Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 53

 

                  

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 04 өдөр                    2020/ДШМ/53                                        Хэрлэн сум                                  

 

Г-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0053/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Прокурор Ж.Батбаатар,

Хохирогч Ч-, түүний өмгөөлөгч Б.Жавхлан,  

Шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч-ийн давж заалдах гомдлоор Б.Г-т холбогдох эрүүгийн 2039003090196 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний  өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Дадал суманд 1967 онд төрсөн, эрэгтэй, 53 настай, бүрэн бус дунд  боловсролтой, ам бүл 5,  хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “З” гэх газарт оршин суух, урьд Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 81 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Бн Г нь

2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар  багийн нутагт Ч-тэй маргалдаж түүний толгойн тус газарт нь бургасаар цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Б-н Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 / долоон зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Г-  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  3  /гурав / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Б.Г- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Г-оос 544890  /таван зуун дөчин дөрвөн мянга найман зуун ерэн/ төгрөг гаргуулж хохирогч Ч-т олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 64 см урттай бургас мод 1 ширхгийг устгахаар тус тус заан шийдвэрлэжээ.

Хохирогч Ч- давж заалдах гомдолдоо: Миний бие Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багт хүүхдийн хамтаар мал маллан амьдардаг. Манайх Баян-Овоо сумын Дэлгэрийн булгийн баруун хойд энгэрт өвөлжөөтэй бөгөөд өвөлжөөн дээр олон тооны бог мал орж ирж өвс идэж, өвөлжөө талхлаад байхаар нь тухайн малыг хариулж байсан хүнд хэлтэл намайг үл ойшоон огт тоогоогүй. 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өвөлжөөн дээр нөгөө олон тооны бог мал ороод ирэхээр нь өвөлжөөнөөсөө гаргах гээд тууж байтал хонины эзэн гээд нэг залуу ирээд “гичий минь чамайг ална шүү, чамайг алчихсан байхад чиний хүүрийг нэхэх хүн байхгүй, янхан минь” гээд над руу дайрч модоор миний толгой, гар, нуруу руу хэд хэдэн удаа цохисон. Тэр хүнд зодуулснаас болж миний толгой, зүүн гарын хуруу гэмтэж, нуруу хөхөрсөн. Би 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс хойш одоог хүртэл эм ууж, эмчлүүлж байна. Мөн зүүн гарын хоёр хуруу тахир муруй болж, толгой байнга өвддөг болсон.  Намайг сумын цагдаад өргөдөл гаргаснаас хойш цагдаагаас нэг удаа л дуудсан. Хэрэг шалгагдахгүй удаад байхаар нь сумын цагдаа дээр очиж асуухад “Г- айлын мал харахаа больсон, хорихоор эмчилгээний зардлыг чинь өгөхгүй, зөөлөн хандаж байгаад хохирлыг чинь гаргуулж өгөх гээд байна” гэж хэлэхээр нь итгээд хүлээсэн. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагт шүүхээс хүүтэй маань утсаар ярьж 11 цагаас шүүх хуралдаан болно гэж хэлсэн байсан. Би хониндоо явж байгаад 11 цаг өнгөрөөгөөд ирж мэдсэн бөгөөд 93157379 дугаар руу эргүүлээд залгасан боловч утсаа авахгүй байсан, 13 цаг 30 минутын үед над руу утсаар яриад “шүүх хуралдаан дууссан, Г-ийн өмгөөлөгч байна” гэж хэлсэн. Намайг Баян-Овоо суманд амьдардгийг мэдсээр байж хугацаа тулгаж тов мэдэгдэж миний шүүх хуралдаанд оролцох боломжийг хааж, эрхийг минь зөрчсөн. Мөрдөн шалгах ажиллагаанд намайг хэргийн материалтай танилцуулаагүй, шүүхээс шүүх хуралдаанд оролцох боломж олгоогүй, шинжээчийн дүгнэлт хөнгөн гарч, хохирлын баримтуудын тал нь үгүй болсон байсан. Иймд хэргийг дахин хянаж, намайг эрхээ хамгаалах боломжоор хангаж өгнө үү гэжээ.        

Хохирогчийн өмгөөлөгч Б.Жавхлан давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-т “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох”, мөн зүйлийн 1.8-т “хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах” зэрэг хохирогчийн эрхийг хуульчилсан байх бөгөөд Ч-ийн шинжээчийн дүгнэлттэй танилцах, дүгнэлттэй холбогдуулан гомдол гаргах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох зэрэг эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Уг хэрэг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр болсон бөгөөд шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гарсан. Уг тогтоолтой хохирогч танилцуулаагүй байтал мөрдөгч өөрөө “хохирогч танилцаж гарын үсэг зурахаас татгалзсан, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр” гэж он сарыг зөрүүтэй бичсэн нь нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэхээр байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч-т учирсан хохирол, гэмтлийг бүрэн тогтоогоогүй. Тус хэргийн улмаас Ч-ийн 2 хуруу тахир болж гэмтсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлт нэг хуруу гэмтсэн мэтээр гарсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад Ч-т 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан байдаг. Гэтэл 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Ч- нь Багануур дүүрэгт байсан, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймагт ирж мөрдөгчтэй уулзахад нэг баримт дээр өөрөө хэлж өгөөд юм бичүүлсэн талаар хэлдэг. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Г- “манай малын эзэн очиж уулзаад 1200000 төгрөг өгөх гэсэн боловч авахгүй байсан” гэж мэдүүлсэн. Гэтэл ийм асуудал огт болоогүй шүүгдэгч худал мэдүүлсэн талаар Ч- тайлбарладаг. Ийм байдлаар хохирогчийн эрх ноцтой зөрчигдсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Г- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Ч- намайг хонины бэлчээр дээр байхад ирээд чулуу, хомоолоор шидэж, морины цулбуураас бариад юмаар цохих гээд явуулахгүй болохоор нь сандраад толгой руу модоор нэг удаа цохисон нь үнэн. Гар руу нь бол цохиогүй. Миний буруу байсан гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогчийн шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалтай танилцаагүй гэх гомдлын тухайд мөрдөгч Ч-т шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалыг танилцуулаад гарын үсэг зуруулах гэсэн боловч хохирогч нь гарын үсэг зурахаас татгалзсан байдаг.

Хохирогчийн шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй гэх гомдлын тухайд  анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Мөн хохирогчид учирсан гэмтэл нь хэзээ учирсан нь тодорхойгүй, хохирлын талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хохирогч Ч-ийн давж заалдах гомдлоор Б.Г-т холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-т “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох”, мөн зүйлийн 1.8-т “хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах” зэрэг хохирогчийн эрхийг хуульчилсан байх бөгөөд хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “хохирогч нь хэргийн материалаас татгалзсан” гэж гараар бичсэн /хх-н 61х/, анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудаст “шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр хохирогч Ч-ийн 93052577 дугаарт 2020 оны 9 дүгээр сарын 28, 30, 2020 оны 10 дугаар сарын 04, 06-ны өдрүүдэд залгасан боловч утсаа аваагүй” гэж тэмдэглэсэн /хх-н 77х/ зэргээс үзэхэд хохирогчид хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул хохирогчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/182 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.ДЭНСМАА