| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2024/0111/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/124 |
| Огноо | 2024-05-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, өсвөр насны шүүгдэгч М.******* түүний хууль ёсны төлөөлөгч П.Батцэцэг, өмгөөлөгч Ж.Энхжаргал, Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч М.*******д холбогдох эрүүгийн 2436000000112 дугаартай, 178/2024/0111/Э индекстэй хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн *******т суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, Ховд аймгийн ******* дунд сургуулийн 10 дугаар ангид сурдаг, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, Ховд аймгийн *******т сумын ******* багийн *******н 4-29 тоотод оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээгээр шийтгүүлж байсан,******* ургийн овогт *******гийн *******,
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч М.******* нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны шөнө Ховд аймгийн *******т сумын ******* багт байрлах “*******” төвийн В1 давхарт байрлах “” компаний бөөний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 900,000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-8-р хуудас),
1.2.Хохирогч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай дэлгүүрт 2024 оны 03 дугаар сарын 02-ны шөнө хулгай орж орлого болох 900,000 төгрөг алдагдсан.Дэлгүүрийн камер шүүж үзэхэд 16-18 насны эрэгтэй хүүхэд касснаас бэлэн мөнгө аваад халаасандаа хийгээд аваад гарсан бичлэг байсан. Манай худалдагч Н.Ариунзаяа цагдаа дуудсан байсан. тэр хүүхдийн ээж нь 900,000 төгрөгийг худалдагч Н.Ариунзаяад өгсөн байсан.Өөр нэхэмжлэх зүйлгүй санал гомдолгүй болно.”гэх мэдүүлэг /хх-11,65х/
1.3.Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-13х/
1.4.Гэрч Н.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тэр өдөр дэлгүүрээ хаагаад өглөө 9.30 цагт ирэхэд миний өчигдөр орой эмхэлж тавьсан орлого болох 900,000 төгрөг алга болсон байсан. Өөр хаалга цонх эвдрээгүй байна лээ. Камер шүүж үзэхэд 23 цаг 32 минутанд нэг эрэгтэй хүн орж ирээд касснаас бэлэн мөнгө аваад гарсан бичлэг байсан.” гэх мэдүүлэг /хх-18х/
1.5.Эд мөрийн баримтаар эд зүйл хураан авах тухай Прокурорын тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-28-35х/
1.6.Хохирол төлсөн баримт/хх-36х/
1.7.Өсвөр насны шүүгдэгч М.*******ы нас тоолсон ухай мөрдөгчийн тэмдэглэл/хх-39х/
1.8.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/306 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/хх-73х/
1.9.******* сургуулийн нийгмийн ажилтан С.Уранцэцэгээс гаргаж өгсөн өсвөр насны шүүгдэгч М.*******ы хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-85-110х/ зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
2.2.Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл өсвөр насны шүүгдэгч М.******* нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны шөнө 23 цаг 39 Ховд аймгийн *******т сумын ******* багт байрлах “*******” төвийн В1 давхарт байрлах “”-ХК-ны бөөний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 900,000 төгрөгийг хулгайлсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2.3.Харин хүний орон байр, тусгайлан хамгаалсан байранд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хуулиар хориглодог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгийн эрх зөрчигдөхөөс гадна орон байрны халдашгүй байдал давхар зөрчигддөг тул хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр нэвтэрч үйлдсэн тохиолдолд өмчлөх эрх болон орон байрны халдашгүй байдалд халдсан гэж үзэж хүндрүүлэн зүйлчилдэг.
2.4.Хүний орон байр, тусгайлан хамгаалсан байранд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлахдаа түлхүүр тааруулах багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр нэвтэрч орсон ньуг хэргийн обьектив талын нэмэгдэл шинж юм.Өөрөөр хэлбэл хүн байнга амьдрах байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах нь өсвөр насны шүүгдэгчийн хувьд нэвтэрхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтэрхийг хориглосон орон зай байдагбөгөөд шүүгдэгч нь энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах үндэслэл болно.
2.5.Тухайн цаг хугацаанд өсвөр насны шүүгдэгч М.******* нь шөнийн цагаар буюу дэлгүүр хаасан, хүмүүс амарсан цагаар нэвтэрсэн байна.Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Энэ гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.
2.6.Өсвөр насны шүүгдэгч М.******* нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд буюу дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж авсан үйлдэл нь шууд санаатай шунахайн сэдэлттэй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
2.7.Өсвөр насны шүүгдэгч нь амьжиргааны эх үүсвэрээ хангахдаа амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэтгэл зүй нь хулгайлах гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.
2.8.Иймд шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэхүү гэмт хэргийн улмаас хуулийн тэгээд болох бөөний дэлгүүрт 900,000 төгрөгний хохирол учирсан.
Хохирогч Н.гийн манай дэлгүүрийн эд зүйлд ямар нэгэн хохирол учраагүй,алдагдсан хохирол болох 900,000 төгрөгийг буцааж авсан.Одоо санал гомдолгүй гэх мэдүүлгийг өгсөн болно. (хавтаст хэргийн 65 дугаар хуудас)
Иймд өсвөр насны шүүгдэгч М.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар:
3.1. Өсвөр насны шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.3. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
3.4.Өсвөр насны шүүгдэгч М.*******ы “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 71-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 73-р хуудас), гэрч С.Уранцэцэгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-р хуудас), сурагчийн хувийн хэрэг (хавтаст хэргийн 106-р хуудас), Эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 85 дугаар хуудас)зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч М.******* нь эх, эгч, дүүгийн хамт амьдардаг, 10 дугаар ангид суралцдаг, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг нөхөн төлсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.
3.5. Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хохирол төлбөр төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.6.Улсын яллагчаас “ Өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 306 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 2 сарын хугацаагаар тогтоох, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг 2 дахин багасгаж 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж ,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 52 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 121,100 төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгчийн хувцасыг буцаан олгох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих гэх санал, дүгнэлт;
3.7.Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс: Өсвөр насны шүүгдэгч М.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн хохирлоо төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг харгалзан үзэж хуульд заасан ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан болно.
3.8.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан.
Өсвөр насны шүүгдэгч М.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирол нөхөн төлөгдсөн, өсвөр насны хүн гэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
3.9.Иймд шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг хоёр дахин багасгаж 01 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 2023/ШЦТ/306 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож өсвөр насны шүүгдэгч М.*******ы эдлээгүй үлдсэн 03 сарын ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.
3.10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.*******д оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүйг тус тус дурдах нь зүйтэй.
3.11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчээс хураан авсан 121,100 төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, хар хөх өнгийн куртик-1, хар өнгийн нимгэн цамц-1, хар хөх өнгийн биеийн тамирын өмд-1, саарал өнгийн пүүз-1 ширхэгийг тус тус өсвөр насны шүүгдэгч М.*******д буцаан олгохоор шийдвэрлэв.
3.11. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.*******ы 52 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
3.12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.2,36.6-36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч ******* ургийн овогт Мягмархүүгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* ургийн овогт Мягмархүүгийн *******ыг 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.*******д оногдуулсан 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 01 (нэг) жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдэд зааснаар Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/306 дугаартай шийтгэх тогтоолын хоёрдугаар заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* ургийн овогт Мягмархүүгийн *******д 03 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.*******д өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 03 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 (нэг) жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 01 (нэг) жил 03 (гурав) сарын хорих ялаар тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.*******д оногдуулсан 01 (нэг) жил 03 (гурав) сарын хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.*******ы 52 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
8.Өсвөр насны шүүгдэгч М.*******аас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хөх өнгийн куртик-1, хар өнгийн ниймгэн цамц-1, хар хөх өнгийн биеийн тамирын өмд-1, саарал өнгийн пүүз-1 ширхэгийг тус тус өсвөр насны шүүгдэгчид буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.*******аас хураан авсан 20,000 төгрөг-5ширхэг,10,000төгрөг-1ширхэг, 5000 төгрөг-2ширхэг, 1000төгрөг-1 ширхэг,100 төгрөг-1 ширхэг, нийт 121,100 төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол авсугай.
11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС