Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 317

 

Ж.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 26 дугаар магадлалтай, Ж.Т-д холбогдох 1732000940078 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа, иргэний нэхэмжлэгч Ч.Ж нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, эрэгтэй, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Б овогт Ж-гийн Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Ж.Т-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар Ж.Т-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д заасныг баримтлан Ж.Т-д тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах албадлагын арга хэмжээг хэрэглэж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолд заасан хохирлын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогч Д.Г 2017 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө зам тээврийн осолд орж хүнд гэмтэл авсан. Тэрээр 2017 оны 10 дугаар сарын сүүлийн 15 хоногийн цалин 450,000 төгрөг, 2017 оны 11, 12 дугаар сарын цалин 1,800,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын цалин 900,000 төгрөг, нийт 3,150,000 төгрөг, эмчилгээний зардал 931,396 төгрөг, нийт 4,081,396 төгрөг, мөрдөн байцаалтын шатанд 5,767,105 төгрөг, нийтдээ 9,848,501 төгрөг нэхэмжилж байгаагаас шүүгдэгчийн төлсөн 6,500,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 3,348,501 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Г-д олгох байтал анхан шатны шүүх 3,963,606 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор, өөрөөр хэлбэл нэхэмжилсэн мөнгөнөөс 615,105 төгрөг илүү олгохоор шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх ажилгүй байсан хугацааны 4 сарын цалинг нэхэмжилсэн байхад 5 сарын цалин болгож ирээдүйд гарах зардлыг тооцож 4,500,000 болгож шүүх хуралдааны үед нэхэмжлээгүй мөнгийг нэхэмжилсэн мэтээр нэмсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг ноцтой зөрчсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд иргэний нэхэмжлэгч Ч.Ж гаргасан гомдолдоо “...Миний хүү Ж.Э 2017 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00 цагийн үед Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орох гэж яваад зам тээврийн осолд орж, уг ослын улмаас баруун өвдөгний тойг нь бяцарч одоог хүртэл хөл дээрээ сайн явж чадахгүй төмөртэй, сургуульд нь хүргэж өгч авдаг, нийтийн тээврээр явах боломжгүй хяналтад байдаг. Ослын улмаас эмчилгээ болон бусад хохирол 13,000,000 орчим төгрөг болсон. Ж.Т хохирлыг төлж барагдуулах талаар ярьж тохиролцохдоо бэлэн 3,000,000 төгрөг дээр мөргөлдсөн машинаа 3,000,000 төгрөгт бодож өгье, тэгж тус болооч дараа нь даатгалаас мөнгө авна, шүүх хурлын дараа өгье, гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгөөч гээд гуйхаар нь өрөвдөөд гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн юм. Гэтэл Ж.Т нь тохиролцсоноороо байгаагүй, надад бэлэн 2,900,000 төгрөг дээр эвдэрхий тоногдсон машинаа айлын хашаанд хаяад явсан байсан. Би даатгалаас нөхөн төлбөр авахаар материалаа бүрдүүлээд очтол Ж.Т нь надад 13,000,000 төгрөг, мөн он залуу машин өгсөн, төлбөрийг бүрэн барагдуулсан гэж худлаа яриад өөрөө нөхөн төлбөрийг авсан байсан. Үүнээс болж сар бүр 903,000 төгрөгийн лизинг төлж, хүүхэд маань насан туршдаа эрүүл мэндээрээ хохирч, манай гэр бүл эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирч байгаадаа маш их гомдолтой байна. Нийт хохирол 13,000,000 төгрөгөөс машиныг 3,000,000 төгрөг, бэлэн 2,900,000 төгрөг, нийт 5,900,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 7,100,000 төгрөг нэхэмжилж байна. Манай гэр бүл машиныг ачиж ирэх, хүүхдийнхээ эм тариа, эмнэлэг, бариа засал, лам бөө, сургуулийн төлбөр, шүүх цагдаа гээд маш их хохирол хүлээсэн ч үүнийг нэхэмжлээгүй болно. Иймд миний гомдлыг нягтлан шалгаж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэл, хохирол төлбөртэй холбоотой асуудлыг үндэслэлгүй шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа, иргэний нэхэмжлэгч Ч.Ж нарын гаргасан гомдлыг үндэслэн Ж.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Т нь 2017 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн төв асфальтан замын 173-174 дэх километрийн заалтын тэмдгийн орчимд хх хх ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчин эсрэг урсгалд орж, өмнөөс ирж явсан Ж.Э-гийн жолоодон явсан хх хх УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Д.Г-гийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хх хх УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоож,

хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх хохирогч Д.Г-гийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжилсэн нотлох баримтуудыг нарийвчлан судлалгүйгээр шийдвэрлэсэн, Ж.Т нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгаагүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт хэрэгт авагдаагүй байхад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлсөн байх тул шүүхийн тогтоолд заасан хохирлын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх арга хэмжээг авахад хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх нь зайлшгүй байх үндсэн нөхцөлийн нэг байтал анхан шатны шүүх эдгээртэй холбоотой асуудлаар хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т “...дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал шүүхийн тогтоолд заасан дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” хэмээн заасан байна.

Анхан шатны шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хохирол, гэм хортой холбоотой баримтуудыг нэг бүрчлэн судалж дүгнэлт өгөөгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх үед төлбөл зохих хохирлын хэмжээг тодорхой тогтоож чадаагүй, тэнсэх үндэслэл тогтоогдсон эсэхийг дүгнэх боломжгүй болгосон талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 26 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН