Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 51

 

                  

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 04 өдөр                    2020/ДШМ/51                                        Хэрлэн сум                                  

 

М-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0051/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Прокурор Г.Мөнхболд,

Яллагдагч М-, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 451 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдын эсэргүүцлээр М-т холбогдох эрүүгийн 2039003520221 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Өндөрхаан хотод 1987 онд төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл 2,  ээжийн хамт, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 2 дугаар хэсэг 240 тоотод оршин  суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Н-н М-ийг

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг “Хар чулуут” гэх газарт “Тоёота хайлюкс” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн “3”-д заасан “тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах” гэсэн заалтыг зөрчсөнөөс газар унтаж байсан Н-гийн дээгүүр машинтайгаа гарч дайран амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч М-т холбогдох 2039003520221 дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболд давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “яллах дүгнэлтэд М-ийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн “3”-д заасан “тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах” гэсэн заалтыг зөрчсөнөөс газар унтаж байсан Н-гийн дээгүүр машинтайгаа гарч дайран амь насыг нь хохироосон талаар тусгасан боловч дурдсан нөхцөл байдлуудын аль нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн болох нь тодорхойгүй байх тул ослын шалтгааныг дахин тогтоох шаардлагатай” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлан хуралдуулсан ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хуралдуулах үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж хуульчилсан байна. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17 дахь заалтуудад заасан нийт 17 нөхцөлийг заасан байх ба эрүүгийн 2039003520221 дугаартай хэрэгт шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг зарласан болон уг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн асуудал хуульд заасан дээрх үндэслэлүүдэд хамаарахгүй асуудлууд байна.

Прокуророос яллагдагч М-ийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа зэргийг үндэслэн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн “З”-д заасан заалтыг зөрчсөнөөс буюу тээврийн хэрэгсэл зорчих зориулалт бүхий хөдөө орон нутгийн замаас гарч шинэ зам гаргаж явахдаа амь хохирогч Н-гийн дээгүүр машинтайгаа гарч дайран амь насыг нь хохироосон гэж дүгнэн хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба мөрдөгчийн магадалгаанд мөн яллагдагч нь дээрх прокурорын  яллаг дүгнэлтэд дурдсан хуулийг заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон талаар дурдсан  байдаг.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байгаа нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн хүрээнд шийдвэрлэх талаар хуулийн зохицуулалт ба үүнийг прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсаны дагуу шийдвэрлэх мэтээр ойлгож хэрэглэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хэргийг хэлэлцсэн анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, прокурорын яллах дүгнэлт зэргийг харьцуулан үнэлж хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой ба шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт прокурор оролцохдоо яллагдагч нь хуулийн дээрх заалтын аль хэсгийг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан талаар тайлбарласан, мөн уг заалт нь яллах дүгнэлтэд бүрэн тусгагдсан байхад зөвхөн хэсэгчлэн авч бичих ёстой байсан гэсэн тайлбараар буюу хуулийн заалтыг засварлаж өөрийнхөөрөө бичээгүй гэж дүгнэн хэргийг буцаасан нь үндэслэлгүй, мөн хэрэв шүүх нь тухайн дүгнэлт магадалгааг эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин дүгнэлт гаргуулах эрх нь хуулиар олгогдсон байхад хэт амар хялбар аргыг сонгож хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байж улмаар хэргийг удаашруулж, хэргийн оролцогчдын эрх ашгийг хохироож байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж гэмт хэрэг гарахад нөлөөлсөн нөхцөл байдал тодорхойгүй байна гэсэн үндэслэлээр М-т холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн. Манай үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн тал дээр маргаагүй. Миний бие шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд ослын шалтгааныг тогтоосон мөрдөгчийн магадалгааг шинжээчийн дүгнэлт гаргаж тодруулах шаардлагатай гэсэн байр сууринаас оролцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоох ёстой гэж үзэж байна. Нэгэнт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн “З” хэсгийн аль тохиолдлыг зөрчсөн нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болох тодорхойгүй, үүнийг тогтоох шаардлагатай гэсэн асуудал яригдсан учраас шинжээч томилуулж тодруулах боломжтой. Прокурор хэргийн зүйлчлэл дээр тогтоогүй байгаа бөгөөд хэргийн газрын үзлэгт авагдсан өвсний ул мөр, машины эдэлгээ зэргийг мэдэж байгаа хүн хамт байсан байж таарна. Осол юунаас болж гарсан болон тухайн хэргийг аль зүйл заалтыг барьж зүйлчлэхийг нарийн тогтоох шаардлагатай байгаа тул хэргийг прокурорт буцаалгах хүсэлттэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг прокурорт очтол М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдын давж заалдах гомдлоор М-т холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокурор Г.Мөнхболдоос М-ийг 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг “Хар чулуут” гэх газарт “Тоёота хайлюкс” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн “3”-д заасан “тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах” гэсэн заалтыг зөрчсөнөөс газар унтаж байсан Н-гийн дээгүүр машинтайгаа гарч амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Анхан шатны шүүхийн М-ийн үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн “З”-д заасан нөхцөл байдлуудын алийг нь зөрчсөн нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн болох нь тодорхойгүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар М-т холбогдох эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно” гэж заасан хэдий ч хавтас хэргийн 74 дүгээр талд авагдсан магадалгааг гаргасан мөрдөгч Г.Ганхуяг нь техникийн талаар мэргэшсэн эсэх нь тодорхойгүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг нь “ослын шалтгааныг мэргэжлийн шинжээч томилж тогтоолгох” санал гаргасан /1хх-н 162х/ зэргийг харгалзан үзэж шинжээч томилуулж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЗ/451 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.ДЭНСМАА