дээр байхад миний хоолойг зүссэн юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19-р тал/,

Шүүгдэгч Н.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн:  “2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр О.А-тэй  маргалдаж намайг мөргөснөөс болж надад гэмтэл учирсан,миний хамар хэсэг рүү мөргөж хамар нилээн өвчтэй байсан, О.А- намайг сүүлд 2 удаа өшиглөсөн, өөр цохиж зодоогүй, би өмнө мэдүүлэгтээ болсон хэргийн талаар бүгдийг ярьсан, надад хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23-р тал/,

Гэрч П.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр сумын төв орсон, манай гэрт ирээд Н.Б-, О.А-, манай эгч ОюунС-, Н.Б-гийн эхнэр бид нар 1 шил архи, 1 пиво уусан,тэгээд байж байхад О.А- нь Н.Б- руу чамайг нусан тах болгоно шүү гэх мэтээр үг яриа өдөөд байсан,тэгж байтал О.А-,Н.Б-гийн нүүр рүү мөргөчих шиг болсон,тэгэхэд эхнэр нь чи яаж байгаа юм  гээд салгах гэтэл Н.Б-гийн эхнэрийг өшиглөөд унагасан, тэгэхэээр нь би О.А-г авч гараад ахын дүү гэр оронд битгий хэрүүл маргаан хийгээд бай, одоо яв гэхэд за гэж байсан,тэгээд би бие засаад зогсож байхад О.А- гэрт буцаад орсон байсан,тэгээд би араас нь яваад ортол барьцалдаад зогсож байхаар нь салгасан,тэгээд салгахад хоолойг нь хэрчсэн байсан,тэр хоёрыг салгах гэж байгаад гараа зүсүүлсэн байсан, ухаан алдатлаа архи уугаагүй, хэн хэн нь гайгүй байсан, тэр хутга манай хутга байсан юм, буузны мах татах гээд л ил гаргасан байх гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-33-р тал/,

Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”Би нөхөр Н.Б-гийн хамт сумын төвөөс сар шинийн зүйл бэлдээд буцаад гарч явсан,тэгээд далай дээр унаа эвдрэхээр нь Амартүвшин гэх хүнийг бид нартай хамт явсан С-дуудсан байсан,тэгээд тэндээс унаагаа асаагаад П.Д-гийн гэрт ирсэн, тэнд нэг шил архи, нэг пиво уусан,тэгээд архи ууж байхад О.А- нь манай нөхөр рүү  агсраад хэл амаар доромжлоод байсан, манай нөхөр чи юу  гээд байгаа юм бэ гээд босоход урдаас нь мөргөөд унагасан,тэгэхээр нь чи яагаад хүн цохиж байгаа юм бэ гээд босоход урдаас өшиглөөд унагаасан, тэгээд  гэрт байсан эмэгтэй хүмүүс бүгд хүүхдүүдээ аваад гараад явцгаасан,би тэд нартай хамт явсан, Н.Б- хүн хутгалчихлаа гэхээр нь гүйгээд ирэхэд О.А-гийн хоолойг нь зүссэн байсан.Тэд нар тийм их согтуу байгаагүй, ухаанаа алдатлаа согтсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35-р тал/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7-р тал/,

 Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8-р тал/,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 15-р тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 159 дугаартай

  • О.А-гийн биед гэмтэл тогтоогдлоо.
  • О.А-гийн биед хүзүүний булчингийн зүсэгдэлт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, хүзүү хоолой дахь зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.
  • Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  • Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  • Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 50-р тал/

Шүүгдэгч Н.Б-н шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Миний буруу. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдснийг хүлээн зөвшөөрч байгаа. Надад хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Бямбадлайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар  зүйлийн 98.1-д зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн 201722000136 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Н.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо сайн дураар нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 201722000136 дугаартай хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь хохирол, гомдолгүй болсон талаар эвлэрлийн гэрээ хийсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 см урт ажлын иртэй ,15 см урт модон бариултай бариулынхаа 2 талд шар өнгийн хувацар чимэглэлтэй ,бариул нь 2 ш төмөр хадаастай бариулынхаа урд хэсэгт төмрөөр бөгжилсөн  1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслахад даалгалаа.

Шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Н.Б-г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Н.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Н.Б-д ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20 см урт ажлын иртэй, 15 см урт модон бариултай бариулынхаа 2 талд шар өнгийн хуванцар чимэглэлтэй, бариул нь 2 ш төмөр хадаастай бариулынхаа урд хэсэгт төмрөөр бөгжилсөн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгасугай.

7. Энэ хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ