Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 127/ШШ2022/0016

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 127/2021/0026/3

 

            Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Балжмаа даргалж, шүүгч Б.Цэрэнханд, Б.Баярцогт нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Б.Н-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ХАХСЗД-д холбогдох

            Гуравдагч этгээд: Н.Ж

            Нэхэмжлэлийн шаардлага: ХАХСЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/298 дугаартай, газар эзэмшүүлэх тухай захирамжийн 13 дахь хэсгийг буюу Н.Жд “Өвөр хөв” хэмээх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулж, Ц.Х-д олгосон “Ар хөв” хэмээх газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худгийг албадан нүүлгэх шийдвэр гаргахыг Хэрлэн сумын Засаг даргад даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г, түүний өмгөөлөгч Б.Ж-, гуравдагч этгээд Н.Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Т, иргэдийн төлөөлөгч Л.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Тус шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Х.Б нь ХАХСЗД-д холбогдуулан нэхэмжлэл ирүүлэхдээ, “Х.Гаас итгэмжлэл авсны үндсэн дээр уг нэхэмжлэлийг гаргаж байна” гэж дурдаад, Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/298 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Цэнд овогтой Х-гийн, 2007 онд олгосон 100357 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй “Ар хөв” хэмээх газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худгийг албадан нүүлгэх шийдвэр гаргахыг Хэрлэн сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            2. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 33 дугаар захирамжийн дагуу Х.Б нь шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл[1] ирүүлсэн ба уг нэхэмжлэлдээ “би Х.Гы итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Х.Г нь Цэнд овогтой Х-гийн төрсөн хүү, түүний өв залгамжлагч” гэж дурдаад, нэхэмжлэлийн шаардлагаа, “Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/298 дугаартай, газар эзэмшүүлэх тухай захирамжийн 13 дахь хэсгийг буюу Н.Жд “Өвөр хөв” хэмээх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулж, Ц.Х-гийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр  олгосон 100357 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй  “Ар хөв” хэмээх газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худгийг албадан нүүлгэх тухай захирамж гаргахыг Хэрлэн сумын Засаг даргад даалгах” гэж тодруулсан.

            3. Мөн уг нэхэмжлэлд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны захирагч П.Ихбаяр хамт нэхэмжлэгчээр нэхэмжлэлд гарын үсэг зурж ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 68 дугаар захирамжаар П.Ихбаярын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно.

            4. Х.Г нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ, “...Ар хөв хэмээх газрын эзэмшил Х.Г, Х.Б нарын аав болох Х-гийн нэр дээр байсан бөгөөд Х-г талийгаач болсноос хойш өвийн асуудал шийдвэрлэгдэж явсаар 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдэж, одоо уг газар Х.Б, Х.Г нарын ээж болох Бар овогтой Наранцэцэгийн нэр дээр албан ёсны эзэмших эрхийн гэрчилгээ гараад байна.

            Иймд, уг нэхэмжлэлийн шаардлагын нэхэмжлэгч Х.Г байсныг Б.Н- болгон өөрчилж байгааг хүлээн авна уу. Б.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Х.Г оролцох болно” гэжээ.

            5.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, “Н.Жд өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлсэн А/298 дугаар захирамжийн талаар болон зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худгийг албадан нүүлгэх талаар Хэрлэн сумын Засаг дарга болон Хэнтий аймгийн Засаг даргад гомдол гаргаж байсан, үүний дагуу аймгийн Засаг дарга 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 9/1443 тоот албан бичгийг Хэрлэн сумын Засаг даргад хүргүүлж, холбогдох арга хэмжээ авах чиглэл өгсөн, гэвч сумын Засаг дарга ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул аймгийн Засаг даргад дахин гомдол гаргасан боловч хариу ирүүлээгүй тул захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэжээ.

            6. Нэхэмжлэгч нь анх шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...иргэн Н.Жд “Өвөр хөв” хэмээх газрыг эзэмшүүлсэн ажиллагаа нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй болжээ. Үүнд:

            а/Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд... зааснаар багийн иргэдийн нийтийн хурал аливаа асуудлыг хэлэлцэхдээ хүчин төгөлдөр ирцтэй хуралдаан зохион байгуулж, хуралдаанаас гарсан хурлын тогтоолыг баталж, мөрдүүлж байхаар заасан боловч, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэдэд газар эзэмшүүлэх тухай хуралдаан болоогүй нь Хэрлэн сумын 7 дугаар багийн иргэн Б.Батбилэгийн өргөдлөөр нотлогдож байна.

             Энэ нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Номгон багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 08 дугаартай хуралдааны тогтоолыг тухайн хурал өөрөө хүчингүй болгохоор хуулийн нөхцөл байдал үүссэн байна.

б/ Дээрх хүчин төгөлдөр бус 08 дугаартай хурлын тогтоолыг үндэслэн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамж гарсан байх бөгөөд энэхүү захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.1, 48.2.2, 48.2.5, 48.2.4, 48.3 дахь хэсэгт тус тус зааснаар хууль бус хурлын тогтоол дээр үндэслэж гарсан захирамж байх тул захиргааны байгууллага өөрөө хууль бус захиргааны актыг гарсан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болно гэсний дагуу хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн байна.

в/ ... Н.Ж нь газар эзэмших гэрээгүй, эрхийн гэрчилгээгүй, газрын төлбөрийг төлж байгаагүй болох нь Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэгийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай мэдэгдэх хуудсаар нотлогдож байна.

Энэ нь ...аймгийн Засаг дарга 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/298 дугаар захирамжийг хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн байна.

г/ Хэнтий аймгийн Аялал жуучлалын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/05 дугаартай тушаалаар ...Нүрзэд овогтой Жаргалсайханы худгийн зөвшөөрлийг хүчингүйд тооцсон байна.

Н.Ж нь Ц.Х-гийн эзэмшлийн “Ар хөв” хэмээх газар дээр зохих зөвшөөрөлгүй өвөлжөөний саравч, худаг барьж төрийн өмчлөлийн буюу Ц.Х-гийн эзэмшлийн газрыг хууль бусаар ашигласан байна” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай аавын эзэмшлийн “Ар хөв” хэмээх газарт хүмүүс худаг ухаж эхэлсэн.  Аав маань амьд сэрүүн байхдаа шат шатны байгууллагад хандсан. Өлзийт тосгоны захирагч байсан Д.Алтаннараа аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан.

Аав маань 2021 онд нас барсан. Миний бие уг асуудлыг судлаад үзэхэд багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэлгүй, багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Н.Жы нэрийг нэмж оруулсан байсан. Энэ тухай тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан Б.Батбилэг хэлдэг. Багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлсэн тухай хурлын тэмдэглэл байхгүй.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Амгаланбаатар шалгаад олон зөрчил гаргасан байна гээд дүгнэлт гаргасан.  Уг дүгнэлт болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан бичгээр Жаргалсайхан нь худгийг зөвшөөрөл олгосон цэгээс 1.4 км зайд ухсан нь тогтоогдсон.

 “Өвөр хөв” хэмээх газар нь аавын эзэмшлийн газраас 922 метрийн зайтай, Жаргалсайхан нь тэндээ буугаагүй, айлын газар дээр саравч, худаг барьсан. Уг газар нь багийн хадлангийн бүс нутаг бөгөөд Жаргалсайхан нь нүүж өгөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Өлзийт тосгоноос сонгогдсон төлөөлөгч тул багийнхаа малчдын төлөө явж байна” гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Г нь Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч юм. Үнэмлэхээ шүүхэд ирүүлсэн байгаа. Хариуцагч Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны А/298 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Хурлын төлөөлөгчийн хувьд гаргасан. Үндэслэл нь Жаргалсайханд газар эзэмшүүлэх асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлээгүй. Иймээс хууль бус Хурлын тогтоолыг үндэслэж гарсан тул А/298 дугаар захирамжийн Жаргалсайханд холбогдох хэсэг нь хууль бус.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8-д заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.

Худгийг албадан нүүлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн хувьд Ганчулуун нь Б.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. Х-гийн буюу өв залгамжлалаар ээж Наранцэцэгийнх нь эзэмшилд шилжүүлсэн Ар хөв хэмээх газар дээр нь худаг гаргасан учраас уг нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.

9. Хариуцагч ХАХСЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Н.Жы 53944 дугаартай эзэмших  гэрчилгээтэй Хэрлэн сумын Өлзийт тосгоны Өвөр хөв хэмээх газарт байх өвөлжөө хаваржааны газар нь иргэн Ц.Х-гийн 100357 дугаартай эзэмших гэрчилгээтэй Хэрлэн сумын Өлзийт тосгоны Ар хөв хэмээх газартай ямар нэгэн давхцалгүй байна.

Мөн иргэн Н.Жд Хэрлэн сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай мэдэгдэх хуудас хүргүүлсэнтэй холбогдуулан тухайн үед нутаглаж байсан газраасаа нүүж, эзэмшиж буй газартаа буусан бөгөөд өвөлжөөний саравч нь Ар хөв гэдэг газар бус Өвөр хөв хэмээх газрын координатад байна. Ундны усны худгийн зөвшөөрөл нь цуцлагдсантай холбогдуулан албадан нүүлгэх үйл ажиллагааг зохион байгуулахад татгалзах зүйлгүй болно. Иргэн Н.Ж нь Сонсох ажиллагаанд эрүүл мэнд, ар гэрийн гачигдлын улмаас оролцох боломжгүй байгаа тул түр хойшлуулж өгөх хүсэлт ирүүлээд байна.

Иймд сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг нь сонсох ажиллагаа явагдаагүй байхад иргэн Н.Жы тус өвөлжөө хаваржааны газрыг цуцлах захирамж гаргах, мөн Ар хөв хэмээх газар баригдаагүй байгаа өвөлжөөний саравчийг албадан нүүлгэх үндэслэл үгүй байгаа болно” гэжээ.

10. Гуравдагч этгээд Н.Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ж нь Хэнтий аймгийн иргэн хүн, яагаад газар эзэмшиж болохгүй вэ. Х.Г нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч гэж байна. Төрийн байгууллага нэхэмжлэл гаргасан ч юм шиг,  Наранцэцэгийн өмнөөс нэхэмжлэл гаргасан ч юм шиг. Б.Н-ийн эрх зөрчигдсөн гэжээ. Ар хөв, Өвөр хөв гэх нэртэй өөр газрууд байгаа. Жаргалсайхан нь Өвөр хөвд газар эзэмшдэг. Шинжээчээс 2 бичиг ирсэн байдаг. Давхцалгүй гэсэн байгаа. Нэхэмжлэгч үүнд тайлбар өгөөгүй.

Өвөлжөөний газар нь 10000 кв м, хааш хаашаа ойролцоогоор 100 м газар юм. Шинжээч дүгнэлтдээ Ц.Х-гийн өвөлжөөний бууцаас Жаргалсайханы өвөлжөөний хооронд 922 м гэсэн.

Худгийг нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр гэж тайлбарлаж байна. Шинжээч худгийг  Х-гийн бууцаас 500 гаруй метрийн зайд байна гэсэн. Ийнхүү ямар нэгэн давхцалгүй байхад албадан нүүлгэнэ гэдэг нь ямар учиртай юм бэ.

Эрх ашиг нь хөндөгдөөгүй байхад нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна, давхардсан гээд байгаа юм уу, газрыг зөвшөөрөлгүй эзэмшсэн гээд байгаа юм уу.

Хариуцагчийн 2019 оны А/298 дугаар захирамж нь багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслээд гарсан. Үүнээс ганцхан Жаргалсайханы газрыг хүчингүй болгоно гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хэн юм бэ. Б.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн атлаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч гэж байгаа нь утгагүй байна. Н.Жы эзэмшил газар нь бусдын газартай давхцалгүй байгаа.

Худгийн хувьд зөвшөөрөл авч хийсэн. Худгийг албадан нүүлгэх шийдвэр гаргахыг Хэрлэн сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэж байна. Уг нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхэд харьяалагдахгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн маргаан. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй” гэв.

12. Иргэдийн төлөөлөгч Л.У шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Н.Жд газар эзэмшүүлсэн нь үндэслэлгүй байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2.Тус шүүхэд анх 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлд болон нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлд Х.Б гарын үсэг зурсан бөгөөд Х.Гы итгэмжлэлээр уг нэхэмжлэлийг гаргасан гэсэн байна.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Г нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ, “...Ар хөв хэмээх газрын эзэмшил Х.Г, Х.Б нарын аав болох Х-гийн нэр дээр байсан бөгөөд Х-г талийгаач болсноос хойш өвийн асуудал шийдвэрлэгдэж явсаар 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдэж, одоо уг газар Х.Б, Х.Г нарын ээж болох Бар овогтой Наранцэцэгийн нэр дээр албан ёсны эзэмших эрхийн гэрчилгээ гараад байна.

Иймд, уг нэхэмжлэлийн шаардлагын нэхэмжлэгч Х.Г байсныг Б.Н- болгон өөрчилж байгааг хүлээн авна уу. Б.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Х.Г оролцох болно” гэжээ.

Уг хүсэлтдээ Х.Г нь Б.Н-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ болон итгэмжлэл зэргийг хавсарган ирүүлсэн тул нэхэмжлэгч нь Б.Н- бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Х.Г гэж үзэхээр байна.

4. Гэвч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж- тайлбарлахдаа: “Нэхэмжлэлийн хоёр шаардлага гаргаснаас, хариуцагч ХАХСЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/298 дугаартай, газар эзэмшүүлэх тухай захирамжийн 13 дахь хэсгийг буюу Н.Жд “Өвөр хөв” хэмээх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Х.Г нь Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хувьд гаргасан,  хавтаст хэрэгт Х.Гы аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үнэмлэх авагдсан.

Харин Ц.Х-гийн буюу одоо Б.Н-ийн эзэмшлийн болсон Ар хөв хэмээх газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худгийг албадан нүүлгэх тухай захирамж гаргахыг ХАХСЗД-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Х.Г нь Б.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд гаргасан” гэж тайлбарласан болно.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь, маргаан бүхий захиргааны актын Н.Жд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хувьд гаргасан гэх тайлбараа үндэслэхдээ, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8 дахь хэсэгт зааснаар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь “сонгогчидтой тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлан хариуг хуульд заасан хугацаанд авах” эрхтэй гэж тайлбарлаж байна.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэхүү тайлбар хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8 дахь хэсэгт заасан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн “сонгогчдоос тавьсан өргөдөл, санал, гомдлыг ... эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлан хариуг хуульд заасан хугацаанд авах” эрх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллагыг төлөөлөх тухай зохицуулалтад хамаарахгүй, өөр ойлголт юм.

8. Х.Гд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг буюу Номгон багийн иргэдээс ямар нэгэн итгэмжлэл олгогдоогүй байх ба Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сонгогчдоо итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид олгогдоогүй байна.

9. Иймд хариуцагч ХАХСЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/298 дугаартай, газар эзэмшүүлэх тухай захирамжийн 13 дахь хэсгийг буюу Н.Жд “Өвөр хөв” хэмээх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Х.Г нь Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хувьд гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн дээрх шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

10. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох “Ар хөв” хэмээх газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худгийг албадан нүүлгэх тухай захирамж гаргахыг ХАХСЗД-д даалгах тухай” шаардлагын тухайд,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гы тайлбарласнаар, түүний аав Ц.Х- нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны “Ар хөв” хэмээх газар өвөлжөөний зориулалтаар 10000 м2 газар эзэмшиж байсан ба аав Х- нь 2021 онд нас барсан тул уг газрын эзэмшил өв залгамжлалын дагуу ээж Б.Н-т нь шилжсэн гэжээ.

Хэрэгт Ц.Х-гийн 100357 тоот[2], Б.Н-ийн 0000098424 тоот[3] газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, Х.Гы иргэний үнэмлэхний хуулбар[4],  төрөл садангийн лавлагаа[5] зэрэг нотлох баримтууд авагдсан.

11. Гуравдагч этгээд Н.Жы барьсан өвөлжөөний саравч болон гүний худгийг албадан нүүлгэх тухай захирамж гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тайлбарлахдаа, Н.Ж нь Ц.Х-гийн эзэмшлийн “Ар хөв” хэмээх газар дээр зохих зөвшөөрөлгүйгээр саравч, худаг барьсан гэж тайлбарлан, хариуцагч Хэрлэн сумын Засаг дарга нь “өвөлжөөний саравч, худгийг албадан нүүлгэх тухай захирамж гаргаж, Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д зааснаар биелэлтийг хангуулах хууль зүйн нөхцөл байдал тогтоогдсоор байтал энэхүү ажиллагааг хэрэгжүүлэхгүй байна” гэжээ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа, Н.Жы эзэмшлийн газар нь Ц.Х-гийн эзэмшил газартай ямар нэгэн давхцалгүй, харин худгийн зөвшөөрөл нь цуцлагдсантай холбогдуулан албадан нүүлгэх ажлыг зохион байгуулахад татгалзах зүйлгүй” гэж тайлбарласан бол гуравдагч этгээд Н.Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч нар, “Жаргалсайхан нь бусдын газар дээр хашаа саравч, худаг бариагүй, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, иймд нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж маргаж байна.

13. ХАХСЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/298 дугаар захирамжаар[6] Номгон багийн 20 иргэнд өвөлжөө хаваржааны зориулалтаар газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба уг захирамжийн хавсралтын 13 дахь заалтад Нүрзэдийн Жаргалсайханд “Өвөр хөв” хэмээх газарт өвөлжөөний зориулалтаар олгох газрын өргөрөг, уртрагийг заасан байна.

14. Гуравдагч этгээд Н.Ж нь дээрх захирамжийн дагуу Хэрлэн сумын  Өлзийт тосгон буюу Номгон багийн нутаг дэвсгэрт өвөлжөөний хашаа саравч болон гүний худаг гаргасан нь хэргийн оролцогч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдсон.

15. Гуравдагч этгээд Н.Жы өвөлжөөний хашаа саравч нь Ц.Х-гийн /Б.Н-ийн/ өвөлжөөний бууцаас 922 метр, худаг нь 585 метрийн зайд байгаа нь шинжээчийн дүгнэлтээр[7] тогтоогдсон. Гуравдагч этгээд нь уг худгийг анх гаргуулахдаа зохих зөвшөөрөл авч байсан болох нь Хэрлэн сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/222 тоот албан бичиг[8], аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 тоот албан бичиг[9] зэргээр тогтоогдож байна.

16. Ийнхүү гуравдагч этгээд Н.Жд Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны А/298 дугаар захирамжаар Хэрлэн сумын 7 дугаар баг буюу Номгон багийн нутаг дэвсгэр “Өвөр хөв” гэх газарт өвөлжөөний зориулалтаар 10000 м2 талбай бүхий газар эзэмших эрх олгогдсон ба түүний өвөлжөөний хашаа саравч болон гүний худаг нь нэхэмжлэгч Б.Н-ийн эзэмшлийн газар дээр байрлалтай биш тул нэхэмжлэгчийн, “манай эзэмшлийн “Ар хөв” гэх газар дээр зохих зөвшөөрөлгүй өвөлжөөний саравч, худаг барьсан” гэх тайлбар үндэслэлгүй байна.

17. Иймд гуравдагч этгээд Н.Жы өвөлжөөний саравч болон худгийг албадан нүүлгэх тухай захирамж гаргахыг хариуцагч Хэрлэн сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

18. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Таас, “худгийг албадан нүүлгэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэл нь Захиргааны хэргийн шүүхэд харьяалагдахгүй, Иргэний хуулийн 106 дугаар 106.1-д заасан маргаан, иймд нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах ёстой” гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасныг хүлээн авах үндэслэлгүй юм.

19. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасан бөгөөд уг хуулийн заалтын дагуу гаргасан Засаг даргын шийдвэр болон эс үйлдэхүйн талаар иргэн, хуулийн этгээд гомдол, нэхэмжлэлийг Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гаргах эрхтэй болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 109 дүгээр зүйлийн 109.2, 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч ХАХСЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/298 дугаартай, газар эзэмшүүлэх тухай захирамжийн 13 дахь хэсгийг буюу Н.Жд “Өвөр хөв” хэмээх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Гы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,  57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, “Ар хөв” хэмээх газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худгийг албадан нүүлгэх тухай захирамж гаргахыг хариуцагч ХАХСЗД-д даалгах тухай нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЛЖМАА

 

              ШҮҮГЧИД                               Б.БАЯРЦОГТ

 

                                                                                                Б.ЦЭРЭНХАНД

 

[1] 1 хавтас 206 хуудас

[2] 1 хавтас 122 хуудас

[3] 1 хавтас 237 хуудас

[4] 1 хавтас 7 хуудас

[5] 1 хавтас 65 хуудас

[6] 1 хавтас 21-22 хуудас

[7] 1 хавтас 228 хуудас

[8] 1 хавтас 101 хуудас

[9] 1 хавтас 15 хуудас