Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 54

 

                  

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 09 өдөр                    2020/ДШМ/54                                        Хэрлэн сум                                  

 

М-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0054/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Прокурор Н.Амаржаргал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б-,

Шүүгдэгч М-, түүний өмгөөлөгч В.Алтантүлхүүр, Р.Энхтуяа нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч В.Алтантүлхүүрийн давж заалдах гомдлоор М-д холбогдох эрүүгийн 2040000000036 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Архангай аймгийн Цэцэрлэг хотод 1970 онд төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4,  эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 43-01 тоотод орших суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Ч-н М

2020 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 43-01 тоотод оршин суух гэртээ согтуугаар өөрийн хүү С-тай архи уулаа гэж хоорондоо маргалдаж улмаар түүний хэвлийн тус газар нь 2 удаа хутгалж, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.  

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Боржигин овогт Чулуунбатын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ч-н М-ыг 8 /найман/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-д оногдуулсан 8 /найман/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б-т буцаан олгож, саарал өнгийн биеийн тамирын өмд, ногоон өнгийн пудволк, ногоон өнгийн цамц, 6 ширхэг цусны дээж, хутга, архины шил 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Алтантүлхүүр давж заалдах гомдолдоо: Улсын дээд шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 105 дугаар тогтоолоор “Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг” гэм буруутай этгээдийн түрүүлж хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг бол шүүгдэгч М- төрсөн хүүгээ 2 удаа хутгалж амь насыг нь хохироосноо хүлээн зөвшөөрч байгаа боловч Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго тогтоогдоогүй.

Шүүгдэгч М- өөрт нь халдсаны улмаас өөрийгөө аврах гэж тэмцсэн, гартаа тааралдсан зүйлийг барихад хутга байсан гэдгээ мэдүүлдэг. Хэрэг болох үед амь хохирогч С М- хоёроос өөр хүн байгаагүй бөгөөд М-ыг амь хохирогч гэрээс нь хөөн, босож ирээд биед нь халдан зүүн нүдийг цохиж, хоёр гараараа хоолойг нь боож, нуруугаар нь шүүгээн дээр дарсан тухай мэдүүлсэн /хх-н 173х/. М-ын эх Б /хх-н 65х/, охин С /хх-н 64х/ нар хэрэг болохоос өмнө М-ын биед гэмтэл байгаагүйг гэрчилдэг. Хэрэг гарсны дараа М-д гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч биед нь учирсан гэмтлийн талаар цагдаагийн хэлтэс дээр дуудлага мэдээлэл авсан цагдаа Эт /хх-н 65х/, шинжээч Х /хх-н 69х/ нар гэрчилдэг. Мөн хоёр хоногийн дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр баривчлах байранд хүлээн авсан ээлжийн дарга, дэслэгч Шинэбаяр “М-ын биед хүзүүний улайлт, зүүн нүдний хөхрөлт” байсныг тэмдэглэсэн /хх-н 49-50х/ нь 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог бол цогцост хийсэн үзлэгээр талийгаачийн баруун сарвууны ар дээд хэсэгт буюу 3 дугаар хурууны харалдаа 0.3х0.2 харьцаатай шинэ зулгаралт, 2 удаа хутгалагдсан шарх үүссэн байсан нь М-ын мэдүүлсэнтэй таарч байна. Мөн М- хүү С- нь “танай ах дүү нараас айхгүй шүү, тэд нарыгаа дуудаад ир” гэх мэтээр үгээр доромжилж, урьд усанд орох гэж байсан ваннтай усанд толгойгоор нь дүрж дарамталж байсан талаар  мэдүүлдэг. Шүүгдэгч, амь хохирогчийн тухайн үед өмссөн хувцсанд хутганы зүсэлтээс өөр урагсан, сунасан, сэтэрсэн зүйл байдаггүй. Цогцост хийсэн үзлэгээр амь хохирогч С- нь 175 см урт, биеийн галбир зөв, мах мариа өөхөн эдийн хөгжил дунд бол шүүгдэгч М- 150 см өндөр, туранхай, группт байдаг. Амь хохирогч шүүгдэгчид халдаж, багалзуурдсан үед биеийн онцлогоос нь хамаарч амь нас, эрүүл мэндэд аюул учруулах боломжтой байсан зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М- Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрт нь ...хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн ...хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочрол хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас  хүнийг алсан гэж үзэхээр байна.

Улсын дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 192 дугаартай тогтоолд “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” тухай ойлголт нь өөрөө бусдад хүчээр дарлагдсан буюу бие махбодын хувьд хүчирхийлэлд өртсөн, доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх... зэрэг хэлбэрээр илэрч болох бөгөөд энэхүү бусдын хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагдана. Санаа сэтгэлийн хүчтэй цочрол, давчдалт нь хохирогчийн нэг бус удаагийн хууль бус үйлдлийн хариу болж үүсч, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэл болох бөгөөд хохирогчийн хууль бус үйлдэл нь гэмт этгээдийн хувьд хүлээгээгүй нөхцөл байдалд, түргэн зуур болдог онцлогтойгоос гадна гэмт этгээдийн санаа шууд болон шууд бус хэлбэрээр илэрч болохыг анхаарвал зохино.

Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 295 дугаартай тогтоолд “Амь хохирогчийн зүгээс гэмт этгээдийн эсрэг чиглэсэн бие махбодын хийгээд сэтгэл санааны хүчирхийлэл хийх, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжлох, төрөлхийн ба жам ёсны эрхийг  нь хязгаарлах, хоригдох, дураараа аашлах... зэрэг хууль бус үйлдэл хийсэн нь санаа сэтгэл гэнэт хүчтэй цочрон давчидсан үед хүнийг алдах гэмт хэргийн үндсэн шинж билээ.

Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 525 дугаартай тогтоолд Эрүүгийн эрх зүйн “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэх ойлголтыг тодорхойлоход зөвхөн анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгт тулгуурладаггүй бөгөөд хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл, түүний үр дагавар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэхүйд хэрхэн хортойгоор нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрдэг ойлголт юм.

Улсын дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 295 дугаартай тогтоолд “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” гэдэгт хүний сэтгэцийн ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болгохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт маягаар илэрч хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал болно.

Улсын дээд шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 360 дугаартай тогтоолд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэлтэй холбоотой, хүлээгдээгүй нөхцөл байдалд үүсч, түргэн зуур болдог онцлогтой. Түүнчлэн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна, удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийн сэтгэл зүйн эмгэгт байдалд оруулж, тийм нөхцөлд орсон гэмт этгээдийн сэтгэл зүй тодорхой цаг хугацаанд тэсэрч, сэтгэл санааны хүчтэй цочролд орж, улмаар хүнийг алах, хүнд гэмтэл учруулахад хүргэдгээрээ “хүнийг алах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс ялгагддаг болно гэж тайлбарласантай хэргийн үйл явдал, баримт нотолгоонууд нийцэж байна.

Шүүгдэгч М-ын хувийн байдал нь таньдаг мэддэг гэрчүүдийн мэдүүлэг болон лавлагаагаар ял шийтгэлгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй /хх-н 110-115х/, Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэрийн 2013, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны 2015 оны “Тэргүүний баяжуулагч”-аар /хх-н 118-119х/ тус тус 2019 оноос уушгины өвчний учир эрүүл мэндийн шалтгаанаар группт гарсан. 2018 оны 6 дугаар сарын 19, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт амбулаториор эмчлүүлж /хх-н 81-93х/, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хэрэг гарахын өмнө тус эмнэлэгт “бүсэлхий нуруугаар хорсож хатгуулж өвдөнө. Амьсгалах хөдөлгөөн хийх үед илүү өвдөж, босч чадахгүй” гэсэн зовуурьтай хэвтэн эмчлүүлж байсан /хх-н 51-66х/. Эмчийн байнгын хяналтад байдаг. Өөрийн амьдралаа гэр бүл, ажил, хамт олны төлөө зориулсан хүн бөгөөд группт орсны улмаас цалин орлогогүй болж, группийн мөнгөөр амьдралаа залгуулах, эмнэлэг, эмчилгээний зардал өссөний улмаас хүү С-ыг Отгонтэнгэр дээд сургуулийн нягтлан бодогчийн 1 дүгээр курст сургаад төлбөрийг төлж чадахгүйн улмаас сургуулиас гаргасан зэргээс сэтгэл санааны хүнд байдалд орж, үе үе архи уух болсон. Гэтэл хүү С- нь архи уусан үедээ амьдралын хүнд хэцүү байдалд эцгийгээ буруутгах болж, улмаар биед нь хүч хэрэглэж, усанд толгойгоор нь дүрж байсан /хх-н 36, 173х/. Амь хохирогч С- нь 2020 онд 3 удаа эрүүлжүүлэгдэж  /хх-н 112-113х/ байсан. Архи уух болсон зэрэг хувийн байдлууд тогтоогдож байгаа ба хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч, амь хохирогч хоёроос өөр хүн байгаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, бага насны охин нь аавыгаа санасан сэтгэл санааны байдал хүнд байгааг шүүх хуралдаан дээр ярьсан. Шүүгдэгч М-ыг санаатайгаар хүүгээ хутгалж амь насыг нь хохироосныг харсан гэрч, шууд нотолсон баримт нотолгоо байхгүй. Хохирогчийн буруутай үйлдлийг нотолсон баримтуудыг анхан шатны шүүх үнэлгээгүй. Шүүгдэгчийн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа зэргээс Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу зүйлчлэлийг өөрчлөн М-ын үйлдлийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлд зааснаар зүйлчилж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч М- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би хүүгийнхээ амь насыг санаатайгаар хохироогоогүй. Миний бие буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ М-ыг амь хохирогчийг санаатайгаар алдсан гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулсанд гомдолтой байна.

Анхан шатны шүүх “сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэдэг” нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсныг ойлгох бөгөөд шүүгдэгч М-ын хувьд гэмт хэрэг үйлдэж буй нөхцөл байдлын талаар нэг бүрчлэн мэдүүлэг өгсөн, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсон, өөртөө хяналт тавих чадваргүй болсон гэдэг нь тогтоогдохгүй байна. Тухайлбал шүүгдэгч нь болсон хэргийн талаар тогтвортой мэдүүлэг өгдөг, цагдаагийн байгууллагад өөрөө очиж хэргийн талаарх гомдол мэдээлэл өгч байгаа зэргээр давхар нотлогдож байна” гэж дүгнэсэн.

Амь хохирогч С- нь 175 см, шүүгдэгч М- нь 159 см өндөртэй, бие бялдрын хувьд харьцангуй өндөр С- нь М-ыг “архи уусан байсан, гэрээс зайл, ах дүү нараа дууд, би айхгүй” гэж хэлж маргалдан хоолойг нь боож ширээн дээр дарах үед М-ын сэтгэл зүйд өөрчлөлт орж гарын боолтыг тавиулахын тулд гартаа таарсан зүйлийг авч цохисон байдаг. Уг үйлдэл нь харилцан зодоон биш бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Мөн амь хохирогчийн зүгээс М-д өмнө нь дарамт шахалд үзүүлж байсан нь тогтоогддог. Эцэг хүүхэд хоёрын төрөлхийн буюу жам ёсны, Монгол улсын Үндсэн хуульд заасан бие биеэ хүндэтгэх , хүү нь аавыгаа хүндэтгэх харилцаа алдагдаж байсан байдал нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б-ын өгсөн мэдүүлгүүдээр нотлогддог.

Мөн анхан шатны шүүх “цагдаагийн байгууллагад өөрөө очиж хэргийн талаарх гомдол мэдээлэл өгч байгаагаас үзэхэд М-ыг өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсон гэж үзэхгүй” гэж дүгнэжээ. М- нь амь хохирогчийн боолтоос гараад гарч гүйхдээ үйл явдлыг сэргээн санаж буруутай үйлдэл хийснээ ухамсарлаж иргэний үүргээ биелүүлж цагдаагийн газарт очиж дуудлага өгсөн. Тухайн үед М- нь үр хүүхдээ хутгалсандаа сэтгэл санааны хүнд хямралд орж “би хутгалсан” гэж мэдүүлсэн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шүүх сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаагүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

М-ынх ам бүл дөрвүүлээ бөгөөд энэ хэргийн улмаас хүү нь нас барсан, өөрөө олон жилээр хорих ял эдэлбэл ар гэрийн нөхцөл байдал хүндрэх боломжтой, бага насны хүүхэд нь аавыгаа санаад сэтгэл санаанд нь өөрчлөлт орсон, Мөнзул нь өөрөө “уушгины цооролтын 1 дүгээр үе” гэсэн оноштойгоор хөдөлмөрийн чадвараа 30 хувиар алдсан, эрүүл мэндийн хувьд тааруу эмчийн байнгын хяналтад байдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.    

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие өмгөөлөгч Алтантүлхүүр, Энхтуяа нартай санал нэг байна. М-д анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгч Алтантүлхүүр хэргийг хоёр өөр талаас нь тайлбарлаж байна. Нэгдүгээрт М-ын үйлдлийг аргагүй хамгаалалт байсан гэж, хоёрдугаарт сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэж үзэж нотлох баримтуудыг дурдаж байна. Өмгөөлөгч Алтантүлхүүр нь шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх үүрэггүй гэсэн атлаа хавтаст хэрэгт авагдсан М-ын 3 удаагийн мэдүүлгийг үнэн гэж үзэж байна. Хуульд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх үүрэггүй гэж заасан учир М- үнэн ч мэдүүлсэн байж болно, худал ч мэдүүлсэн байж болно. Гэхдээ М- нь бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч М-ыг тухайн үед боолтод орсон гэж ярьж байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр М- нь боолтод орсон талаар дүгнэлт байхгүй, М-ын хүзүүнд улайлт байсан гэж дүгнэсэн байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар М-ын сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэж ярьж, Улсын дээд шүүхийн тайлбараар дурдаж байна. Гэтэл сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах гэдэг нь хоромхон зуур болсон үйл явдлыг ойлгодог. Энэ хэргийн хувд М-ын сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, М-ын өөрийнх нь мэдүүлгээр ч тогтоогдоогүй. Энэ хэрэг ахуйн хүрээнд буюу өөрийн гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн, М-ыг С-ыг хутгалсныг харсан гэрч байхгүй. М-ын сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан юм уу гэхээр өөрөө болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлдэг. Сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан хүн хэргийн талаар тодорхой мэдүүлэх боломжгүй. Шүүгдэгч амь хохирогч хоёрын хооронд хувийн таарамжгүй харилцаа байж болно. Тус хэргийн хувьд хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгчийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч В.Алтантүлхүүрийн давж заалдах гомдлоор М-д холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

М- нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр 1 удаа, 2020 оны 3 дугаар сарын 18, 23-ны өдрүүдэд яллагдагчаар 2 удаа мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад М-аас нийт 3 удаа мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4-7.8 дугаар зүйлүүдэд заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ... өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах...” зэрэг эрхүүдийг танилцуулж өмгөөлөгч оролцуулж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

М- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...намайг гэртээ ирэхэд хүү С- ирчихсэн хэвтэж байсан. С- бид хоёр хоорондоо юм яриагүй, маргалдаагүй байхад намайг “зайл” гэж хөөсөн. Тэгэхээр нь “чи өөрөө зайл, яахаараа би гэрээсээ зайлдаг юм” гэж хэлчхээд гал тогооны өрөө рүү орсон. С- миний араас босоод нүцгэн, дээгүүрээ ээжийнхээ ногоон халаадыг өмсөөд над руу чиглээд ирсэн. С- миний дэргэд ирээд “та дүү нараа дууд, дүү нараас чинь айна гэж байхгүй” гэж хэлээд гараараа миний хоолойг боосон. Тухайн үед би гал тогооны хутганы комны хажууд зогсож байсан болохоор нэг хутга гартаа бариад хүүгийнхээ гэдэс рүү дүрчихсэн. Тэгээд өөрийгөө хүүгээ хутгалсан гэдгийг мэдээд гэрээсээ гарч гүйгээд цагдаа дээр ирээд хүүгээ хутгалсан талаараа хэлээд эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. ...тухайн үед бид хоёрын хажууд хүн байгаагүй. ...миний зүүн нүд хөхөрч, хүзүү улайсан байсан...” гэж /1хх-н 44, 177, 179х/ тогтвортой мэдүүлдэг.

М-ын “...тухайн үед бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б-ын “...манай бага охин “ээжээ ахаас цус гараад байна ш дээ” гээд уйлахаар нь би орноосоо босоод гал тогооны өрөө рүү очсон...” гэх мэдүүлэг /1хх-н 33-3хх/, насанд хүрээгүй гэрч С-н “...би хажууд нь байгаагүй, ээж орондоо ороод унтаж байсан...” гэх мэдүүлэг /1хх-н 64х/ зэргээс үзэхэд тухайн хэрэг гарах үед шүүгдэгч М- болон амь хохирогч М.С-аас өөр хүн байгаагүй, М-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгийг давхар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах” гэмт хэрэг нь хохирогчид хүчээр дарлагдсан буюу бие махбодын хувьд хүчирхийлэлд өртсөн, хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал хуурмаг мэдээ сэлт тараах зэрэг хэлбэрээр илэрдэг, хохирогчийн хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэт хуулбар хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас хохирогч амиа алдсан байх, хохирогчийн хууль бус халдлагын улмаас өөрт нь болон түүний ойр дотнынх нь хүмүүст хүнд хор уршиг учирсан, эсхүл учирч болох байсан шинжээрээ хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгагдаж байдаг.

Санаа сэтгэл хүчтэй цочрон, давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс нэг удаагийн төдийгүй байнгын /давтагдах/ шинжтэй хүч хэрэглэн дарамтлах, хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүссэн, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй холбоотой, хүлээгдээгүй нөхцөл байдалд үүсэж, түргэн зуур болдог онцлогтойгоос гадна гэм буруугийн санаатай хэлбэр нь шууд болон шууд бус аль ч хэлбэрээр илэрч болно. Түүнчлэн, хохирогчийн байнгын шинжтэй хууль бус, ёс суртахуунгүй үйлдлүүд нь гэмт этгээдийн хувьд удаан хугацааны сэтгэлзүйн эмгэгт байдлыг үүсгэж, тийм нөхцөл байдалд орсон шүүгдэгчийн сэтгэл зүйн ачаалал аажмаар нэмэгдсээр, эцэстээ сэтгэл зүйн тэсрэлт явагдан, сэтгэл санааны хүчтэй цочролд орж, улмаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг онцлогтой байдаг.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б-ын “...нэг удаа намайг ажилдаа яваад ирэхэд С-, М- хоёр хоорондоо муудаад С- аавыгаа усанд орж байхад нь тоссон усанд нь толгойгоор нь дарсан байсан. ...хэрэг гардаг орой С-, М- хоёр гал тогооны өрөөнд архи уулаа гээд хоорондоо маргалдаад байгаа сонсогдсон...” гэх мэдүүлэг /1хх-н 36, 42х/, гэрч Б.Хонгор “...М-ын биед үзлэг хийхэд хүзүүнд нь улайсан улайлт байсан. Нүд нь хөхөрч цус хурсан байсан...” гэж мэдүүлэг /1хх 69х/, М-ын “...С- бид хоёр хоорондоо юм яриагүй, маргалдаагүй байхад намайг “зайл” гэж хөөсөн. ...С- миний дэргэд ирээд “та дүү нараа дууд, дүү нараас чинь айна гэж байхгүй” гэж хэлээд гараараа миний хоолойг боосон. ...миний хүзүү улайж, нүд хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1.2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсний дагуу М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд 5 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнд үзлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Боржигин овогт Чулуунбатын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Б овогт Ч-н М-ыг 5 /тав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтын “8 /найм/” гэснийг “5 /тав/” гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч М-ын цагдан хоригдсон 70 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.ДЭНСМАА