| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2024/0187/Э/220/2024/0671 |
| Дугаар | 2024/ШЦТ/250 |
| Огноо | 2024-03-11 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Цэцэгмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/250
2024 03 11 2024/ШЦТ/250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*********дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж, шүүгч Д.Шинэхүү, Ч.Алдар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Номин,
иргэдийн төлөөлөгч Л.С,
улсын яллагч Б.Цэцэгмаа,
шүүгдэгч Д.Д түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
*********дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан З овогт Д.Д-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***************** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа ********** ******* дүүргийн ** дугаар хороо, ********* тоотод оршин суух хаягтай, урьд
************ аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны * дугаар сарын **-ний өдрийн ** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, З овгийн Д-ийн Д, регистрийн дугаар ***********.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдөр ********* дүүргийн ** дугаар хороо, *********** **** тоотод Б.У-тай “гэрт шээлээ” гэх шалтгаанаар маргалдан, хутга буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, түүний биед хэвлийд аюулхай хэсэгт нэвтэрч, ходоодны ханыг нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: “Архи уучхаад унтаж амрах гээд байж байтал У манайд согтуу орж ирээд агсам согтуу тавиад надаас архи нэхээд байсан. Тэгэхээр нь би архи дуусчихсан гэж хэлсэн. Тэгээд би жаахан архиа гаргачих гэж хэлээд жижиг өрөөндөө унтуулсан. Тэгээд эргээд ороод харсан чинь шээчихсэн, бөөлжчихсөн байсан. Тэгээд та одоо болиоч ээ гэсэн чинь миний өөдөөс аяга авч шидсэн. Тархиндаа гэмтэл авснаас болоод зарим зүйлээ санахгүй байдаг болчихсон.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар тал/,
- Хохирогч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдөр найзуудтайгаа уулзаж *********дүүргийн ** дугаар хороо, Хар хошуунд байх найз Э-ын гэрт өглөө 10 цагийн орчимд очсон. Тухайн үед хөдөөнөөс манай найзууд ирсэн байсан тул бид нар өдөржин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд би оройхон /цагийн нь хэлж мэдэхгүй байна/ *********дүүргийн ** дугаар хороо, Улиастайд байр гэр рүүгээ ганцаараа такси бариад явсан. Гэр рүүгээ явдаг гудамжинд буугаад алхаж байгаад манай гэрийн ертөнцийн зүгээр зүүн талд байх Д-ийн гэрт орсон. Намайг ороход олон согтуу танихгүй хүмүүс архи уугаад байж байсан. Тэгээд Д надаас архиа харамлаад Д бид хоёрын дунд маргаан үүссэн. Би согтуу байсан болохоор гэрт нь шээчихсэн. Тэгтэл Д уурлаад хутга барьж ирээд шууд миний хэвлий хэсэгт хутгалсан. Би цус алдаад байхаар нь гэр рүүгээ гүйж орсон. Гэртээ ороод орондоо ороод хэвтэж байхад манай хүү ирээд цагдаа болон түргэн тусламж дуудсан. Би шууд Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэж хагалгаанд орсон. Эмнэлгээс 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гарсан. Гэрээр эмчилгээ хийлгэж байгаад биеийн байдал арай дээр болоод өнөөдөр ирж мэдүүлэг өгч байна. ... Би Эын гэрээс гараад такси бариад гэр рүүгээ явахад миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй зүгээр байсан. ...Би Дтэй ямар нэгэн өр зээл, өс хонзонгийн асуудал байхгүй. Д ч гэсэн манай гэрт согточихоороо шээж баагаад л байдаг. Би Дгийн гэрт ороод үнэхээр шээс хүрээд байсан тул гэрт нь шээчихсэн. Тэрнээс болоод Д уурлаад шууд намайг хутгалсан. Би тухайн өдөр Дгээс өөр хүнтэй маргалдаж муудалцаагүй. Намайг Дгийн гэрт ороход 2-3 танихгүй залуу байсан. Тэд нар согтуу байсан. ...Би Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 7511 дугаартай шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан гэмтлийг Д хутгаар хатгах үйлдлээр учруулсан. Өөр хүн намайг цохиж зодоогүй. ...Би эмчилгээний зардалтай холбоотой баримтуудаа нийлүүлж байгаад гаргаж өгье.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 7511 дугаартай хүний биед үзлэг хийж гаргасан буюу Б.У-ын биед үзлэг хийж гаргасан дүгнэлт: Б.У-ын биед хэвлийд аюулхай хэсэгт нэвтэрч ходоодны ханыг нэвт хатгаж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус алдалт /700мл/ гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хурч ир үзүүл бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаярын шинээр гаргаж өгсөн хохирогч Батсүхийн Уянгад 720,500 төгрөгийг төлсөн баримт /1 хуудас/, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1 хуудас/, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацааг цуцалсан акт /1 хуудас/,
- Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн иштэй хутга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч “Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн зүгээс хохирол төлбөрт гаргаж өгсөн баримтуудыг хэрэгт нэг бүрчлэн хавсаргаж өгсөн. Энэ баримтын хүрээнд 720,500 төгрөг төлөгдсөн.” гэв.
Шүүхий хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч “Д.Дгийн зүгээс гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөв мэдүүлгээ өгсөн байдаг. Энэ нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох үндэслэл байгаа. Үүн дээр маргахгүй байгаа.” гэв.
Иргэдийн төлөөлөгч Л.С “Шүүгдэгч Д.Дг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна.” гэх саналыг бичгээр гаргасан байна.
Шүүгдэгч Д.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Утай “гэрт шээлээ” гэх шалтгаанаар маргалдан, хутга буюу зэсгийн чанартай зүйл хэрэглэж түүний биед ходоодны ханыг нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийд аюулхай хэсэгт нэвтэрч, хэвлийн хөндийн цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар тал/,
- Хохирогч Б.У-ын “...Би 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдөр найзуудтайгаа уулзаж *********дүүргийн 20 дугаар хороо, Хар хошуунд байх найз Эын гэрт өглөө 10 цагийн орчим очсон. Тухайн үед хөдөөнөөс манай найзууд ирсэн байсан тул бид нар өдөржин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд би оройхон *********дүүргийн 23 дугаар хороо, Улиастайд байх гэр рүүгээ ганцаараа такси бариад явсан. Гэр рүүгээ явдаг гудамжинд буугаад алхаж байгаад манай гэрийн ертөнцийн зүгээр зүүн талд байх Дгийн гэрт орсон. Намайг ороход олон согтуу танихгүй хүмүүс архи уугаад байж байсан. Тэгээд Д надаас архиа харамлаад Д бид хоёрын дунд маргаан үүссэн. Би согтуу байсан болохоор гэрт нь шээчихсэн. Тэгтэл Д уурлаад хутга барьж ирээд шууд миний хэвлий хэсэгт хутгалсан. Би цус алдаад байхаар нь гэр рүүгээ гүйж орсон. Гэртээ ороод орондоо ороод хэвтэж байхад манай хүү ирээд цагдаа болон түргэн тусламж дуудсан. Би шууд Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэж хагалгаанд орсон. Эмнэлгээс 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гарсан. Гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаад биеийн байдал арай дээр болоод өнөөдөр ирж мэдүүлэг өгч байна. Би Эын гэрээс гараад такси бариад гэр рүүгээ явахад, миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй зүгээр байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 7511 дугаартай Б.У-ын биед хэвлийд аюулхай хэсэгт нэвтэрч ходоодны ханыг нэвт хатгаж гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус алдалт /700мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулагүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Дд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх бөгөөд иргэдийн төлөөлөгчийн гаргасан “...гэм буруутай гэж үзэж байна.” гэх санал зэргийг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Уд баримтаар учирсан 720,500 төгрөгийг шүүгдэгч Д.Д нь төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Шүүгдэгч нь шүүхийн шатанд 40 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн зүгээрс 6 жилийн хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байгаа юм байна. Энэ гэмт хэрэг хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гарсан гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Эмэгтэй хүн байж айлд согтуу орж ирээд, гэрт нь шээнэ гэдэг хохирогчийн зүй бус үйлдэл энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзэж байна. Энэ хэргийг нэг талыг барьж шалгасан юм байна лээ. Би шүүхийн шатнаас оролцож байгаа. Гэрт хүн шээж байгаа нөхцөлд хүний сэтгэл санаа цочрон давчдах нөхцөл байдал байж болно. Гэрт олон хүмүүс байсан гэж ярьдаг боловч тэр хүмүүсээс нэгийг нь ч асуугаагүй. Улсын яллагч хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр л яллаж орж ирж байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн онцгойлон анхаарч өгнө үү гэж хүсэж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур шийдвэрлэж өгнө үү. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нээлттэй байгууллагад эдлүүлж өгнө үү. Хохирогч цаашид эрүүл мэндээ эмчлүүлэх шаардлагатай байх юм бол иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү.” гэв.
Шүүх шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дгийн урьд цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн иштэй хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Дд 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Дгийн урьд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 40 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.У нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд шүүгдэгч Д.Дгээс жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД
ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ
ШҮҮГЧ Ч.АЛДАР