Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 52

 

                  

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 04 өдөр                    2020/ДШМ/52                                        Хэрлэн сум                                  

 

Б-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0052/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Прокурор Ж.Батбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э-,

Шүүгдэгч Б-, түүний өмгөөлөгч С.Давааравдан, С.Нарангэрэл нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б-, түүний өмгөөлөгч С.Давааравдан нарын давж заалдах гомдлоор Б-т холбогдох эрүүгийн 1939008100147 дугаартай хэргийг 2020 оны  11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Өндөрхаан хотод суманд 1983 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг, Ноёны 05-04 тоотод оршин суух, урьд Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 207 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 900000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр торгох ялыг биелүүлж дууссан, М овогт Ч-н Б нь

2019 оны 12 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Солонго” бүжгийн газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д-ын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж  унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овгийн Ч-н Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Б-т оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэмт хэргийн хохиролд тооцож нэхэмжилсэн  13000000  /арван гурван сая/ төгрөгийн нэхэмжлэл нь шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдахаар тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б- давж заалдах гомдолдоо: Намайг мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд хэргийн материалтай танилцуулаагүй шууд гарын үсэг зуруулсан. Гэрч Ө-ын “...Б- Д-ын баруун хацар, хамрын ойролцоо нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-н 36-37х/ болон “...зүүн нүдний зовхи орчим хөхөрсөн байдалтай...” гэсэн Д-ын Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн өвчний түүх /хх-н 102-125х/, гэрч Ө-ын “...бөөрөнхий үстэй буудаггүй малгайтай” гэх мэдүүлэг /хх-н 36-37х/ Б-ийн “малгайгүй толгой нүцгэн явсан” гэх мэдүүлгүүдийн зөрүүг арилгуулах, гэрч Ө- “бүжгийн заал 3 ширхэг камертай, үүдний өрөө камергүй” гэж мэдүүлсэн байх бөгөөд уг 3 ширхэг камерыг шүүлгэх, гэрч Б, Хэрлэнцэцэг, С, У нар “...хувцас сольдог өрөөний хаалганы хойд талд зогсож байсан” гэж мэдүүлсэн байх бөгөөд хэрэг болсон гэх үүдний өрөөг холбогдох мэргэжлийн хүмүүс болон гэрчүүдийн хамт очиж үзэх хүсэлттэй байна.

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Цагдаагийн газрын хойд талд байрлах “А” дэлгүүрийн үүдэнд Г бид хоёрыг зогсож байхад М ирээд “ах бүжгэн дээр согтуу явж байсан уу” гэхээр нь “харин тиймээ, намайг хүн цохисон гэж байцаагаад байна” гэсэн чинь М “та цохиогүй, тэр согтуу толгой чинь өөрөө халтираад толгойгоороо унасан” гэж хэлсэн. Маргад-Эрдэнийг 4-5 сарын дараа хулгайн хэрэгт холбогдоод мөрдөнд орсон хойно нь миний эсрэг мэдүүлэг авсан. Мөн Маргад-Эрдэнэ шүүх хуралдаанд “би бичиг үсэг мэдэхгүй, Д надаас байцаалт авч дуусаад хэвлэж байхад өмгөөлөгч орж ирж гарын үсэг зурсан. ...мөн Д-, Б- хоёр хол зайтай байсан гэж Д хэлсэн” гэж мэдүүлсэн. Иймд гэрчүүдийн мэдүүлгүүдийг хэрэг болсноос хойш хэдэн сарын дараа авсныг, Д-ын нүүрэндээ цохиулсан зураг хавтаст хэрэгт байгаа эсэхийг харах хүсэлттэй байна.

Хохирогч тал Д-ыг амьд байхад чимээгүй байсан атлаа нас барсных нь дараа гэнэт мөнгө нэхэмжлээд эхэлсэн. Д-ыг амьд байх 5 сарын хугацаанд надаас огт мэдүүлэг аваагүй. Намайг Д-ыг цохисныг харсан гэх Ө- өөрөө хууль ёсны төлөөлөгчөөр нь шүүх хуралдаанд ороогүй тул намайг Д-ыг цохисныг харсан гэх мэдүүлэгт нь эргэлзэж байна. Би гэрч Гантогоогийн “Б- Д-ыг цохиогүй” гэсэн мэдүүлэгт итгэж байна.

Мөрдөгч Э уусан архи гараагүй байхад намайг эрүүлжүүлэхээс авчраад “Д-ыг цохисон бичлэг чинь байна, хэргээ хүлээ, хүлээхгүй бол мөрдөнд хийнэ шүү” гэж хэлээд мөрдөгч З руу явуулсан. З “камерт Д-ыг цохисон бичлэг чинь байгаа” гэж хэлээд байцааж байхад Д-ын хүүхдүүд орж ирээд “та манай аавын хамрыг хуга цохисон байна, сая бичлэгийг нь үзлээ” гэж хэлсэн. Миний архи гараагүй болсон явдлыг сайн санахгүй байсан болохоор “тэгвэл цохисон юм байгаа биз дээ” гэж хэлсэн. Мөрдөгч З, Э болон Д-ын хүүхдүүдийн үзсэн гэх камерын бичлэгийг шалгуулах хүсэлттэй байна.

Манайх гэр бүлээрээ Төв аймгийн Баянцагаан суманд “Ургац өөд” компанийн малыг хардаг, төвөөсөө 10-аад километр зайтай байдаг тул 6-8 насны хоёр хүүхдээ сургуульд нь зөөдөг. Эхнэр маань бие давхар, ганцаараа албаны үхэр, хонь хараад хэцүү байна. Иймд дээрх хүсэлтүүдийг минь харгалзан үзэж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Мөн намайг батлан даалтад гаргаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие шүүхээс ял аваад сэтгэл санааны цочролд орж давж заалдах гомдолдоо буруу зүйл бичсэн байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирлыг төлж хохирогч гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгсөн. Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад торгуулийн ял оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Давааравдан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна.

Б- нь 2019 оны 12 дугаар сарын 23-нд Хэнтий аймгийн Прокурорын газарт “намайг шалгаж байгаа эрүүгийн төлөөлөгч ахмад Энхбат, мөрдөгч ахлах дэслэгч Зоригтсайхан нар нь “чи хэргээ хүлээ, камерт бичигдсэн байна, нэг цохисон гэж хэл” гэж дарамтлаад гэрчийн мэдүүлэг авсан. Би өөрөө юу ч санахгүй байна. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өглөө эрүүлжүүлэхээс гаргаж ирээд шууд байцаасан...” гэсэн гомдол гаргасан бөгөөд энэ нь хийгээгүй хэргийн төлөө бусдад дарамт шахалт үзүүлж гэрчийн мэдүүлгийг хууль бусаар авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм.

 Мөрдөгч түүний үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа прокурор нь гэмт хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг зөвхөн хуулиар зөвшөөрсөн арга хэрэгслээр шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах, хуульд заасан журмыг зөрчих замаар цуглуулж бэхжүүлсэн баримтыг нотлох баримтаар тооцох боломжгүй байдаг. Мөрдөгч тухайн хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5, 6, 8  дахь хэсгүүдийг тус тус ноцтой зөрчих бөгөөд ийнхүү гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнээс хууль сануулж, өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахыг сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэнд тооцдог. Б-оос мэдүүлэг авахдаа дээрх хуульд заасан заалтуудыг ноцтой зөрчиж мэдүүлэг авсан тул мэдүүлгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэл болгож мөрдөгч нь мөрдөн байцаалтын ажиллагааг чиглүүлэн явуулсан,  прокурорын яллах дүгнэлтэд Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг яллах үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Шүүх “...гэрч М нь мөрдөн байцаалтын үед “хөгжим дардаг ах толгойн ар хэсгээр шалан дээр арагшаа унасан...” гэж /хх-н60х/, шүүх хуралдаанд “...Б- гараа далайсан байдалтай байсан, хөгжим дардаг ах ухарч байгаад арагшаа унасан...” гэж мэдүүлдэг бөгөөд эдгээр мэдүүлгүүдийг хэргийн нөхцөл байдлын талаар зөрүүтэй мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн. Гэтэл гэрч М нь шүүх хуралдаан “би бичиг үсэг мэдэхгүй, мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхөд өмгөөлөгч оролцоогүй, байцаалт дууссаны дараа өмгөөлөгч орж ирээд гарын үсэг зураад гарсан, байцаалтад бол өмгөөлөгч суугаагүй” гэж мэдүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Монгол хэл, бичиг мэдэхгүй хүнээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж заасан бөгөөд мөн хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх заалтыг ноцтой зөрчсөн байна.

Анхан шатны шүүх “Ө-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь үндэслэлгүй, гэрч Г, Ө- нарын мэдүүлэг зөрүүтэй байхад нүүрэлдүүлж мэдүүлэг аваагүй” гэх асуудлаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж дүгнэжээ. Гэрч Ө- “шүүгдэгч Б- манай нөхрийг цохиж унагасан тэгээд газар унаад босож ирээгүй” гэж /хх-н 36-37х/, гэрч Г “тэр улаан дээлтэй залуу цохиогүй, Д- өөрөө унасан” гэж /хх-н 53х/ тус тус мэдүүлдэг бөгөөд дээрх 2 гэрчийн мэдүүлгийн зөрүүг заавал арилгах шаардлагатай гэж үзэж байна. Шүүх ямар учраас Ө-ын мэдүүлгийг үндэслэлтэй Г-н мэдүүлгийг эргэлзээтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Давааравдан давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Б- нь бага насны хоёр хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн төрөх хугацаа нь болж байгаа бөгөөд тэрээр эхнэрийн хамт компанийн мал маллаж амьдрал ахуйгаа залгуулдаг. Б- өөрийн хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, хохирогчид хохирол төлсөн бөгөөд хохирогч гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгсөн тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Б-т торгуулийн ялыг оногдуулах юм уу, эсвэл 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Б- нь ах дүүгээрээ дамжуулан манай гэр бүлээс уучлалт гуйж буруугаа хүлээж байгаагаа илэрхийлсэн. Бидний хувьд Б-ийг хийсэн хэрэгтээ гэмшихгүй, хэрэг хийгээгүй мэтээр аашилж байсанд  гомдолтой байсан. Одоо Б- нь өөрийн буруутай үйлдлээ ухамсарлаж гэм буруугаа хүлээсэн тул бидэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Б-ийн ар гэрийн хувьд эхнэр нь жирэмсэн, эрүүл мэндийн байдал тааруу, эмчийн байнгын хяналтад байдаг, түүний асрамжид 6-9 насны хоёр хүүхэд байдаг. Иймд анхан шатны шүүхээс Б-т оногдуулсан хорих ялыг торгуулийн ял болгон хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Б- нь өөрт холбогдох хэргийг дахин шалгуулах талаар давж заалдах гомдол гаргасан боловч буруу зүйл бичсэнээ ойлгож өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад гэрч Ө- “Д-ыг Б- цохисон” гэж мэдүүлдэг бол гэрч Г “Д-ыг Б- цохиогүй” гэж зөрүүтэй мэдүүлдэг. Б-ийн хувьд өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир тухайн үед юу болсон талаар мэддэггүй тул анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж оролцсон байдаг. Б- нь давж заалдах шатны шүүхийн шатанд хэргийн материалтай танилцаж өөрийн гэм бурууг ойлгосон. Анхан шатны шүүхээс Б-ийг “анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдээгүй” гэж дүгнэсэн. Б- бүжигт орох зорилгоор тухайн газарт очсоноос биш хэн нэгнийг цохиж гэмтээх санаа зорилго огт байгаагүй. Б- урьд нь хоёр удаа гэмт хэрэгт холбогдсон боловч 2002 оны Эрүүгийн хуулийн уг заалт шинэчлэн батлагдсан 2015 оны Эрүүгийн хуулиар хасагдсан. Б- цагдан хоригдож байгаа учраас миний бие хохирогчийн ар гэртэй уулзахад гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгсөн. Б- нь бага насны хоёр хүүхэдтэй бөгөөд эхнэр нь жирэмсэн, эрүүл мэндийн байдал тааруу байна. Улсын яллагч Б-т 2 жил 4 сарын хорих ял оногдуулах санал гаргахад шүүх улсын яллагчийн саналаас дээгүүр ял оногдуулсан байсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Б-т 10000000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү. Хэрэв торгох ял оногдуулах боломжгүй гэж үзвэл 2 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Давааравдан “гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн давж заалдах гомдлыг гаргасан байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Б-, түүний өмгөөлөгч С.Давааравдан нарын давж заалдах гомдлоор Б-т холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Б- нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа  явуулдаг “С” бүжгийн газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д-ын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж  унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний аав Д- 2020 оны 4 дүгээр сарын 13-нд зүрхний дутагдал гэсэн оноштойгоор нас барсан бөгөөд энэ нь тархины гэмтлийн улмаас биеийн байдал дордсонтой холбоотой гэж үзэж байна. ...Б-т гомдолтой байгаа бөгөөд эмчилгээний зардалд зарцуулсан 13000000 төгрөгийг нэхэмжилнэ...” /хх-н /2хх-н 21-22х/

Гэрч Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөгөө согтуу залуу манай нөхөр Д-ын баруун хацар, хамрын ойролцоо нэг удаа цохисон. Манай нөхөр чанх арагш унаж ухаан алдаад сэрээгүй...” гэх  мэдүүлэг /1хх-н 36-37х/,

Гэрч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д- шалан дээр толгой нь баруун хойшоо харсан чигтэй хэвтэж байсан, улаан дээлтэй согтуу залуу баруун талын хувцас сольдог өрөөний хаалганы хойд талд зогсож байсан. ...Ө эгчээс юу болсон талаар асуухад энэ залуу цохиод унагаачихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-н 42х/,

Гэрч Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д-  дээшээ хараад шалан дээр баруун хойд зүгт хараад хэвтэж байсан. Улаан дээлтэй сахалтай залуу Д-ын хөлийнх нь баруун талд хувцас сольдог өрөөний үүдэнд нь зогсож байсан. ...Ө- улаан дээлтэй залууг заагаад “энэ хүн нөхрийг маань цохичихлоо” гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /1хх-н 44х/,

Гэрч У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д- баруун хойш чигтээ дээшээ хараад, толгой ар дагзаараа унасан байсан. ...Ө- манай нөхрийг энэ залуу цохиод унагаасан гээд улаан дээлтэй, сахалтай, нэлээн согтуу залууг заагаад байсан...” гэх мэдүүлэг /1хх-н 58х/,

Гэрч М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хөгжим дардаг ах толгойн ар хэсгээр буюу дагзаараа шалан дээр арагшаа унасан. Тэр үед Б- гараа зангидаад өрөлт авсан шинжтэй зогсож байсан...” гэх мэдүүлэг /1хх-н 60х/,

Шинжээч Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д-ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь дух, чамархай, зулайн, зүүн хажуу хэсгээр унах, мохоо зүйлээр цохигдох эсвэл нүүрэнд цохигдсоноос дагз хэсгээр арагшаа хатуу зүйл мөргөж унах, мөн дагзанд хатуу зүйлээр цохигдох үед үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /1хх-н 66х/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 89 дугаартай

“...Д-ын биед  тархины эд болон  аалзавч доорх  цус харвалт, зүүн  дух хэсгийн цусан хураа, тархины  өмнөд  холбогч артерийн цүлхэн, тархины  эдийн  няцрал гэмтэл тогтоогдлоо....

....Уг гэмтэл нь  шүүх  эмнэлгийн  гэмтлийн  зэрэг тогтоох  журмын 3.1.3-д  заагдсанаар  амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх-н 72х/,

Д-ын Улсын 3 дугаар төв эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн өвчний түүхийн хуулбар /1хх-н 73-83х/,

Д-ын Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэсэн өвчний түүхийн хуулбар /1хх-н 84-91х/,

Д-ын Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн өвчний түүхийн хуулбар /1хх-н 102-125х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зураг болон схем зураг /1хх-ийн 10-17х/,

Б-ийн биед болон өмсөж  явсан хувцсанд /улаан өнгийн хөвөнтэй дээл,  ногоон өнгийн бүс гэх мэт/ үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /1хх-н 18-22х/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцжээ.  

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.

2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар “нэг гэмт хэргийн улмаас хоёр удаа ял шийтгэхгүй” гэдэг хуулийн үндсэн зарчмын дагуу давтан гэмт хэрэг гэж ял хүндрүүлдэг байдлыг халсан билээ.

Анхан шатны шүүх “Б- нь өмнө нь хоёр удаа ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолуудын хуулбараар тогтоогдож байх тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Иймд шүүгдэгч Б-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, хохирол төлсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн болон Б-ийн бага насны хоёр хүүхэдтэй, эхнэр болох Ш 28-29 долоо хоногтой жирэмсэн бөгөөд Төв аймгийн Баянцогт сумын Эрүүл мэндийн төвийн байнгын хяналтад байдаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг 4 жил 6 сарын хорих ял болгон хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/179 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “5 /тав/ жил  6 /зургаа/ сар” гэснийг “4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сар” гэж, 3 дахь заалтын “5 жил 6 сарын” гэснийг “4 жил 6 сарын” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б-ийн цагдан хоригдсон 65 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.ДЭНСМАА