| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2017/00910/И |
| Дугаар | 183/ШШ2017/02192 |
| Огноо | 2017-10-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2017/02192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д*******ын Ж*******ид холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14 105 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагч Д.Ж*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.М*******, гэрч Б.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А******* ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“А******* ББСБ” ХХК нь Д.Ж*******ид 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 150191 тоот зээлийн гэрээгээр 15 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн өнөөдрийг хүрсэн. Мөн зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгож УБЭ улсын дугаартай, 2004 оны Volkswagen Toureg маркийн хар өнгийн автомашин барьцаалсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас уг автомашиныг 2017 оны 2 дугаар сард Монголын хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үнэлүүлэн 12 000 000 төгрөгөөр борлуулж зээлийн хүүгийн төлбөрт суутгасан. 2017 оны 3 дугаар сарын 15-ны байдлаар зээлдэгч нь зээлийн гэрээгээр үндсэн зээл 5 000 000 төгрөг, үндсэн хүү 7 325 454 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 779 546 төгрөг, нийт 14 105 000 төгрөг болсон тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болон нэмэгдүүлсэн хүүг гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай “А******* ББСБ” ХХК-иас 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр автомашины барьцаат зээлийн гэрээ байгуулж, автомашиныг барьцаалж 15 000 000 төгрөгийг хариуцагч Д.Ж*******ид олгосон. Уг нь барьцааны зүйлийг үнэлээд зээлийг олгодог боловч тухайн үед үнэлээгүй, танидаг хүмүүс байсан юм шиг байгаа юм. Тэгээд л хоорондоо харилцан тохиролцоод болно гэж үзсэн. Гэтэл Д.Ж******* нь зээлийн гэрээний үүргийг огт биелүүлээгүй, нэг ч төгрөг төлөөгүй, бид удаа дараа төлөхийг бичгээр болон амаар мэдэгдэж байсан, өөрөө ч төлнө гэдгээ илэрхийлж бичгээр хариу өгч байсан. Гэвч төлөөгүй тул 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр барьцааны зүйл болох автомашиныг хураан авахаар болсон, ингээд машиныг тухайн үеийн зээлийн үүрэг болох 26 574 221 төгрөгт хураан авч үнэлгээ хийлгэхэд 12 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн учир хасаад үндсэн зээлийн 5 000 000 төгрөгний үлдэгдэлтэй болсон. Иймд үндсэн зээлийн 5 000 000 төгрөг, хүү 7 325 454 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 779 546 төгрөг, нийт 14 105 000 төгрөгний зээлийн гэрээний үүргийг төлөөгүй манай байгууллагыг хохироож байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Ж******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “А******* ББСБ” ХХК-иас автомашинаа барьцаалаад 15 000 000 төгрөгний зээл авсан нь үнэн. Энэ зээлийг төлж барагдуулаагүй нь үнэн. Тухайн үеийн ажил төрлийн байдлаас болсон юм. Гэтэл ББСБ-с зээлээ төлөхгүй бол барьцааны зүйлийг хурааж авна гээд ирсэн. Би автомашиныг 21 000 000 төгрөгний үнэлгээтэй гэж хэлсэн, тэгээд бид 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр акт үйлдсэн. Уг актанд зээлийн төлбөр болох 26 574 221 төгрөгний үүрэгт тооцож, автомашиныг шилжүүлэхээр бид харилцан тохиролцсон юм. Энэ тухай тухайн үед актыг үйлдэхэд байлцсан гэрч нар болох Н*******, Энхтайван нар нотлоно. Би уг нь машинаа өөрөө зараад өгье гэсэн боловч өөрсдөө хурааж авсан. Гэтэл одоо миний машиныг 12 000 000 төгрөг буюу Приус машины үнээр худалдчихсан гээд надаас мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Үүрэг дуусгавар болсон, мөн барьцаа хөрөнгийг худалдах талаараа надад мэдэгдээгүй, хэрвээ 12 000 000 төгрөгөөр худалдана гэсэн бол би зөвшөөрөхгүй байсан юм. Би машинаа Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар үл маргах журмаар өгсөн, гэтэл надад эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй байж одоо зээлийн гэрээний үүрэг гэж хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А******* ББСБ” ХХК нь хариуцагч Д.Ж*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14 105 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч “А******* ББСБ” ХХК нь хариуцагч Д.Ж*******той 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр №150191 тоот “Автомашины зээлийн гэрээ” байгуулж, 15 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2015 оны 7 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Volkswagen Touareg маркийн УБЭ улсын дугаартай автомашиныг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн №150191 тоот гэрээ, зээлийн төлбөрийн тооцооны хуудас, зээлийн гүйлгээ хийх шийдвэр, зээлийн дансны хуулга, барьцаа хөрөнгө хураасан акт, тээврийн хэрэгслийн №00935213 дугаартай гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хэргийн 14-18-р хуудас/
Зохигч автомашин барьцаалж зээлийн гэрээ байгуулсан талаараа маргаагүй, талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан тул 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №150191 тоот автомашины барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Ж*******ийг зээлийн гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлээ хугацаандаа төлөөгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 5 000 000 төгрөг, хүү 7 325 454 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 779 546 төгрөг нийт 14 105 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, барьцаа хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж маргасан.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч “А******* ББСБ” ХХК нь 15 000 000 төгрөгийг хариуцагч Д.Ж*******ид шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй талаараа маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-д “зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй” гэж зааснаар барьцаа хөрөнгө болох автомашиныг шилжүүлэн өгч үүрэг дуусгавар болсон, мөн хуулийн 163 дугаар зүйлийн 163.2-д “барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдах болсон тухай болон худалдах үнийн тухай өмчлөгчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж мэтгэлцсэн.
Хэрэгт авагдсан “А******* ББСБ” ХХК-ийн автомашин хүлээлцсэн актад “эзэмшигчийн нэр Д.Ж*******, хар өнгийн УБЭ улсын дугаартай автомашиныг автомашины барьцаат зээл 15 000 000 төгрөг, зээл, хүүгийн нийлбэр дүн 26 574 221 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг 30 минутад хүлээлгэн өгөв” гэжээ. /хэргийн 19-р хуудас/
Мөн барьцаа хөрөнгө хураасан актад “...гэрээний дагуу 2015-5-20-ны өдөр авсан 15 000 000 төгрөгний зээлийн эргэн төлөлт болох 26 574 221 төгрөгийг зээл төлөх хуваарийн дагуу төлөөгүйгээр хүлээн зөвшөөрч зээлийн барьцаанд бариулсан дор дурдсан хөрөнгийг хүлээн зөвшөөрч хураалгав. Volkswagen Touareg маркийн УБЭ улсын дугаартай, хэвийн чанартай зах зээлийн үнэлгээ 21 000 000 төгрөг”, гэсэн байх бөгөөд уг актад Тайлбар “Д.Ж******* миний бие нь дээрх автомашиныг бүх зээлийн үлдэгдэл болон алданги хүүд тооцуулах нөхцөлтэйгээр хураалгаж байна” гэсэн байна. /хэргийн 20-22-р хуудас/
Хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.4-д “барьцааны зүйлийг өмчлөх эрх барьцаалагчид шилжсэн” бол барьцааны эрх дуусгавар болно” гэж зааснаар тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч “А******* ББСБ” ХХК-нд шилжүүлсэн тул үүрэг дуусгавар болсон, зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болох 26 574 221 төгрөгт тооцож автомашиныг шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан.
Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг нэхэмжлэгч нь хариуцагчид мэдэгдэж байсан болох нь 2015 оны 10 дугаар сарын 12, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Мэдэгдэх хуудсаар” тогтоогдож байна. /хэргийн 7-8-р хуудас/
Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт барьцаа хөрөнгө болох автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлэн өгснөөр гэрээний үүргийг дуусгавар болгосон болох нь барьцаа хөрөнгө хураасан акт, барьцаа хөрөнгө хураахад байлцсан гэрч н.Энхтайван, Б.Н******* нарын мэдүүлэгээр нотлогдоно гэсэн боловч барьцаа хөрөнгө хураасан актад зээлийн гэрээний үүрэгт 26 574 221 төгрөг төлөх үүрэгтэй байсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүх хуралдаанд гэрч Б.Н******* нь “...бүх зээлийг хаах талаар харилцан тохиролцоогүй” гэж мэдүүлсэн тул үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.
Нэхэмжлэгчээс 26 574 221 төгрөгний үүрэгт автомашиныг 12 000 000 төгрөгөөр үнэлж худалдсан тул үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс хасаад 5 000 000 төгрөгний үндсэн зээл үлдсэн тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 5 000 000 төгрөг, хүү 7 325 454 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 779 546 төгрөг, нийт 14 105 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн барьцаа хөрөнгө хураасан актаар зээлийн гэрээний 26 547 221 төгрөгний үүрэгт автомашиныг 21 000 000 төгрөгт үнэлэн хураасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Хариуцагчийн өмгөөлөгч нь барьцааны эрх дуусгавар болсон гэсэн боловч Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т “үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ” гэж зааснаар хариуцагч нь зохих төлбөрийг буюу 26 574 221 төгрөгнөөс 5 574 221 төгрөгийг төлөөгүй, барьцаалагчийн шаардлага хангагдаагүй байна. /26 574 221-21 000 000=5 574 221/
Нэхэмжлэгч нь автомашиныг 21 000 000 төгрөг биш 12 000 000 төгрөгөөр үнэлж худалдсан болох нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн №98 тоот тайлан, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 17/018 дугаар албан бичгээр нотлогдоно, автомашины үнэлгээг 21 000 000 төгрөгөөр тохироогүй гэж мэтгэлцсэн гэсэн боловч 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр автомашинд үнэлгээ хийлгэсэн талаараа хариуцагчид мэдэгдээгүй, барьцаа хөрөнгө хураасан актад автомашиныг 21 000 000 төгрөгөөр үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Иймд хариуцагч Д.Ж*******оос зээлийн гэрээний үүрэгт 5 574 221 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А******* ББСБ”-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 530 779 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.2-д зааснаар хариуцагч Д.Ж*******оос 5 574 221 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А******* ББСБ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 530 779 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 104 137 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН