| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2019/0041/З |
| Дугаар | 128/ШШ2019/0561 |
| Огноо | 2019-09-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2019/0561
2019 оны 09 сарын 11 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2019/0561
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Н.Гын дүгнэлттэй болон Г ХХК-ийн гомдолтой, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Д.Нид холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Дүгнэлт гаргагч: Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Н.Г
Гомдол гаргагч: Г ХХК /************/
Хариуцагч: Буянт-Ухаа дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчД.Н
Нэхэмжлэлийн шаардлага: Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *********** дугаар "Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Н.Г эрх залгамжлагч Д.М, Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, хариуцагч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дүгнэлт гаргагч Н.Г шүүхэд гаргасан дүгнэлт дүгнэлтдээ: Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Н.Г би, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Д.Н нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа Илгээгч Гонконг улсаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын монгол дахь төлөөлөгчийн газрын нэр дээр болон Монголын эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-д ирсэн ачаанд бичиг баримтын шалгалт хийхэд барааг Г ХХК нь өөрийн нэр дээрх тусгай зөвшөөрлийг ашиглан гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэх зөрчлийг хүлээн авч шалгаад 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *********** дугаартай шийтгэлийн хуудсаар Г ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 2000 нэгж буюу 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Улсын байцаагч Д.Н нь Г ХХК-ийн гаргасан Илгээгч Гонконг улсаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын монгол дахь төлөөлөгчийн газрын нэр дээр болон Монголын эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-д ирсэн ачаанд бичиг баримтын шалгалт хийхэд барааг Г ХХК нь өөрийн нэр дээрх тусгай зөвшөөрлийг ашиглан гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэх зөрчилд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгаад бараа мэдүүлэх журам зөрчсөн гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Гаалийн байгууллагад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ямар журмын заалт зөрчсөнийг шийдвэртээ тодорхой тусгаагүй, зөрчил шалгах ажиллагаа болон нотлох ажиллагааг хангалтгүй хийж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 2000 нэгж буюу 2,000,000 төгрөгөөр торгосон нь үндэслэлгүй байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Д.Нийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *********** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулан, дахин эрх бүхий байгууллагаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа гүйцэтгүүлэн шалгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд прокурорын дүгнэлт гаргаж байна. гэв.
Дүгнэлт гаргагч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Д.М би, Прокурорын тухай хуулийн 18 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1.16-д заасны дагуу Г ХХК-д холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *********** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулан, дахин эрх бүхий байгууллагаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа гүйцэтгүүлэн шалгуулах зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцож дараах тайлбарыг гаргаж байна:
Прокурорын тайлбарын агуулга: /прокурор шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, нотлох баримтууд, хуулийн зүйл, хэсгийг үндэслэн тайлбар гаргана/
Улсын байцаагч Д.Н нь Г ХХК-ийн гаргасан Илгээгч Гонконг улсаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын нэр дээр болон Монголын эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-д ирсэн ачаанд бичиг баримтын шалгалт хийхэд барааг Г ХХК нь өөрийн нэр дээрх тусгай зөвшөөрлийг ашиглан гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэх зөрчилд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгаад бараа мэдүүлэх журам зөрчсөн гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Гаалийн байгууллагад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ямар журмын заалт зөрчсөнийг шийдвэртээ тодорхой тусгаагүй, Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 4.15-д эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, мөн шийтгэл оногдуулсан шийдвэр нь Засгийн газраас баталсан маягтын дагуу үйлдээгүй, 7.2 дугаар зүйлийн 2-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийн талаар тогтоосон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах үндэслэлийн талаар тусгана гэсэн шаардлагыг хангаагүй буюу зөрчил шалгах ажиллагаа болон нотлох ажиллагааг хангалтгүй явуулж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 2000 нэгж буюу 2,000,000 төгрөгөөр торгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.
Гомдол гаргагч Г ХХК-ийн шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Монголын Эрүүл мэндийн үүсгэл нийгэмдээ үйлчилдэг, ашгийн бус, төрийн бус байгууллага (МЭМҮ НҮТББ), АНУ-ын Харвардын Их Сургууль (Харвард), Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-иуд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны зөвшөөрлөөр Монгол Улсад 2015 оноос хамтран хэрэгжүүлж буй Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д амин дэмийн нөлөө судалгааны ажлын хүрээнд ЕБС-ийн 9,000 гаруй хүүхдэд Д амин дэмийн түвшин, сүрьеэгийн халдвар илрүүлэх шинжилгээг Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл НҮТББ-н харъяа Г ХХК судалгааны эхэнд болон төгсгөлд дотоод, гадаадын чанарын өндөр хяналт дор хийж гүйцэтгэх үүрэгтэйгээр хамтран ажиллаж байна.
Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ нь шинжилгээнд шаардагдах бүтээгдэхүүн, оношлууруудыг худалдах, худалдан авах гэрээг QIAGEN Hong Kong PTE Ltd., компанитай 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан бөгөөд тухайн үед судалгааны ажилд Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуультай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу хамтарч ажиллаж байсан дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ыг Монгол Улсад ачааг хүлээн авагчаар гэрээнд дурдсаны дагуу худалдагч компани ачааг дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-ын нэр дээр ачуулсан байдаг. Тус ачаа Монгол Улсад ирэх хооронд ДЭМБ дотоод зохион байгуулалтын шаардлагаар Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуультай байгуулсан хамтран ажиллах санамж бичгээ цуцалснаар ачааг хүлээн авах боломжгүй болсон. Тиймээс ачаа илгээгч буюу худалдагч компанийн илгээсэн Г ХХК нь Лабораторийн урвалж, оношлуур, биологийн идэвхит бүтээгдэхүүн импортлох тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Г ХХК нь өөрийн эзэмшдэг тусгай зөвшөөрлөө хэн нэгэнд тэр тусмаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурийн төлөөлөгчийн газар, эсвэл Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-д шилжүүлэх гэж оролдлоо гэж үзэх хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй юм.
Улмаар Буянт-Ухаа дахь гаалийн улсын байцаагч М.Жийн санаачилгаар Буянт Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч Гаалийн улсын ахлах байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай 133 дугаар тогтоолд дурдсанаар Г ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийн хэрэг нээсэн.
Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Гаалийн тухай хууль зөрчиж:
1.1. гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн
1.2. гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрел, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн;
1.3. барааны хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчилсөн, эсхүл гаалийн шалгалтаас нуун далдалсан;
1.4. гаалийн бичиг баримтыг сольсон, эсхүл засварласан;
1.5. гаалийн тэмдэглэгээг өөрчилсөн, эсхүл сольсон, эсхүл гэмтээж татвараас зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.
Г ХХК-ийн зүгээс гаалийн мэдүүлэгт холбогдох мэдээллийг үнэн зөвөөр тусгасан бөгөөд гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн, гаалийн бичиг баримтыг сольсон, засварласан, гаалийн тэмдэглэгээг өөрчилсөн, эсхүл сольсон зэргээр ямар нэгэн зөрчил гаргаагүй, зөрчил гаргахыг завдсан үйлдэл гаргаагүй болно.
Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.1 дүгээр хэсэгт заасны дагуу гааль дээр ирсэн оношлуур, хуруу шилнүүдэд холбогдох лицензийг Эрүүл мэндийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний А/407 дугаар тушаалаар батлагдсан Эм эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз олгох журам батлах тухай журам-ын дагуу авсан болно.
Гаалийн ерөнхий газрын дарга болон дэд даргатай 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр уулзалт хийсний үндсэн дээр Эрүүл мэндийн яам, Сангийн яамнаас уг барааг олгох асуудлаар албан бичиг авчирвал барааг олгоно гэсний дагуу Эрүүл мэндийн яам, Сангийн яамнаас Монгол Улсын хууль дүрмийн дагуу уг судалгаа хэвийн явагдаж байгаа гэдгийг баталсан албан бичгийг Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн.
Гэтэл Буянт-Ухаа дахь Гаалийн газрын улсын байцаагч нараас Г ХХК- д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд хуулийн дээрх заалтад заасан зөрчлийн бүрэлдэхүүн хангагдаагүй.
Улмаар Г ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12-т Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн нь энэ зүйлийн 1, 11 дэх хэсэгт заасан, бусад зөрчлийн бүрэлдэхүүнгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг зөрчсөн гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр *********** дугаар шийтгэлийн хуудсаар 2000 нэгжээр торгож шийтгэл ногдуулсан болно.
Манай компанийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12-т зааснаар шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Гаалийн улсын байцаагч нараас Зөрчлийн хэргийг хаасны дараа барааг олгоно гэх шаардлага тавьсаны үндсэн дээр лабораторийн үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд Шийтгэлийн хуудас-д гарын үсэг зурж бараагаа хүлээж авсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэж заасан байна.
Гэтэл дээрх Шийтгэлийн хуудсанд шийтгэл оногдуулах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журмын ямар зүйл, заалтыг хэрхэн зөрчсөн гэж шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй байна.
Түүнчлэн манай компанийн хувьд Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журмыг зөрчсөн ямар нэгэн үйлдэл гаргаагүй болно. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай 128/Ш32018/0205 дугаар шүүгчийн захирамжид дурьдсан асуудлын тухайд:
Тус шүүгчийн захирамжид ...дээд шатны албан тушаалтанд хандаж, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийсэн эсэх талаарх үйл баримтыг тодруулах, ...хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлэх гэж дурьджээ.
1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үе шатанд Гаалийн ерөнхий газрын Буянт-Ухаа дахь Гаалийн газар, Гаалийн ерөнхий газарт бараа олгохгүй байгаа үйлдэл болон уг зөрчлийн хэргийг үндэслэлгүйгээр үүсгэсэнтэй холбогдуулан гомдол гаргаж байсан бөгөөд Гаалийн ерөнхий газрын Буянт-Ухаа дахь Гаалийн газрын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/470 дугаар, Гаалийн еренхий газрын 2018 оны 10 дулгаар сарын 12-ны өдрийн 02-2/4871 дүгээр албан бичгээр тус тус гаалийн бүрдүүлэлт хийх боломжгүй талаар хариу өгч байсан. Нэгэнт ийм хариу өгч байсан, мөн хуулиар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эрх дээд шатны захиргааны байгууллагад байхгүй тул дээд шатны захиргааны байгууллагад хандах шаардлагагүй нөхцөл байдал үүссэн.
Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлт бичүүлэхээр гомдол гаргасан, үүний дагуу прокурорын дүгнэлт бичигдэж тус шүүхэд хүргэгдсэн байдаг.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ...6.11 ...дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэж, мөн Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *********** дугаар Шийтгэлийн хуудас-д ...Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай гэж тус тус заасны дагуу шууд шүүхэд гомдол гаргасан болно.
2. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах үед тус компаний захирлаар Б.Дэлгэрэх бүртгэлтэй байсан бөгөөд шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах үед буюу 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр компанийг иггэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд өөрчлөгдөж захирлаар С.Ананд томилогдож, улсын бүртгэлд бүртгэгдсэн.
Уг бүртгэл хийгдсэний дараах хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагааг нэхэмжлэлд хавсаргаж, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох компанийн шинээр томилогдсон захирал нэхэмжлэлд гарын үсэг зурж баталгаажуулан хүргүүлж байна. Мөн компанийн шинээр томилогдсон удирдлагын зүгээс шүүхэд гаргаж буй уг гомдлыг дэмжиж байгаа болно
Иймд Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны
Гаалийн улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *********** дугаар Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч Д.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Буянт-Ухаа дахь Гаалийн газарт зарын тээврээр 999-51536516 дугаартай тээврийн баримт, гаалийн дагалдах бичиг баримтуудаар 34 хайрцаг 519 кг ачаа нь Хонг Конгийн QIAGEN HONGKONG PTE LIMITED компаниас хүлээн авагч нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар болон МН1 Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-ын байгууллагын нэр дээр ирсэн болно.
Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн дагуу бичиг баримтын шалгалтын явцад дараах хууль, эрх зүйн актуудын зөрчилүүд гарсан тул Г ХХК-д 1803000206 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгасан. Үүнд:
Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 05-2141016-18-I01170R сүлжээ дугаараар 519 кг лабораторийн оношлуур, дээж хийх хуруу шил гэсэн 2 нэр төрлийн барааг Г ХХК нь мэдүүлсэн.
1. Гаалийн тухай хуулийн 60 зүйлд заасны дагуу Барааг мэдүүлэхэд шаардагдах бусад бичиг баримтууд-ыг гаргаж өгсөн боловч Гаалийн тухай хуулийн 60.3.1-т заасан
- гадаад худалдааны гэрээ /02 А Sign Date: 2018 оны 06-р сарын 25-ны өдөр/ нь МН1 Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл НҮТББ болон Хонг Конгийн QIAGEN
HONGKONG PTE LIMITED компани хоёрын хооронд хийгдсэн,
- үнийн нэхэмжлэх / РI2018062502/ - хүлээн авагч Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ
- мөн тээврийн баримтад /999-51536516/ гэрээлэгч талууд болох дээрхи 2 компанийн мэдээлэл бичигдсэн нь зэрэг нь ГТХ-ийн 63.1.2 - заалт, ГЕГ-ын даргын А/82 тоот тушаалаар батлагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар-ын 1.23 Гаалийн мэдүүлэгт бичигдсэн мэдээлэл нь гаалийн бүрдүүлэлтийн горимын агуулгад нийцсэн, бүрдүүлэлтэд шаардах бичиг баримт баримтын мэдээлэлтэй тохирсон байна гэсэн журмыг тус тус зөрчсөн;
2. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 -д Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно гэсэн заалтыг зөрчиж Г ХХК-ний нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийхээр мэдүүлсэн.
3. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д Эм эмнэлгийн хэрэгсэл импортлогч нь гадаад улсын эмийн үйлдвэр эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай худалдааны гэрээ байгуулсан байна гэсэн хуулийн заалтыг зөрчиж /02 A Sign Date: 2018 оны 06-р сарын 25-ны өдрийн тоот гэрээг үндэслэн Эрүүл мэндийн яам нь Г ХХК дээр лиценз олгосон ;
Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ, Г ХХК нь дээрхи асуудлаар хүсэлт гаргаж хандсан бөгөөд Буянт-Ухаа дахь гаалийн газрын 2018 оны 10-р сарын 29-ний өдрийн 01/470 дугаартай албан тоот, Гаалийн ерөнхий газрын 2018 оны 10-р сарын 12-ны өдрийн 02-2/4871 дугаартай албан тоотоор Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ нэр дээр ирсэн ачааг Г ХХК-ний тусгай зөвшөөрлөөр танай байгууллагын нэр дээр бүрдүүлэлт хийх боломжгүй хариуг тус байгууллагуудад хүргүүлсэн.
Иймд зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь заагдсан Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн зөрчилд шийтгэл оногдуулсан болно.
Дээрхи тайлбарыг үндэслэн Буянт Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Д.Нийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *********** дугаартай шийтгэлийн хуудасаар Г ХХК-ийг 2000 нэгж буюу 2,000,000 төгрөгөөр торгосон шийтгэл нь гаргасан зөрчилд нь хуулийн дагуу арга хэмжээ авсан болно. Мөн Г ХХК-аас торгуулийн 2000 нэгж буюу 2,000,000 төгрөгийг төлүүлж өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Г ХХК нь Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №*********** тоот Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулах-ыг хүссэн гомдлын шаардлага гаргасан байна.
Мөн Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Н.Г нь дээрх гаалийн улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №*********** тоот Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулах-аар дүгнэлт бичсэн байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр гомдлын шаардлагыг болон прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №*********** тоот шийтгэлийн хуудсаар Г ХХК нь өөрийн нэр дээр ирээгүй тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтэрүүлэхийг завдсан зөрчил гаргасан байна гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу хоёр сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн нь энэ зүйлийн 1, 11 дэх хэсэгт заасан, бусад зөрчлийн бүрэлдэхүүнгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.
Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ. гэж заасан байна.
Маргаан бүхий шийтгэлийн хуудаст заасан өөрийн нэр дээр ирээгүй тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийн бүрэлдэхүүний шинжүүд тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Г ХХК нь өөрийн нэр дээр ирээгүй тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Тодруулан хэлбэл дээр дурдсан ... гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэх зөрчлийн бүрэлдэхүүний обьектив талын болон сүбьектив талын шинжүүд тогтоогдохгүй байна.
Тухайлбал эмнэлгийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар
нэвтрүүлсний улмаас, үүнээс шалтгаалан төр болон аливаа этгээдэд хохирол учирсан байдал нотлогдохгүй байна.
Мөн Монгол улсад импортоор орж ирсэн эмнэлэгийн хэрэгслийг хүлээн авах хууль ёсны эрхгүй буюу эмнэлэгийн хэрэгслийг импортоор оруулж ирэх тусгай зөвшөөрөлгүй атлаа зөвшөөрөлтэй мэтээр хуурамч бичиг баримт үйлдсэн гэх мэт худал мэдээлэл, бичиг баримт бүрдүүлэн импортоор ирсэн эмнэлэгийн хэрэгслийг хүлээж авахыг, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан санаатай үйлдлийг Г ХХК гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Г ХХК нь эмнэлэгийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг гаргаагүй болох нь Гаалийн ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-д хүргүүлсэн 02-2/4871 тоот албан бичиг[1], Гаалийн ерөнхий газрын Буянт-Ухаа дахь гаалийн газрын 2018 оны 10 дугаар сарын 29-ний Г ХХК-д хүргүүлсэн 01/470 тоот албан бичиг[2], Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дах суурин төлөөлөгчийн газрын Буянт-Ухаа дахь гаалийн газарт хүргүүлсэн 02/490 тоот захианы хариу[3] гэх мэт нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтуудаар Г ХХК нь санамж бичиг цуцлагдсаны улмаас Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ эмнэлэгийн хэрэгслийг хүлээн авах боломжгүй болсон тул манайд олгож өгнө үү гэсэн агуулгаар анхнаасаа үнэн, зөвөөр хүсэлт, мэдүүлэгээ гаргаж байсан болох нь, импортоор ирсэн эмнэлэгийн хэрэгслийг Г ХХК хүлээн авахыг Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-аас зөвшөөрсөн болох нь нотлогдож байна.
Дээрх үндэслүүдээс үзэхэд Г ХХК-ийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжгүй, өөрийн нэр дээр ирээгүй тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтэрүүлэхийг завдсан зөрчлийг гаргасан болох нотлогдохгүй байна.
Иймд Г ХХК-ийн гомдлын шаардлагыг болон Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Н.Гын дүгнэлтийг хангаж, гаалийн улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №*********** тоот Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгох нь
зүйтэй байна.
Харин хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Эрүүл мэндийн хөгжлийн төв нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох зөвшөөрлийг Г ХХК-д олгох ёсгүй байсан, ийнхүү тус компанид импортлох зөвшөөрөл олгосон нь хууль бус, Г ХХК татвараас зайлсхийх зорилгоор Монголын Эрүүл мэндийн үүсгэл НҮТББ-ын нэр дээр гадаадаас эмнэлгийн хэрэгсэл оруулж ирсэн байж болзошгүй гэсэн ерөнхий агуулга, үндэслэлээр тайлбарлан маргаж байх хэдий ч энэ асуудал нь тус маргаанд хамааралгүй тул хариуцагч нь маргаж байгаа энэ үндэслэлээрээ тусдаа хяналт шалгалт хийх, холбогдох байгуулагад энэ асуудлыг шалгуулахаар хандах эрх нь нээлттэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Г ХХК-ийн гомдлын шаардлагыг болон Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Н.Гын дүгнэлтийг бүхэлд нь хангаж, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №*********** тоот Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ