Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1319

 

 

 

 

 

 

 

     2024             11             29                                               2024/ШЦТ/1319

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн ************** дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ****(регистрийн дугаар ****), **** оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг ******, ** дугаар хороолол ** дугаар байрны **тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.    

 

Хэргийн товч агуулга: Б.С нь жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 13 цаг 05 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 дүгээр гармын хойд замд Ниссан Эдван маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодон замын хөдөлгөөнд оролцон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж осол гарган Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1.1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.С “мэдүүлэг өгөхгүй” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан(хавтаст хэргийн 3, 5-10, 12, 18, 71, 76-80, 85 дугаар хуудас),

Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй” гэцгээв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.С нь 2023 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дүгээр гармын хойд замд Ниссан Эдван маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а/...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Жижүүрийн шуурхай удирдлагын 102 дугаарын утсанд ирсэн “хүн гэмтсэн, зам тээврийн осол ****, ****...” гэх дуудлага (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

- Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-10 дугаар хуудас),

- Жолооч Б.Сын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад “....4.13 хувь согтолттой” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 12  дугаар хуудас),

- Цагдаагийн Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн жолоодох эрхийн лавлагаагаар “...Б.С нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 01 жилийн хугацаагаар эрх хасагдсан” (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас),

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн *** дугаартай “Б.Сд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 07 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан” шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 76-80 дугаар хуудас),

- Иргэний нэхэмжлэгч Б.У-гийн “2024 оны 08-р сарын 01-ний өдөр 13:00 цаг өнгөрч байхад нөхөр Төмөртогоо, хүү Т.Э нарын хамт Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу явж байгаад 361-н гармын тэнд хурд сааруулагч дээр гараад хөдөлж байх үед араас суудлын автомашин мөргөсөн. Тухайн үед миний баруун гарын булчинд хөхрөлт үүссэн, хөхний сүүгүй болж татарсан, манай хүүгийн биед ил харагдах гэмтэл байхгүй ч ослоос хойш унтаж чадахгүй, байнгын уйлагнаад ээрч таталт өгөөд Можуухай эмнэлэгт зулайн эход харуулсан... нийт 2.350.300 төгрөгөөр буруутай жолоочоос нэхэмжилж  байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэж гэмт хэргийн шинжийг заан 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.

Тус зүйлийн тайлбар хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж тайлбарласан байна.

Шүүгдэгч Б.С нь 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдөр согтуугаар тээврийн жолоодон 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин 2024 оны 08 дугаар сарын 01-ны өдөр 4.13 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон хэргийн нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Б.С-ыг тус, зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тухайн авто тээврийн ослын улмаас **** улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Н болон зорчигч Б.У, Т.Э нарын эрүүл мэндэд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Дунгаамаагийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10357, 10358, 10359 дугаартай дүгнэлт(хавтаст хэргийн 21-22, 25-26, 30-31 дүгээр хуудас)-ээр гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хохирлын зэрэг, гэмтэл тогтоогдоогүй, харин **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.984.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Ууганзаяагаас баримтаар 2.350.300 төгрөгийг нэхэмжилж “бидний гомдлыг бүрэн барагдуулсан тул хохирогч талаас гомдол санал байхгүй” гэх хүсэлтийг гаргасан (хавтаст хэргийн 45, 82-84, 85 дугаар хуудас) байх тул шүүгдэгч Б.С-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.С нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” хүсэлт гаргасан болохыг тэмдэглэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах”,

Шүүгдэгчээс “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас(хавтаст хэргийн 53 дугаар хуудас)-аас үзэхэд шүүгдэгч Б.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасан), шүүгдэгчийн хувийн байдал(**** онд төрсөн, ** настай, эхнэр, 2 хүүхдийн хамт *****, ** дугаар хороолол ** дугаар байрны ** тоотод оршин суудаг, өөрийн нэр дээр хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.С-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Улсын яллагчийн “зорчих эрхийн хязгаарлах ялын хэмжээ болон Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй буюу хэт өргөн хүрээгээр тогтоосноор зорчих эрхийн хязгаарлах ял[1] үр нөлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж үзсэн төдийгүй, шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой эрхийн хүрээнд дээр дурдсан гэмт хэргийн шинж чанар, нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохист харьцаагаар нийцсэн байх зарчим/шударга ёс, гэм буруу/-ыг хангасан торгох ялыг оногдуулсан болно.

Эрүүгийн ************** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 5. Эрүүгийн ************** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.БЯМБААБААТАР

 

 

 

 

[1] Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ялын төрөл