Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2019/0227/З |
Дугаар | 128/ШШ2019/0535 |
Огноо | 2019-09-02 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2019/0535
2019 оны 09 сарын 02 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2019/0535
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар С.Дийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: С.Д
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга.
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 243 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийлгэх
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Д, түүний өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Г.М, гэрч Б.Г нарийн бичгийн дарга Э.Ннар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 17-ны хэмээн огноолсон, сахилгын шийтгэл ногдуулах тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 243 дугаар тушаалыг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдсэн ба 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлыг хүлээлцүүлсэн.
Уг тушаалыг хууль бус хэмээн үзсэн тул хүчингүй болгуулахаар Хууль зүйн дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2018 оны 11 дүгээр сарын 30-нд гомдол гаргасан. СЗ-ийн 3 дугаар тогтоол 2019.02.18-ны өдөр гарсан ба гомдлыг хангаагүй талаар 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр албан бичгээр мэдэгдсэн тул урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явагдсан хэмээн үзэж, Үндсэн хуульд заасан ажлаа чөлөөтэй сонгох эрхээ сэргээлгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасны дагуу дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна:
1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн . Учир нь хууль тогтоомж зөрчсөн талаарх хууль сахиулах байгууллагын шийдвэр гараагүй ба Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журамд заасны дагуу шалгаж тогтоогоогүй.
2. Тушаалд "... улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2104 тоот дүгнэлтээр тогтоогдсон тул... гэжээ. Сахилгын шийтгэлийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу илрүүлснээс хойш 1 сарын дотор ногдуулах ёстой ч уг хугацаа өнгөрсний дараа шийтгэл ногдуулсан нь хууль хэрэглээний алдаа юм.
3. Уг тушаалыг гаргахаас өмнө сонсох ажиллагаа явуулаагүй ба хуульд үндэслэж, шийдвэр гаргах ёстой байхад улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж байгаа нь мөн л хууль зөрчиж байна. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Г.М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэн С.Дийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
1. Нэхэмжлэгчийн дурдсан Төрийн албан тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн. Учир нь хууль тогтоомж зөрчсөн тухай талаарх хууль сахиулах байгууллагын шийдвэр гараагүй Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журамд заасны дагуу шалгаж тогтоогоогүй гэсэн нэхэмжлэлийн шаадлагыг үгүйсгэн тайлбарлавал:
С.Д нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч юм. Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтад заасан Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг сахин биелүүлэх үүргээ дараах байдлаар зөрчсөн байна.
С.Д нь *********, **************, **************** эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй эд хөрөнгүүдийгШ ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тус тус олгосон байна.
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгохдоо холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь тус байгууллагын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2104 тоот дүгнэлтээр тогтоогдсон болно.Үүнд:
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно" гэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт Баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, иргэний өмчийн газар дээр баригдаж байгаа бол газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн газрыг өмчлөгч иргэний зөвшөөрлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно" гэж заасныг тус тус зөрчинШ" ХХК-нь өөрийн өмчлөлд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгүүлэхдээ газар эзэмшигч Онцгой байдлын ерөнхий газраас холбогдох зөвшөөрлийг аваагүй байхад улсын бүртгэлд бүртгэсэн.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах гэж, мөн зүйлийн 11.5.2 дахь заалтад ...бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, 11.5.3 энэ хуулийн 11.5.2 -т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана гэж заасныг тус тус зөрчин хуульд заасан нотлох баримтыг бүрдүүлбэр хангаагүй байхад улсын бүртгэлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон болно.
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам-ын 4-т Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу тус байгууллага Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаар тогтоолоор батлагдсан Улсын бүртгэлийн хяналтын дүрэм-ийн 2.1.3, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/531 дүгээр тушаалаар батлагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам-ын 22.1-т заасны дагуу хяналт шалгалтыг хийж холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчин бүртгэл хийсэн болохыг шалган тогтоосон байна.
2. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4. дэх хэсэгт Сахипгын зөрчлийг ирүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй" гэж заасан байдаг. Зөрчил гаргаснаас хойш сахилгын шийтгэл ногдуулах хүртэлх хугацааг авч үзвэл:
> Эрхийн улсын бүртгэлдШ ХХК-ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр олгосон;
> Хяналтын улсын байцаагч зөрчлийг шалган тогтоосон тухай 2104 тоот дүгнэлтийг 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан;
> Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын С.Дид сахилгын шийтгэл ногдуулах тухай 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 243 дугаартай захиргааны актыг гаргасан нь хуульд заасан хугацаанд гарсан шийдвэр болно.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасны дагуу С.Дид Сонсох ажиллагааг явуулах талаар сонсох ажиллагааны мэдэгдлийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр утсаар мэдэгдсэн байна. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад заасны дагуу Сонсох ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11:55 цагт биечлэн уулзах хэлбэрээр явуулсан бөгөөд хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар Сонсох ажиппагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан болно.
Иймд С.Дид сахилгын шийтгэл ногдуулах тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 243 дугаар тушаал нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн учир С.Дийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Д нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 243 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийлгэх-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын бүртгэлийн *********, **************, **************** дугаар бүхий бүртгэлүүдийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн № 2104 тоот дүгнэлтийн дүгнэх хэсгийн 2.1 дэх заалтаар Эрхийн улсын бүртгэлийн *********, **************, **************** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд хийсэн тусгай тэмдэглэлийг хүчингүйд тооцон, улсын бүртгэлийн цахим санд /ePRS/-д хүчингүй болгох гэж, 2.2 дох заалтаар Эрхийн улсын бүртгэлийн *********, **************, **************** дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүйд тооцон, хүчингүй болгохтой холбогдсон арга хэмжээг авч ажиллах гэж, 2.4 дэх заалтаар Төрийн албаны тухай хууль, Улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж, албан тушаалаар хүлээсэн үүрэгтээ хариуцлагагүй хандсан улсын бүртгэгч С.Д, Н.С******* нарт холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцох гэж, 2.5 дахь заалтаар Дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтууд нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөнөөс гадна эдгээрт үндэслэн улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул холбогдох баримт материалыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэх гэж тус тус дүгнэсэн байна.
Маргаан бүхий тушаалаар буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн С.Дид сахилгын шийтгэл ногдуулах тухай дугаар 243 тоот тушаалаар *********, **************, **************** дугаарт үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэл, тэмдэглэл хийсэн нь хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн № 2104 тоот дүгнэлтээр тогтоогдсон тул гэсэн үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан.
Дээрх № 2104 тоот улсын байцаагчийн дүгнэлт 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гарсан байх ба үүнээс хойш 1 сарын дотор буюу 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 243 тоот тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байх тул Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан сахилгын шийтгэл ногдуулж болох хугацааг хариуцагч хэтрүүлээгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн № 2104 тоот улсын байцаагчийн дүгнэлтээр зөрчлийг шалган тогтоож, илрүүлсэн байх ба үүнээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулсан байх тул сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Мөн Монгол улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын 7-д Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар /өвчтэй, ээлжийн амралт, чөлөөтэй байсан, түүнчлэн зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг энэ хугацаанд оруулахгүй/, ... сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй гэж заасан байх тул хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулж болох хугацааг хэтрүүлээгүй байна.
Дээрх үйл баримтууд болон хууль зүйн үндэслэлүүдээс үзэхэд нэхэмжлэгчийн сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой, энэ хугацааг хэтрүүлсэн, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журамд заасны дагуу шалгаж тогтоогоогүй гэсэн үндэслэлүүдээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь уг тушаалыг гаргахаас өмнө сонсох ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан болох нь сонсох ажиллагааны мэдэгдэл, сонсох ажиллагааны тэмдэглэл[1] зэрэг баримтуудаар нотлогдож байх ба Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцох, сахилгын шийтгэл хүлээлгэх талаар нэхэмжлэгчид хандан хэлж, мэдэгдэж, нэхэмжлэгчийн хариулт, тайлбарыг авч байсан болох нь сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан байна.
Хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 243 тоот тушаалыг гаргахдаа улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн № 2104 тоот дүгнэлтээр тогтоогдсон тул гэсэн үндэслэлээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба тус улсын байцаагчийн № 2104 тоот дүгнэлтийг эс зөвшөөрөн С.Д гомдол гаргаагүй, уг № 2104 тоот дүгнэлт хүчинтэй буюу хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасан байна.
Дээрх хуулийн заалтаас үзэхэд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж болохгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л шийдвэр гаргана.
Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 243 тоот тушаалыг гаргах үндэслэл болсон улсын байцаагчийн № 2104 тоот дүгнэлт хүчинтэй байх бөгөөд энэхүү № 2104 тоот дүгнэлтийг хүчингүй болгохтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч гаргаагүй байх тул маргаан бүхий дугаар 243 тоот тушаалыг шүүхээс хүчингүй болгох боломжгүй байна.
Дээрх 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн № 2104 тоот улсын байцаагчийн дүгнэлтийг гаргахдаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг мэдүүлэгт хавсаргах гэх мэт заалтыг зөрчижШ ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөх эрхтэйг лавтай, баттай нотолсон баримт байхгүй байхад маргаан бүхий гурван бүртгэлийг хийсэн нь хууль зөрчсөн гэсэн агуулгаар дүгнэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмыг баримтлах гэж заасныг удирдлага болгосон байна.
Энэхүү улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн № 2104 тоот дүгнэлтийг үндэслэж, улсын бүртгэлийн *********, **************, **************** гэсэн дугаар бүхий 3 бүртгэлийг хийхдээ өмчлөх эрхтэйг лавтай нотлох баримт гаргуулан авах, хянан шалгасны үндсэн дээр улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, ирүүлсэн баримтууд бүрэн бус, дутуу бол бүртгэхээс татгалзах гэх мэт эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, үүний улмаас иргэн, хуулийн этгээдэд ноцтой хохирол учирч болзошгүй нөхцөл байдал бий болсон гэсэн ерөнхий агуулга, үндэслэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 243 тоот тушаалыг гаргаж нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Дийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 243 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийлгэх-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Дийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
[1] 1 дүгээр хх-ийн 30-36 хуудас