Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2019/0930

 

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2019/0930

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Ш.Цын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Ш.Ц 

Хариуцагч: Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн****дугаар Ажлаас чөлөөлөх, цагдаагийн цол хураах тухай тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, хураасан цолыг олгохыг даалгуулах

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: ...Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Ц шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ***** дугаар Ажлаас чөлөөлөх, цагдаагийн цол хураах тухай тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, хураасан цолыг олгохыг даалгуулах

Миний бие анх Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар Нийслэлийн цагдаагийн газарт Дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын даргаар томилогдон, 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр байгуулж, 98 хувьтайгаар маш сайн дүгнүүлж, Нийслэлийн цагдаагийн газрын даргын 2017 оны тушаалаар Тэргүүний удирдах ажилтан, Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны тушаалаар Тэргүүний удирдах албаны ажилтан болж, 2019 оны Үр дүнгийн гэрээг байгуулан хуульд заасан үүргээ биелүүлж ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан.

Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний****дугаар Ажлаас чөлөөлөх, цагдаагийн цол олгох хураах тухай тушаал гарж төрийн албан тушаалаас чөлөөлж байгаа нь иргэн миний хөдөлмөрлөх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж байна.

Учир нь дээрх тушаалдаа зөвхөн чөлөөлөх тушаал гаргах эрх олгосон заалтыг баримталж, ажлаас чөлөөлөх болсон үндэслэлийг ...Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаас ирүүлсэн Тогтоолын хэрэгжилтийг хангуулах тухай 2019 оны 4/11235 дугаар албан бичгийн дагуу гэх шалтгаанаар төрийн жинхэнэ албан хаагчийн Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулиудад заасан баталгаа, зөвхөн хуульд заасан үндэслэлээр төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх, халах зарчмыг алдагдуулж, тодорхой бус албан бичгийг үндэслэж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь зөрчих ёсгүй гэж үзэж байна.

Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө гэж заан, 46.2.1. Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон; 46.2.2 тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн; 46.2.3 төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, 46.2.4 өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан; 46.2.5.хуульд заасан бусад үндэслэл гэж дурдсан бөгөөд эдгээр үндэслэлүүд болон Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлд Төрийн жинхэнэ /цагдаагийн/ албан хаагчийг албан тушаалаас нь халах гэж заасан үндэслэлүүд бий болоогүй байхад ийнхүү хуулийг зөрчиж байгаа нь эдгээр хуулийн заалтууд болон Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно, 62 дугаар зүйлийн 62.1.1 Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг тус тус зөрчсөн.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 40.2 бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангана, 40.2.3 захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.4. Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж заасныг тус тус зөрчиж, ямар хууль, хуулийн заалтыг үндэслэж албан тушаалаас чөлөөлөх, халах болсон шалтгаан нь тодорхойгүй, бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заагаагүй нь захиргааны акт гаргах зарчим, шаардлагыг алдагдуулсан тул хүчингүй болох нэг үндэслэл гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн****дугаар Ажлаас чөлөөлөх, цагдаагийн цол хураах тухай тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, хураасан цагдаагийн цол олгохыг даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгч Ш.Ц 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Ш.Цын Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн****дугаар тушаалаар Ш.Цыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд мөрдөн шалгах газрын даргын ажлаас чөлөөлсөн.

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Тогтоолын хэрэгжилтийг хангуулах тухай 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 4/11235 дугаартай албан бичгийг ирүүлсэн бөгөөд уг албан бичигт Польш улсын цагдаагийн албанд эрэн сурвалжлагдаж буй нэр бүхий хүмүүсийн жагсаалтад цагдаагийн алба хаагч байгаа талаар дурдаад, хууль бус наймаа, хэрэг зөрчилд холбогдож байсан хүн цагдаагийн байгууллагад ажиллах нь зохимжгүй тул албанаас чөлөөлж, тогтоолын хэрэгжилтийг хангаж хариу мэдэгдэх талаар дурдсан.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.1-т зааснаар агентлаг нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах асуудлыг эрхлэхээр, 8.3.5-д агентлагийн дарга нь хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах эрхийг хэрэгжүүлэхээр тус тус заасан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэгч Ш.Цын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ц нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн****дугаар Ажлаас чөлөөлөх, цагдаагийн цол хураах тухай тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, хураасан цолыг олгохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Ажлаас чөлөөлөх, цагдаагийн цол хураах тухай №Б/...тоот тушаалаар ...Аюулгүй байдал, Гадаад бодлогын Байнгын хорооны даргаас ирүүлсэн Тогтоолын хэрэгжилтийг хангуулах тухай 2019 оны 4/11235 дугаар албан бичгийн дагуу гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлж, цагдаагийн хурандаа цолыг хураасан байна.

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны даргын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №4/11235 тоот албан бичигт Байнгын хорооны Чиглэл өгөх тухай 3 дугаар тогтоол гарч гадаад улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тамхи тээвэрлэх болон бусад хууль бус үйлдэл, хэрэг зөрчилд холбогдож байсан боловч төрийн албанд ажиллаж буй албан тушаалтнуудыг төрийн албанаас нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авахыг чиглэл болгож, тогтоолын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Уг арга хэмжээний хүрээнд Гадаад харилцааны яамнаас Бүгд Найрамдах Польш Улсын цагдаагийн албанд эрэн сурвалжлагдаж буй 69 хүний нэр бүхий... жагсаалтыг ... ирүүлсний дотор цагдаагийн байгууллагын албан тушаалтнууд байна. Хууль бус наймаа хэрэг зөрчилд холбогдож байсан хүн ... ёс зүйн өндөр хэм хэмжээ бүхий цагдаагийн байгууллагад ажиллах нь ёс зүйн хувьд зохимжгүй тул албан тушаалтнуудыг цагдаагийн байгууллагаас чөлөөлөх арга хэмжээ авч тогтоолын хэрэгжилтийг хангана уу гэсэн байна.

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Чиглэл өгөх тухай 03 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн б-д Дипломот төлөөлөгчийн газар ажиллах хугацаандаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тамхи тээвэрлэх болон бусад хуульд бус үйлдэл хэрэг зөрчилд холбогдож байсан боловч төрийн албанд үргэлжлүүлэн ажиллаж буй албан тушаалтнуудыг шалган тогтоож, төрийн албанаас нэн даруй чөлөөлөх гэсэн байна.

Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн тус яамны 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №02/3092 тоот албан бичгийн хавсралт хүснэгтээр ирүүлсэн жагсаалтын 68-д Ш.Ц гэж нэхэмжлэгчийн овог, нэр зөрүүтэй бичигдсэн байна.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2009 оны №10/5-4731 тоот албан бичгийн 69-т Ш.Ц гэж нэхэмжлэгчийн овог нэр зөрүүтэй бичигдсэн байх ба харин нэхэмжлэгчийн төрсөн он, сар, өдөр нь 1962 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэж бичигдсэн байна.

Хариуцагч нь маргаан бүхий дээрх 2019 оны №Б/907 тоот тушаалын үндэслэлээ Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны даргын 2019 оны №4/11235 тоот албан бичиг ирсэн, дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул №4/11235 тоот албан бичгийн дагуу ажлаас чөлөөлж, цагдаагийн цолыг нь хураасан гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь шүүх хуралдаанд Байнгын хорооны даргын №4/11235 тоот албан бичгийг үндэслэж, зөвхөн энэ үндэслэлээр л нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн, 2019 оны №Б/907 тоот тушаалыг гаргах үндэслэл болсон бүх нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн, өөр баримт байхгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь хэзээ, хаана аль улсад, тодорхой ямар хууль бус үйлдэл, хэрэг, зөрчилд холбогдсон нь тодорхойгүй, хэрэг, зөрчилд холбогдсоныг нотлох баримт байхгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 24 дүгээр зүйлийн 24.2-д Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно., 40 дүгээр зүйлийн 40.4-д Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана. гэж тус тус хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудын агуулгаас үзэхэд захиргааны байгууллага нь аливаа захиргааны актыг нотлох баримт буюу бодит нөхцөл байдал, хуульд үндэслэж гаргах үүрэгтэй ба захиргааны акт гаргах болсон шалтгаан, үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдсон, хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх ёстой.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ш.Ц нь хууль зөрчсөн болох нь тогтоогдохгүй буюу хэзээ, хаана аль улсад, тодорхой ямар хууль бус үйлдэл, хэрэг, зөрчилд холбогдсон нь нотлогдохгүй байх тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №Б/907 тоот тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалтуудад нийцэхгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах эрхийг төрийн жинхэнэ албан хаагч эдлэхээр, 49 дүгээр зүйлийн 49.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно, 62 дугаар зүйлийн 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх баталгаагаар хангагдахаар тус тус заасан байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.12-д Хуульд зааснаас бусад үндэслэлээр цагдаагийн алба хаагчийг ажлаас чөлөөлөх, халах, өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно. гэж заасан байна.

Мөн дээрх хуулийн зохицуулалтуудын агуулгаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг зөвхөн төрийн албанаас халах хуульд заасан үндэслэл бий болсон нь нотлогдсон нь тохиолдолд төрийн албанаас халах учиртай ба хуульд зааснаас бусад үндэслэлээр халахыг хориглосон байна.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ш.Цыг төрийн албанаас халах үндэслэл үүссэн нь нотлогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээс үзэхэд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Ажлаас чөлөөлөх, цагдаагийн цол хураах тухай №Б/907 тоот тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Шүүх Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Ажлаас чөлөөлөх, цагдаагийн цол хураах тухай №Б/907 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг болон нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаагаар тооцож олгох, мөн тухайн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 38 дугаар зүйлийн 38.1.5, 62 дугаар зүйлийн 62.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.12, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4, 40 дүгээр зүйлийн 40.4, 100 дугаар зүйлийн 100.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Цын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Ажлаас чөлөөлөх, цагдаагийн цол хураах тухай №Б/907 тоот тушаалыг хүчингүй болгож, Ш.Цыг урьд эрхэлж байсан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд мөрдөн шалгах газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Цагдаагийн хурандаа цолыг олгож, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих хууль, журмын дагуу тооцон Ш.Цт олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, тус дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ш.Цын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ