| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/03529/И |
| Дугаар | 183/ШШ2021/02681 |
| Огноо | 2021-11-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2021/02681
2021 оны 11 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2021/02681 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, БУА/РД:0000/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч УА, гэрч ХЭ, нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...УА миний бие 1997 оны 12 д-угаар сарын 26-ны өдрөөс 1998 оны 4 дүгээр сарын 01-ний хооронд эргүүл хамгаалалтын 801 дүгээр хорооны дэргэдэх цагдаа дамжаанд суралцсан. 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1998 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд цагдаагийн дамжаанд сурч төгссөн 3 сараа улсад ажилласан жилд оруулан тооцуулах гэтэл архиваас элссэн тушаал гарч ирээгүй бөгөөд харин цагдаагийн ерөнхий газрын эргүүл, хамгаалалтын 801 дүгээр хорооны захирагчийн Б/24 тоот тушаал архиваас гарч байна. Иймд 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1998 оны 4 дүгээр сарын 01-ний хооронд цагдаагийн дамжаанд суралцсан 3 сарын хугацааг сэргээж өгнө үү. Цагдаагийн тэтгэвэр тогтоолгоход Нийгмийн даатгалын байгууллагаас баримт байхгүй байна шүүхээр тогтоолго гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Архивын ерөнхий газарт элссэн тушаал, төгссөн тушаал байхгүй, сурч байсан гэх тушаалын хуулбар хадгалагдсан байсан. Тухайн үед цагдаагийн дамжаа төгссөн үнэмлэх байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч УА нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан.
Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлээ цагдаагийн дамжаанд суралцсан хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцдог ба миний суралцаж байсан үеийн тушаал олдохгүй байгаа тул 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1998 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд суралцсан 3 сарын хугацааг тогтоолгох гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан Нийслэлийн цагдаагийн газрын №346 дугаартай, 1998 оны 3 дугаар сарын 23-ны өдөр олгосон цагдаагийн дамжаа төгссөн үнэмлэхний хуулбар болон Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 24/05/619 дугаартай УАын тухай тодорхойлолт 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1998 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд 3 сарын хугацаатай цагдаагийн дамжаа төгссөн болох нь тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан УА/РД:0000/ нь 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1998 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай цагдаагийн дамжаа төгссөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан УАын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ