Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 09 өдөр                         2020/ДШМ/55                                   Хэрлэн сум                                  

 

Д- холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2020/0055/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,  

Прокурор Ж.Баянжаргал нарыг онлайнаар оролцуулан,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалын “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлттэй Д-, А-, Б- нарт холбогдох холбогдох эрүүгийн 1939003950237 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Норовлин суманд 1993 төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар баг “Д” гэх газар оршин суух, урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Г-н Д- нь

Хэнтий аймгийн Норовлин суманд 1991 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар багт оршин суух, урьд Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 200000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 4 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Н овогт А-н А  

Хэнтий аймгийн Норовлин суманд 1990 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт Г-н Б

А- нь 2018 оны 10 дугаар сарын 17-25-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багийн төвд мал маллаж байсан Ч-н 1 тооны баруун чих нь урдаас догол имтэй эрээн нүүртэй улаан зүсмийн эр бярууг хулгайлж 500000 төгрөгийг хохирол учруулсан,

А-, Б-, Д- нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багийн төвд мал маллаж байсан Ч-н 1 тооны улаан халзан зүсмийн бярууг хулгайлж 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н овгийн Ан А, Б овгийн Г-н Д-, Х овгийн Г-н Б нарыг бусдын малыг хулгайлсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б-, Д- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч А-ыг 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр тус тус шийдвэрлэжээ.

 Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Яллагдагч А, Б, Д- нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багийн төвд мал маллаж байсан Ч-н 1 тооны улаан халзан бярууг хулгайлж 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б, Д- нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч А-г 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн.

Гэтэл Д- нь Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар багийн нутгаас 2019 оны 6 дугаар сарын сүүлээр Б-н мухар улаан зүсмийн эр бяруу, ухаа зүсмийн охин бяруу зэрэг нийт 2 тооны бусдын малыг хулгайлж 900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж улмаар Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 433 дугаартай тогтоолоор Д-т холбогдох эрүүгийн 2039000210077 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.  

Монгол улсын Дээд шүүх ”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд гэмт этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ заримд шийтгүүлсэн эсэхээс үл хамааран шинээр илэрсэн болон үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нь бүгдийг нэмж нэгтгэж байхаар заасан байна. Эндээс дүгнэхэд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим юм, энэ хэргийн тухайд Д- оногдуулсан 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх зохицуулалтуудад тусгагдсан үзэл баримтлал, зарчмын дагуу гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, нэмж нэгтгэх нь Д-ын эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна” гэж дүгнэсэн байх бөгөөд Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан нөхцөл байдал шинээр илэрч байх тул Д-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг нэгтгэн шалгуулах саналтай байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлттэй Д-, А-, Б- нарт холбогдох холбогдох эрүүгийн 1939003950237 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-, Б-, Д- нарт холбогдох эрүүгийн 1939003950237 дугаартай хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор Б-, Д- нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж, А-д 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжээ.

Д-ын Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар багийн нутгаас 2019 оны 6 дугаар сарын сүүлээр Б-н мухар улаан зүсмийн эр бяруу, ухаа зүсмийн охин бяруу зэрэг нийт 2 тооны малыг хулгайлж 900000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шүүх 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж 60 дугаартай шийтгэх тогтоолоор Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэжээ. Тус хэргийг давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэж 16 дугаартай магадлалаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар ялыг нэмж нэгтгээгүй” гэх үндэслэлээр Д-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэгийн гомдлоор Монгол улсын дээд шүүх тус хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж 433 дугаартай тогтоолоор Д-ын үйлдсэн гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж дүгнэн Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай магадлалд өөрчлөлт оруулан Д-т холбогдох эрүүгийн 2039000210077 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилжээ.  

Д-т холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлах нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтооход нөлөөлөхөөр байх тул “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас тогтоолыг хүчингүй болгуулах“ талаар гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүхэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2, 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, Б овогт Г-н Д-т холбогдох эрүүгийн 1939003950237 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

                                                                                              Б.СҮХГОМБО