| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/02157/И |
| Дугаар | 183/ШШ2021/02439 |
| Огноо | 2021-10-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2021/02439
| 2021 оны 10 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2021/02439 Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.С -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.О, Д ХХК/ нарт холбогдох,
Түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 5,000,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Д , түүний өмгөөлөгч Г.Х, Б.Б, хариуцагч нарын төлөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эхнэр бид хоёр 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тухайн газрыг очиж үзэхэд шинээр нээгдсэн учраас их гоё санагдсан. Шинэ зах учраас 5 давхар хүртэл дүүрчихсэн, ганцхан энэ байр л үлдсэн гэж хэлсэн. Бид хоёр байраа үзчихээд хариад маргааш нь н.*** гэдэг борлуулагч нь яриад өөр хүн орох гэж байна та түрээслэх үү гэхээр нь би мөнгөө шууд шилжүүлээд, нөгөөдөр очоод уулзахад арай болоогүй байна гэсэн. Тэгээд юу нь дутуу байгааг тодруулж асуухад лифт байхгүй, газ нь ч байхгүй, хэзээ бүрэн болох нь тодорхойгүй байсан. Би 2 сар гаруй хугацаанд хүлээгээд түрээсийн байрандаа орсон. Хүчээр ороод 14 хоног ажилласан. Лифт нь ажиллахгүй байсан учраас ямар ч хүн байхгүй байсан. Манайх ********* ХХК-ийн ажилчдын хоолыг хийж байсан. Тэгээд амаар болон бичгээр өргөдлөө өгөөд түрээсийн гэрээгээ дуусгавар болгосон. Мөнгөө буцааж авах гэж байнга ********* захын борлуулагч болон захирал Э.О рүү утсаар ярьдаг байсан. Ярих бүрд маргааш, нөгөөдөр өгнө гэсээр байгаад 1 жил болоод холбоогүй алга болсон. Тэгээд шүүхэд хандсан. Одоо 5,000,000 төгрөгөө гаргуулах хүсэлттэй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид түрээсийн гэрээний дагуу барьцаа хөрөнгөө шаардаж байна. Энэ тайлбайд 25 хоног суусан гэдгийг хариуцагч тал хариу тайлбартаа бичсэн байдаг. Энэ оффисыг сонгосон шалтгаан нь үйл ажиллагаа нь жигдэртэл буюу түрээсийн гэрээнд заасан зорилго биелэгдэж, ашиг орлого олох боломжтой объектыг шилжүүлж өгөх хүртэл хугацаанд түрээсийн төлбөрөөс чөлөөлнө гэсэн агуулгаар харилцан тохиролцоо хийсэн. Гэвч түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д Түрээслүүлэгч талаас үйл ажиллагааг эхлүүлэх товлосон өдрөөс эхлэн 30 хоног нээлтийн урамшуулал болгож түрээсийн төлбөрийг чөлөөлнө гэж заасан. Хариуцагчийн яриад байгаа 25 хоног, манайхаас яриад байгаа 14 хоног нь түрээсийн гэрээний 4.5-д заасан 30 хоногт багтсан учраас түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Түрээсийн гэрээний 6.4-т Түрээсийн гэрээ дуусгавар болоход үл хөдлөх хөрөнгийг түрээслэгчээс түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 5 хоногийн дотор барьцаанаас төлөгдөөгүй түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, үл хөдлөх хөрөнгөд учирсан хохирол зэргийг суутган тооцож, хүү тооцохгүйгээр мөнгөн тэмдэгтээр үлдэгдэл барьцааг буцааж олгоно гэж заасан. Энэ түрээсийн байр нь үйл ажиллагаа явуулах боломжгүй, анх хэлэлцэж тохиролцсоноос өөр нөхцөл байдал бий болсон гэдгийг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрснөөр энэ харилцаа дуусгавар болсон. Өнөөдрийн байдлаар аливаа хэлбэрээр учирсан хохирол, зардлаа хариуцагчаас нэхэмжлээгүй байна. Иймд манайх 5 хоногийн дотор буцаан олгогдох байсан түрээсийн төлбөрөө нэхэмжилж байна, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч нарын төлөөлөгч Э.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д ХХК буюу Смарт авто захын ерөнхий хөрөнгө оруулагч нь н.Н гэдэг хүн байсан ба Э.О 1 жилийн хугацаагаар гэрээ байгуулж гүйцэтгэх захирлаар ажиллуулж байсан. Э.О гэрээний хугацаа нь дуусаад ажлаасаа гарсан. С.Д ахыг байр түрээслэхэд хамт түрээсийн гэрээ хийж байсан хүмүүсээс одоог хүртэл лангуугаа ажиллуулаад ашиг орлого олж байгаа хүмүүс байгаа. Э.О уулзаад С.Д талаар асуухад сар хагасын хугацаанд тухайн газрыг түрээсэлж үйл ажиллагаа явуулсан гэж хэлсэн. Сар хагас гаруй хугацаанд суусан учраас түрээсийн гэрээний дагуу 2,500,000 төгрөгийг буцааж өгөх боломжтой гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч С.Д гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 5,000,000 төгрөгийг буцааж гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч Э.О, Д ХХК нарт холбогдуулан гаргасан, хариуцагч нар шаардлагыг эс зөвшөөрсөн байна.
Хэргийн баримтаас үзэхэд С.Д, Д ХХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээний 2, 3-т зааснаар олон үндэстний зоогийн газрын үйл ажиллагаа явуулах зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулахаар Гал тогоо 16,6 м/кв талбайтай тоног төхөөрөмж хөрөнгө, түүний дагалдах зүйлсийн хамт түрээслэгчид шилжүүлсэн байна.
Дээрх гэрээний 4-т сарын төлбөрийг 2,500,000 төгрөгөөр тогтоож, гэрээний 4.4-т зааснаар 2 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа мөнгийг төлсний дараа гэрээ байгуулахаар тохирсон байх бөгөөд гэрээний 4.5-д түрээслүүлэгч талаас үйл ажиллагааг эхлүүлэх товлосон өдрөөс эхлэн 30 хоног нээлтийн урамшуулал болгож түрээсийн төлбөрөөс чөлөөлнө гэж заажээ.
Дээрх гэрээг Д ХХК-тай байгуулсан, компанийг төлөөлж гүйцэтгэх захирал Э.О гарын үсэг зурсан байхад хариуцагчаар Э.О татсан нь үндэслэлгүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Шүүх талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хөлслөгчид тухайн эд хөрөнгийг ашиглах боломжийг олгох бөгөөд хөлслүүлэгч нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1, 288.1.1-д зааснаар ашиглалтын шаардлага хангасан эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй, харин хөлслөгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1, 289.1.1-д зааснаар хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах, 289.1.2-т зааснаар эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Гэрээний 7.1-д зааснаар 2019.11.20-ний өдрөөс 2020.05.20-нийг хүртэл 6 сарын хугацаатай байгуулсан, барьцаа мөнгө болох 5,000,000 төгрөгийг 2019.11.08-ны өдөр шилжүүлсэн болох нь Д.О /нэхэмжлэгчийн эхнэр/ Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон байна.
Харин түрээсийн гэрээний 6.4-т “түрээсийн гэрээ дуусгавар болж, үл хөдлөх хөрөнгийг буцаан өгсөн өдрөөс хойш 5 хоногийн дотор холбогдох зардлыг тооцож, барьцааны үлдэгдэл мөнгийг буцааж өгнө” гэж заасны дагуу хариуцагч тал мөнгийг буцааж өгөөгүй байх бөгөөд “...нэхэмжлэгч нь 25 хоног ажиллаж орлого олсон гэх” үндэслэлээр 2,500,000 төгрөгийг буцааж өгөх боломжтой, үлдэх мөнгийг нь өгөх үндэслэлгүй гэж маргажээ.
Гэрээ дуусгавар болсон явдалд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл тогтоогдоогүй, тухайн гал тогоонд 2020.01.14-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгч 14 хоног гэж, хариуцагч 25 хоног гэж зөрүүтэй тайлбарладаг боловч гэрээний 4.5-д “түрээслүүлэгч талаас үйл ажиллагааг эхлүүлэх товлосон өдрөөс эхлэн 30 хоног нээлтийн урамшуулал болгож түрээсийн төлбөрөөс чөлөөлнө” гэсэн заалтаар барьцаанд төлсөн 5.000.000 төгрөгийг буцаан гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хөлслөгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д зааснаар хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.2.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ********* ХХК-иас түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 5,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч С.Д олгож, хариуцагч Э.О холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********* ХХК-иас 94,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ