Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/410

 

2024         04            17                           2024/ШЦТ/410

 

                          

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,  

улсын яллагч Д.Аззаяа,

хохирогч Б.Б,

хохирогч С.Бын өмгөөлөгч С.Батцэрэн,

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц овогт Г.Д-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны * дүгээр сарын *-ний өдөр **** аймгийн ****** суманд төрсөн, эмэгтэй, ** настай, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамтаар ******** дүүргийн * дүгээр хороо, **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *********** регистрийн дугаартай, Ц овогт Г.Д.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь ********* дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр “Өгөөмөр цогцолбор хорооллын ** байрнаас бартераар авч байгаа 42.6 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд бэлэн 29,000,000 төгрөг, мөн 39,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслүүдийг нь тус тус залилан авч бусдад нийт 68,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ******** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-ийг “Өгөөмөр цогцолбор хорооллын ** байрны 7 давхрын 3 өрөө орон сууцыг зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 61,500,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Б-той уулзсан. Ганбаа манай дүү байгаа юм. Хувь лизингийн байр байна уу гэж надаас асуусан. Г-тэй ажлын шугамаар уулзаж байгаагүй. Хаус дээр хөрөнгө оруулалт хийгээд хамтарч ажиллана гэж ярьсан. Манайх барилгын ажил хийгээгүй гэдгээ тодотгож хэлсэн. Пассатын ажил хийсэн гэж яриагүй. Хандаа гэдэг талбайн инженер байдаг. Хандаа нэлээн буруу ойлголт өгөөд явуулсан байдаг. Ажил явах гээд хүмүүсээс мөнгө авсан байсан. Нэгэнт мөнгө төгрөг авчихсан учраас “байртай болгъё” гэж явсаар байгаад ийм байдалд орсон. Санаатайгаар зохиомол байдал бий болгож гэмт хэрэг үйлдээгүй. 2 га газраа хураалгачихлаа гэж хэлэхэд Ганаа эгч надтай хамтарч ажиллахаа больсон. Надад цааш хамтарч ажиллахгүй гэдгээ хэлээгүй. Б-т 50.500.000 төгрөг, Б-од 50.000.000 төгрөг өгнө. Уг нь нийт 68.000.000 төгрөг өгөх байсан. Түүнээс 28.000.000 төгрөгт машин бодож өгсөн. Машинд засвар хийнэ гээд 10.000.000 төгрөг нэмээд одоо эцсийн байдлаар 50.000.000 төгрөг өгнө...” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сард Монгол улсад ирсэн. 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Солонгос улс руу 11 сартай хөхүүл хүүхдээ орхиод байртай болох зорилгоор явсан. Би жирэмсний амралттай хугацаа 2020 оны 12 дугаар сард дуусаж байсан. Манай хадам аав манай нөхөр бид хоёрт нэг өрөө байр өгсөн. 34 мкв нэг өрөө байрыг 40 сая төгрөгөөр зараад Солонгос улсад ажиллаж олсон мөнгөө нэмээд Д-д байр авахаар өгсөн. Нэг өрөө байр өнөөдрийн зах зээлийн үнээр 100 сая төгрөг хүрч байна. Нэг ёсондоо хадам аавынх нь өгсөн байрыг би байхгүй болгочихсон. Өнөөдөр би нөхөргүй, ганц бие ээж болсон байна. Маш их өр зээлтэй, нөхөр орхиод явсан. Гэрлэлтийн баталгаагаа салгуулахаар шүүхээр явах тухайгаа ярилцаж байгаа. 2021 оны 01 сард байр ашиглалтад орно гэж хэлсэн. Байр хугацаандаа ашиглалтад орохгүй удаад нөхөртэйгөө таарамжгүй харилцаатай болж, тусдаа байх болсон. Манай нөхөр намайг “чи тэр луйварчинтайгаа нийлж манай аавын байрыг зарсан, шүүхээр явна” гээд тусдаа амьдарч байгаа. Би түрээсийн байранд амьдарч, хоёр хүүхдээ өсгөж байгаа. Д-гээс 50.500.000 төгрөг авлаа гэхэд нэг өрөө байр ч авч чадахгүй. Банканд нийт 70 сая төгрөгийн зээл төлж байгаа. Ах дүү болон хадам ааваасаа мөнгө зээлээд өрнийхөө араас гарч чадахгүй, хэцүү нөхцөл байдалд байна. 11 сая төгрөгийн тухайд цагдаад мэдүүлэг өгсний дараа Д- эгч надад “эгч нь шоронд явахыг хүсэхгүй байна, *********** барилгаас авлагатай гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та одоо өөрийнхөө нөхцөл байдлын талаар хэлээд авлагаа аваад надад боломжоороо өг” гэж хэлсэн. Тухайн барилгаас 6 сая төгрөг авсан юм шиг байсан. Над руу цувуулаад шилжүүлсэн. 2020 оны 12 дугаар сард 2 өрөө байр 70 сая төгрөгийн үнэтэй байсан. 2021 оны 06 дугаар сараас эхлээд байрны үнэ өссөн. Тухайн барилгын хажуу талд ашиглалтад орох гэж байсан байраас 42 мкв байрыг би 52 сая төгрөгөөр авахаар ярилцсан байсан. Тэгээд хэдэн сар хүлээж байгаад 3 өрөө байранд орчихвол зүгээр юм болов уу гэж бодоод өнөөдөр ийм байдалд хүрсэн. Би тасралтгүй ажлаа хийж ээлжийн амралттай хугацаандаа гадаа талбайд хүнсний ногоо зараад явж байсан тулдаа идэх хоолтой, өмсөх хувцастай явж байна. Д гэдэг хүн намайг 3 жилийн турш ийм амьдралаар амьдруулсан. Би хохироочихсон юм шиг над руу мессеж бичсэн. Би үнэхээр гомдолтой байна...” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     - Хохирогч С.Б-ын 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би анх өөрийн бэр эгчээр дамжуулж Г.Д гэх хүнтэй анх танилцахад өөрийгөө ************** ХХК-ийн захирал манай компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг одоо Өгөөмөр цогцолбор барилгийн гадна пассат зэрэг ажил хийгээд 6 ширхэг орон сууцаар бартер хийж байгаа гэж танилцуулж байсан. Тэгээд намайг байр худалдаж авах гэж байгаа бол надаас 2 өрөө байр 78,000,000 сая төгрөгөөр худалдаж ав, мөнгийг нь боломжоороо өгч болно гэж хэлсэн. Тэгээд анх 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Орон сууж худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан. Тухайн өдрөө урьдчилгаа болох 5.000.000 төгрөг, приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 11,000,000 сая төгрөгт тооцоолж нийтдээ 16,000,000 сая төгрөг өгч байсан. Гэрээнд заасны дагуу сар бүр 2,000,000 сая төгрөг өгөхөөр тохирч байсан. Гэрээний дагуу сар бүр 1,000,000-2,000,000 сая төгрөгийг Г.Д-гийн данс буюу ************* дугаарын данс руу шилжүүлж байсан. Тэрнээс хойш 2022 оны 7 дугаар сард Д- байр ашиглалтанд орох дөхөж байна. Та 2 үлдэгдэл мөнгөө гүйцээ гэхээр нь бэлэн мөнгө байхгүй байсан болохоор өөр приус-30 маркийн машинаа 28,000,000 саяд тооцож өгсөн. Ингээд 24,000,000 сая төгрөг дансаар өгч үлдсэн мөнгийг нь машинаар бартер хийж байсан. Тухайн байр баригдаж байхад захиалсан байрандаа орж үзэж байсан. Одоо бол Өгөөмөр цогцолбор ашиглалтанд орсон байгаа, гэвч одоог хүртэл байрандаа орж чадаагүй байна. Г.Д-тэй холбогдхоор хүлээж бай, удахгүй оруулнаа гээд л шалтгаан хэлээд байдаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/,

- Хохирогч С.Б-ын 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би анх Д-д 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр урьдчилгаа болох 5,000,000 сая төгрөгийг өөрийн хаан банкны ************* дугаарын данснаас Г.Д-гийн *************** дугаарын данс руу шилжүүлж өгсөн. Мөн өөрийн унаж байсан приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 11,000,000 сая төгрөгт тооцож өгсөн. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын сүүлчээс эхэлж 2022 оны 9 дүгээр сар хүртэл сар бүр Г.Дгийн данс руу 2,000,000 сая төгрөг шилжүүлж байсан. Гэхдээ коронагийн үеэр 5 сар мөнгө шилжүүлээгүй. Гэхдээ нийтдээ данс руу нь 24,000,000 сая төгрөг шилжүүлсэн байсан. 2022 оны 9 дүгээр сард Г.Д байр ашиглалтанд орлоо үлдэгдэл мөнгөө өгөх хэрэгтэй байна гэж хэлээд тухайн үед надад мөнгө байхгүй байсан тул мөн өөрийн унаж байсан приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 28,000,000 сая төгрөгөөр тооцож Г.Дд хүлээлгэн өгсөн. Ингээд дансаар нийтдээ 29,000,000 сая төгрөг шилжүүлж, 2 приус-30 маркийн тээврийн хэрэгслийг нэгийг нь 11,000,000 төгрөгт тооцож, харин сүүлд өгсөнийг нь 28,000,000 сая төгрөгт тооцож нийтдээ 39,000,000 сая төгрөгт тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн. ...Би өөрийн хаан банкны ************** дугаарын данснаас Г.Дгийн *********** дугаарын данс руу шилжүүлж байсан. Ганц нэг удаа л өөр данснаас шилжүүлж байсан. Гэхдээ гүйлгээний утган дээр нь байрны урьдчилгаа эсхүл овог нэр утасны дугаараа бичиж явуулдаг байсан. ...2 приус-30 маркийн тээврийн хэрэгсэл 2 уулаа миний өөрийн эзэмшлийнх байсан, эхэнд өгсөн тээврийн хэрэгслийг нь Д-гийн нэр дээр шилжүүлж өгч байсан, харин сүүлд өгсөн тээврийн хэрэгсэл нь “*************” ББСБ нэр дээр байсан болохоор би гэрчилгээг нь шилжүүлж өгөөгүй. Д-тэй аман илтгэлцлээр машины үнийг тохирч өгч байсан. Ямар нэгэн үнэлгээ болох баримт бичиг үйлдэж байгаагүй ээ. ...Сүүлд 28,000,000 сая төгрөгт тооцож авсан приус-30 маркийн тээврийн хэрэгслээ буцааж авсан байгаа. Гэхдээ уг машиныг 18,000,000 сая төгрөгт тооцож авсан учир нь уг машиныг Г.Д жил гаран унаж хэрэглэсэн, мөн их эвдрэлтэй бас торгууль ихтэй байсан тул 10,000,000 төгрөгийг нь хасаж тооцсон. ... Нийт 68,000,000 төгрөг өгснөөс 18,000,000 сая төгрөгт нь сүүлд өгсөн приус-30 маркийн тээврийн хэрэгслээ авсан. Одоо үлдэгдэл 50,000,000 сая төгрөгийн хохиролтой байгаа. ...Би гомдолтой байна, би маш хурдан хугацаанд мөнгөө авмаар байна, эхнэр маань төрсөн нялх биетэй байгаа, мөн орох орон байхгүй маш их хохирч байна. Мөн Г.Д-тэй хохирлын тал дээр маргах зүйл байхгүй, Г.Д өөрөө хүлээн зөвшөөрч үлдэгдэл 50,000,000 сая төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулна гэдгээ нотариатаар орж баталгаажуулсан байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар тал/,

- Хохирогч Б.Бийн 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр мөрдөн шалгах ажилагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сард цахим хаягнаас байр зарна гэсэн зарын дагуу Энэрэл гэх хүнтэй ************ борлуулалтын албаны байранд уулзаж Д- гэх хүнийг танилцуулсан. Танилцуулахдаа тухайн хүнийг манай байгууллагатай хамтран ажилладаг туслах гүйцэтгэгч компани өмнө нь олон байр авч байсан гэх хэлснээр би Д-тэй тэр газраа уулзаж баригдаж буй **** байрны 7 давхарт 3 өрөө байрыг худалдан авахаар гэрээ хийж түүнд дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 61,500,000 төгрөгийг түүний ************** тоот данс руу 2020 оны 11 дүгээр сард шилжүүлсэн. Тухайн байр нь заасан хугацаанаас хойш ашиглалтанд орохгүй байж байгаад 2022 оны 12 дугаар сард ашиглалтанд орсон. Байраа авах гэтэл *********г барьсан *********** ХХК нь Д-гийн ********** ХХК-тай байр өгнө гэсэн гэрээ байхгүй Д- нь намайг хуурч мэхлэн мөнгө авсан байсанг мэдсэн. Гэрээ хийснээс хойш 1 жил 6 сарын дараа Д- нь надтай утсаар холбогдож *********г барьж буй *********** ХХК-ын захирал Г-тэй тохиролцож гэрээ хийж чадсангүй чиний байрыг өөрийнхөө мөнгөө авч өгнө гэж байсан. Тэр өдрөөс хойш миний мөнгө болон байр авч өгөхгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандана гэж хэлэхээр надаас олон дахин уйлж гуйсаар байгаад өдийг хүрсэн. Надад хохирол учирсан тул яаралтай хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ...Манай байгууллагаар дахин барилга бариулах захиалга өгсөн бид хоёр төрсөн эгч дүү хоёроос ялгаагүй надад итгэж болно удахгүй гэрээ хийнэ гэж хэлсэн. ...Ажилдаа зарцуулна гэж байсан ба юунд зарцуулсан талаар нь би мэдэхгүй, Энэрэл нь ********* ХХК-д борлуулалтын ажилтан байсан одоо хүртэл хийж байгаа. Гэхдээ декрит авсан гэртээ байгаа надтай байнга утсаар холбогдож байгаа. Д-тэй ямар нэгэн холбоо байхгүй. ...Миний мэдэхээр Д- ********* ХХК-ийн захирал хоёрын хийх гэж байсан ажил нь бүтэхгүйгээс болж *********оос байр авахааргүй болсон байх гэж бодож байна. Тэр ажил нь барилгын ажил байсан гэж Д- өөрөө надад хэлж байсан. ...Хохирлоо яаралтай барагдуулан авмаар байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 126 дугаар тал/,

     - Гэрч Г.Г-ийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Танина, 2016 оноос хойш эрний 73А байранд надтай хамтарч ажиллаж байсан, тухайн үед Г.Д барилгийн карказны ажил хийж байсан тэгээд 2017 онд гэрээний маань хугацаа дуусаад хамтран ажиллахаа больсон. ...Би хамгийн сүүлд ** байрыг барьж дуусаад ашиглалтанд оруулсан, сая 2023 оны хавар 5 дугаар сард ашиглалтандаа орсон байгаа. ...Огт тийм зүйл байхгүй, би Д-тэй байр бартераар хийх зүйл яриагүй ээ, ** байр баригдаж байх үед эгчээ таны байрыг зарж өгөх үү гээд л асуугаад байсан, би ч тухайн үедээ нээх тоогоогүй ээ. Тэгээд саяхнаас таныг цагдаа дээр дуудвал битий мэдүүлэг өгөөрэй, намайг уучлаарай таны нэрийг худалдсан уучлаарай гээд мессеж бичээд байсан, бас над руу залгаад байхаар нь би огт утсаа аваагүй ээ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар тал/,

     - Гэрч Г.Г-ийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би ********* ХХК-ийн захирал ажил эрхэлдэг бөгөөд манай байгууллага нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 20 жил болж байгаа. Ажиллаж байх хугацаанд 2016 онд Д- гэх хүнтэй танилцаж байсан ба тэр үед ************ХХК-ийн ажилладаг түүний нөхөр нь захирал нь байсан. Манай байгууллагатай 2016 онд манай байгууллагын суурийг хийж өгч байсан. Өөр зүйлд огт хамтран ажиллаж байгаагүй. 2022 оны хавар Д- нь гэнэт гэрч ирээд таны байрыг зараад өгөх үү гээд гүйгээд яваад байсан. Би юу ч бодолгүй зарах байр байгаа зараад өгвөл сайн л байна гэж хэлсэн. Гэвч тэр өдрөөс хойш буюу 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр орчим Д- нь би таны нэрийг барьж худал ярьсан намайг уучлаарай та битгий мэдүүлэг өгөөч гэж мессеж ирсэн учир гайхсан. Удалгүй цагдаа нар залгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 135 дугаар тал/,

     - Г.Д эзэмшигчтэй Хаан банкны ************дугаарын депозит дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 106-110 дугаар тал/,

     - Б.Б эзэмшигчтэй Хаан банкны ************дугаарын депозит дансны хуулга /хавтаст хэргийн 145 дугаар тал/,

     - ************ дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хохирогч С.Бын гаргасан гомдол /хавтаст хэргийн 7 дугаар тал/,

     - *************** ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 8 дугаар тал/,

     - Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хавсралт /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

     - Дансны хуулга /хавтаст хэргийн 15-32 дугаар тал/,

     - Хохирогч С.Бын 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Анх өгсөн приус-30 маркийн тээврийн хэрэгслээ ************ дүүргийн *** дугаар хорооны “***************” дээр тээврийн хэрэгслээ өгч байсан. Харин урьдчилгаа мөнгө болон сар бүр хийдэг байсан мөнгөө ажил дээр байхдаа буюу ************ дүүргийн ** дүгээр хороо ************ зах дээрээс шилжүүлдэг эсхүл гэрээсээ буюу *********** дүүргийн ***** дүгээр хороо *********** хотхоны *********тоотоос л шилжүүлдэг байсан. Өөр ямар нэгэн газраас шилжүүлж байгаагүй ээ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр тал/,

            - Г.Дгийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...Би ************* ХХК-ийн гүйцэтгэх ажил эрхэлдэг. 2020 онд хаус барих төсөл хэрэгжүүлэх гэж байсан, гэтэл ************ ХХК-ийн захирал Г- төслийн 5 хаус авахаар, би хариуд нь баригдаж буй **** хотхоноос 5 байр авахаар бартер хийхээр тохирч тухайн үедээ амаар тохиролцож байсан. Тухайн үед найз Г-ийн дүү Б- байр худалдаж авах гээд хайгаад байна гэхээр нь би өөрийн бартердаж авах гэж байгаа байрныхаа нэгийг 2 өрөө байрыг нь Б-од гайгүй үнэ тохиролцож зарна гэж бодоод Өгөөмөр-2 хотхонд 2 өрөө байр 74,500,000 төгрөгөөр зарахаар орон сууц худалдах худалдан авах гэрээг 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр С.Бтой хийсэн. Уг байр нь 2020 оны 12 дугаар сард ашиглалтанд орох байсан боловч заасан хугацаандаа ашиглалтанд ороогүй. 2022 оны 12 дугаар сард ашиглалтанд орсон. Тэр үеэр миний хаусны төсөл хэрэгжээгүй, газраа хүчингүй болгосон. Тэгээд миний хаусны төсөл ажилтгүй болж нурсан тул ************ ХХК-ийн захирал Г-тэй тохирсон байр бартераа авах байсан санаа маань амжилтгүй болсон. Би өөрийн хаус төсөл хэрэгжээд ажил амжилттай явагдана гэж маш их итгэсэн, бас ************ ХХК-ийн захирал Г-ээс 5 байр авна гэдэгтээ ч итгэлтэй байсан тул Б-оос 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр урьдчилгаа 5,000,000 төгрөг, приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 11,000,000 сая төгрөгт тооцож нийт 16,000,000 сая төгрөг урьдчилгаанд авсан, сар бүр 2,000,000 төгрөг төлж байхаар тооцсон. Тэгээд тэрнээс хойш 2020 оны 12 дугаар сар хүртэл Б- тасралтгүй 2,000,000 төгрөг төлж байсан, түүний дараа ч увуулан цувуулан төлсөөр байгаад сүүлд бас приус-30 маркийн тээврийн хэрэгслийг нь 28,000,000 сая төгрөгт тооцож худалдаж авсан. Ингээд нийтдээ 68,000,000 сая төгрөг Б-оос авсан. Би ямар ч залилах шинж агуулаагүй ээ, би анхнаасаа бартер хийсэн байраа л зарах зорилготой байсан, өмнө нь бас ингэж олох хүнд байр зарж ажлаа гүйцэтгэдэг байсан, түүн шигээ бодоод л Б-од байр зарна гэж урьдчилгаа мөнгө авсан, гэхдээ уг зарна гэсэн байр нь одоо хүртэл хадгалаастай байгаа, учир нь миний хаус төсөл эргээд хэрэгжиж байгаа, барилгийн ажил ч бас хэрэгжиж байгаа, тийм болохоор ************ ХХК-ийн захирал Г- бид 2-ын 2020 онд ярьсан хаусын бартераар хийх тохиролцоо хэвээрээ байгаа гэсэн үг. Хөрөнгө оруулалт ороод ирвэл би бартераар авах гэж байгаа байраа өөрийн нэр дээр шилжүүлж Б-од хүлээлгэн өгөх юмаа, тэгээд тэр хүртэл л хүлээгдээд байгаа. ...Хаус төслийн ажилд ашигласан, тухайн мөнгө миний өөрийн ************дугаарын дансаар шилжиж орж ирдэг байсан, би уг мөнгийг тухайн үед хэрэгжүүлэх гэж байсан хаус төсөлд ашигласан. ...Миний хаус төсөл ажил тухайн үед амжилт олоогүй би амжилттай явагдах байх гэж их итгэсэн байсан болохоор Б-ыг тухайн үед байранд нь оруулж чадаагүй ээ, миний төсөл амжилтгүй болсон болохоор Өгөөмөр-2 хотхоноос бартераар авах байсан байрны тохиролцоо хүртэл тэр үед хүчингүй болсон, тэгээд өөрийн хийж байгаа хаус төслөө дахин хэрэгжүүлэхээр болж одоо бүтэмжтэй байгаа, хөрөнгө оруулалт ороод ирвэл миний төсөл ч амжилттай болно. Бартер хийж авсан байраа ч мөн хүлээн авна. Б- одоо жаахан хугацаанд хүлээвэл байрандаа орох бүрэн боломжтой байгаа. Гэхдээ байрандаа орохгүй хүлээж чадахгүй гэвэл би мөнгийг нь өгнө.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар тал/,

            - Г.Дгийн гэрчээр 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр урьдчилгаа 5,000,000 сая төгрөг өөрийн ************дансаар авсан бас приус 30 маркийн тээврийн хэрэгслийг нь 11,000,000 сая төгрөгт тооцож нийт 16,000,000 сая төгрөг урьдчилгаа болгож авсан. Тэгээд сар бүр 2,000,000 төгрөг миний данс руу шилжүүлж байхаар тохирч 2020 оны 10 дугаар сарын сүүлээс эхлээд сар бүр 2,000,000 төгрөг шилжүүлж байсан, дансаар шилжүүлсэн мөнгө нийтдээ 24,000,000 сая болно. Тухайн мөнгийг би өөрийн ************дугаарын дансаар авсан. Тэрнээс хойш 2022 оны 9 дүгээр сард байр ашиглалтанд орлоо гэж хэлээд приус-30 маркийн машиныг нь 28,000,000 тооцож авсан. Ингээд өөрийн ************дансаар нийтдээ 29,000,000 сая төгрөг шилжүүлж аваад приус-30 маркийн 2 тээврийн хэрэгслийг нь нийт 39,000,000 сая төгрөгт тооцож авсан. Нийтдээ 68,000,000 сая төгрөг авсан. ...Анх 11,000,000 сая төгрөгт тооцох авсан приус-30 маркийн тээврийн хэрэгслийг нь зараад мөнгийг нь хувьдаа ахуйн хэрэглээнд үрсэн. Бас дансаар авсан нийт 29,000,000 төгрөгийг мөн адил ахуйн урсгал зардалд л үрсэн. Харин сүүлд 28,000,000 сая төгрөгт тооцож авсан приус-30 маркийн тээврийн хэрэгслийг нь Б-од буцааж өгсөн байгаа. Би дансаар авсан мөнгийг *********ы захиалгийн байранд өгөөгүй, би хувьдаа ашигласан, учир нь *********д захиалсан байрын би өөрийн барих гэж байсан хаустай бартер хийх гэж байсан боловч миний барих хаусны төсөл бүтэлгүйтсэн тул байр бартердаж авах боломжгүй болсон. Би одоо Б-од нийт 50,000,000 сая төгрөг өгөх ёстой байгаа. ...Уг төсөл одоо бас зогсолтын байдалтай байгаа, газар эзэмшсэн гэрчилгээ гараагүй байгаа тул хаус баригдах асуудал зогссон байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр тал/,

            - Яллагдагч Г.Дгийн 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 онд найз Ганбаа гэх хүний дүү болох Б- гэх залуутай танилцсан. Тухайн залуу байр авна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би надад зуучлах байр байна гэж хэлсэн. Тэгээд тухайн үед *********ы ** барилгийг миний танил Г- гэх эгч барьж байсан болохоор Г- эгчтэй өөрийн барих гэж байгаа хаусыг 2 байраар бартер хийнэ гэж аман тохиролцоо хийсэн байсан. Тэгээд би бартер хийх 2 өрөө байрыг 68,000,000 сая төгрөгт зарна гэж хэлээд би Б- надад урьдчилгаа бэлэн 5 сая төгрөг, приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 11 саяд тооцож авсан. Тэгээд түүний дараа сар бүр 500,000-2,000,000 сая төгрөг миний ************дугаарын данс руу шилжүүлдэг байсан. Тэгээд 2020 оны 12 дугаар сар хүртэл миний данс руу сар бүр мөнгө ордог байсан. Тэгээд 2022 оны 9 дүгээр сард байр чинь ашиглалтанд орлоо гэж хэлээд приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 28,000,000 сая төгрөгт тооцож авсан. Тэгээд нийдээ 68,000,000 сая төгрөг дансаар болон приус-30 маркийн тээврийн хэрэгсэл оролцуулж авсан. Би хаусны төсөл бичээд хаус барих гээд ажлаа эхлүүлэх гэж байсан, тэгээд *********ы ** байранд ашиглалтанд орох байрыг бартераар солилцоо хийе гэж Г- гэх хүнтэй амаар тохиролцсон боловч миний хаусны төсөл бүтээгүй газар алдсан. Миний хаусны төсөл бүтээд Б-ыг байранд нь оруулна гэж бодож байсан боловч миний төсөл бүтэлгүйтсэн тул Б-ыг байранд нь оруулаагүй. Тэгээд уг зүйлээс болоод л Буягтогтохоос 68,000,000 сая төгрөг авсан. ...Дандаа өөрийн хувийн хэрэгцээд зарцуулаад дуусгасан. ...Сүүлд 28,000,000 сая төгрөгт тооцож авсан приус-30 маркийн тээврийн хэрэгслийг нь хүлээлгэн өгсөн, гэхдээ би унаж хэрэглэж байсан болохоор 18,000,000 төгрөг бодож өгсөн одоо үлдэгдэл 50,000,000 сая төгрөг төлж барагдуулаагүй байгаа. Би удахгүй төлж барагдуулна. ...Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр мөрдөгч цагдаагийн ахмад Б.Тэмүүлэн дээр нэг үйлдэл байгаа. Яллагдагчаар мөн татагдсан байгаа. Бас яг энэ үйлдэлтэй адилхан. Бас *********ы ** байранд 3 өрөө байра зарна гэж Б- гэх хүнээс 61,500,000 төгрөг авсан үйлдэл байгаа. Уг үйлдэл нь мөн л хаусаар бартер хийж авна гэсэн 3 өрөө байраг би дур мэдэн хүнд зарна гэж 61,500,000 төгрөг авсан. Дандаа өөрийн ************дугаарын дансаар мөнгөө шилжүүлж авч байсан. ...Би 1983 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Ховд аймагт төрсөн. Эхээс 5 уулаа би айлын 2 дахь хүүхэд, Дээд боловсролтой, геологич мэргэжилтэй. 2011 онд ************ХХК-г худалдан авч барилгийн карказ угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Би нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Би өмнө нь цагдаагийн байгууллагад ял шийтгэл эдэлж байгаагүй. Би цагдаагаас дуудсан цагт нь ирээгүй шалтгаан нь миний бие өвдөөд эмнэлгээр явж эмчлүүлж байгаа. Савны хавдар гэх өвчтэй болсон. Одоо эмчилгээгээ хийлгэж байгаа. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б- болон Б- нарын хохирлыг бүрэн барагдуулна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр тал/,

            - Мөнгө хүлээлцсэн хэлцэл /хавтаст хэргийн 69 дүгээр тал/,

            - 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Г.Дгээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 70 дугаар тал/,

            - Улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 74 дүгээр тал/,

            - Дансны мэдээлэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 106-110 дугаар тал/,

- Дансны хуулга /хавтаст хэргийн 145 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

             Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч “Шүүгдэгч Г.Д нь *********** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Быг үргэлжилсэн үйлдлээр “*************** хорооллын ** байрнаас бартераар авч байгаа 42.6 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд бэлэн 29,000,000 төгрөг, мөн 39,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслүүдийг нь тус тус залилан авч бусдад нийт 68,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, Мөн 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бийг “Өгөөмөр цогцолбор хорооллын ** байрны 7 давхрын 3 өрөө орон сууцыг зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 61,500,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчээс хохирогч Б-т 50,500,000 төгрөг, хохирогч Б-од 50,000,000 төгрөгийг тус тус гаргуулж олгуулах саналтай байна.” гэв.

             Хохирогч Б.Б-ын өмгөөлөгч С.Батцэрэн “Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дэмжиж байна. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах саналтай байгаа. Шүүгдэгч нь тухайн байраа авах нь эргэлзээтэй, газар нь маргаантай байх үед хохирогч нарт өнөөдөр, маргаашгүй байр ашиглалтад орох гэж байна гэж итгэл төрүүлээд нэмж мөнгө авсан зүйл байдаг. Шүүгдэгчээс Б-од 50.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

             Шүүгдэгчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн яллаж оруулж ирсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргаж цагаатгах байр суурьтай оролцсон. Захиалгын гэрээ хийж хохирогчоос мөнгө аван байр ашиглалтад орох үед таалагдсан байрыг нь өгнө гэж заримтай нь бичгээр гэрээ хийсэн байдаг. Үүнд Д- зохиомол байдал бий болгосон зүйл байхгүй. Өнөөдөр улсын яллагч, гэрч Г-ийн мэдүүлгийг үнэлж зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэж дүгнэдэг. Г- нь “Би Д-тэй яриа хийсэн зүйл байхгүй, 73а байрны карказыг барьсан, ** байрны суурийг барьсан зүйл байгаа” гэдэг зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Г-ийн хаусаар байр солих тохироо хийгээгүй гэдэг хэсэгт ач холбогдол өгч байна. Хохирогч нарын мэдүүлгээр Д- нь Г-тэй бичгээр гэрээ байгуулаагүй ч гэсэн баригдаж байгаа барилгаас Б-, Б- нарт байр авах байсан гэдэг нь хангалттай харагдаж байна. Энэрэл Д-г Б-тэй холбож өгсөн. 2 өрөө байр авахад таны бэлэн мөнгө хүрч байна. Гэхдээ та 3 өрөө байр авахыг хүсвэл хажуу талын байраас 1 метр квадратыг хямд үнээр авах боломжтой гэдэг гаргалгааг хэлсэн байдаг. Б- болон Д- нар нь эрх зүйн мэдлэггүйгээс үүдэн Энэрэлийг гэрчээр шүүх хуралдаанд оруулах хүсэлт гаргаагүй байна. Миний бие урьдчилсан хэлэлцүүлгийн шат өнгөрснөөс хойш хууль зүйн туслалцаа үзүүлж эхэлсэн. Өнөөдөр Д-г зориуд зохиомол байдал бий болгосон гэдэг нь тогтоогдохгүй байна. Хохирогч Б-ын өмгөөлөгч газар нь бүтэхгүй болчихоод байхад үргэлжлүүлж мөнгө авсан гэдэг зүйл хэлсэн. Үүнийг үгүйсгэхгүй. Тухайн үед Г-тэй тохиролцоход газар байсан. Ковидын дундуур газар нь бүтэхгүй болсноор Г-т өгөх хаус боломжгүй болсон. Д-д буруутай үйлдэл байгаа. Хүмүүстэй гэрээ хэлцэл хийхгүйгээр амаар хэлцэл хийж ажил үүргээ гүйцэтгэдэг. Ирээдүйд ямар хор уршиг учрах талаар тооцохгүй явсаар өнөөдрийн ийм байдалд хүрсэн. Гэмт хэргийн шинжгүй байх тул Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гарган мэтгэлцсэн болно.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг нь зохиомол байдлыг зориудаар бий болгосон зүйл байхгүй, гэмт хэргийн шинжгүй байх тул Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байгаа нь:

           Гэрч Г.Г-ийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...Огт тийм зүйл байхгүй, би Д-тэй байр бартераар хийх зүйл яриагүй ээ, ** байр баригдаж байх үед эгчээ таны байрыг зарж өгөх үү гээд л асуугаад байсан, би ч тухайн үедээ нээх тоогоогүй ээ. Тэгээд саяхнаас таныг цагдаа дээр дуудвал битий мэдүүлэг өгөөрэй, намайг уучлаарай таны нэрийг худалдсан уучлаарай гээд мессеж бичээд байсан, бас над руу залгаад байхаар нь би огт утсаа аваагүй ээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/,

          Хохирогч Б.Бийн “...Тухайн байр нь заасан хугацаанаас хойш ашиглалтанд орохгүй байж байгаад 2022 оны 12 дугаар сард ашиглалтанд орсон. Байраа авах гэтэл *********г барьсан ********* ХХК нь Д-гийн ********* ХХК-тай байр өгнө гэсэн гэрээ байхгүй Д- нь намайг хуурч мэхлэн мөнгө авсан байсанг мэдсэн. Гэрээ хийснээс хойш 1 жил 6 сарын дараа Д- нь надтай утсаар холбогдож *********г барьж буй ********* ХХК-ын захирал Г-тэй тохиролцож гэрээ хийж чадсангүй чиний байрыг өөрийнхөө мөнгөө авч өгнө гэж байсан. Тэр өдрөөс хойш миний мөнгө болон байр авч өгөхгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандана гэж хэлэхээр надаас олон дахин уйлж гуйсаар байгаад өдийг хүрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 126 дугаар тал/,

          Хохирогч С.Бын “...Би гомдолтой байна, би маш хурдан хугацаанд мөнгөө авмаар байна, эхнэр маань төрсөн нялх биетэй байгаа, мөн орох орон байхгүй маш их хохирч байна. Мөн Г.Дтэй хохирлын тал дээр маргах зүйл байхгүй, Г.Д өөрөө хүлээн зөвшөөрч үлдэгдэл 50,000,000 сая төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулна гэдгээ нотариатаар орж баталгаажуулсан байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

            Шүүгдэгч Г.Д нь хохирогч С.Быг үргэлжилсэн үйлдлээр “*************** хорооллын ** байрнаас бартераар авч байгаа 42.6 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд бэлэн 29,000,000 төгрөг, мөн 39,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслүүдийг нь тус тус залилан авч нийт 68,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Бийг “Өгөөмөр цогцолбор хорооллын ** байрны 7 давхрын 3 өрөө орон сууцыг зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 61,500,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

            Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх хэлбэрийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар энэ гэмт хэргийн шинжийг хангана.

          Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлахад Г.Дгийн үйлдсэн 2 удаагийн үйлдэл нь залилах гэмт хэргийн дээрх шинжийг бүрэн хангасан гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

          Иймд шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.Д хохирогч нарт учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.       

            Шүүгдэгч Г.Дгээс хохирогч Б.Бт 50,500,000 төгрөгийг, хохирогч С.Бод 50,000,000 төгрөгийг тус тус гаргуулан олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Шүүгдэгч Г.Дгийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол төлбөрийн тодорхой хэсгийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналтай байна.” гэв

Хохирогч Б.Б-ын өмгөөлөгч С.Батцэрэн “Миний үйлчлүүлэгчийн хувьд нэг ч төгрөгийн хохирол барагдаагүй. Гэтэл Эрүүгийн хуулийн тухайн зүйн ангид заасан ялын хамгийн доод хэмжээгээр санал гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирол төлбөр төлөгдөөгүй, энэ хүмүүс маш их хохирсон байдал болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 2 жилээс дээш хугацаагаар ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал дотор заагдсан зарим нэгэн нөхцөл байдал байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Миний үйлчлүүлэгч тухайн үед нөхцөл байдлыг буруугаар ойлгож гэмт хэрэг үйлдсэн. Мөн түүний хувийн байдлыг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж Б-ын хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүх шүүгдэгч Г.Дд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Дд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Шүүгдэгч Г.Д нь хохирогч Б.Бт 11,000,000 төгрөгийг бэлэн төлсөн. Үлдэгдэл 50,500,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.Д нь хохирогч Б.Бтэй 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэлийн 0175, 0176 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” хийн газар шилжүүлэн өгсөн бөгөөд хохирогч Б.Б нь “Хохирлоо бүрэн барагдуулан авсан” гэж мэдүүлсэн тул хохирогч Б.Бт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. Харин хохирогч С.Бод учирсан нийт 68,000,000 сая төгрөгийн хохирлоос  приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 18,000,000 төгрөгт бодож биет байдлаар буцаан өгсөн бөгөөд үлдэгдэл 50,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Г.Дгээс 50,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Бод олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Г.Дг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Дд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Шүүгдэгч Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Дгээс 50,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Т овогт С-ын Б-д олгосугай.  

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД