Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1231

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам, улсын яллагч Ч.Батбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч М.Дашням нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403 00377 0557 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Д-ийн Б, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр Төв аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Дунд наран ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: **, урьд:

- Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 198 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хорих ялаар,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д-ийн Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хамбын овоо дээр 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн орчим “***” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино," 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,” 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ...жолоодох.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уулын уруу өнхөрч жалга мөргөсний улмаас зорчигч Д.Д-ны амь нас хохирч, зорчигч Н.О-ийн эрүүл мэндэд хүнд, Т.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд дараах үйл баримтыг тогтоолоо.

Энэ хэргийн шүүгдэгч болох Б овгийн Д-ийн Б нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хамбын овоо дээр 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн орчимд “***” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино," 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,” 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ ... жолоодох.” гэсэн заалтуудыг зөрчиж, улмаар уулын уруу өнхөрч жалга мөргөсний улмаас зорчигч Д.Д-ны амь нас хохирч, зорчигч Н.О-гийн биед хүнд, Т.С-ийн биед хүндэвтэр зэргийн тус тус учруулжээ.

    1. Нотлох баримтын үнэлгээ
      1. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлгүүд

1. Шүүгдэгч Д.Б: “...Би урьд өдөр архи уусан байсан. Осол гарах өдөр О, амь хохирогч хоёртой таарсан, танихгүй хүмүүс. Дээшээ дөхүүлээд өгөөч гээд машинд суусан. Тухайн үед би гэр лүүгээ явж байсан. Тэр хоёр замаараа дэлгүүр ороод архи аваад гараад ирсэн, тэгээд намайг нэг татчих гээд архи хийж өгсөн...” гэж мэдүүлэв.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д: “...Би өвөө, эмээгээрээ овоглодог. Амь хохирогч нь албан ёсоор миний төрсөн эх, ээжтэйгээ хамт амьдардаг байсан, ээжийгээ нас барсныг мэдэж байна, өөр зүйл мэдэхгүй. Оршуулгын зардалд 2,000,000 төгрөг авсан, сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилнэ...” гэж мэдүүлэв.

      1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 08-12 дахь тал),

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “согтуурлын зэрэг 3.65 хувь” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15 дахь тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 18-21 дэх хуудас),

3. Амь хохирогч Д.Д-ны хууль ёсны төлөөлөгч Д.Д-ын: "...Би зам тээврийн ослын талаар мэдэхгүй. Миний ээж 1969 онд төрсөн. Манай өвөө эмээ ээжийг ихрийнх нь хамтаар өргөж авч байсан гэж ярьдаг. Ихрийн өрөөсөн нь бас нас барчихсан. Манай өвөө, эмээ хоёр одоо 80 гарсан хөгшин хүмүүс байдаг. Миний ээж нь 45 дугаар сургуульд 9 дүгээр ангиа төгсөөд гутлын үйлдвэрт ажиллаж байсан. 1988 оны орчимд манай аав Б гэх хүнтэй танилцаж үерхэж байгаад 1993 онд намайг төрсний дараа салсан. Гутлын үйлдвэрт ажиллаж байгаад Чех улс руу мэргэшил дээшлүүлэхээр 1 жил орчим явж сурсан, ирээд 1 жил орчим ажиллаад ажлаасаа гараад архи ихээр уудаг болж архины хамааралтай болсон. Намайг ухаан орсноос хойш л архи уугаад байдаг байсан юм. Намайг төрсний дараа ээж архи уугаад байдаг байсан болохоор өвөө намайг өргөж аваад өөрөөрөө овоглосон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

4. Хохирогч Т.С-ийн: “... 2024 оны 06 сарын 07-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хот руу замын унаанд суугаад 06 цагийн үед Драгон дээр буусан. Тэгээд замын хажуу талаас такси барьсан. О хамт тэр таксинд суусан, дараа нь нэг эмэгтэй нэмэгдэж суусан санагдаж байна. Би Архангай аймгаас ирээд Баянхошууны хөтлийн буудал дээр О гээд залуутай танилцаад, шартаад байна гэхээр 1 шил 0.33 литрийн архи аваад автобусны буудал дээр хувааж ууж танилцсан. Хөтлөөс тэр таксинд суугаад явснаас хойш юу болсныг санахгүй байна..., машинд байсан хүмүүсийг танихгүй, О бид 2 хойд суудал дээр, Б гэх хүн жолоо барьж байсан, урд суудал дээр 1 танихгүй эмэгтэй сууж явсан...Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

5. Хохирогч Н.О-ийн: “...2024 оны 06 дугаар сарын 7-ны өдрийн 09 цагийн үед, 5 шарын орчимд хүн хүлээж байх зуураа ажлын хүмүүстэй тавуулаа 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан байсан. Би согтсон байсан тул хэзээ, хэнтэй, хаана, яаж яваад осолд орсноо сайн мэдэхгүй байна. ..ажлынхаа хүмүүсээс түрүүлж яваад 1 танихгүй хүнтэй цуг такси бариад суусан, таксины жолооч 1 эмэгтэйтэй цуг байсан. Саарал өнгийн машин байсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй, яагаад осол болсныг мэдэхгүй байна. Би хойд суудал дээр сууж явсан...бүс зүүгээгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2102 дугаартай: “Талийгаач Д.Д-ны биед баруун 5,6,7,8,9,10,11-р хавирганы хоёрлосон, зүүн 1,2,3,4,5,6,7-р хавирганы далд хугарал, уушгины эдийн няцрал, хатгагдсан шарх, цээжний хөндийд цус хуралдалт 1000 мл, элэгний эдийн урагдал, задрал, сэмж, чацархайд цус хуралт, хэвлийн хөндийд 300 мл цус хуралдалт, хүзүүний 6-р нугалмын их биеийн бяцарсан хугарал, хуйханд цус хуралт, нүүрэнд зулгаралт, дух, баруун хацар, мөчдөд зулгаралт, цус хуралт, зүүн сарвуу, шагайнд урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо...Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь авто осол хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 46-49 дэх тал),

7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7887 дугаартай. “Т.С-ийн биед баруун дунд чөмгөний доод 1/3-н далд хугарал, өвчүү яс зөрөөтэй, зүүн 3, 4, 5, 6-р хавирганы зөрөө багатай, баруун 6, 7-р хавирганы зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо... Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 63- 64 дэх тал),

8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7886 дугаартай: “..Н.О-ийн биед баруун чамархай ясны чихний суваг дайрсан, эрүү ясны олон тооны сэлтэрхий үүсгэсэн бяцарсан, зүүн дунд чөмгөний ил, баруун дунд чөмгөний далд хугарал, баруун дал, эгэм, баруун 1, 2, 4, 5, 6, 9, зүүн 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хавирганы хоёрлосон хугарал, баруун доод үүдэн 1-р шүдний булгарал, угийн буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.12, 4.1.25-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 104-106 дахь тал),

9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3495 дугаартай: “...Шинжилгээнд “Б 51 эр” гэж хаяглан ирүүлсэн “001444008” хуруу шилний дугаартай цус нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжид 2.8 промилли спиртийн агууламж илэрсэн...согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 124-125 дахь тал),

10. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1303 дугаартай: “Жолооч Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3, 3.7-а гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 136 дахь тал) зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлгүүд нь бие биеэ няцаан үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор шүүхээс тогтоосон хэргийн бодит байдлыг эргэлзээгүй сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож, энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Д.Д нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан, хохирогч Н.О-ийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүнд зэргийн гэмтэл, хохирогч Т.С-ийн биед мөн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус учирсан болох нь үндэслэл бүхий нотлогдон тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Б нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино," 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,” 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа... хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдэл нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан согтуурлын шалгасан тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Т.С-ийн мэдүүлэг, хохирогч Н.О-ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Энэ хэргийн тухайд, шүүгдэгч Д.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хөдөлгөөнийг эхлүүлсний улмаас уулын уруу өнхөрч жалга мөргөн нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг, нэг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан нь мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжийг, нэг хүний амь нас хохироосон нөхцөл байдал нь мөн зүйлийн 3-т заасан онц хүндрүүлэх шинжийг хангаж, харин энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн байгаа нь тухайн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан тусгайлсан хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байх тул ийнхүү тусгайлсан хүндрүүлэх шинжээр зүйлчлэх хууль зүйн үндэслэл болсон байна.  

Шүүгдэгч Д.Б-ны замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой атал мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ нэг хүний амь нас хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэншинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэж оролцсоныг дурдах нь зүйтэй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Б-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ нэг хүний амь нас хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль    зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хувьд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д оршуулгын зардалд 2,000,000 төгрөг авсан, сэтгэцийн хор уршгийг нэхэмжилнэ, хохирогч Н.О эмчилгээний зардалд 800,000 төгрөг авсан, сэтгэцийн хор уршгийг нэхэмжлэхгүй, хохирогч Т.С гомдол саналгүй, сэтгэцийн хор уршгийг нэхэмжлэхгүй гэж тус тус мэдүүлсэн байна.

            Улсын яллагч: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нь сэтгэцэд учирсан гэм хорын хор уршгийг нэхэмжилнэ гэсэн тул “Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 99,000,000 төгрөгийг олгуулах саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч: “шүүгдэгч Д.Б нь бусад хохирогч нарт төлөх төлбөргүй, харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг төлөхөө илэрхийлж байна” гэсэн саналыг  тус тус гаргасан болно.

 Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд амь хохирогчийн төрсөн хүү Д.Д нь хэдийгээр өвөг эцгээрээ овоглодог боловч өвөг эцэг, эмэг эх болон энэ хэргийн амь хохирогч буюу өөрийн төрсөн эх Д.Д нартай хамт амьдарч байсан нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан хоёр аргын хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож олгох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид ашигтай гэж үзээд 99,000,000 төгрөгөөр сэтгэцийн хор уршигт учирсан гэм хор, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож, шүүгдэгч Д.Б-аас гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-т олгохоор шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тохиолдолд олгох нөхөн олговрын хэмжээг тооцох аргачлалыг хууль тогтоогч хуулиар тодорхойлсон байх тул шүүх нөхөн олговрын хэмжээг тогтооход шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлт шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж, хохирогч нараас уучлалт гуйж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хор уршгийг барагдуулсан, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг төлөхөө илэрхийлсэн, мөн хохирогч нарын буруутай үйлдэл зэрэг нөхцөл байдлыг харгалзан 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 183 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 144-152, 181-182 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 153 дахь тал), жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 154 дэх тал) зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн хувийн байдлыг үнэлж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзлээ.

Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг арван жилийн хугацаагаар хасаж түүнд дөрвөн жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байхын сацуу эрүүгийн хариуцлагын “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх”, “гэмт этгээдийг цээрлүүлэх”, “гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зэрэг зорилгыг бүрэн хангаж чадна хэмээн дүгнэв.

Шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жил болон дээд хэмжээ хэмжээ болох 8 жилийн завсарт дунджаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь ял шийтгэл тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. Мөн дэглэмийн тухайд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хүнийг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг арван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан үндсэн ял болох хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

    1. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, мөн битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Д-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ нэг хүний амь нас хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг арван жилийн хугацаагаар хасаж түүнд дөрвөн жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 99,000,000 төгрөгөөр тогтоож, уг төлбөрийг шүүгдэгч Д.Б-аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-т олгосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-т оршуулгын зардалд 2,000,000 төгрөг, хохирогч Н.О-д эмчилгээний зардалд 800,000 төгрөг тус тус нөхөн төлсөн, хохирогч Т.С хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шүүгдэгч Д.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг арван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан үндсэн ял болох хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                              Б.БАТАА