Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/240

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Цогням,

Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам,

Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000276 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн 316 дугаар байрны гадна тавилга зөөж байсан Л.*******аас өөрийг нь хэн цохисон талаар асуухад мэдэхгүй гэж хэлсний улмаас хамар хэсэгт гараараа нэг удаа цохиж, хохирогч Л.*******ийн эрүүл мэндэд хамрын нуруунд шарх, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би дахиж ийм үйлдэл гаргахгүй. Миний буруу хохирогчоос уучлалт гуйж хохирлыг барагдуулсан байгаа. Миний хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдэж өгнө үү....гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ:  Хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч Л.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Өнөөдөр манай аавын найз аав руу тавилга зөөгөөд өгөөч гээд аав руу ярьсан юм байна лээ тэгээд манай аав Баянхонгор аймагт байхгүй хотод байгаа болохоор над руу яриад портероо унаад найз Эрхэмбаярын тавилгыг зөөгөөд өг гэхээр нь би 316 дугаар байрны гадаа очоод аавын найз болон бас нэг хүний хамт байрнаас портер дээр тавилга зөөж байсан чинь нэг согтуу ах гарч ирээд надтай хамт тавилга зөөж байсан хүнтэй маргаад цохиж аваад байсан тэгээд тэр гурав хоорондоо маргаад барилцаж авч байснаа салаад гайгүй болсон юм тэгсэн чинь цагдаа ирээд юу болсон юм гээд асуугаад байж байсан чинь нөгөө согтуу хүн над дээр ирээд надаас хэн намайг цохисон юм гэхээр нь би мэдэхгүй гэсэн чинь шууд миний хамар руу цохичихсон чинь миний хамраас цус гараад эмнэлэгт очиж хоёр оёо тавиулсан. Миний хамар хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон. Би тэр хүнийг танихгүй, Ямар шалтгаанаар намайг цохисныг мэдэхгүй. Би тухайн хүнтэй маргасан зүйл байхгүй. Тухайн үед хамт надтай тавилга зөөж байсан хоёр эрэгтэй хүн байсан дуудлагаар ирсэн хоёр цагдаа байсан, мөн намайг цохисон хүний эхнэр нь байсан. Миний хамар толгой өвдөж байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна....гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/,

4. Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Хохирогч Л.*******ийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдсан 37,082 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 57/,

5. Гэрч Т.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн өдөр би гэртээ байж байсан чинь манай найз Эрхэмбаяр манайд хүрч ирээд намайг тавилга зөөлцөөд өгөөч гэхээр нь би тэгье гээд 316 дугаар байран дээр портертой очоод тавилга зөөж байсан чинь ******* гээд таньдаг хүн согтуу тухайн байрны гадаа гараад ирсэн байсан тэгээд ******* хэрүүл гуйгаад агсам тавиад яваад байсан би зугтаагаад яваад л байсан тэгсэн чинь ******* намайг шууд цохиод авсан чинь Эрхэмбаяр дундуур орж ирээд салгаад байж байсан чинь дуудлагаар цагдаа ирсэн, цагдаа уулзаад байж байсан чинь ******* портер дээр тавилга зөөгөөд байж байсан зүгээр байсан портерын жолоочийн шууд нүүр лүү нь цохичихсон тэгээд цагдаа нар аваад явсан. ******* портерын жолоочтой маргаагүй шууд очоод нүүр лүү нь цохичихсон. Тухайн үед хамт *******, Эрхэмбаяр, тэгээд портерын жолооч *******ын эхнэр, дуудлагаар ирсэн цагдаа бид хэд байсан. ******* өөр хэн нэгнийг зодож цохисон зүйл байхгүй....гэх мэдүүлэг / хх-ийн 15-16/,

6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Тухайн өдөр би айлаас тавилга авах ажлаар Лхагваа ахыг машинаараа юм зөөгөөд өг гэсэн чинь би өөрөө хотод байна манай банди наана чинь байгаа чи манай бандиар юмаа зөөлгөчих гэсэн тэгээд Лхагваа ахын банди нь машинаа барьж ирээд манай найз ******* бид гурав 316 дугаар байрнаас тавилга зөөж байсан чинь ******* гээд манай нэг таньдаг хүн согтуу гарч ирээд надтай хамт тавилга зөөж байсан *******аас хэрүүл гуйгаад *******ыг цохиод авахаар нь би боль гээд салгаад байж байсан чинь цагдаа ирээд юу болсон яасан талаар асуугаад байж байсан чинь ******* портерын жолооч залууг очоод нүүр лүү цохичихсон тэгээд цагдаа нар аваад явсан. ******* портерын жолооч хоёрын дунд маргаан болоогүй ******* шууд очоод нүүр лүү нь цохичихсон. Өөр хэн нэгнийг цохиж зодсон зүйл байхгүй....гэх мэдүүлэг / хх-ийн 12-13/,

7. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 455 дугаартай шинжээчийн:.... 1. Л.*******ийн биед хамрын нуруунд шарх, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 19-20 / болон шүүгдэгч Б.*******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 / зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******ийн “...Өнөөдөр манай аавын найз аав руу тавилга зөөгөөд өгөөч гээд аав руу ярьсан юм байна лээ тэгээд манай аав Баянхонгор аймагт байхгүй хотод байгаа болохоор над руу яриад портероо унаад найз Эрхэмбаярын тавилгыг зөөгөөд өг гэхээр нь би 316 дугаар байрны гадаа очоод аавын найз болон бас нэг хүний хамт байрнаас портер дээр тавилга зөөж байсан чинь нэг согтуу ах гарч ирээд надтай хамт тавилга зөөж байсан хүнтэй маргаад цохиж аваад байсан тэгээд тэр гурав хоорондоо маргаад барилцаж авч байснаа салаад гайгүй болсон юм тэгсэн чинь цагдаа ирээд юу болсон юм гээд асуугаад байж байсан чинь нөгөө согтуу хүн над дээр ирээд надаас хэн намайг цохисон юм гэхээр нь би мэдэхгүй гэсэн чинь шууд миний хамар руу цохичихсон чинь миний хамраас цус гараад эмнэлэгт очиж хоёр оёо тавиулсан. Миний хамар хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон. Би тэр хүнийг танихгүй, Ямар шалтгаанаар намайг цохисныг мэдэхгүй. Би тухайн хүнтэй маргасан зүйл байхгүй. Тухайн үед хамт надтай тавилга зөөж байсан хоёр эрэгтэй хүн байсан дуудлагаар ирсэн хоёр цагдаа байсан.....” гэх мэдүүлэг,

Гэрч Т.*******ын “....******* портерын жолоочтой маргаагүй шууд очоод нүүр лүү нь цохичихсон...” гэх мэдүүлэг,

Гэрч *******ын “....******* гээд манай нэг таньдаг хүн согтуу гарч ирээд надтай хамт тавилга зөөж байсан *******аас хэрүүл гуйгаад *******ыг цохиод авахаар нь би боль гээд салгаад байж байсан чинь цагдаа ирээд юу болсон яасан талаар асуугаад байж байсан чинь ******* портерын жолооч залууг очоод нүүр лүү цохичихсон тэгээд цагдаа нар аваад явсан. ******* портерын жолооч хоёрын дунд маргаан болоогүй ******* шууд очоод нүүр лүү нь цохичихсон...” гэх мэдүүлэг,

Шүүх Шинжилгээний хэлтсийн  455 дугаартай шинжээчийн “.....Л.*******ийн биед хамрын нуруунд шарх, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..” гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн 316 дугаар байрны гадна тавилга зөөж байсан жолооч  Л.*******ийг шалтгаангүйгээр хамар хэсэгт гараараа нэг удаа цохиж, хохирогч Л.*******ийн эрүүл мэндэд хамрын нуруунд шарх, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон нь нотлогдон тогтоогдсон байна.

Энэ үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд  шүүгдэгч Б.******* архидан согтуурч улмаар ажил үүргээ гүйцэтгэж байсан *******ийг  шалтгаангүйгээр цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарсан гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Б.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 37.082 төгрөг гарсан талаар иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.*******оос 37.082 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгалаа.

Шүүх шүүгдэгч Б.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг дөрвөн зуун тавин  / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 /    төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.*******оос 37.082 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ