| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2018/00903/И |
| Дугаар | 183/ШШ2018/02489 |
| Огноо | 2018-11-17 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2018/02489
| 2018 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 183/ШШ2018/02489 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийнхуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ......... тоотод оршин суух Б овогт Д-ийн О /РД: ......../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн .............Б овогт Т-ийн А /РД: Ш........1/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ........ оршин суух Н.О нарт холбогдох,
үндэслэлгүй хөрөнгөжсөн 8.203.606 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М /ШТЭҮД:..../, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Д.Ошүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Д.Оминий бие Петровис тос ХХК-д борлуулагчийн ажил хийдэг. Миний бие Т.Алтантуяаг 2015 оны сүүлээр манай байгууллагаас тос тослох материал худалдан авдаг болж эхэлсэнээс хойш таньдаг болсон. Т.Ань байнга манайхаас бараа материалыг бэлэн мөнгөөр нь худалдан авдаг байсан тул миний бие итгэх болсон. 2017 оны эхээр Т.Ань манай компаниас 2.000.000 төгрөгийн үнэ бүхий тос, тослох материалыг борлуулалт хийсний дараа буюу 1 сарын дотор мөнгийг нь өгөх нөхцөлтэйгээр зээлж авсан. Үүний дараа дахин манайх 1 салбар нээх гэж байгаа 2.000.000 төгрөг зээлээч, би танайхаас өөр нэр төрлийн барааг өөр газраас авах гэж байна , мөнгө дутаад байна, салбараа нээгээд орлого нэмэгдэхэд өмнөх тосны мөнгөтэй нийлээд 4.000.000 төгрөгийг удаахгүй өгнө гэж хэлээд надаас аваад явсан. 2.000.000 төгрөгийг би Т.А-гийн нөхөр Н.О-ын Хаан банкны 5028511076 данс руу шилжүүлсэн. Миний бие Т.А-аас мөнгөө нэхэхээр би удахгүй өгнө, нэг хүнээс мөнгө авахаар хөөцөлдөж байгаа, тэр болтол түр аргалж байгаач гэдэг байсан. Т.Ань энэ хугацаанд манайхаас бэлэн мөнгөөр нь тос байнга худалдан авч байсан бөгөөд сураггүй алга болчихоогүй болохоор өгнө гээд найдаж байсан. Би 2.000.000 төгрөгийг барааны үлдэгдэл дээрээ нэмж тайландаа тусгаж байсан. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр надаас дахин 4.175.750 төгрөгийн үнэ бүхий тос, тосолгооны материал худалдан авч үүнээсээ 1.000.000 төгрөгийг бэлнээр өгч 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хавьцаа 500.000 тиөгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл төлбөр болох 2.675.750 төгрөгийг мөн дараа өгнө гээд өгөөгүй. Манай компани нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэнэтийн тооллого хийж нийт 4.800.000 төгрөгийн дутагдал илэрсэн бөгөөд Т.А-гийн зээлсэн барааны үнэ 4.675.750 төгрөг нь уг зөрчилд багтсан байсан. Уг мөнгийг компаний миний цалингаас 229.510 төгрөгийг суутгаж авсан бөгөөд үлдэгдэл 4.445.600 төгрөгийн 2.000.000 төгрөгийг таньдаг ахаасаа ББСБ-аас зээл авхуулж, 2.445.600 төгрөгийг цалингийн зээл авч байж барагдуулсан. Иймд миний бие Т.А-гийн өрийг өөрийн мөнгөөр төлж барагдуулсан тул дээрх 4.675.750 төгрөгийн бараа болон зээлсэн 2.000.000 төгрөг, нийт 6.675.750 төгрөгийг Т.А-гаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Мөн зээлж авсан барааны мөнгийг хугацаанд нь өгөөгүйгээс надад тушаалаар үндсэн цалингийн 20 хувиар 2 сарын хугацаатай сахилгын шийтгэл 360.000 төгрөг, 2017 оны урамшуулалт цалин 1.000.000 төгрөг, Хаан банкны зээлийн хүү 167.856 төгрөг, нийт 1.527.856 төгрөгийн хохирол учраад байна. Иймд Т.Алтантуяагаас нийт 8.203.606 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.А шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Д.О-ын нэхэмжлэлтэй Т.А, Н.О нарт холбогдох иргэний хэрэгт Т.Аминий бие нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 2017 оны эхээр авсан гэх 2.000.000 төгрөгийн ямар ч тооцоо байгаагүй ба түүний нэхэмжлэлдээ дурдсанаар урьд нь дандаа тооцоогоо нийлээд мөнгөө төлөөд явж байсан. Харин Н.Отгонбаатарын дансаар 2.000.000 төгрөгийг авахдаа зээлээгүй ба Чулуун овоонд байрлах тос тослох материалын лангуу хамтарч ажиллуулахаар буюу Иргэний хуульд зааснаар хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан. Уг тохиролцооны дагуу Д.Онь 2.000.000 төгрөгөөр хөрөнгө оруулсан. Бид хамтын ажиллагааны хүрээнд лангууг нэг сарын 250.000 төгрөгөөр, худалдагчийг өдрийн 10000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулж байсан ба түүний мөнгө нь 3 сарын түрээсийн төлбөр 750.000 төгрөг, худалдагчийн цалинд 900000 төгрөг зэрэгт зарцуулсан. Миний хувьд хамтарч ажиллаж байсны хувьд бараа бүтээгдэхүүн худалдан авах зардлыг би өөрөө гаргасан ба Д.О-д лангуунаас нэг бус удаа бараа /нийт 600.000 төгрөгийн/ болон бэлэн мөнгө өгч өөрийн зүгээс лангуу түрээслэхтэй холбоотой бусад зардлыг гаргаж байсан. Д.О нь ажил дээр согтуу ирж хэрүүл уруул хийж, миний ажил хэргийн нэр төрийг унагааж, тэнд цаашид ажиллах ямар ч боломжгүй болгож, би тэнд бизнес хийх ямар ч боломжгүй болсон. Бид лангууг хамтран ажиллуулахаа больсноос хойш үүссэн төлбөр тооцоог би ганцаараа төлж барагдуулсан, өөр хүмүүст ч төлбөр тооцоо, өртэй үлдсэн ба одоо хамтран ажиллахаа гэрээ дуусгавар болсон учир түүнд өгөх ч төлбөр тооцоо байхгүй болно. 2017 оны 09 дүгээр сарын 08-ныөдөр авсан 4.175.750 төгрөгийн үнэ бүхий тос, тосолгооны материалыг ПХХК-ийн Чулуун овооны салбараас авсан нь үнэн бөгөөд нэхэмжлэлд дурдсаны дагуу миний бие нийт 1.500.000 төгрөгийг П ХХК-д төлсөн болно. Одоо П ХХК-д дээрх 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл 2.675.750 төгрөгийн үлдэгдэл байгааг хүлээн зөвшөөрч байгаа боловч энэ мөнгийг Д.О-д биш худалдах, худалдан авах гэрээний нөгөө тал болох П ХХК-д төлөх ёстой ба Д.Онь уг мөнгийг шаардах эрхгүй этгээд болно. Д.О-ын хувьд өөрийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан алдаа дутагдалд нь байгууллагаас нь оногдуулсан сахилгын арга хэмжээ, түүний авах байсан гэх урамшуулалт цалинг нь бид төлөх ёсгүй ба үүнийг биднээс нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Охэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие П ХХКд борлуулагчийн ажил эрхэлдэг. Миний бие хариуцагч Т.А-тай 2015 оны сүүлээр манай байгууллагаас тос, тослох материал худалдаж авдаг болсноос хойш таньдаг болсон. Т.Ань эхний үед бэлэн мөнгөөр тооцоо хийдэг байсан бөгөөд сүүлийн 1 жил гарангийн хугацаанд надаас машины тос, тосолгооны материал зээлээр авч өгдөг болсон. 2017 оны 02 дугаар сард Т.А нь эгчдээ 2.000.000 төгрөг өгөөч, би танайхаас өөр нэр төрлийн барааг өөр газраас авах гэсэн мөнгө дутаад байна, шинэ салбар нээгээд мөнгийг чинь удаахгүй өгнө, мөнгө олдохгүй хэцүү байна, туслаач гээд байхаар нь итгэж 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 16-ны хооронд нийт 1.942.800 төгрөгийг Т.А-ийн хүссэнээр түүний нөхөр Н.О-ын Хаан банкны ******** тоот дансанд шилжүүлэн зээлсэн болно. Мөн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Т.А нь надаас 3.484.100 төгрөгийг тос, тосолгооны материал, 2017 оны 06 дугаар сарын 30-ныөдөр 1.824.000 төгрөгийн тос, тосолгооны материал зээлээр авахаар болж нөхөр Н.О нь 644.000 төгрөгийг тооцоо хийж, 1.204.000 төгрөгийн бараа зээлж Н.О зарлагын баримт үйлдэж авч явсан. 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр болон 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн нийт тооцоо 4.595.700 төгрөг болсноос Т.А нь нөхөр Н.О-ын дансаар миний Хаан банкны ******** тоот дансанд нийт 2.370.000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо 2.225.700 төгрөгийг төлөөгүй байгаа болно. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр болон 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тус тус тосолгооны материал авахдаа 4.175.750 төгрөгийн тооцоог ойрын хугацаанд хийнэ гээд мөн зээлээр авч явсан. Гэтэл 4.175.750 төгрөгөөс 1.500.000 төгрөгийг өгсөн бөгөөд одоо 2.675.700 төгрөгийг огт төлөөгүй байгаа болно. Дээрх тос, тосолгооны материалын үлдэгдэл төлбөр болох 4.901.400 төгрөгийг байгууллагаас хийсэн шалгалтын дүнд миний бие цалингаасаа болон бусдаас зээлж авч түүний өмнөөс төлж барагдуулсан тул хариуцагч Т.А-гаас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Т.А-гийн зээлсэн мөнгийг нэмж тооцохдоо алдаа гаргасан байх тул зээлсэн мөнгө 1.948.800 төгрөг гаргуулах шаардлагаас багасгаж 1.942.800 төгрөг шаардаж байна. Иймд хариуцагч Т.А-гаас зээлсэн 1.948.800 төгрөг, тос тосолгооны материал зээлээр худалдан авсан барааны үнэ 4.901.400 төгрөг, нийт 6.844.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэгбүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Т.А-д мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Т.А, Н.О нараас зээлийн гэрээний үүрэгт 2.000.000 төгрөг, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4.675.750 төгрөг, гэм хорын хохирол 1.527.856 төгрөг, нийт 8.203.606 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.О-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хариуцагч Т.А-гаас зээлийн гэрээний үүрэгт 1.942.800 төгрөг, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4.901.400 төгрөг, нийт 6.844.200 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахүндэстэй гэж шүүх үзлээ.
Зээлийн гэрээний үүрэгт 1.942.800 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хариуцагч Т.Ань нөхөр Н.О-ын дансаар дамжуулан нэхэмжлэгч Д.О-аас2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 812.800 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 710.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 420.000 төгрөг, нийт 1.942.800 төгрөгийг хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар болон мөнгө шилжүүлсэн орлогын мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Д.Онь дээрх шилжүүлсэн мөнгийг хариуцагч Т.А-гийн хүсэлтийн дагуу түүнд зээлдүүлсэн боловч буцаан төлөөгүй гэсэн үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт 1.942.800 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч Т.Ань дээрх мөнгийг хүлээн авсан нь үнэн, гэхдээ тос, тосолгооны материалын лангуу хамтарч ажиллуулахаар ярилцсаны дагуу хөрөнгө оруулсан мөнгө бөгөөд харилцан тохиролцож лангуугаа ажиллуулахаа больсон, үүссэн төлбөр тооцоог би ганцаараа төлж барагдуулж дуусаагүй байгаа тул түүнд өгөх төлбөр тооцоо байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.
Учир нь зохигчид тос, тосолгооны материалын лангуу хамтарч ажиллуулахаар хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтын үйл ажиллагаа явуулж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор талууд ямар хөрөнгө болон өр төлбөртэй үлдсэн, түүнийг хэрхэн хуваарилсан байдлыг тогтоох боломжгүй юм.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас 1.942.800 төгрөг шаардсан нэхэмжлэлийн үндэслэлээ талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч үгүйсгэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа, мөнгө шилжүүлсэн баримтад гүйлгээний утгыг О-аас орлого гэсэн байгаагаас үзэхэд Д.О нь 1.942.800 төгрөгийг зээлдүүлж өгөөгүй, шилжүүлсэн утга тодорхойгүй байх тул энэ мөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Харин нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Т.А-д 1.942.800 төгрөгийг шилжүүлж өгсөн, хариуцагч нь маргаагүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар зохигчдын хооронд үүрэг үүсээгүй байхад шилжүүлсэн мөнгөний хэмжээгээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, дээрх мөнгийг буцаан гаргуулах үндэстэй гэж үзэв.
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4.901.400 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Д.О нь П ХХК-нд худалдагчаар ажилладаг бөгөөд хариуцагч Т.А-ад өөрийн ажилладаг Нарны зам бөөний цэгээс хариуцсан менежерийн зөвшөөрөлгүйгээр 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 3.391.700 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1.204.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 859.350 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2.316.400 төгрөг тос, тосолгооны материалыг тус тус зээлээр худалдсан, хариуцагч Т.А нь өөрөө болон өөрийн нөхөр Н.О хамт бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан болох нь зарлагын падаануудаар нотлогдож байна.
Хариуцагч Т.А нь 2017 оны 06 дугаар сарын 02 өдөр худалдан авсан 3.391.700 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр худалдан авсан 1.204.000 төгрөг, нийт 4.595.700 төгрөгийн бараа, материалын төлбөрөөс нийт 2.225.700 төгрөгийг цувуулан төлсөн, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр худалдан авсан 859.350 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр худалдан авсан 2.316.400 төгрөг, нийт 3.175.750 төгрөгийн бараа, материалын төлбөрөөс 500.000 төгрөгийг тус тус төлсөн болох нь зохигчдын тайлбар болон нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, Т.А-гийн П ХХК-д гаргаж байсан өргөдөл зэргээр тогтоогдож байх бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 02 болон 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр 2.225.700 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 08 болон 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр 2.675.700 төгрөг, нийт 4.901.400 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч Т.Ань худалдан авсан тос, тосолгооны материалын үлдэгдэл төлбөр болох 4.901.400 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс П ХХК нь буруутай ажилтан болохД.О-аар төлүүлж, хариуцагч Т.Ань тус компанид тооцоогүй төлбөрийн тооцоогүй болжээ.
Нэхэмжлэгч Д.Онь өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлтэй байх тул хариуцагч Т.Алтантуяаг бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж үзэж, түүний өмнөөс П -д төлсөн 4.901.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч Д.Онь хариуцагч Н.О-рт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146.210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангаж буй үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 124.457 төгрөгийгхариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.А-гаас 6.844.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О-лд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Онь хариуцагч Н.О-рт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 146.210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид 124.457 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР