| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаргарьдын Сүхгомбо |
| Хэргийн индекс | 180/2020/0042/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2020-11-11 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 48
2020 оны 11 сарын 11 өдөр 2020/ДШМ/48 Хэрлэн сум
Б-, Ц- нарт
холбогдох эрүүгийн хэргийн талаар
226/2020/0048/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Прокурор Ж.Батбаатар,
Хохирогч Ц.Ба-, түүний өмгөөлөгч Б.Бадамгарав,
Шүүгдэгч Б-, түүний өмгөөлөгч О.Баяраа,
Шүүгдэгч Ц-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Ба-ы давж заалдах гомдлоор Б-, Ц- нарт холбогдох эрүүгийн 1934001140120 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Увс аймгийн Өлзий суманд 1980 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр баг “Хөдөө хужир” гэх газарт оршин суух, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чавдартай, Т овогт М-ын Б-
Увс аймгийн Наранбулаг суманд 1975 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 2, эхнэрийн хамт, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхоны 11 байрны 83 тоотод оршин суух, урьд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Х овогт П-н Ц-
Б-, П,Ц- нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр баг “Шивэрийн ам” гэх газраас Ц.Ба-ы 6 тооны адууг хулгайлж 35000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х овгийн П-н Ц-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг Ц- нь үйлдсэн болох нотлогдохгүй, түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул Ц-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т- овгийн М-н Б-г бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Б- нь шүүхийн зөвшөөрөлгүйгээр нэг хоног баривчлагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар 4 ширхэг хутга, цэнхэр өнгийн дээл 1 ширхэг, шар өнгийн бүс, CAT-S-31 маркийн хар корпустай бэлэн бус торгуулийн багаж 1 ширхэг, “Нэт капитал“ ХХК-ийн эзэмшлийн Бонго жи 3 маркийн автомашин хураагдсан гэх боловч эдгээр нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан зураг бүхий CD-г хэрэгт хадгалж, Б-гийн 709 толгой малыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай тогтоол, Ц-ийн өмчлөлийн Г-2201004410, Ү-2201020880 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 64-08 тоот газар, хувийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09, 10 дугаартай тогтоол, Нэт капитал ХХК-ий эзэмшлийн Бонго жи 3 маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, Иргэний нэхэмжлэгч Б-н нэхэмжилсэн 532000 төгрөгийн зардал нь шүүх хуралдааны үед тодорхой тооцоо хийх бололцоогүй, уг зардлаа Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-д заасны дагуу баталгаажуулж ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдахаар тус тус шийдвэрлэжээ.
Хохирогч Ц.Ба- давж заалдах гомдолдоо: “Миний бие хурдан удмын адуун сүрэг үржүүлж сум, аймаг, бүсийн уралдаанд өөрийн угшлын адуугаар олон айраг түрүү авч байсан алдарт уяач юм.
Би 2018 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө өөрийн хурдан удмын 6 тооны адууг хулгайд алдсан бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар миний 5 тооны адууг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ц- нь “Бонго жи-3” маркийн автомашинаар тээвэрлэж яваад мөсөнд унаж маргааш нь Төв аймгийн Мөнгөн морьт сумын “Тэрэлж” гэх газар Б-н гэрийн гадаа аваачиж 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажилласан болох нь тогтоогдсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б- нь “хохирогчийн 5 тооны адууг хулгайлаагүй, өөрийн 5 тооны адууг Ц-ид нэгийг нь 800000 төгрөгөөр бодож зарсан” гэж мэдүүлж байсан боловч шүүх хуралдааны явцад миний хурдан удмын 5 тооны адууг хулгайлснаа хүлээн зөвшөөрсөн.
Шүүх хохирлын хэмжээг тогтоохдоо “...хул азарганаас бусад адуу нь хурдан адууны төл гэх бөгөөд наадамд уралдаж байгаагүй болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байхад шинжээч наадамд уралдаж байсан адууны үнэлгээгээр дүгнэн үнэлгээ тогтоосон нь үндэслэлгүй байх тул уг адуунуудын үнэлгээг ердийн эдэлгээний үнэлгээгээр тооцох нь зүйтэй” гэж дүгнэн хул азаргыг 5000000, гүүг 1200000, шүдлэн адууг 700000 төгрөгөөр тооцож, нийт 8800000 төгрөгөөр хохирлыг тооцсонд гомдолтой байгаа бөгөөд миний хурдан удмын адуу үржүүлж, уралдуулж байсан хөдөлмөрийг минь үнэгүйдүүлж хохирлын хэмжээг тооцсон гэж үзэж байна.
“Бэсгэ” ХХК-ийн үнэлгээчин алдагдсан адуунуудын үнэлгээг /азарга 15000000, гүү 4000000, үрээ 4000000/ нийт 35000000 төгрөгөөр тогтоосон. Шинжээч нь ийнхүү үнэлгээг тогтоохдоо Ба-ы хулгайд алдагдсан адуунууд нь хурдан удмын болох нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ойн баярууд, бусад сум, багийн наадамд шагналт байруудад орж байсан баримтууд, орон нутгийн үнэлгээний комиссын гишүүдийн үнэлгээний тайлбар зэргээр нотлогдож байна гээд Цэнхэрмандал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурдын 2019 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн 11 тоот тогтоолоор баталсан Малын зах зээлийн үнийг тус тус баримтлан уг дүгнэлтийг гаргасан байна. Шинжээч нь уг хулгайд алдагдсан адуунууд нь наадамд уралдсан гэдэг үндэслэлээр л уг үнэлгээг гаргаагүй бөгөөд хурдан удмын адуу болохыг тогтоосны үндсэн дээр уг үнэлгээг тогтоосон. Хул азарга маань Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын наадамд айргийн 5-д болон 19-д хурдалж байсан хурдан адуу юм.
Шинжээч хул азарганы зах зээлийн үнэлгээг 15000000 төгрөгөөр үнэлсэн байхад шүүхээс үнийн дүнг бууруулж 5000000 төгрөгөөр, шинжээч 1 тооны гүүг 4000000 төгрөгөөр үнэлж 2 тооны гүүг нийт 8000000 төгрөгөөр үнэлсэн байхад шүүх ердийн эдэлгээний адууны үнэлгээгээр буюу нэг тооны гүүг 1200000 төгрөгөөр үнэлж 2 тооны гүүг нийт 2400000 төгрөгөөр, шинжээч 1 тооны шүдлэн адууг 4000000 төгрөгөөр үнэлж 2 тооны шүдлэн адууг нийт 8000000 төгрөгөөр үнэлсэн байхад шүүх ердийн эдэлгээний адууны үнэлгээгээр буюу 1 тооны шүдлэн адууг 700000 төгрөгөөр үнэлж 2 тооны шүдлэн адууг нийт 1400000 төгрөгөөр үнэлж тус тус үнийн дүнг бууруулсан.
Шүүх хул азаргыг уралдаж байсан хурдан адуу гэж хүлээн зөвшөөрсөн атлаа 5000000 төгрөгөөр, бусад 4 тооны хурдан удмын адууг минь хурдан адууны төл гэж үзсэн атлаа эдэлгээний адууны үнийн дүнгээр хохирлын хэмжээг тооцсон нь үндэслэлгүй байна. Учир нь шинжээч дүгнэлт гаргахдаа хурдан удмын адуу гэдгийг л тогтоосны үндсэн дээр үнэлгээг гаргасан боловч шүүх уг дүгнэлтийг гуйвуулан дүгнэж, хохирлын үнэлгээг бага хэмжээгээр тогтоосон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шинжээчийн дүгнэлтийн дагуу хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж “үнэлгээний “Бэсгэ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна” гэж үзээд орон нутгийн малын жишиг үнээр 5 тооны адууны үнэлгээг тогтоосон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна. Хохирогч алдсан малынхаа үнэлгээг нарийн тогтоолгож иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Бадамгарав давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Ба- нь насаараа хурдан удмын адуун сүрэг үржүүлж, уралдуулж ирсэн алдарт уяач юм. Ба- нь 2018 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө өөрийн хурдан удмын 6 тооны адууг хулгайд алдсан бөгөөд эдгээр адуу нь хул азарга болон хүрэн борлог азарганы төл байсан. Хүрэн борлог азарганы удам тасарч хохирогчид нөхөж баршгүй гарз хохирол учирсан. Шүүгдэгч Б- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг 6 тооны адууг хулгайлаагүй гэсэн байр суурьтай байсан ба анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх 4 тооны адууг уралдаж байгаагүй гэсэн үндэслэлээр малын жишиг үнээр үнэлгээ тогтоосон. Гэтэл Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны тогтоол нь 2017 онд гарсан, тус хэрэг нь 2019 онд үйлдэгдсэн байдаг. Малын жишиг үнэлгээ гэдэг нь идэшний болон эдэлгээний малын үнийг тогтоосон байдаг. Ердийн эдэлгээний адууны үнэ болон хурдан удмын адууны зах зээлийн үнэ хоорондоо зөрүүтэй. Малын жишиг үнэлгээг заавал мөрдөх учиргүй. Шүүхээс шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүйгээр үнэлээгүй гэж үзэж байна. Иймд шинжээчийн дүгнэлтэд заасан малын үнэлгээгээр үнэлгээ тогтоож хохирогчид хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б-гийн өмгөөлөгч О.Баяраа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Бэсгэ” ХХК-ийн үнэлгээчин Ба-ы 6 тооны адгууг нийт 35000000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт гаргасан. Ба-ы хул азарга нь сумын наадамд 2014, 2019 онд 2 удаа 5, 19 дүгээр байруудад орж байсан нь нотлох баримтаар харагддаг. Харин хохирогч Ганхүүгээс худалдаж авсан гэх бусад 5 тооны адуугаа хурдан борлог азарганы төлүүд гэдэг. Гэтэл хурдан борлог азарга нь одоо хаана байгаа, хэзээ, хаана уралдаж хэддүгээр байранд хурдалж байсан талаар болон бусад 4 тооны адуу нь наадамд уралдаж байр эзэлж байсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Шүүх “Малын жишиг үнэ тогтоох тухай” Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаар тогтоолыг баримтлан малын үнэлгээг гаргуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ц-ийн өмгөөлөгч Д.Ганхуяг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Гэрч Ганхүү болон Эрдэнэбаатар нар хул азаргыг сумын наадамд 5, 19 дүгээр байранд орсон талаар мэдүүлдэг. Эдгээр 5 тооны адууг борлог азарганы төл гэдгийг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй. Мөн бор азаргыг хурдан удмын азарга байсан талаар нотлох баримт байдаггүй. Үнэлгээний компаниуд болон шүүхийн практикт орон нутгийн малын жишиг үнийг баримтлан алдагдсан малын үнэлгээг тогтоодог. Хул азарганы үнэлгээг гаргахдаа сумын наадам айрагдсан болон түрүүлсэн адууг 3-5 сая төгрөгөөр үнэлнэ гэсний дагуу 5 сая төгрөгөөр үнэлсэн байсан. Бусад 5 тооны адууны тухайд хурдан удмын адуу гэдгийг нь нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул ердийн эдэлгээний адууны үнээр үнэлгээ тогтоосон. Улсын болон аймгийн хэмжээний наадамд уралдаж айрагдсан болон түрүүлсэн адууны тухай яриагүй тул шүүх Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаар тогтоолыг үндэслэн адуунуудыг үнэлгээг тогтоосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдах гомдлыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хохирогч Ц.Ба-ы давж заалдах гомдлоор Б-, Ц- нарт холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасан байх бөгөөд шүүх Б-, Ц- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Ба-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.5, 3.5-д заасны дагуу гэм хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангах, хэрэгсэхгүй болгох тухай үндэслэлийг шийтгэх тогтоолынхоо тодорхойлох болон тогтоох хэсэгт заагаагүй орхигдуулж, 35000000 төгрөгөөс 8800000 төгрөгийг гаргуулсан атлаа үлдэх хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, мөн яллах дүгнэлтэд дурдсанаар хохирогч 6 адуу алдагдсан байтал шүүх Б-г 5 тооны адууг хулгайлсан гэм буруутайд тооцон 1 тооны адууг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй дүгнэсэн гэсэн атлаа шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэгт заалгүй орхигдуулсан, “Бэсгэ” ХХК-ийн үнэлгээ /1хх 113-114х/, эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /1хх-н 107х/ зэрэг нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, няцаалт хийлгүйгээр зөвхөн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаар тогтоолын хавсралт дахь малын жишиг үнийг /хх-н 224-225х/ үндэслэн алдагдсан 5 тооны адууны үнэлгээг нийт 8800000 төгрөг тогтоосон нь учир дутагдалтай, шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б-, Ц- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА
ШҮҮГЧИД Я.АЛТАННАВЧ
Б.СҮХГОМБО