| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2024/0043/Э |
| Дугаар | 202/ШЦТ/48 |
| Огноо | 2024-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 202/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокрурор З.Алтансолонго, шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Н.*******бат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******гийн *******од холбогдох эрүүгийн 2436000740041 дугаартай, 178/2024/0043/Э индекстэй хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19******* оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* ургийн овгийн *******гийн *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.*******тэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1.1. Хохирогч Б.*******ийн өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 08-ны орой гэртээ байж байтал гэр бүлийн найзууд болох *******-*******, *******дэлгэр нар утсаар холбогдож танайх байгаа юм уу, хэдүүлээ пиво ууя гэхээр нь гэртээ байна аа, хүрээд ирэхгүй юу гэж хэлчихээд утсаа тасалж нөхөртөө хэлсэн чинь ирж яах гээд байгаа юм” гэж дургүйцлээ илэрхийлж байхад манай нөхөр *******ын утас нь дуугарч нэг хүн дуудаад байх шиг байсан. Тэгээд би хүмүүс ирэх гэж байгаа болохоор дэлгүүрээс юм авахаар гэрээсээ гараад *******-*******, *******дэлгэр хоёртой утсаар холбогдож “та хоёр хүрээд ир, хамт дэлгүүр оръё” гэж хэлсэн чинь тэр хоёр машинтай хүрээд ирсэн. Тэгээд бид гурав дэлгүүр орж 2,5 литрийн хоёр савтай пиво аваад манай гэрт ирсэн чинь нөхөр гэрээсээ гараад явчихсан байсан. Бид гурав манайд орж пиво ууж *******дэлгэр надаас манай нөхрийн утасны дугаар авч залгасан чинь нөхрийн утас нь холбогдохгүй байхаар нь танай нөхрийг дуудсан хүний утасны дугаар өгөөдөх гэж надаас дугаарыг нь авч ярихад нэг айлд хөзөр тоглож байна гээд утсаа тасалчихсан. Тэгээд *******дэлгэр танай нөхрийг байгаа газраас очиж авч ирье гэж хэлээд дахиж утсаар холбогдож байгаад манай нөхрийн байсан айлд очсон чинь танихгүй айлын хойморт гараад суучихсан, “яах гэж ирж байгаа юм пизда минь” гэж над руу уурлаад байхаар нь “чи гэрт хүн ирж байхад зөрөөд явчихсан байх юм, гэртээ очъё” гэж хэлсэн чинь явахгүй, очоод байж бай гэхээр нь манай нөхрийн хажууд байсан хүмүүст “та нар яах гэж шөнө болохоор манай нөхрийг дуудаж байдаг юм” гэж хэлчихээд гарч яваад *******-*******, *******дэлгэр бид гурав дахиад дэлгүүр орж 2,5 литрийн пиво аваад манай гэрт ирсэн чинь тухайн үед манай нөхөр бас хүний машинаар хүргүүлээд гэртээ ирсэн. Гэртээ орж ирчихээд “яах гэж миний араас очсон юм пизда чинь, чи тэр хүмүүст яах гэж юм хэлж байгаа юм” гэж уурлаад байсан. Улмаар бид дөрөв авсан хоёр савтай пивог хувааж ууж байх хугацаанд манай нөхөр намайг хэл амаар доромжлоод түүнээс болж хэрэлдэж улмаар манай нөхөр босож ирээд намайг олон удаа алгадаж байхад нөгөө хоёр бид хоёрыг салгахаар нь би ээж рүүгээ утсаар яриад “******* намайг зодоод байна, цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Тэгсэн чинь нөхөр чи яахаараа цагдаа дууддаг юм гэж хэлээд дахиад намайг цохиж зодоод байсан. Тэгж байгаад манай хоёр найз гэр лүүгээ яваад, миний амнаас цус гараад би гэрийн гадна сууж байтал цагдаа ирж манай нөхөртэй уулзчихаад явах гэхэд нь би дахиж цагдааг дуудаж “манай нөхрийг аваад яв”гэж хэлээд өгч явуулсан”... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25-р хуудас)
-Гэрч Э.*******-*******ын өгсөн: “...намайг ороход тэр гурав пиво уугаад сууж байсан.Тухайн үед 12 цаг болж байсан ба маргааш нь *******ын төрсөн өдөр болдог болохоор манай эхнэр *******од “төрсөн өдрийн мэнд хүргэе” гээд гар барьснаас болж Б.******* манай эхнэрийг нөхөртэйгөө хардаад хэрүүл маргаан үүсгэсэн.Б.******* нөхөр лүүгээ дайраад байхаар нь Б.******* эхнэрээ нэг удаа цохисон.Түүнээс болоод хэрүүл зодоон болохоор нь бид хоёр салгасан. Тэгээд байж байгаад үүрээр 4 цагт Б.*******ийг тайвшрахаар бид хоёр гэр лүүгээ явсан.Бид хоёрыг явсны дараа юу болсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34-р хуудас)
-Гэрч Б.*******дэлгэрийн өгсөн...” бид дөрөв пиво ууж байгаад шөнө 12 цаг өнгөрсөн байхаар нь би Б.*******ыг “төрсөн өдрийн мэнд хүргэе” гээд гар барьсан чинь эхнэр нь бид хоёрыг хардаад хэрүүл маргаан үүсгэсэн. Б.******* нөхрийгөө хэл амаар доромжлоод дайраад байхаар нь Б.******* уурлаад “ чи болиоч” нээд нэг алгадаад авахаар нь бид хоёр салгасан. Тэгээд тэднийд байж байтал үүрийн 04 цаг болсон. Тухайн үед Б.******* ээжтэйгээ утсаар яриад байсан.Б.*******ийг тайвширсны дараа бид хоёр гэр лүүгээ явсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39-р хуудас)
- Гэрч Б.гийн өгсөн...шөнийн 02 цаг болж байхад манай охин Б.******* над руу залгаад “ Б.******* намайг цохиод байна, би үхлээ, цагдаа дуудаад өгөөч” гэхээр нь би цагдаа руу ярихад “ би Мянгад суманд ажилтай байна, өглөө очьё” гэсэн. Өглөө нь 06 цагийн үед цагдаа очсон юм шиг байна лээ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-р хуудас)
Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128 дугаартай “...Б.*******ийн биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын дээд хэсэг, хамрын уг хэсэг, баруун нүдний дээд доод зовхины зүүн хэсгийг хамарсан цус хуралт, дээд уруулын дотор баруун хэсгийн шарх, дээд уруулын гадна баруун хэсгийн цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 51-52-р хуудас)
-Шүүгдэгч Б.*******ын өгсөн...” Би 2024 оны 01 дүгээр сарын 08-ны орой эхнэр, хүүхдийн хамт гэртээ байж байтал манай эхнэрийн хуучин хамт ажилладаг байсан *******-*******, *******дэлгэр хоёр /эхнэр, нөхөр хоёр/ залгаж ярьсан. Утсаа тасалсны дараа манай эхнэр над руу *******-*******, *******дэлгэр хоёр манай гэрт ирнэ гэж байна гэхээр нь ирж архи уух байх гэж бодоод дургүй байсан. Манай эхнэр “чи юундаа уурлаад байгаа юм, чи ууж болдог, би ууж болдоггүй юм уу” гэж хэлээд хувцсаа өмсөөд гадагшаа гараад явсан. Эхнэр гарч явсны дараа би архи ууж байхаар гээд нэг хуурай ахындаа очоод байж байсан чинь *******дэлгэрийн утсаар над руу олон удаа залгасан ба би утсаа авахгүй байж байгаад арван хэдэн удаа залгаад байхаар нь утсаа авсан чинь манай эхнэр чи хаана байгаа юм гэхээр нь би Гөөнөө /жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй байна/ ахындаа байна гэсэн чинь удалгүй тэдний гадна машин ирж зогсоод *******дэлгэр, манай эхнэр ******* нар орж ирээд намайг “гэртээ очъё, явъя” гэхээр нь би явахгүй гээд тэндээ үлдэж, тэр хэд буцаад явсан. Тэр үед манай эхнэр тэр айлд байсан хүмүүсийг хэл амаар доромжилж байгаад гарч явсан. Удалгүй дахиад *******дэлгэрийн утсаар над руу залгаад байхаар нь би нэг хүний машинаар хүргүүлж гэртээ очсон. Гэртээ очиход нөгөө гурав бас гэрт ирж таарсан. Бид дөрөв гэрт орсны дараа би орон дээр хэвтэж байсан чинь маргааш төрсөн өдөр чинь болох гэж байна, босож ирээд нэг авчих гэж хэлээд над руу пиво хийж өгөөд уулгасан. Тэгээд бид дөрөв 2,5 литрийн савтай хоёр ширхэг пиво уусан. Ууж байх хугацаандаа *******дэлгэр надтай пиво тулгаж хэд хэдэн удаа ууснаас болж манай эхнэр бид хоёрыг хардаж хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгж байгаад манай эхнэр босож ирээд *******дэлгэрийг хэл амаар доромжилж хоорондоо муудалцаад орилоод байхаар нь би эхнэр Оюунтунгалгий “чимээгүй байгаач, хүүхэд айгаад байна” гэж хэлээд хоёр удаа алгадсан чинь гэрийн эд зүйл авч шидээд, намайг хэд хэдэн удаа цохиод авсан. Тухайн үед манай эхнэр уурлаж бухимдсанаас болж амьсгал нь давчдаад хэсэг зуур /3 орчим минут/ хэвтсэн.Тэр үед *******дэлгэр бид хоёр усаар эхнэрийнхээ толгой болон цээжин тус газар шавшиж байхад босож ирээд тамхи татаж байгаад ээж рүүгээ утсаар холбогдож “******* намайг алах гэж байна, цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Тэгж байгаад намжсаны дараа *******-*******, *******дэлгэр хоёр гэр лүүгээ явсан. Тэгээд удалгүй сумын цагдаа ирээд намайг авч явсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58-р хуудас)
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дугаар хуудас) зэрэг баримтууд болно.
1.2. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багт байх өөрийн гэртээ эхнэр Б.*******тай маргалдаж түүнийг цохиж , эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Хохирогч Б.*******ийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж нөхрөө бусадтай хардсанаас үүдэн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж, хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.******* хохирогч Б.******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу эхнэр, нөхөр болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл“ гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ...” гэж заасан ба шүүгдэгч Б.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.2.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* “хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, эхнэртэйгээ эвлэрсэн” гэх мэдүүлэг өгсөн болно.
Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, (хавтаст хэргийн 62 дугаар хуудас), шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 69 дүгээр хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь эхнэр, нэг хүүхдийн хамт Ховд аймгийн Бянт сумын ******* багт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т заасан “ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй” нөхцөл байдлыг хөнгөрүүлэх,мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.*******бат “ шүүгдэгч Б.******* нь хийсэн хэрэгтээ гэмшиж маргахгүй байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй. Түүний хувийн байдал, ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэх санал, тайлбар тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.4.Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан шүүхээс торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан торгох ялыг 04 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******од тайлбарласугай.
5.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай
6.Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС