Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2020/01237

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2020/01237

Улаанбаатар хот

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  д.д

Нэхэмжлэгч: Д.Ц нарын нэхэмжлэлтэй,

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч я.д  нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б  прокурор Б.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов.       

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Д.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний төрсөн эцэг Я.Д  нь улс төрийн хилс хэргээр 1938 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Онцгой бүрэн эрхт комиссын хурлын 21 дүгээр тогтоолоор 10 жил хорих ялаар шийтгэгдсэн ба тус хэргийг хянаад 1942 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Дотоод явдлын яамны тусгай комиссын хурлын 2 дугаар тогтоолоор байцаан шийтгэх хуулийн 72 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт холбогдолгүй болон цагаатгагдаж, суллагдсан байна. 2019 онд Монгол Улсын Засгийн газраас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн эхнэр, нөхөр, төрсөн хүүхдэд нь нөхөх олговор олгох хууль гарсантай холбогдуулан нөхөх олговрын нэхэмжлэлийн баримтаа бүрдүүлэн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Зууны мэдээ сонинд нийтлүүлснээс хойш 1 сарын хугаца өнгөрсөн тул өөрийн харьяалах шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Хэлмэгдэж хохирсон эцгээсээ хоцорсон ах, дүү болох Д.Д  Д.Ц  бид хоёрт нөхөх олговрыг хувь тэнцүүлэн хуваан олгоно уу” гэжээ.  

Нэхэмжлэгч Д.Ц  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бидний эцэг Я.Д нь 1938 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Онцгой бүрэн эрхт комиссын хурлын 21 дүгээр тогтоолоор 10 жилийн хорир ялаар шийтгэгдэж, 1942 онд цагаатгагдсан юм. Эцэг Д.Ц  нь төрсөн ах Д.Д  ярилцаад түүний нэрээр нөхөх олговор хөөцөлдөн авахаар тохиролцсон. Гэтэл Хан-Уул дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс нь шүүхийн шийдвэрийн дагуу зөвхөн Д.Д  дансанд 40.000.000 төгрөгийг бүрэн шилжүүлнэ гэснийг бид зөвшөөрөхгүй байсан тул шүүхэд гомдол гаргасан. Шүүх Д.Д  өөр хүүхэд нь амьд сэрүүн байдаг эсэхийг нягтлахгүйгээр энэ хэргийг хянан шийдвэрлэсэн ба улмаар Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дансанд дээрх 40.000.000 төгрөг орж ирсэн байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШТ2020/00117 дугаар тогтоолоор тус шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00430 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон. Иймд Д.Д  болон Д.Ц  нарын хооронд хийгдсэн хэлцлийн дагуу ах, дүү хоёрт хувь тэнцүү хуваан 40.000.000 төгрөгийн нөхөх олговор олгож, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хяналтын прокурор Б.Х  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Х  би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Д.Д  Д.Ц  нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцож байна. Хууль болон хэлцлийн дагуу нөхөх олговор олгох ёстой боловч эдгээр хүмүүс Улс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасанд хамаарч байгаа бөгөөд хэрэв орон сууц авсан бол мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар нөхөх олговор авах эрх үүсэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д  Д.Ц нар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Я.Д нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан Улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын 1998 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 10/3348 тоот лавлагаа болон Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 05/4650 дугаартай лавлагаанд: “Я.Д 39 настай, Сэлэнгэ аймгийн Орхоншаамар сумын 3 дугаар багийн харьяат. Ам бүл 5, эхнэр Д  хүү Г , Д охин нэр тодорхойгүй. Хөрөнгө: Соёолон гүү 1, шүдлэн үнээ 1, их насны морь 1, үнээ 1, бага үхэр 3, бяруу 1, хонь 2 болно. ... Улс төрийн хэрэгт 1938 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Онц бүрэн эрхт комиссын хурлын 21 дүгээр тогтоолоор 10 жил хорих ялаар шийтгэгджээ. Я.Д  хэргийг шалгаж, 1942 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Дотоод явдлын яамны Тусгай комиссын хурлын 2 дугаар тогтоолоор, байцаан шийтгэх хуулийн 72 дугаар зүйлийн 3 дахийг баримтлан хэрэгт холбогдолгүй болгон сулласан байна. Я.д хөрөнгө хураасан бичиг баримт байхгүй болно” гэжээ.

Өөрөөр хэлбэл, 1942 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 2 дугаар хурлын тогтоолоор Я.Д  хэргийг хэрэгсэхгүй болгосон нь түүнийг цагаатгасантай адил гэж үзнэ.  

1944 оны хүн амын тооллогоор “Улаанбаатар хотын 5 дугаар хорооны 7 дугаар хорины бүртгэлийн 130 дугаар хуудаст өрхийн тэргүүн Яримпил овогтой Дамбий 43 настай, эрэгтэй, буриад, Д.Д 34 настай, буриад, Д.Г 11 настай, эрэгтэй, буриад, Д.Д  9 настай, эрэгтэй, буриад” гэж, мөн 1956 оны хүн амын тооллогоор “Улаанбаатар хотын Их сургуулийн хорооны 7 дугаар хорины бүртгэлийн 35 дугаар хуудаст өрхийн тэргүүн Д.Д 22 настай, эрэгтэй, буриад, дүү Д.Ц 10 настай, эрэгтэй, буриад гэж бүртгэгдсэн” тухай Үндэсний төв архивын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03-4/2782, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 03-7/2239, 03-7/2238 дугаартай лавлагаануудад дурдагдсан ба уг лавлагаа болон нэхэмжлэгч нарын тайлбар, иргэний үнэмлэхний мэдээллээр нэхэмжлэгч Д.Д болон Д.Ц нар хэлмэгдэгч Я.д төрсөн хүүхдүүд мөн болох нь тогтоогдож байна.

Иймээс хэлмэгдэгч Я.Д  төрсөн хүү Д.Д  Д.Ц нар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй этгээдүүд мөн бөгөөд “Зууны мэдээ” сонины 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №222(6189) дугаарт “Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт”-аар энэ тухайгаа нийтэд мэдээлж, хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг бүрдүүлжээ.

Хэдийгээр өмнө нь Д.Д  Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 462 тоот шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу 1.000.000 төгрөгийн нөхөх олговор авсан байх боловч уг хуульд 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлт оржээ. Тодруулбал, уг нэмэлт, өөрчлөлтөөр мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “нөхөх олговрыг нэг удаа олгоно” гэснийг хүчингүйд тооцож, хуульд 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг нэмж, 13.2.2-т “Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөгийн нөхөх олговор олгоно” гэж заажээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан иргэн Д.Д  болон Д.Ц нарын 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан “Хэлцэл”-д “... Ах Д.Д  сонинд зарлуулах, шүүхийн нэхэмжлэл гаргах зэрэг бүхий л харилцаанд намайг төлөөлөх болно, нөхөх олговорт олгогдсон мөнгийг төрсөн ах, дүү бид хоёр хувь тэнцүүлэн хуваан авах болно” гэж тохиролцсон байдал болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харгалзан нэхэмжлэгч Д.Д болон Д.Ц  нарт 40.000.000 төгрөгийн нөхөх олговрыг хувь тэнцүү буюу тус бүрт 20.000.000 төгрөг олгох нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар улс төрийн хилс хэрэгт холбогдон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч Я.П нөхөх олговор 40.000.000 төгрөгийг хувь тэнцүү хувааж төрсөн хүү Дамбий овогтой Дамбийгийн Далхжав /регистрийн дугаар 000000/-т 20.000.000 төгрөг, хүү Хувьт овогтой Д.Ц  /регистрийн дугаар 000000/-д 20.000.000 төгрөг тус тус олгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч Д.Д , Д.Ц  нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Хэрэгт авагдсан Нийслэлийн Архивын газрын 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 04/137 тоот албан бичигт “Тус архивын орон сууцны мэдээллийн санд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэх Я.Д, Д.Д нарт орон сууц олгосон тухай мэдээлэл бүртгэгдээгүй байна” гэсэн, мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-т “Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно” гэж заасан заалт нь нэхэмжлэгч нарт хамаалахгүй байх тул Хяналтын прокурорын шүүх хуралдаанд гаргасан саналыг хүлээн авах боломжгүйг дурдав.

Түүнчлэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийнгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн, мөн шүүх хуралдаан дээр талуудын гаргасан саналыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар улс төрийн хилс хэрэгт холбогдон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч Я.Д нөхөх олговор 40.000.000 төгрөгийг хувь тэнцүү хувааж төрсөн хүү Дамбий овогтой Д.Д /регистрийн дугаар 0000000/-т 20.000.000 төгрөг, хүү Хувьт овогтой д. Ц/регистрийн дугаар 00000/-д 20.000.000 төгрөг тус тус олгосугай.             

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч Д.Д , Д.Ц  нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА