| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2020/00102/И |
| Дугаар | 183/ШШ2020/00914 |
| Огноо | 2020-04-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2020/00914
| 2020 оны 04 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2020/00914 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Б,
Хариуцагч: Ж.Э
Гэрээний үүрэгт 12 630 833,53 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:..........шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 49 дүгээр байрны 0 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч билээ. Тус байрыг I Home зуучлагч компаниар дамжуулан иргэн Ж.Э тэй орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулан, 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 12 сарын хугацаатай хөлслүүлсэн. Иргэн Ж.Э тэй байгуулсан гэрээний дагуу аялал жуулчлалын ВТF-Моngoliа ехреdition ХХК болон Меdiprotez ХХК нь оффисын зориулалтаар түрээслэн ашигласан. Түрээсийн гэрээг талууд 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гар бичмэлээр 2019 оны 10 дугаар сарын 31-нийг дуустал сунгаж, Ж.Э гарын үсэг зурсан. Гэрээний дагуу сар бүрийн түрээсийг дараа сарын 01-ний дотор төлж байх учиртай ч хөлслүүлэгчийн зүгээс сар бүрийн 05-ны дотор төлж байхыг зөвшөөрсөн. 2018 оны 10 дугаар сараас эхлэн хөлслөгч тал түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй, байнга нэхүүлж байсан ба гэрээний 3.2 заалтын дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцогдсон. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түрээсийн телбөр огт хийгдээгүй ба утсаар болон мессежээр олон удаа янз бүрийн шалтгаануудыг тоочиж, уучлалт гуйн хойшлуулж өгөхийг хүсэлт болгон, алдангийн хамт нэг мөр төлөхөө амлаж байсан. Хариуцагч Ж.Э-ийн эхнэр Ч.Б нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр надтай утсаар холбогдож, түрээсийн төлбөрийг цаашид хугацаа хэтрүүлэхгүйгээр төлж байхаа илэрхийлэн, 2019 оны 3 дугаар сарын 01-нээс эхлэн сар бүрийн үндсэн түрээсийн хэмжээг 800 000 төгрөг байхаар тохиролцсон. Үүнийг түүний надад ирүүлсэн мессэжүүд нотлоно. Гэрээний сунгалтаар энэхүү түрээсийн хэмжээг албажуулсан юм. Би 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр бичгээр мэдэгдэл гаргаж, 8 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгон орон сууц хөлслөх, хөлсүүлэх гэрээг дангаар цуцалж буйгаа мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийг 8 дугаар сарын 15-ны өдрийн орой тус компанийн ажилтан, Ч.Б-ийн дүү Б.Б-д өөрийн биеэр гардуулж өгсөн. Үүний дараа Ж.Э , Ч.Б нартай дахин холбогдохыг оролдсон ч тэд утсаа огт аваагүй, хариулаагүй. Миний байрны 1-8 дугаар саруудын хугацааны түрээсийн төлбөр, алдангийн нийлбэр болох 11 457 274 төгрөг, шүүхэд хандсантай холбогдуулан гарсан зардал 547 400 төгрөг, нийлбэр дүнгээр 12 004 674 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан, уг шаардлагаа 626 159,53 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 12 630 833,53 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Тухайн түрээсийн байранд нэхэмжлэгч очсон гэж ярьдаг боловч энэ нь баримтаар нотлогдоггүй. Нэхэмжлэгчийг эд хөрөнгийг саатуулан барьсан бөгөөд н.Билэгжаргалыг тухайн эд хөрөнгийг авах гэтэл өгөхгүй байсан гэсэн тайлбар нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийг саатуулж барьсан зүйл байхгүй, эд хөрөнгөө авна уу гэж хариуцагчид удаа дараа шаардлага тавьсан байдаг” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Ж.Э би 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Ц.Б гэх хүнтэй, түүний хүүхдийн нэр дээр байдаг гэх Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 49 дүгээр байр 12 тоотын хүн амьдрах зориулалт бүхий нэг өрөө орон сууцыг оффис, ажлын байрны зориулалтаар тохижуулсан байсныг харилцан тохиролцож орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Орон сууц хөлслөх гэрээнд 1.2 зааснаар гэрээг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатайгаар байгуулсан. Гэрээний 1.3-т зааснаар 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нэг сарын төлбөр 400 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг сарын төлбөр 600 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэг сарын төлбөр 700 000 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээний 1.5-д зааснаар 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үүдний өрөөг ашиглана тэр хугацаанд түрээс 400 000 байна гэж тохирсон. Гэрээний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ц.Б өөрийн эд зүйлийг авч явсан боловч надад мэдэгдэлгүй 2019 оны 01 дүгээр сард өөрийн эд зүйлийг үүдний өрөөний ширээн дээр намайг байхгүй үед авчран тавьж, өдөр бүр өөрийн түлхүүрээр онгойлгон орж ирэх болсон гэж манай менежер Б.Б хэлсэн. Үүнээс хойш Ц.Б ийг үүдний өрөөг өөрөө дахин ашиглаж байгаа юм байна сарын түрээсийг 400 000 тооцохоор болсон байна гэж би ойлгоод цаад өрөөг цоожилж байхыг менежер Б.Б д хэлсэн. Би өөрөө байнга оффис дээр очоод байдаггүй болохоор Ц.Б тэй 2019 оны 01 дүгээр сард огт уулзалдаагүй байсан. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн төлбөр өгөхөөр утсаар ярихад гадаад явсан гэсэн учраас төлбөрийг төлөөгүй түүнийг иртэл хойшлуулсан. Хэд хоногийн дараа Ц.Б тэй утсаар ярихад түрээсийн төлбөр нэг сард 700 000 төгрөг өг гэж хэлэхэд нь би Ц.Б та өөрийн эд зүйлээ авчирч ширээг үүдний өрөөтэй ашиглаж байгаа болохоор танд 400 000 төгрөг төлөх ёстой гэхэд хүлээн зөвшөөрөөгүй, үүнээс хойш тааламжгүй харьцаатай болж би дахин төлбөр төлөөгүй утсаар яриагүй. Менежер Б.Б өдөр бүр ажил дээрээ очдог бөгөөд өдөр бүр Ц.Б өөрийн өрөөнд ирсээр байгааг надад хэлсэн. Гэрээгээ цуцлах гэсэн ч манай ажил аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг байсан учраас ажлын оргил үе эхэлсэн. Мөн гэрээнд гэрээг цуцлах нэг ч заалт байгаагүй байсан тул би шүүхээр шийдүүлэхээс өөр аргагүй юм байна гэж бодоод маргаанаа шийдүүлэхээр 2019 оны 5 дугаар сард Ц.Б өд санал болгоход Ц.Б надад нэг сараас хойш төлбөр төлөөгүй юм чинь хүү, алданги гэж тооцохгүйгээр харин чи намайг үүдний өрөөнд суусанд тооцохгүйгээр нэг сарын төлбөр 800 000 гэж тохироод 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байрыг суллахаар тохирлцож гэрээг сунгасан гэж бичин гарын үсэг зуралцсан. Гэтэл 2019 оны 9 дүгээр сард менежер Б.Б ыг хөдөө ажилтай явж байхад нь эд зүйлээ ав, Ж.Эрдэний утас холбогдохгүй байна гэж Ц.Б мессеж бичсэн байсан бөгөөд Б.Б хотод ирэхэд оффист өөр хүмүүс орчихсон байсан, эд зүйлээ очиж авахаар Ц.Б тэй утсаар ярихад мөнгө өгөхгүй бол эд зүйлийг чинь өгөхгүй би гараашид хийчихсэн гэж хэлсэн байсан. Ж.Э би саатуулан барьсан гэх миний эд хөрөнгийг шүүх шийдвэрээ гаргахаас өмнө Ц.Б өөс гаргуулан надад өгөхийг хүсэж байна. Эд хөрөнгийг Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар саатуулан барих эрхтэй гэж заасан боловч миний эд хөрөнгийг зориулалтын газар хадгалсан эсэх, эд зүйл бүгд тоо ширхэгээрээ бүрэн бүтэн байгаа эсэх нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Иймд Ц.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн чөлөөлж өгөхийг мэдэгдсэн зурвасын талаар Ж.Э-ийн зүгээс маргадаггүй. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд нэхэмжлэгч нь сайн дурын үндсэнд өмгөөлөгч авч хууль туслалцаа авах эрхийг эдэлж байгаа тул өмгөөлөгчийн хөлсийг хариуцагчийн зүгээс төлөх үндэслэлгүй. Хадгалалтын зардлын талаар хүлээн зөвшөөрөхгүй. Талууд нь 2019 оны 02 дугаар сараас эхэлж түрээсийн төлбөрийн талаар маргаж эхэлсэн. Ж.Э нь түрээсийн төлбөрийг өгөхгүй байсны улмаас нэхэмжлэгч нь мөнгө өгөхгүй бол эд хөрөнгийг чинь саатуулан барих болно гээд хариуцагчийн эд хөрөнгийг өгөхгүй байсан”гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ж.Э д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 12 630 833,53 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...анх шүүхэд 1-8 дугаар саруудын түрээсийн төлбөр, алданги 11 457 274 төгрөг, шүүхэд хандсантай холбогдуулан гарсан зардал 547 400 төгрөг, нийт 12 004 674 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд түрээсийн төлбөр 5 900 000 төгрөг, алданги 2 950 000 төгрөг, ашиглалтын зардал 632 933,53 төгрөг, шүүхэд хандсантай холбогдуулан гарсан зардал 547 400 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 200 500 төгрөг, хадгалалтын зардал 2 000 000 төгрөг, нийт 12 630 833,53 төгрөг гаргуулахаар шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлж байна” гэж тайлбарласан.
Хэргийн баримтаас үзэхэд Ц.Б болон Ж.Э нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр Ц.Б ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 40 мянгат хороолол, 49 дүгээр байрны 12 тоот 1 өрөө орон сууцыг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал 12 сарын хугацаатай, төлбөрийг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сарын төлбөр 400 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сарын төлбөр 600 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш сарын төлбөр 700 000 төгрөг байхаар талууд тус тус харилцан тохиролцсон байна.
Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний зүйл болсон орон сууцыг хөлслөгчийн эзэмшилд хүлээлгэж өгсөн эсэхэд маргаагүй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуусах боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч тал гэрээ цуцлах талаар мэдэгдэл хүргүүлсэн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасантай нийцсэн байх бөгөөд хариуцагч мөн энэ талаар маргаагүй.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...2019 оны 01 дүгээр сараас түрээсийн төлбөрийг 700 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сараас 800 000 төгрөг байхаар тохиролцсон талаар маргахгүй, гэвч Ц.Б үүдийн өрөөг ашигласаар байсан тул түрээсийн төлбөрийг бүтэн төлөх үндэслэлгүй. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 400 000 төгрөгөөр тооцоход нийт 2 000 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 800 000 төгрөгөөр тооцоход 2 400 000 төгрөг, нийт 4 400 000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрнө. Бусад шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргасан.
Хэргийн баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч Ц.Б үүдний өрөөг ашигласан эсэх нь нотлогдоогүй, хариуцагч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй, мөн талууд алданги тооцох талаар гэрээний 3.2-т тусгаж, харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасантай нийцэж байх тул Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас түрээсийн төлбөрт 5 900 000 төгрөг, алданги 2 950 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн бусад шаардлагын тухайд, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч ашиглалтын 632 933,53 төгрөгийн зардал гарсан талаарх баримтыг хэрэгт хавсаргаж өгөөгүй, шүүхэд хандсантай холбогдож 547 400 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдоогүй, өмгөөлөгчийн зардалд төлсөн 1 200 500 төгрөгийг хохиролд тооцох үндэслэлгүй, мөн хадгалалтын төлбөр төлөх талаар талууд харилцан тохиролцоогүй байх тул, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 780 833.53 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх талаар хүсэлт гаргасныг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн хувийг гардаж авсан, хариу тайлбар гаргаж өгөх хугацаа шаардлагагүй, мөн үзлэгээр тодорхойлогдох үйл баримтад маргахгүй гэснийг, үүнтэй холбогдуулж нэхэмжлэгчийн өмгөөлөгч үзлэг хийлгэх, гэрч оролцуулах хүсэлтээс тус тус татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 156 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ж.Э эс 8 850 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 780 833.53 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 156 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ