| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/0123/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/123 |
| Огноо | 2024-11-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.6.1., |
| Улсын яллагч | Г.Г |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Г.Г
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Ц-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Архангай аймгийн ... суманд төрсөн, ... настай, халх, ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 3, аав, дүүгийн хамт, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг ... хороо ... байрны ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Ц /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан, Zaya Zayaanaa гэх нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягт "лудо тоглох уу" гэх стори хийж, уг хаягийн дагуу холбогдсон хохирогч Э.Б-той фейсбүүкээр лудо гэх нэртэй тоглоом тоглож, улмаар түүнтэй чат, мессежээр харилцан, өөрийгөө эмэгтэй хүн гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Д Ч гэх нэртэй Хаан банкны ... Дугаарын дансаар 10,000 төгрөгийг,
мөн мөнгө өгөхийг шаардаж, Замын-Үүд зар группэд "Энэ бол цэвэр гаж донтон шүү бүсгүйчүүдээ, охидоо хүчиндэгч энийг түмэнд түгээ, би бэлгийн дарамтад өртсөн байдаг, бүх группдээ түгээ" гэх баримт мэдээлэл тараахаар сүрдүүлэн, хохирогч Э.Б-оос 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 20-ныг хүртэлх хугацаанд өөрийн Хаан банкны ..., Голомт банкны ... дугаарын дансаар 5,100,000 төгрөг, нийт 5,110,000 төгрөгийг 21 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би ... гэх нэртэй фейсбүүкийн талаар мэднэ. Энэ фейсбүүк хаягийг анх 2023 онд Itachi гэх нэрээр би өөрөө нээж байсан. Тухайн үед дагагчаа ихэсгэх гээд кино постлож оруулж байгаад дагагч нь өсөхгүй байхаар нь 2024 оны 04 дүгээр сард Zaya Zayaanaa гэдэг нэртэй болгосон. Эмэгтэй нэртэй болгоод эмэгтэй хүний зураг оруулчихвал дагагч өсөөд сонгуулийн үеэр тухайн фейсбүүк хаягаа зарж мөнгө олно гэж бодож байсан. Надаас өөр хүн нэвтэрч ашигладаггүй. Би өөрийн ашигладаг ... гэдэг нэртэй фейсбүүк хаягаасаа 2024 оны 08 сарын 26-ны өдөр лудодох уу? гэж стори оруултал Б Э гэх нэртэй миний өмнө огт харж байгаагүй фейсбүүк хаягаас тэгье тоглоё утгатай чат ирсэн. Тэгээд би завгүй байна гээд тоглоогүй. Маргааш нь Б Э гэх нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй чатлаад би өөрийгөө эмэгтэй хүн гэж худлаа хэлж итгүүлэн намайг ... гэдэг гэж хэлээд танилцаж чат бичдэг болсон. Намайг дугаараа өгөөч гэхээр нь би өөрийн ... дугаарыг өгч 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бие өвдөөд байна ... данс руу 10,000 төгрөг өгчих гэж хэлээд авсан. Энэ данс нь Ч гэдэг манай найзын данс байгаа юм аа тухайн мөнгийг би өөрөө авч үрсэн. Удалгүй Б Э гэдэг фейсбүүк хаягаасаа мөөмнийхөө зургийг явуулчих гэж шаардсан. Би тэрийг нь хадгалж аваад зургийг чинь фейсбүүк дээр оруулаад гаж донтон гэж постлоно гэж хэлээд сүрдүүлж анх би өөрийнхөө хаан банкны ... данс руу 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 50,000 төгрөгийг Б-оос авсан. Маргааш нь буюу 09 дүгээр сарын 08-ны өдөр би Б-ийн ... дугаар луу харсан биз дээ пост хийсэн байгаа, одоо таньдаг бүх хүмүүс рүү чинь явуулна дахиад 30,000 төгрөг хийчихвэл дахиж тийм юм хийхгүй гэж амлалт бичье гэж хэлээд мөнгө авсан. Энэ мэтчилэн сүрдүүлж Б-оос 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 50,000, 55,000, 100,000 төгрөгийг өөрийн данс болох голомт банкны ... тоот данс руу авсан. Казино тоглоод мөнгөө алдаад Б Э гэх хүнээс фейсбүүк дээр зургийг чинь тавьж пост оруулна гэж хэлж сүрдүүлж мөнгө авсаар байгаад нийт 4 сая орчим төгрөг авсан гэж бодож байна. Тухайн мөнгөнүүдийг би гар утсаараа интернэтээр казино тоглож дуусгасан. Фейсбүүкээр чаталж байгаад 09 сарын 22-ны өдөр дахин сүрдүүлж мөнгө авах гэтэл цагдаад мэдэгдсэн би чамд Цагдаагийн дугаар өгөх үү? гэж над руу чат бичихээр нь би хариу бичээгүй. Маргааш нь над руу цагдаагаас залгахаар нь очихоосоо өмнө ... гэх фейсбүүк Хаягийнхаа нэрийг Хан өндөр гэж нэрээр сольж бүх зургийг нь устгаад фейсбүүкээ устгасан. Энэ талаар надаас өөр хэн ч мэдээгүй байсан. Саяхан би цагдаад шалгагдах гэж байна гэж аав, эгчдээ хэлтэл өөрөө шийд гэж хэлсэн. Би Б гэх хүнтэй өөрийн ашигладаг ... гэх нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүкээр харилцаж хуурч мэхлэн 5,110,000 төгрөг залилж авснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгөн дүнтэй санал нийлж байна. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн хүний мөнгийг ажлаа хийж байгаад цалингаа буухаар өгмөөр байна гэжээ. /хх-ийн 66-69/
Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Фейсбүүкээ хөгжүүлэх зорилготой байсан. Ажил дээрээ уйдаад Б-той харилцаад ийм асуудал гаргасан байгаа. Эмэгтэй хүн бол Фейсбүүк нээж хандалтыг нэмэгдүүлж цаашлаад зарах зорилготой байсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогчтой хохирол төлбөрөө хувааж төлөхөөр тохиролцож бичиж бичүүлж авсан байгаа гэв.
Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 08 сард анх фейсбүүкээр лудо гэдэг нэртэй тоглоом тоглож байгаад фейсбүүкээр юм үзэж байтал ... нэртэй үл таних эмэгтэй хүний зурагтай хаягаар лудо гэсэн стори байхаар нь би тоглох уу гэж чат бичтэл жоохон байж байгаад тоглоё гэж хэлээд удалгүй хамт лудо тоглосон. Намайг сансандаа тоглох уу? гээд би хожсон. Тэгээд энэ үл таних хүнтэй чаталдаг болсон. Төд удалгүй 10,000 төгрөг байна уу тараг авах гэсэн юм гэхээр нь би өөрийн хас банкны ... тоот данснаас Хаан банкны ... тоот Дэлгэрхишиг Ч гэсэн нэртэй дансанд хийсэн. Чаталж байгаад сүүлдээ мессеж бичдэг болсон. Нэг өдөр би тоглоод мөөмөө харуулчих гэж худлаа хэлснээс хойш одоо пост хийнэ, таньдаг хүмүүс рүү чинь явуулна гэж хэлээд 50,000 төгрөг хийчих гэхээр нь Хаан банкны ... тоот Б Ц гэх нэртэй дансанд хийсэн. Энэ нь даамжирсаар байгаад миний зургийг фейсбүүк дээр гаж донтон гэж пост оруулна гэх мэтчилэн чат бичиж надаас 4,000,000 гаруй төгрөг авсан. Нийт 4,040,000 төгрөг шилжүүлсэн гэж би бодож байна. Тэгээд би цагдаад мэдэгдэж өргөдөл гаргасан. Би өөрийн Хас банкны ... тоот данснаас Голомт банкны ... тоот Ц Б, Хаан банкны ... тоот Ц Б гэх нэртэй данснуудад хийсэн.
2024 оны 10 сарын 30-нд өгсөн мэдүүлэгтээ: Би Б.Ц гэх хүний тоот дансанд мөнгийг өөрийнхөө данснаас шилжүүлж байсан. Тухайн үед Замын-Үүд сумын Хас банкнаас байшингаа засах гээд цалингийн зээл авч миний дансанд 17 сая гаруй төгрөг байсан. Тэгтэл Б.Ц-ын намайг шантаачлаад байхаар нь айсандаа дансанд байсан мөнгийг олон удаагийн үйлгээгээр миний мэдэхээр 3 сая шахуу төгрөг шилжүүлсэн байхаа. Цалингийн зээлийн үлдэгдэл мөнгийг аавынхаа данс руу байшиндаа засвар хийлгэхээр шилжүүлсэн тэгтэл дахин хэд хонгийн дарaa ... гэх нэртэй үл таних хүнтэй фейсбүүк чатаар харилцаж байсан чинь тэр үл таних хүн дахин олон нийтийн сүлжээнд тавина гээд шантаачлаад байхаар нь "Нөмөр" зээлийн төвөөс 1,200,000 мянган төгрөгийг зээлж, зээлсэн мөнгийг Б.Ц гэсэн данс руу бүгдийг нь шилжүүлсэн. Дараагийн шилжүүлгийг Монпай зээлийн төвөөс 5,000,00 мянган төгрөгийн зээл авч бүгдийг нь шилжүүлсэн. Тэгтэл миний бичсэн зүйлийг болон фейсбүүкээс миний зураг татан авч олон нийтийн сүлжээнд тавихаар нь цагдаагийн байгуулагд гомдол гаргасан. Би Б.Ц гэх хүнд нийт 21 удаагийн гүйлгээгээр 5,100,000 мянган төгрөгийг шилжүүлэн залилуулсан. Би тухайн үед үл таних ... гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй лодо цахим тоглоом тоглож танилцаж харьцаж байгаад сүүлдээ дотно харилцаа үүсгэж мессеж бичиж эхэлсэн тэгтэл би тэр хүнийг эмэгтэй хүн байна гэж андуураад мөнгийг шилжүүлж байсан. Тэр үл таних хүн чи надаа мөнгө өгвөл би чамтай уулзаж нүцгэн зургаа харуулна гэхээр нь би зөрүүлээд мөөм харья гэж хариу чат бичсэн тэгтэл торон хувцастай нүүр царай харагдахгүй эмэгтэй хүний нүцгэн шахуу зураг ирсэн удалгүй чи намайг хүчиндээд явлаа би яах ёстой вэ гэж чат бичихээр нь хариу бичиж чи юу яриад байгаа юм бэ гэсэн чинь хэд хоног чимээгүй байж байгаад дахин миний бичсэн зурвасыг миний зурагтай нь хамт тавина гээд айлгаж сүрдүүлээд мөнгө өгвөл тавихгүй гэх зэргээр шантаачалж надаас мөнгө авч байсан. Би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй татгалзаж байна. Би хохирлоо бүрэн барагдуулан авчуул гомдол санал байхгүй гэжээ. /хх-ийн 09-10, 98-99/
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр фейсбүүк цахим орчинд хамт ажилдаг танил ахын зургийг олж хараад Э.Б ах руу явуулсан. Би Э.Б ахтай нэг газар ажилдаг ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Э.Б ахыг цахим орчинд ... гэх нэртэй үл таних хаягаас “гаж донтон монголоор нэг шэйр хий гэж бичсэн байсан. Мөн 2024 оны 09 сарын 24-ний өдөр Замын-Үүд зар дээр нэрээ нууцалсан хаягаас энэ хүн намайг хүчиндсэн билгийн дур хүслээ хангаж намайг дарамталсан гаж донтон энэ хүнийг монголын бүх хүмүүст зарлаж сэтгүүлчдэд мэдэгдэж том зүйл хийж залхаан цээрлүүл манайхан сайн түгээгээд өг бүгд л охин хүүхэдтэй байлгүй” гэж тавьсан байсан. Би эхний тавьсан зүйл дээр яг хэдэн хүн түгээлт хийсэн талаар сайн хараагүй харин сүүлийн тавьсан пост дээр хариу бичиж “чамд мөнгө өгөхгүй эргүү пиздаа минь ийм зар хийгээд мөнгө өгүүл зарыг чинь устгана гээд үү гээд эргүү мал” гэж сэтгэгдэл үлдээсэн дахин өөр зүйл бичээгүй. Тухайн зар нь 15-20 минутын дараа устсан байсан миний мэдэх зүйл ердөө энэ байна гэжээ. /хх-ийн 102-103/
Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 01/
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/
Д.Ч-ын Хаан банкны ... дугаартай депозит дансны хуулга /хх-ийн 32-37/
Б.Ц-ын Хаан банкны ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 38-40/
Б.Ц-ын Голомт банкны ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 42-48/
Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-55/
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 59-63, 70-76/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын 2024 оны 10 сарын 29-ны өдрийн ... дугаартай тогтоол /хх-ийн 83-87/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109/
Хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /хх-ийн 122-123/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.Ц нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан, ... гэх нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягт "лудо тоглох уу" гэх стори хийж, уг хаягийн дагуу холбогдсон хохирогч Э.Б-той фейсбүүкээр лудо гэх нэртэй тоглоом тоглож, улмаар түүнтэй чат, мессежээр харилцан, өөрийгөө эмэгтэй хүн гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Д Ч гэх нэртэй Хаан банкны ... дугаарын дансаар 10.000 төгрөгийг,
мөн мөнгө өгөхийг шаардаж, Замын-Үүд зар группэд “Энэ бол цэвэр гаж донтон шүү бүсгүйчүүдээ, охидоо хүчиндэгч энийг түмэнд түгээ, би бэлгийн дарамтад өртсөн байдаг, бүх группдээ түгээ” гэх баримт мэдээлэл тараахаар сүрдүүлэн, хохирогч Э.Б-оос 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 20-ныг хүртэлх хугацаанд өөрийн Хаан банкны ..., Голомт банкны ... дугаарын дансаар 5,100,000 төгрөг, нийт 5,110,000 төгрөгийг 21 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.Б-ийн “...Төд удалгүй 10,000 төгрөг байна уу тараг авах гэсэн юм гэхээр нь би өөрийн Хас банкны ... тоот данснаас Хаан банкны ... тоот Д Ч гэсэн нэртэй дансанд хийсэн. Чаталж байгаад сүүлдээ мессеж бичдэг болсон. Нэг өдөр би тоглоод мөөмөө харуулчих гэж худлаа хэлснээс хойш одоо пост хийнэ, таньдаг хүмүүс рүү чинь явуулна гэж хэлээд 50,000 төгрөг хийчих гэхээр нь Хаан банкны ... тоот Б Ц гэх нэртэй дансанд хийсэн. ... Би Б.Ц гэх хүнд нийт 21 удаагийн гүйлгээгээр 5,100,000 мянган төгрөгийг шилжүүлэн залилуулсан.” /хх-ийн 09-10, 98-99/, гэрч Б.А-ийн “...Э.Б ахыг цахим орчинд ... гэх нэртэй үл таних хаягаас гаж донтон монголоор нэг шэйр хий гэж бичсэн байсан. Мөн 2024 оны 09 сарын 24-ний өдөр Замын-Үүд зар дээр нэрээ нууцалсан хаягаас “энэ хүн намайг хүчиндсэн бэлгийн дур хүслээ хангаж намайг дарамталсан гаж донтон энэ хүнийг монголын бүх хүмүүст зарлаж сэтгүүлчдэд мэдэгдэж том зүйл хийж залхаан цээрлүүл манайхан сайн түгээгээд өг бүгд л охин хүүхэдтэй байлгүй” гэж тавьсан байсан.” /хх-ийн 102-103/, хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 01/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/, Д.Ч-ын Хаан банкны ... дугаартай депозит дансны хуулга /хх-ийн 32-37/, Б.Ц-ын Хаан банкны ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 38-40/, Б.Ц-ын Голомт банкны ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 42-48/, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-55/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 59-63, 70-76/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.
Гэмт хэрэг гарсан байдлын тухайд шүүгдэгч Б.Ц нь амар хялбар аргаар мөнгө олох, фейсбүүкээр лудо гэх нэртэй тоглоом тоглож, улмаар хохирогчтой чат, мессежээр харилцан, өөрийгөө эмэгтэй хүн гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Д Ч гэх нэртэй Хаан банкны ... дугаарын дансаар 10,000 төгрөгийг,
мөн Замын-Үүд зар группэд “Энэ бол цэвэр гаж донтон шүү бүсгүйчүүдээ, охидоо хүчиндэгч энийг түмэнд түгээ, би бэлгийн дарамтад өртсөн байдаг, бүх группдээ түгээ” гэх баримт мэдээлэл тараахаар сүрдүүлэн, мөнгө өгөхийг шаардаж, хохирогч Э.Б-оос өөрийн Хаан банкны ..., Голомт банкны ... дугаарын дансаар 5,100,000 төгрөг, нийт 5,110,000 төгрөгийг 21 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч залилсан нь Хаан болон Голомт банкнуудын хуулгаар хөтөлбөргүй нотлогдож байна.
Шүүгдэгчид Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, тус зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд хохирогч Э.Б-д учруулсан нийт хохирол болох 5,110,000 төгрөгийг төлж барагдуулахгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 5,110,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирогчид хохирол 5,110,000 төгрөгийг 2024 оны 11 сарын 13-ны өдрөөс 2025 оны 01 сарын 13-ны өдрийн хооронд 2 хувааж төлөхөөр тохиролцсон байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3,5 дахь хэсэгт заасан шүүх хуралдааныг хохирол төлөхөөр завсарлуулах боломжтой байсан боловч шүүгдэгч, хохирогч нарын хооронд хохирол төлөхөөр тохиролцсон хугацаа нь хуульд заасан ажлын 5 хоногийн хугацаанаас хэтэрсэн хугацаанд тохиролцсон байх тул шүүх хуралдааныг хохирол төлөхөөр завсарлуулах шаардлагагүй гэж үзсэн болно. Түүнчлэн шүүгдэгч Б.Ц-д нь хохирогчид хохирлыг төлөх бүрэн боломжтой байсан боловч “Сэтгэл санаагаар унаад авсан цалингаа үрээд дуусгасан” гэх шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийн мэдүүлгээр хохирол төлбөрийг төлөх санаачилга гаргаагүй гэж үзэхээр байна
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Ц-ыг үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,
мөн хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээллийг тараахаар сүрдүүлж 21 удаагийн гүйлгээгээр 5,110,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг авч залилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг авахаар эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б-ийн Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ц-оос 5,110,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б-д олгосугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б