Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2019/0022

 

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2019/0022

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаар шийдвэрийн Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Б.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Булган сумын нутагт Доод нарын гол нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн даргын 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2135 дугаар шийдвэрээр Э ХХК-д олгож, Э ХХК нь 2009 он хүртэл хайгуулын ажлыг өөрийн хөрөнгөөр хийсэн. Гэвч 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хэрэгжсэнээр манай компанийн ******* тоот тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд ямар нэгэн хайгуулын ажил явуулахыг хориглосон.

Хайгуулын ажлыг эхлүүлэхээр 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ашигт малтмал, газрын тосны газарт очиж уулзахад ....Э ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдсан, албан ёсоор ханд... гэж амаар хэлсний дагуу тусгай зөвшөөрлөө сэргээлгэхээр 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар албан бичгээр хандахад Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 05 дугаар сарын 16 ны өдрийн 1/3682 дугаар албан бичгээр ...ашигт малтмалын хайгуулын ******** дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагтай хэсэгчлэн давхцалтай байна. Ашигт малтмалын хайгуулын ******* дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаар шийдвэрээр цуцалсан нь үндэслэлтэй байх тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн.

Э ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаар шийдвэрээр цуцалсныг албан бичгээр хариу авсан өдөр буюу 2018 оны 05 сарын 16-ны өдөр мэдсэн.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Э ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг үндэслэлгүйгээр цуцалж, цуцалсан шийдвэрээ тус компанид мэдэгдээгүй нь Э ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21 ний өдрийн **** дугаар шийдвэрийн Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Э ХХК-ийн ашигт малтмал хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Булган сумын нутаг Доод нарийн гол нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн даргын 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2135 дугаар шийдвэрээр Э ХХК-д олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасны дагуу Э ХХК нь ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй байдаг.

Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаар шийдвэрээр Э ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчөөгүй, үндэслэлтэй шийдвэр болсон.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд хуулийн этгээд нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргахаар хуульчилсан.

Гэтэл нэхэмжлэгчээс маргаан бүхий акг болох Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаар шийдвэрийг 2018 оны 5 сарын 16-ны өдөр мэдээд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж байна.

Мөн 2013 оноос хойш 5 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүй байж шүүхэд хандсан нь хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаар шийдвэрийн Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн даргын 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2135 дугаар шийдвэрээр Э ХХК-д Ховд аймгийн Булган сумын нутаг Доод нарийн гол нэртэй газарт орших 4367 гектар талбайд *******Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг[1] олгосон байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаар шийдвэрээр[2] Э ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр цуцалжээ.

Ийнхүү цуцлах үндэслэл бүрдсэнийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6-5809 тоот албан бичгээр[3] мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгчээс ...Э ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаар шийдвэрээр цуцалсаныг Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн гомдлын хариу болох 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээс мэдсэн... гэжээ.

Шүүхээс Э ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийн талаарх мэдэгдлийг хэзээ хүргүүлсэн талаар тодруулахад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Баримт бичиг хүлээлцэх дэвтрийн бүртгэлд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн болохыг нотолсон баримтыг[4] ирүүлжээ.

Мөн Монгол шуудан ХК-иас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/791 дугаар албан бичгээр[5] Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрмийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтад Шуудангийн илгээмжийн талаарх үйлчлүүлэгчийн лавлагааг үйлчлэгч хүлээн авах эцсийн хугацаа нь дотоодын болон улс хоорондын илгээмжийг хүлээн авснаас хойш 6 сар байна гэж заасны дагуу устгалд орсон тул гаргаж ирүүлэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн байна. Хэдийгээр нэхэмжлэгч уг мэдэгдлийг хүлээн аваагүй гэх боловч бүртгэлд буцаасан талаар тэмдэглэл байхгүй ттул мэдэгдлийг Э ХХК-ийг хүлээн аваагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Э ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 11.209.300 төгрөгийг төлсөн[6] байх бөгөөд үүнээс хойш тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг нэг ч удаа төлөөгүй бөгөөд нэхэмжлэгчээс энэ талаар маргаагүй.

Ийнхүү ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээ, 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал, хайх, ашиглахыг хориглох тухай хууль хэрэгжсэнээр манай компанийн ******* тоот тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд ямар нэгэн хайгуулын ажил явуулахыг хориглосон, мөн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Э ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай гэсэн үндэслэлээр цуцлаагүй бөгөөд гагцхүү ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалжээ.

Иймд нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэсэн үүргээ биелүүлээгүй байх бөгөөд дээрх хоёр үндэслэл нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхгүй байх шалтгаан биш бөгөөд хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байна.

Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж тус тус заасан үндэслэлээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаар шийдвэрээр Э ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.15 дахь заалтаар олгосон эрх хэмжээний хүрээнд хууль зүйн үндэслэлтэй гарсан шийдвэр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.15, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаар шийдвэрийн Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

 


[1] Хавтаст хэргийн 7-р хуудас

[2] Хавтаст хэргийн 50-р хуудас

[3] Хавтаст хэргийн 160-р хуудас

[4] Хавтаст хэргийн 25-р хуудас

[5] Хавтаст хэргийн 46-р хуудас

[6] Хавтаст хэргийн 120 дугаар хуудас