| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2018/01023/и |
| Дугаар | 183/ШШ2018/0116 |
| Огноо | 2018-05-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2018/0116
| 2018 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 183/ШШ2018/01116 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоотод байрлах, Ф..ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..тоотод оршин суух, .. З.. А.. /..д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21 416 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ... тоот захирамжаар олгосон ... тоот гэрчилгээтэй, дээрх хаягт байршилтай, 690 м.кв газрын эзэмших эрхийг тус ББСБ-д шилжүүлэхийг Сүхбаатар дүүргийн газрын албанд даалгах,
Барьцааны хөрөнгө албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүйгээс төлбөр авагчид шилжүүлэх бол уг хөрөнгийг албадан чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Э.., хариуцагчийн төлөөлөгч Н.Д.., нарийн бичгийн дарга Г.Ариунтуяа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.А 2013 оны 8 сарын 19-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлийн ******6 дугаар бүртгэлтэй .... хувийн сууц мөн хаягт байрлах зуслангийн 690 м.кв газар эзэмших эрхийг тус тус барьцаалж 10 сая төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн хүүнд 3 удаагийн төлөлтөөр 1 050 000 төгрөг, дахин 2 удаа 4 500 000 төгрөг төлж, нийт хүүнд 5 550 000 төгрөг төлсөн. Зээлийн хорооны 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэрээр зээлийн гэрээгээр тооцоолсон нэмэгдүүлсэн хүүгийн 924 000 төгрөгийн төлбөрөөс чөлөөлсөн. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч зээлдэгч хугацаа өгөхийг хүсэж хойшлуулсан. З.А нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс шүүхийн бус журмаар хангуулахаар хэлэлцэн тохиролцсон боловч үүргээ биелүүлээгүй. шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 5 000 000 төгрөг төлснийг үндсэн зээлээс хасаж тооцсон. Иймд З.Аээс зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа газар эзэмших эрх барьцаалах гэрээнүүдийн үүрэгт үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 13 746 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 669 333 төгрөг нийт 21 416 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Мөн нэгэнт шүүхийн шийдвэр гарч байгаатай холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад маргаан үүсдэг учраас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ... тоот захирамжаар олгосон ... тоот гэрчилгээтэй, дээрх хаягт байршилтай, 690 м.кв газрын эзэмших эрхийг тус ББСБ-д шилжүүлэхийг Сүхбаатар дүүргийн газрын албанд даалгах, барьцааны хөрөнгө албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүйгээс төлбөр авагчид шилжүүлэх бол уг хөрөнгийг албадан чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч З.Аийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 8 сарын 19-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Уг гэрээний дагуу нийт 11 073 334 төгрөг төлөх ёстой байсан. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч 21 416 000 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. З.Аийн зээл төлсөн мөнгөний баримт бүрэн авагдаагүй байх ба зээлийн гэрээний дагуу зээлийг төлж барагдуулсан гэж үзэж байна. Нэхэмжилж байгаа үнийн дүн нь үндсэн зээлээсээ хүү нь өндөр гарч байгаа нь шударга бус юм. ББСБ нь З.Аийн өгсөн мөнгийг зээлийн гэрээний хугацаа дууссан байхад зээлийн хүүгийн төлбөрт авсан нь үндэслэлгүй бөгөөд тооцооны хувьд алдаатай болсон байгааг анхаарч үзнэ үү гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ФББСБ ХХК нь хариуцагч З.Ад холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21 416 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 347 тоот захирамжаар олгосон 0149901 тоот гэрчилгээтэй, дээрх хаягт байршилтай, 690 м.кв газрын эзэмших эрхийг тус ББСБ-д шилжүүлэхийг Сүхбаатар дүүргийн газрын албанд даалгах, Барьцааны хөрөнгө албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүйгээс төлбөр авагчид шилжүүлэх бол уг хөрөнгийг албадан чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2013 оны 8 сарын 19-ний өдөр 13/040 дугаар зээлийн гэрээ болон И-13/040, Г-13/040 тоот барьцааны гэрээнүүд тус тус байгуулагдаж, уг гэрээгээр ФББСБ ХХК нь 10 000 000 төгрөгийг хувийн хэрэгцээнд зориулалтаар, сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 11-13/
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Сүхбаатар дүүргийн ********************тоотод байршилтай 126 м.кв талбайтай 2 хоёр давхар хувийн сууц мөн хаягт байрлах зуслангийн 690 м.кв газар эзэмших эрхийг тус тус барьцаалжээ. /хх-ийн 14-23/
Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Харин хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч нарын “зээл төлсөн мөнгөний баримт бүрэн авагдаагүй байх ба зээлийн гэрээний дагуу зээлийг төлж барагдуулсан” гэх тайлбар гаргаж маргасан нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь 10 000 000 төгрөгийг хүлээн авсан болон уг зээлийг гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн нь, мөн хариуцагч нь нийт 10 550 000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар болон хариуцагчийн 2017.11.15-ны өдөр өөрийн гараар нэхэмжлэгчид бичиж өгсөн “санал” гэсэн хавтаст хэргийн 37 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 37/
Хавтаст хэрэгт нэхэмжлэгч байгууллага нь зээлийн эргэн төлөлтийг жагсаалтаар гаргаж ирүүлсэн байх ба хариуцагч нь зээлийн гэрээний хавсралтаар тохирсон эргэн төлөх хуваарийн дагуу 1 050 000 төгрөгийн хүү төлснийг хүүгийн төлбөрөөс хасаж тооцсон нь үндэслэлтэй байх хэдий ч хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2014 оны 11 сарын 06-ны өдөр төлсөн 3 000 000 төгрөгийг, 2016 оны 5 сарын 18-ны өдөр төлсөн 1 500 000 төгрөгийг хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөрт тооцож авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасантай нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч З.Аийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 4 500 000 төгрөгийн төлөгдсөн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг баримтлан үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй бөгөөд хариуцагчийн 2018 оны 2 сарын 09-ний өдөр төлсөн 5 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцсон нь хуульд нийцсэн байна./хх-ийн 4/
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн тайлбараар зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2013 оны 11 сарын 19-ний өдөр дууссан байх ба хариуцагч З.А нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг, хугацаа хэтрүүлсний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй байна.
Мөн нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэснийг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.
Иймд хариуцагч З.Аээс үндсэн зээлийн 500 000 төгрөг /10 000 000-3 000 000-1 500 000-5 000 000/, хэтэрсэн хугацааны хүү 12 540 983 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 584 197 төгрөг /2 508 197-924 000 /чөлөөлөхөөр тохиролцсон/, нийт 14 625 180 төгрөг төлөх үүрэгтэй тул энэ хэмжээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж, зээлдэгч нь дээрх төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд уг үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцааны гэрээнд заасан /барьцаалбарт бүртгүүлсэн/ үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах нь үндэслэлтэй байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч ФББСБ ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 347 тоот захирамжаар олгосон 0149901 тоот гэрчилгээтэй, дээрх хаягт байршилтай, 690 м.кв газрын эзэмших эрхийг тус ББСБ-д шилжүүлэхийг Сүхбаатар дүүргийн газрын албанд даалгах, Барьцааны хөрөнгө албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүйгээс төлбөр авагчид шилжүүлэх бол уг хөрөнгийг албадан чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагууд нь хариуцагч З.Аээс зээлийн гэрээний үүрэг шаардах нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллага нь дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээ холбогдох байгууллагад нь хандан тусдаа нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь хуульд нийцэх тул эдгээр шаардлагуудыг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Аээс 14 625 180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ФББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 6 790 820 төгрөгийн, ФББСБ ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 347 тоот захирамжаар олгосон 0149901 тоот гэрчилгээтэй, дээрх хаягт байршилтай, 690 м.кв газрын эзэмших эрхийг тус ББСБ-д шилжүүлэхийг Сүхбаатар дүүргийн газрын албанд даалгах, барьцааны хөрөнгө албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүйгээс төлбөр авагчид шилжүүлэх бол уг хөрөнгийг албадан чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.А нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 18-р хороо Бэлх Даваатын ам /14053/ 64 тоотод байршилтай 126 м.кв талбайтай 2 хоёр давхар хувийн сууц болон мөн хаягт байрлах зуслангийн 690 м.кв газар эзэмших эрх болох барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 231 076 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ФББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ