Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2017/ШЦТ/139

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгч Д.Б*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Д*******ийн Б*******д холбогдох эрүүгийн 201722000169 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Д.Б******* нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн Жамбын булаг хэмээх газарт өөрийн гэртээ эхнэр Б.Ю*******г архи авч ирсэнгүй гэх шалтгаанаар зодож биед нь аарцаг ясны цууралт, баруун түнхний үеийн зөөлөн эдийн няцрал санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б******* нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн Жамбын булаг хэмээх газарт өөрийн гэртээ эхнэр Б.Ю*******г хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Б*******ы мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…Эхнэрээ зодож нүдсэн маань миний буруу гэдгийг ойлгож байна...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…" гэх мэдүүлэг,

       Хохирогч Б.Ю*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Охинтой чинь хамт ална гээд боож газарт унагаагаад дээш өргөж газарт шидэж унагааж, үүцэлж дараад хоёр мөрөн дээрээс хазаж, хоёр гарын булчинг чимхэж үснээс зулгаасан. Б******* намайг хий байнга хардаж дарамталдаг байсан... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-19 дүгээр хуудас/,

Гэрч Б.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Аав, ээжийг архи авч ир гээд гал тойруулж хөөгөөд байсан. Ээжийг цамцных нь захаар боогоод орлуу түлхсэн. Намайг хонь хараад ирэх хооронд аав ээжийг яаж зодсоныг мэдэхгүй байна. Аав архи уухаараа ээж рүү уурлаж зодоон үүсгэдэг. Согтуу үедээ хутга барьж ална гэж дарамталдаг, барьсан юм юу ч байсан шидэж цохичих гээд байдаг..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-23 дугаар хуудас/,

Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хадмындаа байж байтал манай дүү Мөнгөнзагас надруу залгаад ээжийн бие муудаад байна гэсэн. Тэгээд очиход ээж баруун талын орон дээр хэвтчихсэн юм хэлж, дуугарч чадахгүй хэвтэж байсан. Тэгээд сумын төврүү эмнэлэгт хүргэгдсэн. Аав ээжийг байнга дарамталдаг, цохиж зоддог байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-27 дугаар хуудас/,

Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Б.Ю*******гийн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Ямарч ясны цууралтыг гэмтлийн хөнгөн зэрэгт хамруулдаг..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 58-59 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Нандинцэцэгийн  2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 202 тоот дүгнэлтэд:

1. Б.Ю*******гийн биед гэмтэл тогтоогдлоо.

2. Б.Ю*******гийн  биед аарцаг ясны цууралт баруун түнхний үений зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, мөр бугалга, тохой цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.     

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6.  Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 31-32 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ю******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 75-78 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Б.Юмжинсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

       Шүүгдэгч Д.Б******* нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогттоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцон үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Онход Д*******ийн Б*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-т зааснаар шүүгдэгч Д*******ийн Б*******ыг 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Д.Б*******д оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялын заримыг буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Б*******д оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

       5. Эрүүгийн 201722000169 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

       6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б******* урьд авсан батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР