Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/122

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  М.Э                                                        

Улсын яллагч О.А

Өмгөөлөгч Г.Ж, Э.Т

Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Э-ийн Д-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс ..., ... боловсролтой, мэргэжилгүй, ... ажилтай, ам бүл ..., ... хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум ... баг ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овогт Э-ийн Д  /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Д нь 2024 оны 04 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг Бриллиант баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хогийн савны таг шидэж Ч.Ө-ын толгойг онож духны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                               

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 04 дүгээр сарын 20-ны орой найз Б, Эн, Д, А нарын хамт Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Бриллиант нэртэй караоке руу 21:00 цагийн орчим ороод 2 шил 0,75 литрийн архи уучхаад, хүний нэг нэг шил пиво уугаад дуулаад байж байтал хаах цаг болоод шөнө 00:00 цагийн орчим Бриллиантын үүдэнд тамхи татаад зогсож байтал манай найз А нэг үл таних залуутай маргалдаад байхаар нь би болиулаад байж байгаад тухайн үл таних залуу руу хогийн сав шидтэл цаанаас нь тухайн караокены эзэн нь гарч ирээд таг нь үсрээд тухайн караокены эзнийг оносон. Тэгээд миний хогийн сав шидээд оночихсон караокены эзний толгой хэсгээс нь цус гараад тэгээд цагдаа ирсэн. Миний шидсэн хогийн савны таганд оногдоод тухайн гэмтлийг авсан. Үл таних залуучуудтай маргалдаад л архины халуунд хогийн сав шидчихсэн. Миний биед халдаж зодсон асуудал байхгүй. Мөн өөр зодолдсон хүмүүс байхгүй. Би найзуудын хамт 2 шил 0,75 литрийн архи хувааж ууцгаасан. Мөн 1 шил пиво уусан. Нэлээн согтсон бараг тасрахын наагуур байсан. Улаанбаатар хот руу явж үзүүлнэ гэхэд нь 1,300,000 төгрөг өгсөн. Одоогийн байдлаар өөр мөнгө нэхэмжилсэн зүйлгүй. Цаашид надаас шалтгаалсан хохирол байвал би төлнө гэжээ. /хх-ийн 100-101/   

Шүүгдэгч Э.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 21-22-нд шилжих шөнө Бриллиант караокед орж үйлчлүүлсэн. Гарч тамхи татаж байх хугацаанд манай найзтай үл таних хүн маргалдсан тэгээд би хогны сав авч шидсэн. Шидэх үед баарны эзэн гарч ирээд миний шидсэн хогны савны таганд оногдсон. Гэм буруугаа ойлгож байна. Хохирогчид 1,347,000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгчид 500,000 төгрөг төлсөн, цаашид хохирлыг төлнө гэв.    

Хохирогч Ч.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 04 сарын 20-ны өдөр ажлын байран дээрээ буюу Замын-Үүд сум 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бриллиант караокены дотор ажлаа хийгээд байж байтал хэсэг бүлэг залуучууд хоорондоо маргалдсан тэгээд би тухайн залуучуудыг салгаад караокены гадаа гаргатал бүгдээрээ миний үгэнд ороод гараад явсан. Тэгтэл би гадаа хаалгаа хаах гээд үүд рүү гартал хоёр залуу зууралдаад өнхрөөд ороо ирсэн. Тэгээд би юу болж байна гээд хэлтэл миний толгой дээр нэг юм маш хүчтэй цохисон. Тэгээд би толгойгоо барьтал миний толгой цөмөрсөн юм шиг хонхойгоод маш их цус гоожсон. Тэгээд цагдаа дуудсан. Би тухайн үед хэнтэй ч маргалдаж муудалцаагүй. Надад эмнэлгийн зардал 1,300,000 төгрөг өгсөн. Би сэтгэцэд учирсан хор хохирол тогтоолгохгүй. Надад хохирын баримтууд байгаа. Би БНХАУ-д эмнэлэгт үзүүлсэн баримтуудаа захисан байгаа, баримтууд ирэхээр нь өөрөөс гарсан зардлаа нэхэмжилнэ гэжээ. /хх-ийн 11-17/

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь мэндийн тусламж, үйлчилгээний зардлын хохирсон даатгуулагчийн эрүүл төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Ч.Ө нь Эрүүл мэндийн Даатгалын сангаас 2,906,404 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Э.Д-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Эрүүл мэнд нь хохирсон иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцон төрд учирсан хохирлыг гаргуулан авна гэжээ. /хх-ийн 21-25/

Гэрч Т.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 04 дүгээр сарын 20-21-ний шилжих шөнө намайг гэртээ амарч байх үед сумын нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаас миний гар утас руу залгаад “хүн үзүүлэх гэсэн юмаа” гээд дуудсан. Тэгээд би ажлын байран дээрээ иртэл Ч.Ө гэх эмэгтэй хүлээн авахын орон дээр хэвтэж байсан бөгөөд нүүр ам нь дүүрэн цус болчихсон байсан. Тэгээд би тэр Ч.Ө-ыг үзэхэд артерийн даралт буурч нүүр ам нь тэр чигтээ цусанд будагдсан духны баруун талд том хэмжээний тах хэлбэртэй шархтай байсан ба уг шархыг шалган үзэхэд шархан доорх булчин тасарсан, судас тасарсан, ясны хальс гэмтсэн, цус урсан гарсан байдалтай байсан. Илэрхий голомтод шинжгүй, боловч гавлын хөндийн дотор даралт ихсэлтийн шинж илэрсэн өвдөлт ихтэй байсан тул яаралтай мэс заслын тасагт хэвтүүлэн нүүрний унжлага үүсгэсэн шархыг шалгаж цусыг тогтоож эдийг буцаан нөхөн сэргээх мэс заслыг хийсэн. Тухайн үед Ч.Өлзийтогтох нь маш өвдөлтийн шоктой байсан тул юу болсон талаар ярилцаж чадаагүй, ямар ч байсан бусдад санаандгүй байдлаар цохиулсан гэж хэлж байсан. Ч.Ө-ын биеийн бадал одоо харьцангуй дээрдсэн. Цаашид Улаанбаатар хотод гэмтэл согог судлалын үндэсний төвд явж үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөгөө өгсөн. Би тэр үед Ч.Ө-ын духны дотор болон гадна маш олон тооны оёдол тавьсан яг хэдэн тооны оёдол тавьсан талаараа мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 26-27/

Гэрч А.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай шилжүүлэн ачих ангийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр болсон бөгөөд уг тэмцээнд манай бригадын залуу болох Э түрүүлсэн тэгээд бид нар найзуудаараа буюу Б, Э, Б, А, Д нарын хамт Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг ... караокед орж сууцгаасан. Тэгээд сууж байх үед нэлээн их хэмжээний архи пиво уугаад дуулцгаасан. Тухайн үед би их архи уусан байсан тул тасарчихсан байсан яг юу болсон талаар санахгүй байна нэг мэдэхэд цагдаа дээр ирсэн байж байсан. Тэгээд удалгүй цагдаагаас гараад найзындаа очиж амарсан. Маргааш өглөө нь найзуудаасаа сонсоход бид нар ул таних хүмүүстэй маргалдсан гэж ярьж байсан бөгөөд тэр үед Д Б караокены эзэн эмэгтэйн толгойг хагалсан гэж сонссон. Яг юу болсон талаар надад санах зүйл байхгүй байна. Тухайн үед болсон асуудлыг би огт санахгүй тасарчихсан байсан бөгөөд дараа нь найз нараасаа сонсож мэдсэн тэр үед Д санаандгүй байдлаар тэр Ө эгчийн цохиж гэмтээсэн гэж байсан гэжээ. /хх-ийн 30-31/

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 сарын 16-ны өдрийн ... дугаартай дүгнэлт: 1.2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02/201 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Ч.Ө-ын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 84-86/

Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Хятад хэлний багш орчуулагч мэргэжилтэй. Тухайн хоёр баримт дээр Эрээн хотын эрүүл мэндийн байгууллагын жорын тэмдэглэл байна. Цэнхэр тэмдэглэлд Нэр Ө, Хүйс: ..., нас: ..., огноо: 2024.05.02 гээд Qizheng тос, Женнаонин, Цишу тос, Чи чийгшүүлэгч тос гээд доод талд нь үнийн дүн буюу 1,800 юань гэсэн байна. Цагаан тэмдэглэл дээр Яангхай, Аншен, 8 хайрцаг, Хуа Яин 4 хайрцаг гээд доод талд нь үнийн дүн буюу 1,200 юань гэсэн байна гэжээ. /хх-ийн 119-120/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

Иргэний нэхэмжлэгч байгууллагын хохирлын баримт /х-ийн 18-20/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 94-96/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн лавлагаа, оршин суух газрын хаягийн бүртгэлтийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 105-108/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111/  

Хохирлын баримт /хх-ийн 112-117/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 121-122/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Э.Д нь 2024 оны 04 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг ... баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хогийн савны таг шидэж Ч.Ө-ын толгойг онож духны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ч.Ө-ын “...Тэгээд би юу болж байна гээд хэлтэл миний толгой дээр нэг юм маш хүчтэй цохисон. Тэгээд би толгойгоо барьтал миний толгой цөмөрсөн юм шиг хонхойгоод маш их цус гоожсон. Тэгээд цагдаа дуудсан.” /хх-ийн 11-17/ гэх мэдүүлэг, гэрч Т.С-ын “...Ч.Ө гэх эмэгтэй хүлээн авахын орон дээр хэвтэж байсан бөгөөд нүүр ам нь дүүрэн цус болчихсон байсан. Тэгээд би тэр Ч.Ө-ыг үзэхэд артерийн даралт буурч нүүр ам нь тэр чигтээ цусанд будагдсан духны баруун талд том хэмжээний тах хэлбэртэй шархтай байсан ба уг шархыг шалган үзэхэд шархан доорх булчин тасарсан, судас тасарсан, ясны хальс гэмтсэн, цус урсан гарсан байдалтай байсан. Илэрхий голомтод шинжгүй, боловч гавлын хөндийн дотор даралт ихсэлтийн шинж илэрсэн өвдөлт ихтэй байсан тул яаралтай мэс заслын тасагт хэвтүүлэн нүүрний унжлага үүсгэсэн шархыг шалгаж цусыг тогтоож эдийг буцаан нөхөн сэргээх мэс заслыг хийсэн....” /хх-ийн 26-27/ гэх мэдүүлэг, гэрч А.Д-ийн “...найзуудаасаа сонсоход бид нар ул таних хүмүүстэй маргалдсан гэж ярьж байсан бөгөөд тэр үед Даваалхагва Бриллиант караокены эзэн эмэгтэйн толгойг хагалсан гэж сонссон. Яг юу болсон талаар надад санах зүйл байхгүй байна. Тухайн үед болсон асуудлыг би огт санахгүй тасарчихсан байсан бөгөөд дараа нь найз нараасаа сонсож мэдсэн тэр үед Д санаандгүй байдлаар тэр Ө эгчийн цохиж гэмтээсэн гэж байсан.” /хх-ийн 30-31/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 сарын 16-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 84-86/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Э.Д-ын гэм буруутай үйлдэл, хохирогч Ч.Ө-д учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч Э.Д нь хохирогч Ч.Ө-ын эмчилгээний зардалд 1,347,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч байгууллагад 500,000 төгрөгийг төлж барагдуулсан нь хохирогчийн тайлбар, Голомт банкны төлбөрийн баримтаар  тогтоогдож байна. Хохирогч нь БНХАУлсад эмчлүүлсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно. Хэрэгт хавсаргаж өгсөн 2 баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй, түүнчлэн хохирогч нь хэдэн төгрөг эмчилгээний зардалд нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна гэж үзлээ.  

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгчээс 2,406,404 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Э.Д нь анх удаа хэрэг үйлдсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, хохирол, хор уршгийг төлж барагдуулсан  байдал, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн тайлбар, хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т-аас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй. Учир нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлийн нэг нь хохирлоо төлсөн байхыг хуулиар шаардсан. Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч байгууллагад учруулсан 2,906,404 төгрөгийн хохирлоос 500,000 төгрөгийг төлсөн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллагын хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Э-ийн Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийн Д-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ сарын хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Э.Д-аас 2,406,404 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогч Ч.Ө БНХАУлсад эмчлүүлсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.Б