Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2018/02674

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2018/02674

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Х дүүргийн 4б тоотод оршин суух Х овогтой Д.О   /РД:00000000/ нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Х дүүргийн 212 тоотод оршин суух Д овогтой Д.З  /РД:0000000/ холбогдох, 

2 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Д.З, түүний өмгөөлөгч А.Э /ШТЭҮ-*****/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ошүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Миний бие Д.О нь 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Д.З-аас Х дүүргийн Засаг даргын 224 тоот захирамжтай №0183527 тоот дугаартай газрын гэрчилгээг 2 400 000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл уг гэрчилгээ нь хууль бус байсан. Мөн 2009 оны 8 дугаар сарын 04-ний өдөр зээлсэн мөнгөний үлдэгдэл 200 000 төгрөг, хашааны банзны үнэ 200 000 төгрөг, нийт 2 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Миний бие Д.О 2014 оны 01 дүгээр сарын 16-нд Д.З-аас Хан-Уул дүүргийн засаг даргын 224 тоот захирамжтай №0183527 тоот дугаартай газрын гэрчилгээг 2 400 000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл уг гэрчилгээ нь хууль бус байсан. Мөн 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зээлсэн мөнгөний үлдэгдэл 200 000 төгрөг, хашааны банзны үнэ 200 000 төгрөг, нийт 2 800 000 төгрөгийг удаа дараа нэхсэн боловч мөнгө байхгүй гэсэн шалтгаанаар өгөхгүй өдийг хүрлээ. Гэтэл Д.З нь 2013 оны 9 дүгээр сарын 10-нд 10 000 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 30-нд 30 000 000 төгрөг авч, нийт 40 000 000 төгрөгөөр тус газрыг зарсан болохыг худалдаж авсан Б.Ж, Б нар надад өөрийн биеэр ирж хэлсэн. Эдгээр хүмүүс нь Д.З-аас Тусгай хамгаалалттай газар, нутгийн тухай хуулийг зөрчиж худалдан авсан буруугаа ойлгон ХУД-ийн шүүхэд 40 000 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. ХУД-ийн иргэний хэргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2016/06494 тоот захирамжийн үндэслэх хэсэгт “хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Д.З нь нэхэмжлэгч нарын дээрхи үндэслэлийн талаар маргаагүй” гэсэн нь Д.З Соёмбот 2-4б тоот газар зарсан нь тогтоогдсон учир мөнгө байсан боловч худлаа хэлсээр байна. Иймд миний 2 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь гэрчилгээний үнэ 2 400 000 төгрөг, зээлийн гэрээний үлдэгдэл 200 000 төгрөг, хашаа бариулахаар өгсөн 200 000 төгрөг нийт 2 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч шаардлагаа өөрчилсөн гэж өгсөн боловч энэ нь өөрчилсөн биш, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно.

Д.З гэдэг хүнтэй манай эхнэр Д.О 2008 оны 9 дүгээр сард танилцаж, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2 400 000 төгрөгөөр Х дүүргийн 1б тоотын №0183527 дугаартай гэрчилгээг худалдаж авсан. Д.З нь урьд нь мөнгөний асуудалтай байсан бөгөөд 2009 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 600 000 төгрөг, 2009 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөгийг зээлж авчихаад өгөөгүй, мөнгөө авъя гэхээр мөнгөгүй, гэрчилгээ өгсөн гээд байдаг. Гэтэл 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 40 000 000 төгрөгөөр газраа зарсан байдаг бөгөөд газраа 40 000 000 төгрөгөөр зарсан хэрнээ мөнгөгүй гэж байгааг нь ойлгохгүй юм. Иймд гэрчилгээний үнэ 2 400 000 төгрөг, 1 600 000 төгрөг зээлснээс төлсөн мөнгийг нь хасаад үлдсэн 200 000 төгрөг, хашаа бөглөчих гэж 200 000 төгрөг өгсөн. Хашааг бөглөөгүй, өгсөн 200 000 төгрөгийг ч буцаан өгөөгүй тул нийт 2 800 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь өөрийн хаягийг Х дүүргийн 4б гэжээ. Энэ газар нь миний нэр дээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магдалал, Дээд шүүхийн тогтоолоор тогтоогдож Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №769 албан тоотоор баталгаажсан. БОАЖ-ийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн а/07 тоот тушаалаар Д.О-ын ашиглах эрх нь цуцлагдаж, надад олгогдсон юм. Үүнийг мэдсээр байж хаягаа Х дүүргийн 4Б гэсэн байгаа нь шүүхийг хуурч байгаа хэрэг. Би Д.О-аас 1 600 000 төгрөг авсан нь үнэн. Өгч чадахгүй удаасан нь үнэн. 2014 оны 01 дүгээр сард Д.О мөнгө өгсөн 2 баримтаа үрэгдүүлсэн байна. Би нэгтгээд бичлээ гээд нэг бичигт гарын үсэг зуруулсан шиг санаж байна. Үүнээс хойш 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 1 000 000 төгрөгийг төлсөн ба 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 400 000 төгрөг өгч 200 000 төгрөгийг үлдэгдэлтэй болсон. Гэтэл Д.Оминий газрыг булааж БОАЖ-ийн яамнаас гаргуулж авсан байна. Ингээд Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр миний газар гэдгийг тогтоосон. Мөн энэ хурлуудад надаас гэрчилгээ авсан гэж зарга үүсгэж байсан. Д.О надаас 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 400 000 төгрөг авсан эх баримт Захиргааны хэргийн шүүхэд хэлэлцэгдэж байсан хэргийн материалд байгаа. Газрын гэрчилгээ худалдан авах зорилгоор гэсэн, газаргүй гэрчилгээ байсан гэж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Д.Э гэгч мэдүүлж байсан. Гэтэл 2014 онд газартай байсан гэдгийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 509 дугаар шийдвэрээр тогтоосон байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Миний бие нэхэмжлэгч Д.О-аас 1 600 000 төгрөг зээлсэн нь үнэн. 2014 онд Д.О ирээд урьд нь танд өгсөн 2 гарын үсэг зурсан баримт байхгүй болсон учраас уг 2 баримтыг нэгтгээд бичсэн гээд 2 400 000 төгрөг гэсэн баримт авч ирсэн. Би газрын гэрчилгээг барьцаалж байна гэж ойлгоод гарын үсэг зурсан. Зээлсэн мөнгийг сарын дотор 1 000 000 төгрөг, дахин 400 000 төгрөг төлж 200 000 төгрөг үлдсэн. Гэтэл Байгаль орчны яаманд өргөдөл бичиж уг газар дээр гэрчилгээ гаргуулж авсан байсан. Сүүлд авч ирсэн баримт нь ганцхан гарын үсэгтэй, ийм байх ёсгүй. Дараа нь Д.О гарын үсэг зуруулсныг нотлох зүйл нь үнэн болно гэсэн байгаа. 2 400 000 төгрөг өгсөн авсан баримт байхгүй. 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрчилгээ авсан гэж ярьж байгаа боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон 3 шатны шүүх, Захиргааны хэргийн шүүхээр 2010, 2011 онуудад Х дүүрэг, 4б газрыг давхацсан 1 газар байна гэдгийг нотлож шийдвэр гарсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөний талаар тодорхой нотлох баримт байхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4, 60 дугаар зүйл хамаарна гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөний үлдэгдэл 200 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1 600 000 төгрөг төлөөгүй, 2 400 000 төгрөг гэсэн нь зээлсэн 1 600 000 төгрөгийг хэлж байгаа юм. Баримтын он, сар өдрийг нь анхаарч үзнэ үү. Мөнгөтэй болсон байж төлөөгүй гээд байна, гэтэл гэрээ байгуулсан боловч мөнгө авсан зүйл байхгүй байгаа. Хашаа бөглөөрэй гээд надад мөнгө өгөөгүй, тийм зүйл болоогүй болохоор 200 000 төгрөгийг төлөх ёсгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Д.З-т холбогдуулан 2 800 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас газрын гэрчилгээг 2 400 000 төгрөгөөр худалдан авсан боловч гэрчилгээ нь хууль бус байсан, 1 600 000 төгрөгийг зээлсэн боловч 1 400 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, хашаа бөглөнө гэж банзны үнэ 200 000 төгрөгийг өгсөн боловч үүргээ гүйцэтгээгүй тул гэрчилгээний үнэ 2 400 000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 200 000 төгрөг, хашааны банзны үнэ 200 000 төгрөг, нийт 2 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, газрын гэрчилгээ худалдаагүй, нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн бөгөөд уг мөнгийг буцаан өгнө гэдгийг батлаж гарын үсгээ зурсан, зээлийн үүрэгт 200 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, хашаа засварлана гэж мөнгө аваагүй тул буцаан төлөх үүрэггүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Х дүүргийн 1б тоотын №0183527 дугаартай газрын гэрчилгээг 2 400 000 төгрөгөөр худалдан авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно гэж тайлбарласан бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Баримтад “Д.О миний бие нь Д овогтой З.Г-т Газрын гэрчилгээ /№0183527 тоот дугаартай/ худалдан авах зорилгоор төлбөрт 2 400 000 төгрөг хүлээлгэн өгсөн нь үнэн болно. Хүлээн авсан Д.З, хүлээлгэн өгсөн Д.О, хашааны үнэ 200 000 төгрөгийг нэмж бэлнээр авсан” гэжээ. /хэргийн хуудас/

Хариуцагч нь уг баримтад гарын үсэг зурсан талаараа маргаагүй боловч газрын гэрчилгээг худалдаагүй, 2 400 000 төгрөгийг хүлээн аваагүй, өмнө нь зээл авсан байсан учир өмнөх зээлийн баримт гэж зуруулсан, гэрчилгээг барьцаанд өгсөн гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан 2011 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 509 тоот Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгч З.З нь Х дүүргийн 1б тоот газрын хууль ёсны эзэмшигч болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 0183527 тоот газар эзэмших гэрчилгээ, нэгж талбарын зураг, Хан-Уул дүүргийн газрын албаны 2010 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 09/14 тоот бичиг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 тоот захирамж, хавсралт гэсэн баримтуудаар тогтоогдож байна” гэжээ.

Нэхэмжлэгч нь №0183527 тоот газар эзэмших гэрчилгээг худалдан авсан, газрыг худалдан аваагүй гэж тайлбарласан боловч Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар “газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичиг” бөгөөд газар эзэмшигч буюу хариуцагч нь мөн хуулийн 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” эрхтэй боловч 35.3.6-д “энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх” үүрэгтэй болно.

Иймд газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг худалдан авсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нь ойлгомжгүй, хариуцагч нь уг газрыг гэрчилгээг барьцаалсан гэсэн боловч улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ зөрчсөн байх бөгөөд талууд хэн аль нь 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Баримтыг үйлдэхийн өмнө зээлийн гэрээний харилцаа үүссэн байсан талаар маргаагүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.

Мөн хэрэгт авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/07 тоот тушаалаар “Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-256 дугаар тушаалын хавсралтын 183 дах хэсэг ШЖ0000000 регистрийн дугаартай иргэн Д овогтой О-д холбогдох Х дүүргийн 4б тоот, 318,7м.кв газрын газар ашиглах эрхийг хүчингүй болгож, уг газрыг СБ46110413 регистрийн дугаартай иргэн Д овогтой З-т олгосугай” гэсэн байх бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуучлалын яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах №0171100 дугаартай гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын ДЦГ-ын Зайсангийн ам аялал жуучлалын зориулалтаар ашиглахыг зөвшөөрч Д.Зт таван жилийн хугацаагаар олгожээ. /хэргийн хуудас/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг газрыг хариуцагч нь бусдад 40 000 000 төгрөгөөр зарсан, мөнгөтэй байж мөнгө өгөхгүй байгаа гэсэн бөгөөд хариуцагч нь газрыг 40 000 000 төгрөгөөр бусдад худалдахаар гэрээ байгуулсан талаар маргаагүй боловч мөнгийг аваагүй байгаа гэж тайлбарласан, энэ нь хариуцагчийг нэхэмжлэгчид 2 400 000 төгрөгийг төлөх үндэслэл болохгүй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2009 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 600 000 төгрөг, 2009 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 1 800 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хариуцагч нь уг 1 800 000 төгрөгийг хүлээн авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэн аль маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан мөнгө хүлээлцсэн баримтаар тогтоогдож байна. /хэргийн хуудас/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зохигч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг мөнгийг хариуцагч нь нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл 200 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгт 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 400 000 төгрөгийг тус тус буцаан өгсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв. /хэргийн 25-р хуудас/

Харин уг нэхэмжлэгч нь хариуцагчаас газрын гэрчилгээг 2 400 000 төгрөгөөр худалдан авсан, хашааны банзны үнэд 200 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэдгийг баримтаар нотлоогүй, талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгт мөнгө шилжүүлсэн болох тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээний буюу 200 000 төгрөгт ногдох 6 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.З-аас зээлийн гэрээний үүрэгт 200 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.З-аас 6 650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ХУЛАН