| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0227/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/239 |
| Огноо | 2024-11-05 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Цогням,
Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000269 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******ын ******* /РД:*******/,
Шүүгдэгч ******* нь ашиг орлого олох зорилгоор 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг "Дөрөлж” гэх газарт ашигт малтмал эрэл, хайгуул явуулах болон бичил уурхай эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх олгосон баримт, бичиггүйгээр буюу тусгай зөвшөөрөлгүйгээр 3 нүх бүхий 64.15 м2 газарт Doosan 55 маркийн жижиг оврын трактор ашиглан газрын хэвлийд халдаж, ашигт малтмал эрж, хайх үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 55,517 төгрөг, нөхөн сэргээх зардал 205,022 төгрөгийн тус тус хохирол учруулж, хууль бусаар ашигт малтмал хайсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Миний эзэмшлийн трактор тухайн газарт 2 жил эвдэрхий хэвтсэн юм. Би эвдэрхий трактороо татаж гаргах гээд дүүгийн тракторыг унаж яваад өөрийнхөө эвдэрхий тракторыг татаж гаргах гээд чадахгүй болохоор нь тэр хавьд хуучин уурхайн ухаад үлдээсэн байсан мал унаж үхээд байдаг хоёр шавартай нүхийг дарчхаад дараа нь хажуухан талд нь ус гарч магадгүй гээд нэг газар малтаж үзээд байж байтал пургонтой хүмүүс миний эвдэрхий трактор дээр ирсэн байхаар нь би мал руугаа явчихсан... Надад алт олборлох санаа зорилго байгаагүй. Хуучин трактороо татах гэж очоод барахгүй болохоор нь дээхэн талд нь байдаг мал унаж үхээд байдаг шавартай нүхийг дарчхаад хажуу талд нь ус шүүрсэн байхаар нь тракторын шанагаар хоёр татаж үзчихээд мал руугаа явчихсан...гэх мэдүүлэг / хх-ийн 108-109 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна гэв.
3. Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Би 5 сард өвөлжөөний бууц ухаж янзлах гэж аваачиж тавьсан алт угаах төхөөрөмж нь угаасаа тэр уурхай ашиглаад хаягдсан газарт хаягдал юм байсан. Би хавар 5 сард л бууцанд дээр аваачиж тавьсан ******* манай төрсөн ах өөрийнх нь трактор эвдрээд мал услах үерийн ус тогтоох гэж миний тракторыг бууцанд дээрээс авсан тэгээд цагдаад баригдаж шалгагдаж тракторыг чинь хураалгасан гэж надад хэлсэн ашигт малтмал олборлосон эсэх талаар нь би мэдэхгүй би тухайн үед Аймагт дурсахын хөндийд морио наадамд уралдах гээд морь уяж байсан. 10056 арлын дугаартай Доосан 55 маркийн жижиг оврын трактор миний эзэмшлийн трактор байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 /,
4. Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь 55.517 төгрөг тус талбайд нөхөн сэргээлт хийх зардал нь 205.022 төгрөгийн хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 20-21 /,
5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... *******, дүү нарын аав ээжийнх нь өвөлжөө Дөрвөлж гэх газарт байдаг. Тэр өвөлжөөн дээр *******, дүү нарын трактор хавар 5 сарын сүүлээр өвөлжөөний бууц янзалж байгаа гээд 2 трактор байсан би адуунд явж байгаад очсон юм. Газар ухсан талаар мэдээгүй саяхан л өвөлжөөн дээрээ хөдлөөгүй байж байсан 2 трактор нь. Дөрвөлж гэх газар нь 2002-2003 оны үеэс уурхай ухаад нөхөн сэргээлт хийгээгүй орхигдсон эвдэгдсэн газар байгаа юм. Уурхайн дараа тракторууд их ажилласан ер нь бол нинжа тэр чигт нь ухсан газар байгаа юм тэгээд ямар ч нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон газар байгаа юм... Сая наадмын үеэр нэг өдөр 2 трактор урд шалаам дээрээ байсан. Тэгсэн цагдаад ажиллаж байгаад баригдсан гэж сонссон...гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 /,
6. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Дөрвөлж гэх газарт сумаас нөхөн сэргээлт хийлгэх гэж гэрээ хэлцэл байгуулсан зүйл байхгүй тухайн Дөрвөлж гэх газар нь урьд өмнө нь уурхай ажиллаж байгаад 2005-2006 оны үед цуцлагдсан ашиглалтын талбай байгаа юм. Уурхай ашиглаж эвдрэлд оруулаад нөхөн сэргээлт хийгдээгүй газар байгаа юм. Тэр хавиар нутагладаг малчид нөхөн сэргээлт хийлгэх талаар байгаа амаар хүсэлт тавьдаг эвдсэн ХХК-аар хийлгэх гэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нөхөн сэргээлгэж болохгүй нэг газар байгаа юм. Гэхдээ сумын иргэдийн санал хүсэлтээр ашиглалтын уурхайгаар дүйцүүлэн нөхөн сэргээх гэж байнга асуудал санал хүсэлт тавьж байгаа. Яг ******* санал хүсэлт гаргаж байсан эсэх талаар санахгүй байна гэхдээ тэр Дөрвөлж гэх газар нутагладаг айлууд ихэнх нь мал нүхэнд унасан, нүхэнд тогтсон шалбааг ус уух гэж байгаад мал унаж үхсэн гэж байнга ярьдаг энэ жил бороо ус ихтэй байсан учир дамаа их гомдол санал ирж байгаа нөхөн сэргээлт хийлгэх талаар бид сум орон нутгийн удирдлагуудад санал хүсэлт тавьж байгаа. Сум орон нутаг хууль бус уурхайн улмаас эвдэгдсэн талбай ихтэй учир ашиглалтын уурхайнуудаар шалт дараатай дүйцүүлэн нөхөн сэргээлт хийж байгаа талаар танилцуулдаг...гэх мэдүүлэг / хх-ийн 38-39 /,
7. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 151 дугаартай шинжээч:*******ын эзэмшлийн трактор ... Маш муу, эвдэрсэн ажиллахгүй... 1 ширхэг ... шинжээчийн тогтоосон үнэ 2,400,000 төгрөг,
Б.Алтан- Эрдэнийн эзэмшлийн трактор ... Чанар байдал дунд, ажиллаж байгаа... 1 ширхэг ... шинжээчийн тогтоосон үнэ 7,500,000 төгрөг,
Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 9.900.000 /Есөн сая есөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /хх-ийн 96-99/,
8. “Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1/49 дугаартай шинжээчийн:...Иргэн *******ын Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаансайр 1 дүгээр багийн нутаг Дөрөлж гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан... тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий талбайгаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь 55,517 төгрөг болж байна. Тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 205.022 төгрөг гэсэн экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо..гэх дүгнэлт /хх-ийн 47-49, 54-82/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9/, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолууд /хх-ийн 11-15/, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ашигт малтмал, газрын тосны газар 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10/3293 дугаартай албан бичиг /хх-ийн 87-88/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Улаан сайр” 1 дүгээр багийн нутаг "Дөрөлж” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр иргэний нэхэмжлэгч Б.Алтан-эрдэнийн эзэмшлийн “Доосан-55” маркийн бага оврын экскаваторыг ашиглан 3 нүх бүхий 64.15 м2 газарт ашигт малтмал эрж, хайх үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 55,517 төгрөг, нөхөн сэргээх зардал 205,022 төгрөгийн тус тус хохирол учруулж, хууль бусаар ашигт малтмал хайсан гэх үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь иргэний нэхэмжлэгч , *******, гэрч *******, нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 151 дугаартай дүгнэлт, “Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1/49 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тоолцоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр баг “Улаан сайр” гэх газарт урьд нь ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж байгаад орхисон газарт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олох, шунахай сэдэлт, зорилгоор өөрийн өрсөн ах Б.Алтан-эрдэнийн “Доосан-55” маркийн бага оврын трактор буюу экскаватороор 3 ширхэг нүх ухаж байгаль орчинд 55.517 төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэлээ.
Уг газарт шүүгдэгч ******* нь өөрийн эзэмшлийн “Доосан-55” маркийн бага оврын тракторыг аваачсан боловч уг тракторыг ашиглаагүй болох нь тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагаа хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч ******* нь байгаль орчинд учруулсан 55.517 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 205.022 төгрөгийг төлж барагдуулсан талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэний нэхэмжлэгч Б.Алтан-эрдэнийн “Доосан-55” маркийн тракторын үнэлгээ нь 7.500.000 төгрөгөөр тогтоогдсон тул түүний үнэ 7.500.000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Харин иргэний нэхэмжлэгч Б.Алтан-эрдэнийн эзэмшлийн “Доосан-55” маркийн бага оврын тракторыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Алтан-эрдэнэд буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ын эзэмшлийн “Доосан-55” маркийн бага оврын тракторыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Харин шүүх шүүгдэгч *******од гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг буюу иргэний нэхэмжлэгч ******* “Доосан-55” тракторыг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн бөгөөд уг тракторын үнэ 7.500.000 төгрөгийг улсын төсөвт төлөх буюу гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг хүлээлгэж байгаа тул шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэх царцаах асуудлыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно”. гэж хуульчилсанаас дүгнэхэд иргэн нь ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулах эрхгүй болохыг ойлговол зохино.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.*******од гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар авах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-т зааснаар шүүгдэгч Б.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5,-д зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Доосан-55” маркийн бага оврын тракторын үнэ 7.500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар иргэний нэхэмжлэгч ******* эзэмшлийн “Доосан-55” маркийн тракторыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа эзэмшигч д буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “Доосан-55” маркийн тракторыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ