Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2017/00747

 
 

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2017/00747

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Нарны зам, 55/1 Тээвэрчдийн гудамжид байрлах,******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун 105 байрны 8 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, Бажаа овогт Эрэндаваагийн******* /рд:*******/-т холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 365,634,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одонжав, Ц.Цэцэнбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Вагнер Ази Автомотив ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одонжав, Ц.Цэцэнбаатар нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Вагнер Ази автомотив ХХК нь иргэн*******тай 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1523 тоот автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Үүний дагуу урьдчилгаа төлбөр 79.920.000 төгрөгийг хүлээн авч, Рэнж ровер маркын автомашиныг худалдан авагчид хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 243.756.000 төгрөгийг гурав хувааж, 2015 оны 11 дүгээр сар, 12 дугаар сар болон 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус тус төлөхөөр харилцан тохиролцоод хуваарь гаргасан байдаг. Гэтэл гэрээний энэ хуваарийн дагуу төлбөрөө барагдуулалгүй зөрчиж компанид их хэмжээний хохирол учруулж байгаа. Ингээд үлдэгдэл төлбөрийн 75% буюу нийт 243.756.000 төгрөгөөс огт төлөлт хийгээгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3%-тай тэнцэх алдангийг худалдагч төлөхөөр харилцан тохиролцсон. Энэ бол талууд аль аль нь хүсэл зоригоо илэрхийлж, уншиж танилцаж хийсэн гэрээ учраас үлдэгдэл төлөх ёстой төлбөр 243.756.000 төгрөг, хуульд заасны дагуу алданги 121.878.000 төгрөг нийт 365.634.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:******* 2015 оны 10 дугаар сарын 13-нд******* ХХК-иас Рэнж ровер маркийн автомашиныг урьдчилгаа төлбөр 79,920,000 төгрөгийг төлөн хүлээн авсан. Гэрээний үлдэгдэл төлбөрийг 3 сарын хугацаанд цувуулан төлөхөөр тохиролцсон байсан. Бизнесийн төлөвлөгөөт хөрөнгө оруулалт тодорхойгүй хугацаагаар ухарч саатсаны улмаас төлбөрийг төлж чадалгүй удааширсаныг тус компанийхантай удаа дараа ярилцаж ирсэн бөгөөд хөрөнгө оруулалтаа орж ирмэгц машины үлдэгдэл 243,756,000 төгрөгийг саадгүй төлөхөөр мэдэгдсэн билээ. Мөн түүнчлэн 2013-2016 оны хооронд******* хувьдаа болон компанидаа нийтдээ 2 тэрбум гаруй төгрөгний автомашиныг худалдан авч******* ХХК-ийн бизнест найдвартай түнш нь байж ирсэн учраас асуудлыг хуулийн бус эвийн журмаар зохицуулахаа мэдэгдэж ирсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Вагнер Ази Автомотив ХХК нь хариуцагч*******т холбогдуулан автомашин худалдах худалдан авах гэрээний үүрэгт 365 634 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, ...Бизнесийн төлөвлөгөөт хөрөнгө оруулалт тодорхойгүй хугацаагаар ухарч саатсаны улмаас төлбөрийг төлж чадалгүй удааширсныг тус компанийхантай удаа дараа ярилцаж, хөрөнгө оруулалтаа орж ирмэгц машины үлдэгдэл 243,756,000 төгрөгийг саадгүй төлөхөө мэдэгдсэн. Мөн 2013-2016 оны хооронд******* хувьдаа болон компанидаа нийтдээ 2 тэрбум гаруй төгрөгний автомашиныг худалдан авч******* ХХК-ийн бизнест найдвартай түнш нь байж ирсэн учраас асуудлыг хуулийн бус эвийн журмаар зохицуулахаа мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн гэрээ байгуулагдаж, үүгээр Вагнер Ази Автомотив ХХК нь Их Британи улсад 2015 үйлдвэрлэгдсэн SALGA2VF4FA199831 арлын дугаар бүхий мөнгөлөг өнгийн Рейнж ровер маркийн автомашиныг 323 676 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч тал 79 920 000 төгрөгийг урьдчилгаанд төлж, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 81 252 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 81 252 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 81 252 000 төгрөгийг тус тус төлж дуусгахаар, худалдан авагч тал нь гэрээний 2.1.2-т заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөглөөгүй дүнгээс өдрийн 0.3 хувийн алдангийг худалдагч талд төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.

 

Талууд дээрх гэрээг зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч гэрээний 2.1.2-т ...гэрээний зүйлийн үлдэгдэл 243 756 000 төгрөгийг 3 сарын хугацаанд хүүгүйгээр худалдагч талд төлнө гэж тохиролцсоноос үзэхэд зээлээр худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч******* урьдчилгаа 79 920 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө төлж автомашиныг хүлээн авснаар нэхэмжпэгч Вагнер Ази Автомотив ХХК гэрээний зүйлийг хулдалдан авагчид нийлүүлэх үүргээ биелүүлжээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээгээр хариуцагч Э.Отгонбаяр 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 81 252 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 81 252 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 81 252 000 төгрөг нийт 243 756 000 төгрөгийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн хэдий ч үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу автомашины үнэ 243 756 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй, түүнчлэн хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор 243 756 000 төгрөгийг төлөхөөр тохирсон үүргээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаанд нь биелүүлээгүй байх тул 222.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, төлбөр барагдуулах гэрээний 2.2-т заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож төлбөр авагч талд төлөхөөр тохирсон тохиролцооны дагуу хэтрүүлсэн хугацааны хоног тутам алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүссэнИргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардах алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар хууль тогтоогч хязгаарласан учир энэ зохицуулалтын дагуу нэхэмжлэгч 121 878 000 төгрөгийг алдангид гаргуулахаар шаардаж байгаа нь хуульд нийцсэн байна.

 

Иймд Иргэний хуулийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******аас автомашины үлдэгдэл төлбөрт 243 756 000 төгрөг, алданги 121 878 000 төгрөг нийт 365 634 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Вагнер Ази Автомотив ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр товлосон шүүх хуралдаан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хойшлогдсон бөгөөд мөн өдрийн шүүх хуралдааныг товд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйүлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлын хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 986 120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 986 120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Отгонбаяраас 365 634 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Вагнер Ази Автомотив ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 986 120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 986 120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2, дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.МӨНГӨНТУУЛ