| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2017/0051/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/53 |
| Огноо | 2017-06-05 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2017/ШЦТ/53
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр, шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******өд холбогдох эрүүгийн 201721000080 дугаартай, 178/2017/0051/Э/ индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 03 сарын 19-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, ард дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой,малчин мэргэжилтэй, ам бүл- 6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын *******, 1 дүгээр багт оршин суух, аминдаа ямаа 256 толгой хонь 98 толгой, 17 толгой үхэр, 12 толгой адуу, гэр-2, мотоцикль нэгийн тус тус хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 300000 төгрөг, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 01 сарын 08-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор / 1986 оны / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлсэн, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар ./Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Т.******* нь машин механизм ашиглаж 2017 оны 02 сарын 18- ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн Цагаан тойруу гэх газраас Майдарын хийдийн эзэмшлийн цахилгааны 6 ширхэг шонгийн мод, 1 ширхэг тулгуур мод, цахилгааны 1200 метр утас хулгайлж нийт 2320000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан цагаатгах болон яллах нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь машин механизм буюу мотоцикль хэрэглэж 2017 оны 02 сарын 18- ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн Цагаан тойруу гэх газраас Майдарын хийдийн эзэмшлийн цахилгааны 6 ширхэг шонгийн мод, 1 ширхэг тулгуур мод, цахилгааны 1200 метр утас хулгайлж хохирогчид бага бус хэмжээний буюу 2320000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн... Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн Цагаан тойруу гэх газар байх ба хоорондоо 100 метрийн зайтай 6 ширхэг шонгийн модны суурь байв. Шонгийн моднуудыг авсан байдалтай байв ... гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 5-7 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад хохирогч / Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух / *******ын *******ын өгсөн... Ховд аймгийн ******* сумын Цагаан тойруу гэх газар Майдарын хийдийн 48 ширхэг шонгийн мод байсан түүнээс 42 ширхэг модыг нь аваад 6 ширхэг шонгийн мод нэг тулгуур мод үлдсэн байсан. Гэтэл 2016 оны 12 сарын 18- ны өдөр тухайн шонгийн моднууд болон хооронд нь холбосон 1200 метр утас алга болсон. Хулгайлагдсан эд зүйлийн буцаан авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлгээр болон Т.*******өөс 6 ширхэг шонгийн мод, тулгуур багана нэг ширхэг, 1200 метр утас хураан авсан тэмдэглэл тогтоол, эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хэргийн 21-24 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн... 2017 оны 12 сарын 17-ны өдөр гэрээсээ өөрийн эзэмшлийн хятад улсад үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн мотоцикльтэй явж Цагаан тойруу гэх газар очоод 5 ширхэг шонгийн модыг төмрийн хөрөөгөөр хөрөөдөж гэртээ ирсэн. Маргааш өглөө нь дахин явж нэг ширхэг тулгуур мод , 1 ширхэг шонгийн модыг хөрөөдөж унагаад утсаар Б.Гансүхийг дуудаж машинаар нь ачиж ******* сумын төвд байх хашаандаа хүргэж буулгасан. Би Б.Гансүхэд 6 ширхэг мод болон утас, тулгуур мод зэргийг худалдаж авсан гэж хэлсэн. Б.Гансүх хулгай хийж байгааг мэдээгүй. Гэм буруугаа ойлгон гэмшиж байна ... гэх мэдүүлэг / хэргийн 57-59 дүгээр хуудас /, шонгийн мод -6х8000-480000 төгрөг, тулгуур мод 1х40000-40000 төгрөг, цахилгаан хөнгөн цагаан утас 1200х1500- 1800000 төгрөг, нийт 2320000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан / хэргийн 34 дүгээр хуудас/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Т.******* нь 6 ширхэг шонгийн мод, тулгуур багана нэг ширхэг, 1200 метр утас зэргийг 2016 оны 12 сарын 17, 18 ны өдрүүдэд төмрийн хөрөөгөөр хөрөөдөж хулгайлан авч өөрийн эзэмшилдээ оруулж улмаар гэрч Б.Гансүхийн ХОҮ 18-19 дугаартай Портер маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэн өөрийн хашаандаа авчирсан нь гэрч Б.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн... 2016 оны 12 сарын 18-ны өглөө гэртээ унтаж байхад Т.******* утсаар яриад Цагаан тойруу гэх газар өөрийн машинтайгаа хүрээд ирээч гэсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн ХОҮ 18-19 дугаартай цагаан өнгийн “портер” маркын машинтайгаа очсон. Т.******* нь 6 ширхэг шонгийн мод болон тэдгээрийг холбосон утас зэргийг буулгасан байсан. Миний машинд ачаад сумын төвд байх гэртээ авчирсан. Би тухайн мод болон утас зэргийг хэний эзэмшлийнх болохыг мэдээгүй. Би Т.*******ийг хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг ч мэдээгүй... гэх мэдүүлэг болон ХОҮ 18-19 дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хулгайлагдсан эд зүйлийг Г.*******өөс хураан авах тогтоол, тэмдэглэл, хохирогч З.Машбатад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн / хэргийн 16, 25-27 дугаар хуудас/ үзүүлэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогчид 2320000 төгрөгний хохирол учруулсан нь хэргийн 34 дүгээр хуудас дахь ... шонгийн мод -6х8000-480000 төгрөг, тулгуур мод 1х40000-40000 төгрөг, цахилгаан хөнгөн цагаан утас 1200х1500- 1800000 төгрөг, нийт 2320000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлангаар нотлогдсон болно.
Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар “ гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжинд заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх / 192000 төгрөгнөөс 9600000 төгрөг / хэмжээг бага бус” хэмжээ гэх ба шүүгдэгч Т.*******ийг 2016 оны 12 сарын 18-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үед нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөг байсан болно.
Иймд шүүгдэгч Т.*******ийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогчид 2320000 төгрөгний хохирол буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэж үзлээ.
Шүүгдэгч Т.******* нь бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирогчид мэдэгдэхгүйгээр 6 ширхэг шонгийн мод, 1200 метр гэрлийн утас, тулгуур шон нэгийг төмрийн хөрөөгөөр хөрөөдөж өөрийн өмчлөлд шилжүүлэн авч улмаар гэрч Б.Гансүхийн портер маркийн машинаар тээвэрлэн өөрийн хашаанд буулгасныг хулгайлах гэмт хэргийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Т.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн төвөөс хэрэг учрал болсон “Цагаан тойруу” гэх газарт өөрийн эзэмшлийн хятад улсад үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн мотоциклийг хэрэглэж 2016 оны 12 сарын 17-ны өдөр болон 18-ны өдрүүдэд очиж, төмрийн хөрөөгөөр төмөр утсыг тайрч буулгаж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаараа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, мөн гэмт хэрэг үйлдэх үедээ БНХАУ-д үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн мотоцикльтой байсан нь эд хөрөнгө хураах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургаар тогтоогдсон.
Хуульд машин механизм гэдэгт ... хүн ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикль ... зэрэг орох ба , машин механизм хэрэглэж гэдгийг ... бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор машин механизм ашигласныг ... ойлгоно гэж заажээ.
Шүүгдэгч Т.******* нь хулгайн үйлдэлдээ өөрин эзэмшлийн мотоцикль ашигласныг “машин механизм хэрэглэсэн “ гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.*******ийн машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгө хулгайлсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ”машин механизм хэрэглэж хулгайлсан “ гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг бий болгож байна.
Иймд шүүгдэгч Т.*******ийн үйлдсэн дээрхи гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “машин механизм хэрэглэж хулгайлсан “ гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Т.*******ийг машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.******* нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 01 сарын 08- ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор / 1986 оны / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 123 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлсэн нь хэргийн 60 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, 62 дугаар хуудас дахь “ 05 дугаартай шийтгэх тогтоол ” зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.******* нь 2002 оны 01 сарын 08- ны өдөр 6 сарын хорих ял шийтгүүлсэн / 1986 оны / Эрүүгийн хуулийн 123 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалын хувьд хүндэвтэр ангилалын гэмт хэрэгт хамрагдаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2,3-т зааснаар “ хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй “ бол ялгүй болох тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Т.******* нь гэр-2, мотоцикль -1, хэргийн 49 дүгээр хуудас дахь малын А дансаар адуу-12, үхэр-17, хонь-98, ямаа -256 нийт 383 толгой малтай , Ховд аймгийн ******* сумын ******* багийн Чаргат хайрхан 10-1в тоотод гэр бүлийн хэрэгцээний газар эзэмшдэг болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100000 / нэг зуун мянган / төгрөгний эд хөрөнгө хурааж, 2 жилийн хорих ял оногдуулж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо төлсөн, гэмт буруугаа ойлгон гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал” зэргийг харгалзан, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзнэ.
Учир нь шүүгдэгч Т.******* нь ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 2016 оны мал тооллогын баримтаар адуу-12, үхэр-17, хонь-98, ямаа -256 нийт 383 толгой малтай, мөн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт хашааны газар эзэмшдэг, мотоцикль-1, 2 гэртэй болох нь шүүгдэгчийн өөрийнх мэдүүлэг, гэрч Б.Цэнд- Аюушийн ... Би өөрийн эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклийг 2014 онд 1 тооны мориор Т.*******өд зарсан... гэх мэдүүлэг, малын А данс/ хх-ийн 49 дүгээр хуудас/ гэрч Ж.Даваасүрэнгийн... Т.******* нь эхнэр хүүхдүүдий хамт амьдардаг, урьд нь нэг удаа малын хулгайн хэргээр шийтгүүлж байсан. Дахин гэмт хэрэг үйлдээгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй ... гэх мэдүүлэг , гэрч Ц.Энхтайвангийн ... 2001 онд Ж.Даваасүрэнтэй гэр бүл болж, мал маллаж амьдарч байна. Амьдралын түвшин дунд зэрэг ... гэх мэдүүлгээр тогтоогдож байгаа болно.
Шүүгдэгч Т.*******ийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн мотоциклийн 500000 төгрөг, төмрийн хөрөөний үнэ 1000 төгрөг нийт 501000 төгрөгийг хурааж, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар улсын орлого болгов.
Шүүгдэгч Т.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь хохирогч З.*******ын мөрдөн байцаалтад өгсөн... Ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй. гэх мэдүүлэг, эд зүйл хураан авах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг зэргээр тогтоогдож байгаа болно.
Шүүгдэгч Т.*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн 500000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль, 1000 төгрөгний төмрийн хөрөөний үнийг гаргуулан улсын орлого болгохоор шүүхээс тогтоосон тул түүний эзэмшлийн дээрхи мотоцикиль, адуу-2, үхэр-2, хонь- 16, ямаа-42 –г битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 17- ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-уудыг тус тус хэвээр үлдээв.
Эрүүгийн 201721000080 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг машин механизм хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаарзүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг 100000/ нэг зуун мянга/ төгрөгний хөрөнгө хурааж, 2 / хоёр / жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн 201721000080 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Т.*******өөс гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн мотоциклийн үнэ 500000 төгрөг, төмрийн хөрөөний үнэ 1000 төгрөг нийт 501000 / таван зуун нэг мянга / төгрөгийг хурааж улсын орлого болгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Т.*******ийн эзэмшлийн мотоцикль, адуу-2, үхэр-2, хонь- 16, ямаа-42 –г битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 17-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-уудыг тус тус хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Т.*******өд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж , засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******өд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээрзүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах , улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА