Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 49

 

                  

 

 

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 11 өдөр                   2020/ДШМ/49                                         Хэрлэн сум                                  

 

Б-, Т-,

С- нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0049/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Прокурор Г.Мөнхболд

Шүүдэгч Б-, Т-, С-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Дүүриймаа, М.Энхтуяа, Б.Батцэнгэл,

Хохирогч А-, О- нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, хохирогч А- нарын давж заалдах гомдлоор Б-, Т-, С- нарт холбогдох эрүүгийн 1839004040300 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Өлзийт тосгонд 1988 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нисэхийн 2-6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт Г-н С

Хэнтий аймгийн Хэрлэн тосгонд 1991 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булаг нисэхийн 22-01 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овгийн Т-н Б

Дорнод аймгийн Хэрлэн суманд 1987 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнс технологийн байцаагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хороолол 57-07 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ш овгийн Н-н Т

С- нь О-гаас түүнтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зээл Ха гэж худал хэлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 3100000 төгрөг, мөн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 3500000 төгрөг буюу нийт 6900000 төгрөг авч залилсан,

   Б- нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Наран плаза” худалдааны төвд бусадтай буюу Т-тай бүлэглэн бусдаар буюу Т-аар дамжуулан А-тай урьдын харилцааны явцад бий болсон илтгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар зээл Ха гэж итгүүлэн хуурч А-аас 13000000 төгрөгийг авч залилсан,

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Т-тай бүлэглэн, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт /Х банкны АТМ-д/ А-тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар Т-д мөнгө шилжүүлж байна гэж хуурч А-аас 4500000 төгрөгийг, Т-аар дамжуулан авч тус тус залилж бусдад нийт 17500000 төгрөгийн хохирол учруулсан,

Т- нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Наран плаза” худалдааны төвд бусадтай буюу Б-тай бүлэглэн А-аас бодит байдлыг нуух замаар зээл Ха гэж хуурч 13000000 төгрөгийг авч залилсан,

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б-тай бүлэглэн, А-тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, махны ченжүүдэд мөнгө зээлүүлж буцааж өгнө гэж хуурч А-аас 4500000 төгрөгийг авч тус тус залилж бусдад нийт 17500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Бовогт Т-н Б-, шүүгдэгч Ш овогт Н-н Т- нарыг “бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэргийг, шүүгдэгч Х овогт Г-йн С-г “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Т-н Б-, Ш овогт Н-н Т- нарыг гэмт хэргийн хор уршгийг 06 сарын хугацаанд нөхөн төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Х овогт Г-н С-г гэмт хэргийн хор уршгийг 06 сарын хугацаанд нөхөн төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-, С-, Т- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-, С-, Т- нарыг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-, Т- нараас тус тус 9.159.624 /есөн сая нэг зуун тавин есөн мянга зургаан зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулж хохирогч Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг А-27-23 тоотод оршин суух А овогт -н А-д, шүүгдэгч С-гаас 4.900.000 /дөрвөн сая есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг Тээвэрчдийн 21-01 тоотод оршин суух Ш овогт С-н О-д тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3, 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б-гийн Е1261726 дугаартай гадаад паспортыг буцаан олгож, шүүгдэгч Б-гийн эзэмшлээс Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 45-02 тоот хаягт байх улсын бүртгэлийн Г-181008144 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 0.7 га газрын битүүмжилсэн /1.750.000 төгрөгөөр үнэлэгдсэн/, шүүгдэгч Т-ын эзэмшлээс Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг А38 дугаар байрны 32 тоот хаягт байх улсын бүртгэлийн Ү-1817003410 дугаартай 30.34 м2 талбай бүхий 1 өрөө орон сууц /25.747.055 төгрөгөөр үнэлэгдсэн/, Хэрлэн сум 4 дүгээр баг Сариг А57 дугаар байр 00 давхрын 01 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү1817004122 дугаар бүхий 15.68 м2 талбайтай авто зогсоолыг тус тус битүүмжилсэн /5.100.000 төгрөгөөр үнэлэгдсэн/, шүүгдэгч С-гийн эзэмшлээс Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Цогт-Өндөр 11 дүгээр гудамжны 04 тоот байх газар Г-1817007633 дугаарт бүртгэлтэй зуны байшинг Ү-1817004272 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн /хувийн сууц 10.242.594 төгрөг, газар 2.446.500 төгрөг/ мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-, С- Т-  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тус тус заан шийдвэрлэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах гомдолдоо: Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд А- нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б-д 7547000 төгрөгийг зээлж байсан бөгөөд Б- нь 2 хоногийн дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 604000 төгрөгийн хүү нэмж, нийт 8151000 төгрөгийг буцаан төлсөн болох нь 4 дүгээр хавтаст хэргийн 109 дүгээр хуудсанд байгаа А-ы 5935056466 тоот дансны хуулганд байдаг. Үүнээс өөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд А- нь Б-д нэг төгрөг ч өгч байгаагүй байна. Харин А- нь дансаар 7 удаа, бэлнээр 1 удаа, нийт 8 удаа 36500000 төгрөгийг Т-д зээлүүлсэн бөгөөд Т- нь 19030000 төгрөгийг эрүүлэн төлж 17470000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь 3 дугаар хавтаст хэргийн 119, 194, 195 дугаар хуудсанд байгаа А-ы 5935056466, 5954132038 тоот дансны хуулгаар нотлогдож байна.

А-, Т- нарын хоорондох 8 удаагийн зээлүүдээс төлөгдсөн 19030000 төгрөгийн зээл нь ямар нэгэн зээлийн гэрээгүй, харин 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13000000 төгрөгийн болон 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13500000 төгрөгийн зээлүүд нь тус тус зээлийн гэрээтэй болох нь 3 дугаар хавтаст хэргийн 198-199 дүгээр хуудаснаас харагддаг. А- нь Т-д 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зөвхөн 13000000 төгрөг өгөөгүй бөгөөд гэрээгүйгээр 3500000 төгрөг нэмж, нийт 16500000 төгрөг өгсөн байдаг. Түүнчлэн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөн л 9000000 төгрөг дээр нэмж 4500000 төгрөг өгсөн байдаг. Гэтэл А- нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн 16500000 төгрөгийнхөө 13000000 төгрөгийг нь залилуулсан, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13500000 төгрөгийнхөө 4500000 төгрөгийг нь залилуулсан болж таарч байна. Өөрөөр хэлбэл нэг өдөрт 2 удаа буюу нийт 16500000 төгрөгийг зээлүүлсэн атлаа зээлийн гэрээтэй 13000000 төгрөгөө залилуулсан, зээлийн гэрээгүй өгсөн 3500000 төгрөгөө залилуулаагүй. Маргааш нь мөн 2 удаа буюу 13500000 төгрөг зээлүүлэхдээ нийлбэр дүнгээр нь зээлийн гэрээ байгуулсан байхад 9000000 төгрөгийг нь залилуулаагүй, 4500000 төгрөгийг нь залилуулсан гэдэг нь ойлгомжгүй байна.  

Б- нь тухайн өдрүүдэд А-ы нэгэн адил Т-д мөнгө зээлүүлж байсан байдаг. Тухайлбал 2018 оны 01 дүгээр сарын 02-нд 13000000, 2018 оны 01 дүгээр сарын 03-нд 4000000, 2018 оны 01 дүгээр сарын 04-нд 10000000 төгрөг буюу нийт 27000000 төгрөгийг Т-д зээлүүлсэн болох нь Т-, Б- нарын дансны хуулгаар харагддаг. Б- нь Т-тай бүлэглэн А-ыг залилж мөнгө зээлүүлээд авлагаа авсан бол Т-д 2018 оны 01 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд мөнгө зээлэхгүй байсан. Үүнээс үзэхэд А-ыг Т- залилж байна гэдгийг мэдээгүй учраас өөрөө ч бас 14000000 төгрөг зээлүүлж хохирсон байна.

Залилангийн гэмт хэрэг үйлдэгдсэн гээд байгаа 2018 оны 01 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд А- нь Т-д мөнгө зээлүүлэхдээ зээлийн гэрээ байгуулсан, барьцаа хөрөнгө авсан, баталгаа бичүүлж авч үлдсэн, эгчтэйгээ Дорнод аймагт банк бус ажиллуулж байгаа гэж хэлсэн болохыг нь тэмдэглэн авсан байдаг. Энэ нь 3 дугаар хавтаст хэргийн 196-199 дүгээр хуудсанд авагдсан байдаг. Т- нь Дорнод аймагт эгчтэйгээ банк бус санхүүгийн байгууллага нээсэн гэж хэлж байсан гэдгийг нь Б- мэдүүлсэн байдаг. Үүгээрээ Б-, А- нар нь адил мэдүүлсэн бөгөөд Т-ын тухайн үед хэлж байсан үгийг А- тэмдэглэн авснаар энэ нь баталгаажсан байдаг.

А- нь “...би байрных нь ордерыг авч үлдээд дахин Т банкнаас хадгаламж барьцаалсан зээлээр 9000000 төгрөг авсан” гэж мэдүүлдэг /3хх-н 33-35х/ бол Т- нь “...би өөрийнх нь нэр дээр Дорнод аймагт байдаг 3 өрөө байрных нь ордерыг авч очоод орхисон. А- эгч итгээд 9000000 төгрөг зээлсэн” гэж мэдүүлдэг /3хх-н 59-61х/. Шүүх хуралдаан дээр А-, Т- нараас тодруулахад уг ордерыг “7 хоног орчим барьцаалж байгаад сайн дураараа буцааж өгсөн” гэдэг. Тэгэхээр тухайн үедээ зээлийн гэрээнээс гадна 3 өрөө байрны ордерыг барьцаалж байсан байна. Зээлийн гэрээтэй, барьцаа хөрөнгөтэй байгаагаас үзэхэд Иргэний эрх зүйн харилцаа гэж үзэж байна. Хэрэв үүнийг залилан гэж үзвэл Б- нь А-ы нэгэн адил Т-д залилуулсан хохирогч болох ёстой атал А-, Т- нарын худал мэдүүлгийн улмаас яллагдагч, ялмаар ялтан болоод байна.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд миний бие Т-аас асуухад “А- мөнгө авч Б-д, Б-гаас мөнгө авч А-д өгч байсан” болохоо мэдүүлсэн. Энэ нь шүүх хуралдаан тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгт тусгагдсан байх учиртай. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд А-, Т- нарын дунд үүссэн зээлийн гэрээний харилцааны улмаас 17470000 төгрөгийн өр авлагын зөрүү гарсан, үүнийг залилангийн гэмт хэрэг гэж үзвэл Б- ч мөн адил залилуулсан байна. Гэтэл анхан шатны шүүх нь Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй буюу тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хохирогч А- давж заалдах гомдолдоо: “Мөрдөн байцаалтын шатанд Т-ын Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Саригийн А-38 дугаар байрны 32 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-1817003410 дугаартай 30.34 м2 талбай бүхий орон сууц /25747055 төгрөгөөр үнэлэгдсэн/,  Хэрлэн сумын 2 дугаар баг Саригийн А-57 дугаар байрны 00 давхрын 01 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-1817004122 дугаар бүхий 15.68 м2 талбайтай авто зогсоол /5100000 төгрөгөөр үнэлэгдсэн/ зэрэг эд хөрөнгүүдийг битүүмжлүүлсэн. Миний бие Б-, Т- нараас битүүмжилсэн эд хөрөнгүүдийг хавтаст хэргийн материалд авагдсан үнэлгээгээр нь дуудлага худалдаанд оруулж зарагдсан үнийн дүнгээс хохирлоо барагдуулж авах хүсэлттэй байсан боловч шүүх эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгосонд гомдолтой байна. Иймд дээрх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолуудыг хэвээр үлдээж хуульд заасан арга хэрэгслээр эд хөрөнгийг миний эзэмшилд шилжүүлэн өгөх, эсхүл дуудлага худалдаанд оруулж хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Т- давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие хэнийг ч залилж мөнгийг нь буцааж өгөхгүй гэж бодож байгаагүй, наймаа хийж өрөө дарна гэж бодож явсаар Б-д 10 гаруй сая төгрөгийн өртэй болсон. Б- зээл болон хүүгээ төлөхийг шахаж шаардаж байсан ба би төлж чадахгүй болоод хүүгээ зогсоогооч гэж гуйж байсан ч хүлээж аваагүй. Б- өөрөө А-ыг надад зааж өгч “наад эгч чинь хадгаламжаа өсгөх гээд байгаа юм, чи мөнгө зээл” гэж хэлсэн. Би А-ыг таньдаггүй байсан бөгөөд Б-гаар дамжуулж танилцсан, Б- А- эгчид намайг бизнес эрхэлдэг, олон байр, машинтай, манай ах эгчийн мөнгийг 20 гаруй сая болгож өгсөн гэж хэлсэн байсан. Би А-аас 13000000 төгрөгийг худал хэлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би А-аас зээл авахдаа “зээл Ха, Б-д өгнө” гэж хэлж аваагүй, 14 хоногийн хугацаатай 13000000 төгрөгийг гэрээ байгуулж хүүтэй зээлж авсан. Дараа нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 9000000, 4500000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж хүүтэй зээлж авсан. Зээлсэн мөнгөнийхөө сарын хүүг төлөөд дахин зээл нэмж авсан асуудал бол байгаа. Би шүүхээс тогтоосон хугацаанд А-ыг хохиролгүй болгоно.

Батцэнгэл өмгөөлөгч гомдолдоо “Б- Т- нийлж А-аас мөнгө залилж авсан юм бол яагаад тэр өдрүүддээ Б- Т-д мөнгө зээлүүлсэн байдаг юм бэ” гэж бичжээ. А-, Б- хоёр бол мөнгөө зээлүүлж өндөр хүү авч мөнгөө өсгөх зорилготой хүмүүс. Би зарим мөнгийг худал хэлэлгүй зээлж зохих журмын дагуу гэрээ байгуулан авч төлсөөр ирсэн. Б- бол надаас 3 сарын дотор 1 хоногийн 6 хувийн хүүтэй 27571000 төгрөгийн хүү авсан. Би Б-г хохироогоогүй.  

А-ы гомдолтой холбогдуулан тайлбарлахад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Саригийн А38-32 тоот байр нь “З” ББСБ-ын зээлийн барьцаанд байгаа. Би зээлсэн мөнгөө төлөхийн тулд энэ байрыг Ө-д 21000000 төгрөгөөр зарж урьдчилгаанд 8000000 төгрөг аваад өрөндөө өгч, үлдсэн төлбөрт миний “З” ББСБ-н зээлийг төлж дуусгахаар тохиролцож зарсан. Харин авто зогсоол бол Төгсжаргал гэдэг хүнд зээлийн барьцаанд өгсөн. Энэ хэрэг шалгагдаж байх хугацаанд үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх боломжгүй байсан. Иймд шүүхээс хүчингүй болгосон гэж ойлгож байна гэжээ.

Шүүгдэгч Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  Би А-аас мөнгө залилж аваагүй. Т- надад “эгч нь банк бус ажиллуулдаг, Хэрлэн хорооллын борлуулалтын менежер ажилтай, урагшаа бараанд явдаг, зээл хаах гээд мөнгө хэрэгтэй байна” гэж хэлээд 2000000 төгрөгийг зээлж авч бид хоёр анх танилцаж байсан. А- миний ажиллуулдаг лангуун дээр ирээд “эгч нь зээл хаамаар байна” хэлсэн. Т- надаас “удаан хугацаагаар мөнгө зээлэх хүн байна уу” гэж надаас асууж байсан болохоор Т-ын талаар А-д хэлсэн. А- Т-тай уулзсаныхаа дараа надад хэдэн төгрөг зээлсэн талаараа тамгатай баримт харуулж байсан. Гэтэл А- миний овгийн эхний үсгийг буруу бичээд гарын үсгийг маань дуурайлган зурж Т- бид хоёрыг хамт очиж зээл авсан юм шиг болгосон баримтыг шүүхэд гаргаж өгсөн байсан.

С- миний найз, эгч нь Улаанбаатар хотод наймаа хийдэг гээд надаас зээл авдаг байсан. С-д эхлээд хүүтэй мөнгө зээлдэг байснаа болиод хүүгүй зээлдэг болсон. С- миний зээлийн үлдэгдэл 2500000 төгрөгийг О- гэдэг хүнээс зээлж өгсөн байсан. Би Батцэнгэл өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Надад бусдыг залилсан асуудал байхгүй гэжээ.

Шүүгдэгч С- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  Би тухайн үед 99 худалдааны төвд лангуу түрээсэлж наймаа эрхэлдэг байсан. Би О-гаас хүүтэй мөнгө зээлж Б- болон Т банк, “З” ББСБ-д өрөө дарсан гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Дүүриймаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  С- нь О-гаас 2019 оны 6 дугаар сарын 20-нд 2000000, 2019 оны 6 дугаар сарын 21-нд 3400000, 2019 оны 6 дугаар сарын 27-нд 3500000 төгрөгийг тус тус зээлсэн. О- болон С- нарын хооронд Иргэний хуульд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. С- нь О-гаас тодорхой хэмжээний мөнгийг хугацаатай, хүүтэй зээлсэн. С-д санхүүгийн хүндрэлтэй байдал үүссэний улмаас зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадаагүй. Үүнийг залилах гэмт хэрэг гэж үзэх боломжгүй. Залилах гэмт хэрэг нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлж аваад буцаагаад төлөхгүй, эрхийг нь шилжүүлэхгүй байх зорилгыг агуулдаг. Гэтэл С- нь О-тай байнгын холбоотой байж зээлийн зарим хэсгийг төлж, үлдсэн зээлээ хэрхэн төлөх талаар мэдэгдэж байсан. Энэ талаар О-, С- нар нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Анхан шатны шүүхээс С-г  бусадтай бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. С-г лангуу түрээсэлдэггүй байсан гэж ярьж байна. Гэтэл С- нь 99 худалдааны төвд барааны лангуу түрээсэлдэг байсан ба энэ нь 99 худалдааны төвтэй байгуулсан түрээсийн гэрээ, гэрч Мөнхтуяагийн “С- нь 17 дугаартай лангуу түрээсэлж бараа зарж борлуулдаг байсан, түрээсээ төлөх боломжгүй болохоор нь зарж байсан бараануудыг нь би авсан...” гэсэн мэдүүлгээр нотлогддог. С-гийн уг үйлдэл нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаагүй байх тул түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  Т- нь их хэмжээний өрөнд орсон байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг. Т- нь А-тай гэрээ байгуулж, хөрөнгө барьцаалж, зохих журмын дагуу 4-5 удаагийн үйлдлээр нийт 35500000 төгрөгийг зээлж авсан байдаг ба үүнээс 19300000 төгрөгийг төлсөн байдаг. Т- “би зээлээ хугацаанд нь төлөх зорилготой байсан, Б- нь өөрийнхөө зээлийг төлүүлэхийн тулд А-д худал хэлүүлж зээл авхуулсан, өрөө дарахын тулд зээл авч байгаа гэдгээ А-д хэлээгүй, хэлсэн бол А- надад мөнгө зээлэхгүй байсан учир бизнес эрхлэх гэж байгаа гэж худал хэлсэн, худал хэлж зээл авсан учир хариуцлагаа хүлээнэ” гэж мэдүүлдэг. Т-д хэнийг ч залилна гэсэн бодол байгаагүй. Залилангийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилготой байсан бол зээлийг огт төлөхгүй байх байсан. Т- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүхээс тогтоосон буюу 6 сарын хугацаанд А-ыг хохиролгүй болгоно гэдгээ илэрхийлсэн. А-ы гомдолд дурдагдсан Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Саригийн А-38 дугаар байрны 32 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-1817003410 дугаартай 30.34 м2 талбай бүхий орон сууц /25747055 төгрөгөөр үнэлэгдсэн/,  Хэрлэн сумын 2 дугаар баг Саригийн А-57 дугаар байрны 00 давхрын 01 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-1817004122 дугаар бүхий 15.68 м2 талбайтай авто зогсоол /5100000 төгрөгөөр үнэлэгдсэн/ зэрэг эд хөрөнгүүдийг шүүхээс битүүмжлэхээс өмнө бусдын өмчлөлд шилжүүлсэн байсан тул эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Хохирогч О- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Б- нь “зээл Ха” гэсэн зарын дагуу намайг facebook-ээс хайж олоод С-д зааж өгч, С-г над руу явуулж залилан хийлгэж, өөрийнхөө зээлсэн мөнгийг олж авсан байна. Мөн Т-ыг над руу явуулж 4000000 төгрөгийг зээлүүлж өөрийнхөө өрийг авсан байсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б- нь Т-ыг мөн залилангийн гэмт хэрэгт уруу татсан байна. Б- нь өмнө нь 2 ч удаа залилангийн гэмт хэрэгт холбогдож шалгуулсан боловч Бор-Өндөр сумын шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Би С-д өдрийн 0.5 хувийн хүүтэй мөнгө зээлүүлсэн. Хэнтий аймагт өдрийн 3 хувийн хүүтэй мөнгө зээлүүлдэг жишиг тогтсон байсан. Үүний ард Б- байсан. Т-, С- нар нь Б-гийн зээлийн хүүгийн дарамтад орсон байсан учраас өнөөдөр ийм байдалд хүрсэн гэж ойлгож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх хэргийг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг ойлгохгүй байна. Б-, С- нар нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж байна. С-г 4900000 төгрөгийн өрөө төлнө гэж бодож байгаа тул буруутгахгүй. Харин  Б-гийн гэм бурууг зөв тогтоолгох хүсэлттэй байна гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгч “Б- өөрөө залилуулсан, бусдыг залилаагүй” гэж давж заалдах гомдол гаргажээ. Т- нь Б-д зээлтэй байсан нь үнэн. Б- байгаагүй бол Т- А- хоёр уулзах зээлийн харилцаа үүсгэхгүй байсан. Б- өөрийн зээлүүлсэн мөнгийг авахын тулд Т-ыг төлөх чадваргүй гэдгийг мэдсээр байж А-аас бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулсны улмаас 13000000 төгрөгийг А-аас Т- залилсан гэж үзэж байна.

Мөн давж заалдах гомдолд “гэрээтэй зээлсэн мөнгөө залилуулсан, гэрээгүй зээлсэн мөнгөө залилуулаагүй гэсэн нь ойлгомжгүй байна” гэжээ. Залилах гэмт хэрэгт тухайн худал хэлж залилж авсан мөнгөө буцааж төлөхгүй гэсэн сэдэл санаа зорилго урьдаас үүссэн байдаг. 2018 оны 01 дүгээр сараас хойш одоог хүртэл зээлсэн мөнгөө төлөхгүй байгаа үйлдэл, мөн анх мөнгө зээлэхдээ худал хэлж авч байгаа үйлдэл нь өөрөө залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Т- нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр анх 13000000 төгрөг зээлсэн, 3500000 төгрөг зээлснээ 3710000 төгрөг болгож төлсөн, дараа 9000000, 1000000, 3500000 төгрөгүүдийг зээлсэн. Хохирогч А- болон шүүгдэгч Т- нар нь хэзээ зээлсэн хэдэн төгрөгөөс хэдийг нь төлсөн талаараа мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд мэдүүлдэг. Үүнээс хэзээ зээлсэн хэдэн төгрөгийг нь залилуулсан хэдийг нь залилуулаагүй гэдэг ялгаа нь харагдана.

А- нь Т-ын 5959124827 тоот дансыг мэддэг. Уг данс руу 13000000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 5007377801 дансанд буюу өөрийнхөө мэдэхгүй дансанд А- мөнгө шилжүүлэх боломжгүй. Гэрээ байгуулж авсан зээл болгон иргэний эрх зүйн харилцаа болохгүй.

Дорнод аймагт байрлах 3 өрөө байрны ордер хавтаст хэрэгт огт авагдаагүй, зээл өгөхдөө барьцаалсан зүйл байхгүй, байрны гэрчилгээ барьж очоод зээл авсан байдаг.

Хохирогч О- хэргийн материалтай танилцаагүй гэж байна. 7 дугаар хавтаст хэргийн 247 дугаар талд “хэргийн материалтай танилцсан, гомдолтой байна, хохирлоо гаргуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг авагдсан. Мөн О-гийн хэргийн материалтай танилцсан талаарх тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байдаг.

Б-, Т-, С- нар нь “бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, хохирогч А- нарын давж заалдах гомдлоор Б-, Т-, С- нарт холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

С- нь О-гаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зээл Ха гэж худал хэлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 3100000 төгрөг, мөн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 3500000 төгрөг буюу нийт 6900000 төгрөг авч залилсан,

   Б-, Т- нар нь бүлэглэн А-аас урьдын харилцааны явцад бий болсон илтгэлийг урвуулан ашиглаж зээл Ха, Т-д мөнгө шилжүүлэх гэж байна зэргээр худал хэлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 13000000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 4500000 төгрөгийг тус тус залилж, бусдад нийт 17500000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр фейсбүүк хаягаар орж байхад “Тогосоо Тогосоо” гэсэн фейсбүүкийн хаяг дээр зээл чөлөөлүүлнэ гэсэн зар байхаар нь би зар дээр нь холбогдоорой гээд утасны дугаараа бичээд үлдээсэн. Тэгсэн хэдэн минутын дараа 96131120 гэсэн дугаараас эмэгтэй хүн залгаад “2000000 төгрөгийн зээл чөлөөлүүлэх гэсэн юм, Т банкин дээр байна“ гэхээр нь би Т банкин дээр очиж уулзахад тухайн эмэгтэй өөрийгөө С- гэж танилцуулаад “Х” банкныхаа зээлийг төлж дуусгаад Т банкнаас зээл авах гэж байгаа юм” гэж хэлсэн. Би С-тай хамт Тэмүүжин сургуулийн урд байрлах Х банкны салбар дээр очиход С- эдийн засагчтайгаа уулзчихаад ирье гээд Х банк руу орсон. С- гарч ирснээ “15000000 төгрөг эндээс авахаар болчихлоо, эдийн засагч маргааш нөгөөдрөөс зээл гаргаж өгнө гэнэ, эдийн засагч нь манай найз байгаа юм” гэж надад ойлгуулсан. Тухайн үед С- надад “би 99 худалдааны төвд барааны лангуутай, 99 өөрсдөө лангуугаа ашиглана гээд лангуу түрээсэлж байсан хүмүүсээ гаргачхаад байгаа, би Эрээнээс бараа авчирч Эвтэд лангуу түрээсэлж суух гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би наймаа хийж байгаа хүн байна гэж итгээд С-д 2000000 төгрөгийг өдрийн 0.5 хувийн хүүтэй зээлээд нөхрийнх нь Х банкны дансанд шилжүүлсэн. Маргааш буюу 2019 оны 6 дугаар сарын 21-ний өглөө гэртээ байж байхад С- над руу залгаад “намайг банк бусад байгаа 3400000 төгрөгийн зээлээ төл гээд байна, та надад 3400000 төгрөг зээлээч” гэхээр нь 3400000 төгрөгийг өдрийн 0.5 хувийн хүүтэй зээлж нөхрийнх нь Х банкны данс руу шилжүүлсэн. ...мөн танихгүй дугаараас эмэгтэй хүн залгаад “4000000 төгрөгийн цалингийн зээл чөлөөлүүлэх гэсэн юм” гэхээр нь Эвт худалдааны төв дээр ирээд уулз гэж хэлсэн. Тэгсэн нэг эмэгтэй байгууллагынхаа цалингийн тодорхойлолтыг барьж ирээд өөрийгөө Т- гэж танилцуулсан. ....Т-аар мөнгө зээлсэн нь үнэн гэсэн бичиг хийлгэж гар утасны дугаарыг нь бичүүлж авсан. ...Т- 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 16 цаг гэхэд миний зээлийг төлчих нь гэсэн болохоор би Т-ын нэг дугаар руу нь залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь хоёр дахь дугаар руу нь залгахад надаас мөнгө зээлж байсан С-гийн 96131120 гэсэн дугаар байсан. Би С- руу залгаад Т- гэж хүн чамтай холбоотой хүн байна ш дээ, энэ хүн чинь утсаа авахгүй байна, олж өг” гэж хэлсэн чинь “ямар сонин юм бэ, би таны дугаарыг өгөөгүй ш дээ, тэгэхдээ би наад хүнийг чинь танина, танд олж өгье санаа зоволтгүй” гэж хэлсэн. ...С- 2019 оны 6 дугаар сарын 27-ны өглөө зээлсэн мөнгөө хүүгийн хамт буюу 2110000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. С- 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр утасдаад “би аймагт ирчихлээ, та надад 3500000 төгрөг зээлээч, би нэг ёндоотой юм хийх гээд байна, танд одоохондоо хэлэхгүй” гэж худал ярьсаар байгаад 3500000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай өдрийн 1 хувийн хүүтэй зээлж авахаар болоод нөхөр Түвшинтөгсийн Х банкны 5420123440 гэсэн дансанд шилжүүлж явсан. Тэгээд 2 хоногийн дараа Т-, С- нараас мөнгө нэхсэн боловч аль аль нь худлаа яриад өгөөгүй. ...Тэгээд Т-ын эгч Батчимэг, С-, С-гийн эгч Сонгууль нартай хамт Б-гийнд очсон. Тэгсэн Б- нь Т-ад миний дугаарыг өгч мөнгө авхуулаад С-гийн нөхрийн дансанд 3300000 төгрөгийг нь хийлгүүлж С-г дарамталж байгаад 2500000 төгрөгийг нь өрөндөө авсан байсан. ...С- надаас авсан 6900000 төгрөг өгөөгүй...” гэх мэдүүлэг /1хх-н 27-28, 2хх-ийн 166-167х/,

С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би 2018 оны 02 дугаар сарын сүүлээр өөрийн найз Б-гаар өдрийн 3 хувийн хүүтэй 14 сая төгрөгийн зээл хаалгасан юм. Гэтэл миний хөөцөлдөж байсан зээл бүтээгүй. Би Б-д үнэнээ хэлээд “14 сая төгрөгөө сарын 20 хувийн хүүтэй зээлээч, сарын дотор хүүтэй нь буцаагаад өгье” гэж гуйсан боловч зөвшөөрөөгүй. ...Тэгсэн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Б- өөрийнхөө дүүгийн “Тогосоо, Тогосоо” гэсэн фейсбүүк хаягаар “зээл хаах хүн байна уу” гээд өөрийнхөө дугаарыг бичээд зар тавьсан байсан. Мөн Б- өөрийнхөө 99562137 гэсэн дугаараас О- руу “зээл хаалгуулъя” гэж ярьсан байсан. ...Намайг ирэхэд Б- О-гийн дугаарыг өгөөд “би зээл хаалгуулна гээд хэлчихсэн, чи энэ дугаар руу яриад миний мөнгийг авчир” гэж хэлсэн. ...Би О-тай уулзаад “зээл хаалгуулах гэсэн юм” гэж хэлээд өдрийн 0.5 хувийн хүүтэй 2000000 төгрөг зээлж авсан. О-гаас зээлсэн мөнгөнөөсөө 1000000 төгрөгийг Цэрэндуламд өрөндөө өгсөн. Үлдсэн 1000000 төгрөгийг нь хотод хөөцөлдөж байгаа зээлэндээ хэрэглэсэн. 2019 оны 6 сарын сүүлээр О- эгчээс зээлсэн 2000000 төгрөгөө хүүтэй нь бодоод 2118000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр О- руу утсаар яриад 3500000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй 7 хоногийн хугацаатай зээлсэн. О-гаас зээлсэн 3500000 төгрөгөөсөө 1000000 төгрөгийг нь “З” ББСБ-д өрөндөө өгсөн. Үлдсэн 2500000 төгрөгийг өөрийн хэрэгцээндээ хэрэглэсэн. Мөн О-гаас 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 3400000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй 7 хоногийн хугацаатай зээлж авсан. О-гаас зээлсэн мөнгөө өгч чадаагүй байж байхад Б- над руу утасдаад “чи өмнө нь О-гаас мөнгө зээлээд өгөөгүй байгаа юм чинь Т-ыг явуулаад 4000000 төгрөг зээлүүлчихье” гэж хэлсэн. Б- Т-ыг явуулаад О-гаас 4000000 төгрөг өдрийн 1 хувийн хүүтэй “зээл хаалгана” гэж хэлж авхуулсан байсан. Т- нь О-гаас зээлсэн 4000000 төгрөгөөсөө 700000 төгрөгийг нь өөрөө аваад үлдсэн 3300000 төгрөгийг нь миний данс руу шилжүүлсэн. Би уг 3300000 төгрөгөөс 2500000 төгрөгийг нь Б-д зээлэндээ өгсөн. Үлдсэн 800000 төгрөгийг нь өөрөө хэрэглэсэн. Би О-гаас нийт 10200000 төгрөг зээлсэн, одоо хүүтэйгээ хэдэн төгрөг болсныг нь би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1хх-н 29-30х/,

Хохирогч О-,  шүүгдэгч С-гийн мөнгө дамжуулан авсан данс болох түүний нөхөр Б.Түвшинтөгс нарын арилжааны банканд эзэмшиж буй 5447048857, 5420233440 дугаарын данснуудад үзлэг хийн, тэдгээрийн хоорондын орсон, гарсан гүйлгээний талаарх мэдээллийг хүснэгтлэн баримтжуулсан мөрдөгчийн тэмдэглэл /2хх-н 168х/,

- Шүүгдэгч С-гийн мөнгө дамжуулан авсан данс болох түүний нөхөр Б.Түвшинтөгсийн арилжааны банканд эзэмшиж буюу 5420233440 дугаарын дансанд үзлэг хийн тухайн дансанд орсон, гарсан гүйлгээний талаарх мэдээллийг хүснэгтлэн баримтжуулсан мөрдөгчийн тэмдэглэл /2хх-н 169-170х/

Хохирогч П.Ариусайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Наран плаза” худалдааны төвд лангуу түрээсэлдэг Б- надаас “зээл хаах мөнгө байна уу” гэж асуухаар нь “чи өөрөө хаах гэж байгаа юм уу” гэж асуусан чинь Б- “би л гэсэн үг, нэг хүн дуудъя” гээд Т- гэдэг хүүхнийг дуудсан. Б- надад Т-ыг танилцуулахдаа “Хэрлэн хороололд борлуулагч хийдэг, найдвартай, миний түнш, олон байр, машинтай, итгэлтэй хүн” гэж хэлсэн. Т- эхлээд 13 сая төгрөгийг 14 хоногийн хугацаатай 20 хувийн хүүтэй зээлж авсан. Маргааш нь Т- нөхөртэйгөө ирээд “махны 3 хүн зээл хаалгуулъя гэнэ ээ, 13500000 төгрөгийг 1 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй зээлье, би бол нөгөө хүмүүстэйгээ өдрийн хүүгээр боддог” гэж хэлж надаас 9000000 төгрөг зээлж авсан. Т-д бэлнээр 9000000 төгрөг өгөөд үлдсэн 4500000 төгрөгийг Б- АТМ-аас данс руу нь шилжүүлсэн. Т-, Б- хоёр надаас нийтдээ 26500000 төгрөг авсан. Т- нөхөртэйгөө ирээд надаас мөнгө гуйж байхад Б- миний лангуугаар орж гараад л байж байсан. Би Б-гаас “чи арыг нь яаж даах юм бэ” гэж асуухад Б- “Т- Мөнхтуяа эгчид 20 гаруй сая төгрөгийн хүү төлсөн, дампуурахгүй байгаа биз дээ, тийм болохоор найдвартай” гэж хэлсэн. Зээл эргүүлж төлөх хугацаа болоод Т-тай утсаар ярихад “одоо очлоо, махныхан сарын өмнө борлуулалт ихтэй байна, нэг cap сунгаад өгчих, хүүг нь өгнө” гэх мэтээр удаа дараа хойшлуулж байсан. Б- Т-ыг найдвартай, өөрөө арыг нь даана гэж хэлсэн болохоор итгэсэн. Гэтэл Б- Т-аасаа зайгаа барьж эхэлсэн, мөн Б-, Т- хоёр хоёулаа утсаа авахаа больсон. ....Т-тай уулзаж мөнгөө нэхэхэд Т- “үнэнийг хэлэхэд би Б-д өртэй байсан, Б- надаас өрөө авахын тулд танаас зээл авхуулсан, би танаас зээлсэн 13 сая төгрөгөө Б-д өрөндөө өгсөн, танд худал хэлж мөнгө зээлж авсан болохоор дахин мөнгө зээлээд эргэлдүүлж байгаад өрөө өгнө гэж бодоод сүүлд 13500000 төгрөг зээлсэн” гэж хэлсэн, тэгээд надад дансныхаа хуулгыг харуулахад надаас мөнгө аваад шууд Б-гийн данс руу шилжүүлсэн байсан. ...Би нийт 17500000 төгрөгийг Б-, Т-аас нараас нэхэмжилнэ. Үлдэгдэл мөнгийг Т- надаас залилж авсан учраас Т-аас нэхэмжилнэ. Хадгаламж барьцаалсан 2 зээлийн хүү болох 1352591 төгрөгийг мөн нэхэмжилнэ...”  гэх мэдүүлэг /3хх-н 33-35, 5хх-ийн 164-167х/

Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...би Б-д 10 гаруй сая төгрөгийн өртэй байсан. ....2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б- над руу утастаад “чи хүрээд ир ээ, мөнгө зээлэх хүн олчихлоо” гэж хэлсэн. ...Б- А-д намайг “олон байр, машинтай, их итгэлтэй хүн” гэж ойлгуулсан байсан. Бас миний арыг нь даана гэж хэлсэн байсан. ....А- надад 13000000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай 20 хувийн хүүтэй зээлэхээр болж миний Х банкны 5007358101 дугаарын данс руу шилжүүлсэн. Бид хоёр зээлийн гэрээ байгуулж би гарын үсэг зурсан. Би А-аас мөнгөө аваад Б-гийн данс руу шилжүүлсэн. Маргааш нь Б-гийн үлдэгдэл мөнгийг төлөх, бас өөр мөнгөний хэрэгцээ байсан учир А-тай уулзаад “махны наймаа хийдэг түншүүдэд мөнгө хэрэгтэй байна, надад 13500000 төгрөг зээлээч” гэж худлаа хэлж өөрийнхөө нэр дээрх Дорнод аймгийн төвд байдаг 3 өрөө байрныхаа ордерыг авч очоод 9000000 төгрөг бэлнээр авсан. ...Тэр өдрийнхөө үдийн хойно нь дахин А-тай очиж уулзаад “дахиад нэг хүний зээл хаах гэсэн юм, 4500000 төгрөг хүүтэй зээлүүлээч гэж хэлээд өөрийнхөө Х банкны 5959124827 тоот дансаар 4500000 төгрөгийг шилжүүлж авсан. Би эхний авсан 13000000 төгрөгийн хүүд 2600000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгч эргүүлээд 2000000 төгрөгийг А-аас зээлсэн. ...Би А-аас нийт 26500000 төгрөгийг гэрээ байгуулж зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл өгч чадаагүй. ...А- 35504000 төгрөгөөс миний төлсөн 7100000 төгрөгийг хасаад 28404000 төгрөгийг төлөхийг нэхэмжилж байгаа юм байна. Миний ойлгосноор 2000000 төгрөгийн 10 хувийн хүү болох 200000 төгрөг, 4500000 төгрөгийг наймааны эргэлтэд оруулсан бол 50 хувийн ашиг буюу 2250000 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа юм байна. Мөн Т банкны хадгаламж барьцаалсан зээлийн хүү болох тухайлбал 13000000 төгрөгийн 2691000 төгрөг, 9000000 төгрөгийн хүү нь 1863000 төгрөг, нийтдээ 7004000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байна”  гэх мэдүүлэг /3хх-н 59-61х/

Хохирогч А-, шүүгдэгч Т- нарын арилжааны банканд эзэмшиж буй 5954132038, 5935056466, 5959124827, 5007358101 тоот данснуудад үзлэг хийн, тэдгээрийн хоорондын орсон гарсан гүйлгээний талаарх мэдээллийг хүснэгтлэн баримтжуулсан мөрдөгчийн тэмдэглэл, /5хх-н 168х/

Шүүгдэгч Б- нь шүүгдэгч Т-ын хохирогч А-аас авсан мөнгийг шилжүүлж авсан талаарх мэдээлэл бүхий шүүгдэгч Т-ын арилжааны банканд эзэмшиж буй 5959124827, 5007358101 дугаарын данснуудад үзлэг хийн, тухайн данснуудад орсон гарсан гүйлгээний талаарх мэдээллийг хүснэгтлэн баримтжуулсан мөрдөгчийн тэмдэглэл, /5хх-н 169-170х/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, Т-, Б- нарын Х банкны дансны хуулга, хөрөнгийн үнэлгээ /1хх-н 09-21, 50-119, 127-133, 3хх-н 36, 193, 235, 5хх-н 20-29, 37-91х/,

Шүүгдэгч Б-гийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Т-ын А-аас зээлсэн 17500000 төгрөгийг би төлөх үндэслэлгүй. Т- надад өгөх ёстой байсан өрөндөө өгсөн гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Т-ын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Би А-аас 2018 оны 01 дүгээр сарын 03-нд 13000000, 2018 оны 01 дүгээр сарын 04-нд 4500000, нийт 17500000 төгрөгийг зээлж авч Б-д өгсөн. Б- анхнаасаа надаас өрөө авах гээд А-аас уг мөнгийг авхуулсан. А-аас зээлсэн мөнгийг төлөх бололцоо анхнаасаа надад байгаагүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С-гийн анхан шатны шүүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би О-д худал хэлж 2019 оны 6 дугаар сарын 21-нд 3100000, 2019 оны 6 дугаар сарын 27-нд 3500000, нийт 6900000 төгрөг зээлж авсан. Би О-д 2000000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 4900000 төгрөгийг төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцжээ.  

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай бөгөөд анхан шатны шүүхээс Б-, Т- нарыг “бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэргийг, С-г “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна. 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын тухайд:

Хуурч мэхлэх арга гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ.

Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагддаг.

С- нь бусдад өр зээлтэй, төлбөрийн чадваргүй, лангуу түрээсэлдэггүй хэрнээ О-д “99 худалдааны төвд барааны лангуутай, 99 өөрсдөө лангуугаа ашиглана гээд лангуу түрээсэлж байсан хүмүүсээ гаргачхаад байгаа, би Эрээнээс бараа авчирч Эвтэд лангуу түрээсэлж суух гэж байгаа юм” /1хх-н 27-28х/ гэж худал хэлж бодит байдлыг гуйвуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 13000000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай 20 хувийн хүүтэйгээр зээлж авсан нь зээлдэгчийн мэдээллийн сан /1хх-н 46х/, “З” ББСБ-н дарга С-гийн “С-гийн нь 4268000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлөлтөө хийгээгүй” гэх тодорхойлолт /1хх-н 48-51х, 223-226х/, Т банкны 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 177 дугаартай “С- нь өнөөдрийн байдлаар 10028005 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй” гэсэн албан тоот /2хх-н 143х/, 99 худалдааны төвийн “С- нь манай аж ахуй нэгжийн байранд барааны лангуу түрээсэлж байгаагүй” гэх албан тоот /1хх-н 239, 2хх-н 150х/, гэрч М-н “...С- нь 99 худалдааны төвийг анх ашиглалтад ороход 4 лангуу түрээсэлнэ гэж түрээсийн гэрээ байгуулаад лангуугаа түрээсэлж үйл ажиллагаагаа явуулаагүй...” гэх мэдүүлэг /2хх-н 150-151х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг үйлдлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.

С- нь О-гаас авсан 6900000 төгрөгийн зээлээс 2000000 төгрөгийг төлж 4900000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаагаас үзэхэд С-гийн О-гаас авсан зээлийнхээ хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго гэмт үйлдлээ хэрэгжүүлэхээс өмнө түүнд бий болсон бөгөөд энэ О-гийн Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-н 126-133х/, С-гийн Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-н 174-187х/, түүний нөхөр Б.Түвшинтөгсийн Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-н 209-217х/, О-, С- нарын дансны хуулгыг мэдүүлэгтэй харьцуулж үзлэг хийсэн тооцоо /2хх-н 168х/, Б.Түвшинтөгсийн 5420013440 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-н 169-170х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Т- нь Б-гаас удаа дараа зээл авч байсан,  “Х” банк болон “З” ББСБ-д зээлтэй бөгөөд зээлээ эгүүлэн төлөх чадваргүй гэдгийг Б- нь мэдсэн атлаа өөрийн мөнгөө авахын тулд Т-ыг “Хэрлэн хороололд борлуулаг хийдэг, төлбөрийн чадвартай, олон байр, машинтай, миний түнш, итгэлтэй хүн” гэж /3хх-н 24-28, 33-35, 59-61х/, Т- нь өөрийгөө “Дорнод аймагт эгчтэйгээ банк бус санхүүгийн байгууллага нээсэн, махны ченж нарт зээл олгодог“ гэж /3хх-н 59-77х/ худал хэлж бодит байдлыг гуйвуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж А-ы 17500000 төгрөгийг залилсан нь гэрч Б-гийн мэдүүлэг /3хх-н 53-58х/, гэрч Т-ын мэдүүлэг /3хх-н 59-77х/, Б-гийн Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-н 150-188х/, Т-ын Х банкны депозит дансны хуулга /3хх-н 133-137х/, Б-, Т- нарын дансны хуулгыг, мэдүүлэгтэй харьцуулж гаргасан тооцоо /169-170х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Бусдын эд хөрөнгийг зээл нэрээр халхавчлан залилан мэхэлж авах нь уг зээлийг буцааж төлөх бодит баталгаагүй, тухайлбал, барьцааны эд хөрөнгөгүй, хөрөнгө байлаа ч гэсэн эрхийн зөрчилтэй, тухайн эд хөрөнгийг барьцаалах бүрэн эрхгүй этгээд барьцаалсан, түүнчлэн Иргэний хуульд заасан барьцааны гэрээ байгуулах журмыг санаатай зөрчсөн байдаг зэргээр иргэний эрх зүйн гэрээнээс ялгагддаг. 

Т-, С- нар нь хохирогч нартай зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гэж үзэж байна. Учир нь барьцаа хөрөнгийг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэлгүй Иргэний хуульд заасан барьцааны гэрээ байгуулах журмыг зөрчиж зээлийн гэрээг хийсэн тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна.  

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн “Б-гийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгуулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Хохирогч А-ы давж заалдах гомдлын тухайд: Т-ын өмчлөлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Саригийн А-38 дугаар байрны 32 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-1817003410 дугаартай 30.34 м2 талбай бүхий орон сууц нь “З” ББСБ-ын зээлийн барьцаанд байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 3/410 дугаартай лавлагаагаар /4хх-н 90х/ нотлогдож байх тул шүүхээс уг эд хөрөнгийг битүүмжилсэн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

Харин Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Саригийн А-57 дугаар байрны 00 давхрын 01 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-1817004122 дугаар бүхий 15.68 м2 талбайтай авто зогсоол нь Х банкны барьцаанаас чөлөөлөгдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Б-н мэдүүлгээр /4хх-н 34-35х/ тогтоогдсон, Т- нь уг авто зогсоолыг Ө-ийн өмчлөлд шилжүүлсэн гэх боловч энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул уг зогсоолыг битүүмжилсэн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээн, хохирогч А-ы энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолын 7 дахь заалтаас “Хэрлэн сум 4 дүгээр баг Сариг А57 дугаар байр 00 давхрын 01 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү1817004122 дугаар бүхий 15.68 м2 талбайтай авто зогсоолыг” гэснийг хасч, шийтгэх тогтоолд “Хэрлэн сум 4 дүгээр баг Сариг А57 дугаар байр 00 давхрын 01 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү1817004122 дугаар бүхий 15.68 м2 талбайтай авто зогсоолыг битүүмжилсэн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл хэвээр үлдээсүгэй” гэсэн заалтыг шинээр нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.ДЭНСМАА