| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2024/00235/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/239 |
| Огноо | 2024-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,
улсын яллагч М.Сайнзаяа,
хохирогчийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Халзан,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох эрүүгийн 2415000000191 дугаартай 163/2024/00235/Э индекстэй хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******-******* *******, ******* аймгийн ******* суманд 2002 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, ам бүл 2, эхнэрийн хамт ******* хотын ******* дүүргийн ** тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ** 4 дүгээр курсийн оюутан, урьд ял шийтгүүлж байгаагүй, 22 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт 3 дугаар багийн нутагт Э.тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000000191 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт 3 дугаар багийн нутагт Э.тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн: 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Урантогоо уулын орой дээр гарсан байсан чинь 5-6 солонгос эмэгтэй дагуулсан нэг эрэгтэй гарч ирсэн. Тэр эрэгтэй бид нарыг хараагаад байсан. Тэгэхээр нь манай аав “чи Монгол хүн байж ингэж болохгүй гэсэн” чинь аавтай маргалдаад байсан. Би явж байгаад эргээд харсан чинь аав газарт унаж байхаар нь аавыг цохичихлоо гэж бодоод тэр залууг очоод нүүр хэсэгт нь цохичихсон юм гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
2. Хохирогч ** өгсөн: Тэгтэл уулын орой хэсэгт ойролцоогоор 10 гаран тооны архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтолтын байдалтай болон гайгүй хүмүүс байсан. Тэгээд харж байхад дандаа гэр бүлээрээ явж байгаа бололтой хүмүүс харагдаж байсан. Тухайн үед би аялагч 6 эмэгтэйд Уран тогоо уулын талаар яриад зургаа даруулаад байж байтал 5 эмэгтэй нь “уулын гол руу бууж үзье” гээд доошоо алхсан. Харин Солонгос улсын иргэн Lee Yee Jin гэх эмэгтэй нь болохоор “хөл муу өвдөөд байна, доош явж чадахгүй эндээ байж байя” гээд үлдсэн. Харин би нөгөө 5 эмэгтэйн хамтаар уулын гол руу бууж яваад эргээд хартал дээр үлдсэн Lee YeJin лүү нөгөө архи ууж байсан 10 гаран тооны хүмүүс өндөр дуугаар дээрэлхүү байдалтай харьцаад байхаар нь би юу болж байна гээд түрүүлж очоод тухайн хэрүүл маргааныг салгах санаатай дундуур нь орж “Солонгос улсын иргэд шүү дээ та нар ингэж харьцахаа боль” гэж хэлтэл хар нүдний шилтэй өндөр биерхүү ах болохоор “чи Солонгос гөлөгнүүдийн өгзгийг нь ухдаг ч гэлүү долоодог ч гэлүү” тиймэрхүү үг хэлсэн. Тэгэхээр нь би “дуугай байцгаа” гэж хэлтэл нэг залуу нь над руу жижиг хэмжээний чулуу шидээд “чи бид нарын дууг хорьдоггүй юм шүү” гэж хэлээд над руу чиглээд иртэл жаахан махлагдуу эгч ирээд тэр ахыг аваад цааш явсан. Тэгтэл өөр өөр хүмүүс над руу ээлжлээд дайраад байсан. Улмаар надтай нэг ах нь юм ярьж байгаад миний баруун хацар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд би тухайн хүмүүсээс зайгаа аваад хойш ухраад яагаад байгаа хүмүүс бэ? зүгээр байгаач гэтэл дахиад өөр нэг залуу ирээд миний баруун хацар хэсэгт дахиад нэг удаа гараараа цохисон. Улмаар тухайн хүмүүс нь доош бууж зугтааж явцгаасан... Мөн Жамбал овогтой а гэх хүн намайг цохисон. Цагаан өнгийн Монгол цамцтай хүн мөн байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,
3. Иргэний нэхэмжлэгч Б.ын өгсөн: “Хохирогч Э. нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2,464,284 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байна. Манай байгууллагын зүгээс эрүүл мэндийн даатгалын сангаас Э.д зарцуулагдсан 2,464,284 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-14-15, 20 дахь тал/,
4. Гэрч **-гийн өгсөн: “...Би 4 найз эмэгтэй болон орчуулагч ийн хамтаар уулын гол руу доош бууж гүнзгий хэсгийг үзэхээр явсан. Тэгээд доош очоод байж байх үед нөгөө архи ууж байсан хүмүүс аль улсын хэлээр гэдгийг нь мэдэхгүй бид нар луу өндөр дуугаар харьцаад ямар нэгэн хараалын үг хэрэглээд байгаа юм шиг мэдрэгдсэн. Тэгээд орчуулагчаас юу болоод хүмүүс ингээд байгаа талаар асуухад орчуулагч “зүгээрээ хааяа хааяа иймэрхүү муу хүмүүс бас байдаг юмаа битгий тоо” гэж хэлсэн. Тэгээд манай орчуулагч нь уулын орой дээр үлдсэн LEE YEJIN лүү түрүүлээд явсан. Тэгээд намайг араас нь очиход орчуулагч ийг нэг хүн гайгүй цохисон. Дараа нь дахиад нэг залуу нүүр хэсэгт нь хүчтэй цохих үед орчуулагч газар унасан. Улмаар бид нар салгаад доош машины зогсоол руу бууж байх үед нь 2 дахь цохисон залууг харуулж бичлэг хийсэн. Бичлэг дээр болохоор цагаан ханцуйгүй футболктой, хар өнгийн тамирын өмд, цайвар өнгийн малгайтай залуу байсан. Ойролцоогоор 175-180 см орчим өндөртэй залуу байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
5. Гэрч **-гийн өгсөн: “...Тэр үед архи уугаад сууж байсан хүмүүс уулын гүнзгий хэсэгт байх манай найзууд руу чанга дуугаар хараалын үг хэлээд байгаа мэт үг хэлээд байсан. Тэр үед орчуулагч нь намайг ганцаараа байгааг мэдээд эргээд над руу ирж байсан. Тэр үед тухайн хүмүүс над руу дөхөж ирээд Монгол хэлээр үг хэлээд байсан. Тухайн үед юу хэлээд байсныг нь мэдэхгүй байсан. Тэр үед орчуулагч гарч ирээд тухайн хүмүүстэй ярилцаж байтал саарал өнгийн land загварын машины жолооч байсан ах орчуулагч ийн зүүн урд талд зогсож байгаад нүүр хэсэгт нь цохисон. Түүний дараа орчуулагч ийн баруун хацар хэсэгт цагаан өнгийн футболктой залуу гараараа нэг удаа цохих үед орчуулагч газар унасан. Тэр залуу их хүчтэй цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
6. Гэрч ** -гийн өгсөн: “...Тэр үед архи уугаад сууж байсан хүмүүсээс цагаан өнгийн футболктой хар өнгийн өмдтэй, саравчтай малгайтай залуу ирээд орчуулагч тэй маргалдаад байх шиг байсан. Улмаар орчуулагч ийг гэдэстэй ах гараараа цохисон. Түүний дараа нөгөө цагаан өнгийн футболктой хар өнгийн өмдтэй залуу орчуулагч ийн нүүр хэсэгт дахиад цохих үед ийн хамраас цус гараад газар унасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
7. Гэрч Э.ын өгсөн: “...Бид нарыг зураг авхуулаад байж байх үед орчуулагч монгол залуу нь бидний дундуур яваад мөн тойрч яваад муу сайн пизданууд, гөлөгнүүд гэж хэлээд байсан. Тэгтэл манай эгчийн хүүхэд болох Болд-Эрдэнэ нь тухайн орчуулагч залуутай маргалдсан. Тэгтэл орчуулагч залуу нь *******-Эрдэнэтэй маргалдаж хоёр тийшээ үсрээд салцгаасан. Тэгэхээр нь би дундуур нь орж салгаад хоорондоо маргалдаж янз бүр болж болохгүй, Монголчуудыгаа хэл амаар доромжилж болохгүй гэж хэлсэн. Тэр үед аав *******-гээ өмөөрөөд хүү ******* нь тухайн орчуулагч залуугийн баруун хацар, нүд хэсгийг хамруулан цохисон. Тэгээд би дахин тухайн хүмүүсийг болиулж зогсоосон. Тухайн үед орчуулагч залуугийн хамраас цус гарсан бөгөөд би салфетка аваачиж өгсөн. Тэгээд бид нар уулнаас бууцгааж машин луугаа явцгаасан бөгөөд машины зогсоол дээр нөгөө орчуулагч залуутай дахин маргалдаад бид нар явцгаасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/
8. Гэрч Д.*******-******* өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн хүү *******т бэр гуйж хадаг тавьсан юм. Тэгээд худ маань өчигдөр бид нарыг гаргаж өгөх гээд Уран тогоо уулын орой дээр гарцгааж суусан... Тэгтэл доороос гарж ирсэн үү аль эсвэл машины зогсоол байсан газраас гарч ирсэн үү гэдгийг мэдэхгүй баахан Солонгос эмэгтэйтэй нэг залуу уулын орой дээр гараад ирчихсэн байж байтал орчуулагч гэх залуу бид нарын дундуур гарч ирээд хараалын үг хэлж “муусайн пизданууд, гөлөгнүүд” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи Монгол хүн байж настай хүмүүсийн хажууд хараалын үг хэллээ” гэж хэлтэл орчуулагч надтай маргалдаж хэрүүл маргаан хийсэн. Тухайн үед би цохих гээд гараа далайтал намайг орчуулагч залуу түлхээд унагаачихсан. Тэр үед манай хамаатны ах а ирээд “чи ингэж болохгүй боль боль” гэж хэлтэл орчуулагч залуу надтай маргалдаж “наад муу гөлгөө ав” гэж хэлсэн. Тэр үед манай хүү ******* очоод орчуулагч залууг цохиж байгаа харагдсан. Тэр үед намайг хамт явж байсан хүмүүс дагуулаад уулнаас бууж машин руу аваачсан... Орчуулагч гэх залууг манай хүү намайг өмөөрч цохисон. Би хэдэн удаа хааш нь цохисныг хараагүй. Манай хүү *******өөс өөр хүнд цохиулаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
9. Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар 23-ны өдрийн 263 дугаартай: “Э.ийн биед хамар ясны зөрүүгүй хугарал, баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зүүн гарын чигчий хурууны ард, зүүн хөлийн өвдөг, шилбэний урд дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр үүссэн байх боломжтой. Уг хамрын ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зүүн гарын чигчий хурууны ард, зүүн хөлийн өвдөг, шилбэний урд дунд хэсэгт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 69-74 дэх тал/,
10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 993 дугаартай материалаар хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн: “...ийн биед хамар ясны хоёр хажуу хананд зөрүүтэй нийлмэл далд хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн гарын чигчий хуруу, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Өмгөөлөгчөөс тавьсан асуултын хариулт: Э.ийн биед учирсан гэмтэл түүнээс үүссэн эд, эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулах гэмтэлд хамаарна. Хамрын таславчийн мурийлт нь хамар ясны хугарал гэмтэлтэй хамт нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтуудад эмчилгээ нь гэмтэлтэй шалтгаант холбоотой тохирсон байна. Хамар ионы хугарлын шинж чанараас хамааран ясны бороололт нь 4 долоо хоног хүртэлх хугацаанд үүснэ.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 186-189 дэх тал/
11. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл “Хоёрдугаар зэрэглэл” болохыг тогтоосон маягтыг хохирогч, яллагдагч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт /хавтаст хэргийн 76 дахь тал/,
12. Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед Солонгос улсын 6 билүү 7 эмэгтэй жуулчин болон орчуулагч залуу буюу одоогийн хохирогч нар тухайн уулан дээр гарч ирсэн. Улмаар нь манай аав *******-Эрдэнэтэй маргалдсан бөгөөд тухайн үед нь уулын доороос дээшээ гарч ирэх үедээ бид нарыг “муу сайн пизданууд” гээд байсан, тухайн үгнээс болж манай аав уурлаж чи Монгол юм уу гэж өөс асуухад тийм, яасан гэж хэлж байсан. Тэгээд аав *******-Эрдэнэ очоод Монгол хүн байж ингэж болдог юм уу, гадаад улсын иргэдийг дагуулж явж байж гэж хэлтэл нөгөө нь бас хараалын үг хэлээд байсан. Тэгэхээр нь би очиж “яагаад байгаа юм” гэж хэлтэл “чи зүгээр цаашаа зайл банди минь” гээд байсан. Тэр үед намайг хадам ээж билүү манай ээж салгаад авч байтал манай аав *******-Эрдэнэ цохиулаад газарт унаж байх шиг байсан. Тэгэхээр нь би эргэж очоод ийн зүүн шанаа орчимд гараараа нэг удаа цохисон. Тэр үед нь доошлоод тонгойсон уу? суусан уу ямар нэгэн байдлаар доошоо болчихсон байсан. Тэгээд бид хэдийг доошоо бууж байтал нь жолоочдоо хандан бид хэдийг манай охидуудыг оролдоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үед маргалдчихаад салаад явцгаасан. ...Дараа нь хамт явсан хүмүүсээс асуутал аавыг цохиогүй нь хойш түлхсэн байсан байна лээ. Би одоогийн байдлаар 500,000 төгрөгийг нэг удаа өгсөн дахин мөнгө өгөөгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89-90 дэх тал/ зэрэг бусад нотлох баримтууд цугларсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч *, иргэний нэхэмжлэгч *, гэрч ** нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 263 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 993 дугаартай материалаар хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн: дүгнэлт, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл “Хоёрдугаар зэрэглэл” болохыг тогтоосон маягтыг хохирогч, яллагдагч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт, шүүгдэгч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
шүүгдэгч Б.******* нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт 3 дугаар багийн нутагт Э.тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.ийн хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий бүрэлдэхүүнтэй шинжээчийн 993 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.*******ийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газар нь гараараа зохиж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан.
Шүүгдэгч Б.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба ажилгүй байсан хугацааны цалин 9,750,000 төгрөг, эмчилгээний зардал 4,466,346 төгрөг, шатахууны зардал 682,321 төгрөг, хоол, ундны зардал 1,745,497 төгрөг, зочид буудлын төлбөрт 867,000 төгрөг, сэтгэцийн хор уршигт 8,573,400 төгрөг, нийт 26,084,564 төгрөгийг нэхэмжилж, иргэний нэхэмжлэгч Б. 2,464,284 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтаа ирүүлсэн нь хэргийн хавтасны 105-155 дугаар талд, 14-15 дахь талд тус тус нэхэмжилж нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгчээ.
Шүүх дээрх нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх... буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...” гэж тус тус заасны дагуу хохирогч Э., иргэний нэхэмжлэгч Б. нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэлэлцэхгүй, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Хохирогч Э.ийн эмнэлэгт үзүүлсэн он сар өдөр, хэвтэн эмчлүүлсэн цаг хугацаанд ирж, буцсан шатахууны зардал, хоолны газраас худалдан авсан хоол, дэлгүүрээс худалдан авсан хүнсний зүйлс, эмчилгээ үйлчилгээний нийт зардлаас 6,631,027 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, юу авсан нь болон ямар шалтгааны улмаас бензин шатахуун хийсэн эсэх нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, үнийн дүн давхардсан зэрэг баримтын үнэ болох 3,172,570 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Мөн хохирогч Э. нь “Билл арт монголиа” ХХК-д хөтөч тайлбарлагчаар ажиллаж, өдөрт 250.000 төгрөгийн цалин авдаг талаар “Билл Арт-Монгилиа” ХХК-ний гүйцэтгэх захирал Н.Ундрах тодорхойлсон.
Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 07-ны А/177, А/433 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох” журамд зааснаар Нийгмийн даатгалын сангаас өвчтэй байсан хугацааны цалингийн тодорхой хувийг авах эрхтэй бөгөөд харин авах ёстой байсан цалингийн зөрүүг шүүгдэгчээс нэхэмжлэх эрх нээлттэй байна.
Гэвч хохирогч нь тухай компанид ажил орсон Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх талаарх баримт, өвчтэй байсан хугацаанд тэтгэмж авсан эсэх, авсан бол ямар хэмжээгээр авсан зэрэг нь тус тус тодорхойгүй, холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин 9,750,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах” тухай тогтоолоор батлагдсан нөхөн төлбөрийн жишиг аргачлалын дагуу мөрдөгчөөс маягтын загвараар сэтгэцийн хор уршгийг 2 дугаар зэрэглэлд тогтоосныг хохирогч, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн байна.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон байх тул гэмт хэргийн шинж, учруулсан гэмтлийн зэрэг, гэмтлийн улмаас хохирогчийн мэдэрсэн өвдөлт, зовиур зэргийг харгалзан хор уршиг учрах үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг тухайн зэрэглэлд заасны дагуу 6 дахин нэмэгдүүлэн 3,960,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ. Иймд шүүгдэгч Б.*******өөс сэтгэцэд учирсан хор уршигт 3,960,000 төгрөг, эмчилгээний болон хүнс, буудлын төлбөр, шатахууны зардалд гаргасан 6,631,027 төгрөгөөс мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн төлсөн 500,000 төгрөгийг хасаж нийт 10,091,027 төгрөгийг гаргуулж хохирогч Э.д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн хохирогч Э. нь Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан төлбөр 2,464,284 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгч Б.*******өөс гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.оор дамжуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож тус тус шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас, хохирогчийн өмгөөлөгч нь улсын яллагчийн саналыг дэмжиж, хор уршгийг арилгуулах байр сууринаас тус тус оролцлоо.
Шүүгдэгч Б.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 92-98 талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ид, дээд, сургуульд суралцаж байгаа тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.******* нь ам бүл 2, эхнэрийн хамт ******* хотын ******* дүүргийн 7 дугаар хорооны 116-45 тоотод оршин суудаг, Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний салбар сургуулийн цахилгаан хангамжийн 4 дүгээр курсийн оюутан, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч Б.*******ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******өөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт таньж олуулах ажиллагааны үеийн бичлэг бүхий Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******-******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******өөс нийт 12,555,311 (арван хоёр сая таван зуун тавин таван мянга гурван зуун арван нэг) төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 3,960,000 (гурван сая есөн зуун жаран мянга) төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол эмчилгээ хийлгэсэн эм тариа болон шатахууны зардалд 6,131,027 (зургаан сая нэг зуун гучин нэгэн мянга хорин долоо) төгрөгийг буюу нийт 10,091,027 (арван сая ерэн нэг мянга хорин долоо) төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт 10-5-87 тоотод оршин суух хаягтай Э. /РД:ТЯ95121036/-д, 2,464,284 (хоёр сая дөрвөн зуун жаран дөрвөн ) төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.оор дамжуулан Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, 3,172,570 (гурван сая нэг зуун далан хоёр мянга таван зуун дал) төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Э.ийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 9,750,000 (есөн сая долоон тавин мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэгт таньж олуулах ажиллагааны үеийн бичлэг бүхий Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хадгалан хавсаргахыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ