| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2020/01533/И |
| Дугаар | 183/ШШ2020/01110 |
| Огноо | 2020-04-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2020/01110
| 2020 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2020/01110
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Д нэхэмжлэлтэй,
Эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох регистрийн 0000 дугаартай, Боржигин овогт С.С эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Анхбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2019.12.17-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн замд 0000 УБД улсын дугаартай Сайр маркийн автомашиныг жолоодож явж байхад 0000 УНЛ улсын дугаартай Верна маркийн авто машин мөргөж хохирол учруулсан. Цагдаагийн байгууллага уг асуудлыг шалгаж Зөрчлийн хэрэг нээж С.С-йг 100 нэгжээр торгосон. 2019.12.18-ны өдөр “Хас” үнэлгээний төвийн үнэлгээгээр миний машинд 850.000 төгрөгийн зардал гаргасан бөгөөд уг хохирлоо Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжилсэн боловч хариуцагч С.С Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг 00 дугаар байрны 00 тоотод оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд С.С-ийг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: “С.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М миний бие шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй болсон тул эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Д нь “Эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох регистрийн 000000 дугаартай, Боржигин овогт С.С-ийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 07.45 цагт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн гүүрний зүүн замд С.С нь Верна маркийн 0000 УНЛ улсын дугаартай автомашиныг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасныг зөрчсөний улмаас С.Д жолоочтой, Сай маркийн 0000 УБЗ улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан нь тогтоогдож, С.С Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу торгуулийн шийтгэл ногдуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иргэн С.С зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн оршин суугаа хаягийг Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хэсэг, 0000 тоот хэмээн тодорхойлсон байх боловч уг хаягтаа бүртгэлгүйгээс гадна оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2020/000 дугаартай захирамжаар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд 1981 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар 0000000, Боржигин овогтой С.С-ийг эрэн сурвалжилж, түний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Д улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийг нь байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлснийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар 1981 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар 0000, Боржигин овогтой С.С эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар С.С эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Д улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийн хувийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах З.Б даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА