| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2018/00393/и |
| Дугаар | 183/ШШ2018/01515 |
| Огноо | 2018-06-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2018/01515
| 2018 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 183/ШШ2018/01515 | Улаанбаатар хот | ||
|
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Г. овогт Ц. Ө. /РД:./-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ... ТӨААТҮГ-т холбогдох
Буруу оногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, гэрч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунтуяа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Өын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 1 сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу Б ТӨААТҮГ-ын захирлын ажлын байранд эгүүлэн томилогдсон Б.Б нь 2018 оны 1 сарын 24-ний өдөр миний өрөөнд сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг гардуулж өгсөн. Уг тушаалд ажиллагсдыг хууль бусаар цуглуулан, хууль бусаар хуралдаж, тайван замаар ажил хаяна гэж ажилтнуудыг турхирч, вакцин захиалгат төлөвлөгөөг биелүүлэх ажилд санаатай саад хийж болзошгүй гэж зүй бусаар харьцсан ёс зүйн зөрчлийг гаргасан тул сануулах арга хэмжээг авсугай гэжээ. Тэрээр миний ажлын өрөөнд орж ирэхдээ гар утсаараа бичлэг хийж үйлдвэрлэл хэдэн хувьтай явж байгааг, яг одоо хэл гэхчилэн хэрүүл хийх гэсэн хандлагыг Б.Б өөрөө гаргасан. Тэр үед Б.О захирал гарын үсгээ шилжүүлээгүй, албан ёсоор ажлаас халаагүй байсан учраас Б.Быг захирал гэж үзэх боломжгүйгээ хэлсэн. Ажиллагсдын төлөөлөл, мэргэжилтний уулзалтыг би зохион байгуулаагүй бөгөөд захирал Б.О нь ажлыг хүч түрэмгийлэн гэнэт булаан авсан талаар болон үйлдвэрт захирлаар ажилласан хугацааныхаа нөхцөл байдал, үйлдвэрийг ямар байдалтай хүлээж аваад одоо ямархуу байдалтай болгосон талаараа товчхон танилцуулаад холбогдох хуулийн дагуу түүний хууль бус, бусармаг үйлдлүүдтэй тууштай тайван замаар хийж буй тэмцлээ үргэлжлүүлэхээ илэрхийлсэн. Ийм үйл явдал болж өнгөрөхөд тэнд байсан хүмүүсээс ердөө хоёрхон хүнд сануулах арга хэмжээ авсан. Б ТӨААТҮГ-ын захирал Б.Бын 2018 оны 1 сарын 24-ний өдрийн А/19 тоот сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У.. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байна. Б ТӨААТҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.7 дахь заалтад зааснаар ажил олгогч нь ажилтнаас гүйцэтгэж буй ажил үүрэгтэй нь холбогдуулан төлөвлөгөө тайлан гаргуулах, хянах, дүгнэх эрхтэй байна. Мөн дотоод журмын 8.2.11 дэх заалтад зааснаар ажилтан “хийсэн ажлын үр дүнг тайланг сар, улирал, жилээр гаргаж өгч байх”, мөн журмын 8.2.8 дахь заалтад зааснаар “ажилтан нь ...ёс суртахууны өндөр соёлтой байх” тус тус үүрэгтэй байна. Гэгэл шүүхийн шийдвэрийн дагуу томилогдсон захирал Б.Б Ц.Өоос ажил, үйлдвэрлэлийн явц, төлөвлөгөөний талаар мэдээлэл авах гэхэд нь “Вакцин үйлдвэрлэлийн төлөвлөгөө хэдэн хувийн биелэлттэй байх нь чамд хамаагүй” гэж зүй бус хариулт өгсөн. Ц.Ө нь хийсэн ажлын тайлан гаргаж өгөөгүй, хууль ёсны дагуу томилогдсон удирдлагыг эсэргүүцэж, Хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан байна. Б ТӨААТҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.5 дах хэсэгт ажлын болон ажлын бус цагаар цех нэгж, үйлдвэрийн объектуудаар дэмий сэлгүүцэж, өөрийн албан өрөө, тасалгаандаа хүн цуглуулан бусдын ажилд саад учруулахыг хориглосон байна. Гэтэл 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 14.11 цагаас 15.10 цагийн хооронд ажиллагсдыг хууль бусаар цуглуулахад оролцож, хууль бусаар хуралдаж, тайван замаар ажил хаяна гэж ажилтнуудыг турхирч вакцин захиалгат төлөвлөгөөг биелүүлэх ажилд санаатай саад хийж болзошгүй зөрчлийг гаргасан байна. Дээрх сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон бусад зөрчлийн талаар бид шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлах болно. Б ТӨААТҮГ-ын зүгээс Ерөнхий технологич, Үйлдвэрлэл технологийн дарга Ц.Өод хуулийн дагуу, үндэслэл бүхий сахилгын шийтгэл оногдуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх гэрч Б.Эын мэдүүлгийг сонсож, хариуцагч талаас эд мөрийн баримтаар ирүүлсэн CD-ны бичлэгийг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ө нь хариуцагч Б ТӨААТҮГ-т холбогдуулан Буруу оногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар шаардсныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Ө нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б.Б нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хөдөлмөрийн гэрээ буюу контракт байгуулаагүй байхдаа буюу тус үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байсан Б.Оаас Б ТӨААТҮГ-ын тамгыг хүчээр булаан авч, албан ёсоор томилогдоогүй байхдаа хууль бус шийдвэр гаргаж, хууль зөрчсөн арга хэмжээ авсан тул тушаал үндэслэлгүй” гэж тайлбарласан байна.
Хариуцагч байгууллага нь уг шаардлагыг эс зөвшөөрч, хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон тул сахилгын арга хэмжээ авсан тушаал үндэслэлтэй гэж тайлбарыг гаргаж маргаж байна.
Нэхэмжлэгч Ц.Ө нь 2018 оны 01 сарын 24-ний өдрийн А/19 тоот тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан журам, хугацааны дотор хуулийн шаардлагын дагуу 2018 оны 3 сарын 29-ний өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд гаргасан байна.
Ц.Ө нь Б ТӨААТҮГ-т Ерөнхий технологич, үйлдвэрлэл технологийн албаны даргаар ажиллаж байгаа болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Ц.Өыг тус үйлдвэрийн газрын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 тоот тушаалаар “хөдөлмөрийн дотоод журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ...өөрт хамааралгүй асуудлыг ажлын цагаар ажлын байрны тодорхойлолтонд заагаагүй өөрт хамааралгүй асуудлыг зохиомолоор үүсгэж, ажлын цагаар /14.11 минутаас 15.10 минут хүртэл 1 цагийн хугацаанд/ цехийн эрхлэгч, мэргэжилтнүүд, захиргааны менежерүүд, ажилчдыг хууль бусаар цуглуулан, хууль бусаар хуралдаж, Бийн шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилогдсон захирлыг эсэргүүцэн “Тайван замаар ажил хаяна” гэж ажилтнуудыг турхирч Улсын онц чухал обьектын вакцин захиалгат төлөвлөгөөг биелүүлэх ажилд санаатай саад хийж болзошгүй зөрчлийг гаргасан, байгууллагын захирлыг ажлын үнэн бодитой албан мэдээлэлээр хангахгүй, албан үүргээ гүйцэтгэхгүй “вакцин үйлдвэрлэлийн төлөвлөгөө хэдэн хувийн биелэлттэй байх нь чамд хамаагүй” гэж зүй бусаар харьцаж доромжилсон ёс зүйн зөрчлийг тус тус гаргасан” гэсэн үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна./хх-ийн 6/
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй хэдий ч уг ажиллагааг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж улмаар гаргаж байгаа тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь гаргасан зөрчлийн үндэслэлтэй тохирч байх ёстой бөгөөд уг тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх учиртай.
Хавтаст хэрэгт авагдсан 4139 дугаар шийдвэр, 14 дугаар магадлал, 167 дугаар тогтоол болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 10 сарын 17-ны өдрийн Б.Оыг ажлаас чөлөөлөх тухай 414 дугаар тогтоол, 2018 оны 4 сарын 3-ны өдрийн Тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлэх тухай 72 дугаар тогтоол зэргээр Б.Б нь Б ТӨААТҮГ-ын захирлаар 2017 оны 10 сарын 17-ны өдрөөс томилогдож, 2018 оны 1 сарын 23-ны өдрөөс ажил хүлээн авсан нь тогтоогдож байх ба Б.Б нь шийдвэр гаргах эрх бүхий этгээд байсан байна.
Хариуцагч Б ТӨААТҮГ-аас “... Ц.Өыг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 тоот тушаалд дурдсан ёс зүйгүй байдал гаргасныг нотлох зорилгоор хэрэгт CD-нд бичсэн дуу болон дүрс бичлэгийг гаргаж ирүүлсэн хэдий ч уг дуу болон дүрс бичлэгээс Ц.Өыг ажил олгогчийн хууль ёсны ямар шаардлагыг эсэргүүцэж, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын ямар зөрчил гаргасныг тогтоох боломжгүй байна.
Тодруулбал, дээрх дуу болон дүрс бичлэгийг хэн, хэдийд ямар зорилгоор хийсэн нь тодорхойгүй, энэ нь хэрэгт ач холбогдолтой гэх байдлыг нотлохгүй байна гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн байгууллагын дотоод журмын 19.1, 19.2-т “...ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоосон байна. Шалгалтыг ...удирдлага эсхүл түүний томилсон ажилтан нар ажлын 2 хоногийн хугацаанд хийнэ. Шалгалт дууссаны дараа шалгалт хийсэн тухай танилцуулгыг захирлын зөвлөлийн хуралд танилцуулна.” гэж заасан зэргээс дүгнэхэд ажил олгогч нь Ц.Өын гаргасан гэх сахилгын зөрчлийг уг журамд зааснаар шалгаж тогтоосон зүйлгүйгээр тушаал гаргасан нь хуульд нийцээгүй байна гэж шүүх дүгнэв.
Тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэд 2018 оны 06 сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаас мэдэгдэх хуудсанд гарын үсэг зуруулж мэдэгдсэн байх бөгөөд П.Ундрах-Эрдэнэ нь шүүх хуралдаан давхцсан шалтгаанаар тус шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэж, түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ТӨААТҮГ-ын захирлын 2018 оны 01 сарын 24-ний өдрийн Ц.Өод сахилгын арга хэмжээ авах тухай А/19 тоот тушаалыг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ