Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1318

 

 

 

  2024           11          29                                       2024/ШЦТ/1318

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хонгорзул,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ (ТПГ томилолтоор),

шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч М.Дашням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Д Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408029****** дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1 дүгээр хорооллын арын замд “Toyota Aqua” маркийн **-** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч нь “...тээврийн хэрэгслийн жолооч Д.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ “Toyota Aqua” маркийн **-** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дашням: “...шүүгдэгч Д.Ц нь гэм буруу дээр маргаагүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байна ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Ц холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч Д.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1 дүгээр хорооллын арын замд “Toyota Aqua” маркийн **-** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

 

1. Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, тээврийн хэрэгслийг түр саатуулах шийдвэр, гэрэл зургийн үзүүлэлт: “...жолооч Д.Ц согтолтын хэмжээ /1,03%/ гэж тэмдэглэж, тээврийн хэрэгслийг нь түр саатуулахаар шилжүүлсэн. (хавтаст хэргийн 7-9 дэх тал),

 

2. Цагдаагийн ерөнхий газрын Жолоодох эрхийн лавлагаагаар: “2024 оны 5 дугаар сарын 20-ний өдөр Д.Ц тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан” гэж тэмдэглэсэн, (хавтаст хэргийн 18 дахь тал),

 

3. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн *** дугаартай шийтгэвэр: “…Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар Д.Ц тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюуу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” тухай (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

4. Гэрч Р.А: “...Би 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ажлаа тараад 18 цагийн үед өөрийн эзэмшлийн **-** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гэрийнхээ гадна зогсож байтал Ц над дээр хүрч ирээд “юу хийх гэж байна даа, хийх зүйлгүй бол шинэ цэцэрлэг хүрээлэн очиж үзэх үү” гэж асуусан. Тэгээд бид хоёр цугтаа алхаад явсан замдаа CU ороод Ц ундаа аваад би нэг лааз пиво авсан. Цэцэрлэг хүрээлэн орж алхаад сандал дээр сууж байгаад би нөгөө авсан пивоо, харин Ц ундаагаа уусан. Буцаад явахдаа Ц би пиво уучих уу гэхээр нь би дэлгүүрээс нэг лааз пиво авч өгсөн ба драмын театрын тэр хавиар явж байхдаа Ц нөгөө пиво уусан. Тэгээд манай гэрлүү явж байх замд Ц GS25 дэлгүүр лүү орсон, тэр хооронд нь би Ц салаад гэрлүүгээ явсан. Тэгээд би гэрийнхээ гадаа ирээд машин дээрээ очиход Ц ирчихсэн над руу чи зугтлаа барилаа гээд уурлаад байсан, тэгээд уурандаа гипсдсэн байсан гарныхаа гипсийг тайлаад шидчихсэн, би яаж байгаа юм бэ гэхэд уур нь намдаж Мөнгөн гүүр орж боолгоё гээд надаас машиныхаа түлхүүрийг өгчих гэж хэлсэн тэгэхээр нь би болох юм уу гэж хэлэхэд “зүгээрээ гайгүй байх” гэхээр нь би машиныхаа түлхүүрийг өгсөн юм. Бид хоёрыг хөдлөх үед цаг 00-01 цаг болж байсан байх. Тэгээд Ц жолоо бариад Мөнгөн гүүр эмнэлэг рүү явж байхад Мөнгөн гүүр эмнэлэгийн тэнд ирэхэд цагдаа нар шалгаж байхтай таарч баригдсан юм. Ц пиво уусан гэдгийг мэдэж байсан, би жолоо шилжүүлээгүй, жолоо барьж яваагүй. Надаас түлхүүрээ өг гэж шаардсан юм тэгээд л би түлхүүрээ өгчихсөн. Ер нь бол аргагүйн эрхэнд машиныхаа түлхүүрийг өгсөн. Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээр уурлаад, түргэн ааш зантай болчихдог юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

 

5. Шүүгдэгч Д.Ц: “...Би 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр найз А 19 цагийн үед тэдний гэрийн гадаа уулзаад паркын тэнд байгуулагдсан шинэ хүрээлэн явсан юм. Хүрээлэн рүү очих замдаа CU дэлгүүрээс А пиво аваад, би ундаа авч уусан. 22 цагийн үед драмын театрын тэнд байдаг ** паб ороод бид хоёр пиво уусан. Би пабад байж байхдаа 0,5 литрийн пиво уусан. Тэгээд тэндээс 23 цагийн үед гараад Чонон бөртийн тэнд байдаг караокед ороод 1 цаг дуулаад бид хоёр дахиад нэг, нэг шил пиво нэмж уусан. Миний зүүн гарын гэмтсэн байсан боолт нь бохирдчихсон байхаар шарханд нь бохир орчихно гэж бодоод ярилцаж байгаад Мөнгөн гүүр орж солиулъя гээд А таксины мөнгө асуухад байхгүй гэсэн, тэгэхээр нь би машиныхаа түлхүүрийг өгчих би жолоо барьж яваад эмнэлэг ороод солиулчихъя гээд А машиныг жолоодоод явсан юм. Тэгээд Мөнгөн гүүр эмнэлэгийн наад талд цагдаад баригдаад замын цагдаагийн хэлтэс орж үлээлгэн шалгуулахад 1.03% гарсан. Би 1,3 литр орчим пиво ганцаараа уусан байсан. Өмнө нь 2024 оны 5 дугаар сарын 20-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Д.Ц 2024 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Гэтэл шүүгдэгч Д.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан энэ хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өөрийн найз Р.А эзэмшлийн **-** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад СХД-ийн Замын цагдаад шалгагдаж, тэрээр 1,03% согтолттой байсан нь тогтоогдсон, түүний энэ үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн шинжтэй байна.

Шүүгдэгч Д.Ц дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дашням: “...бид гэмт хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байгаа. Шүүгдэгч Д.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусад төлөх хохирол байхгүй байгаа. Иймээс прокурорын ялын саналын дагуу шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулах”-аар хуульчилсан.

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

Шүүгдэгч Д.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролгүй, *** хоолны газарт зөвлөхөөр ажилладаг зэргийг харгалзан шүүгдэгч Д.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Ц нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Д.Ц оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Ц тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ