Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2108 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2018/02773

 

 

 

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2018/02773

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 32 тоотод оршин байрлах, “Б” ХХК-ийн /РД:00000/ нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Х дүүрэг, 47 тоотод оршин суух, Н овогт Г.Н /РД:0000000/ холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 305 497 316 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Манай компани нь хариуцагч Г овогтой Н-тэй 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр №ИГ-2017/02 дугаартай 294 838 710 төгрөгийн нэг сарын 2 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай 2017 оны 08 дугаар сарын 20-ны дотор зээлээ төлж барагдуулахаар зээлийн гэрээ байгуулсан болно. Манай компанийн зүгээс зээлийн гэрээний хугацаанд хариуцагчаас сар болгон утсаар зээлээ төлөх тухай удаа дараа сануулж, зээлсэн мөнгөө бага гэхгүй төлж эхлэх тухай байнга ярьдаг байсан бөгөөд хариуцагч хариу тайлбар утсаар хэлэхдээ жаахан хүлээчих би удахгүй төлж барагдуулна гэж байнга хэлдэг байсан. Хариуцагч Г овогтой Н нь тухайн зээлийн гэрээний 1.2-д заасан үүргээ биелүүлж төлбөрөө хугацаанд нь төлж дуусгах байх гэсэн манай компанийн удирдлагын зүгээс хариуцагчид итгэж явсаар зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход манай компанид нэг ч төгрөг төлөөгүй болно. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход хариуцагч Г.Н-тэй 2017 оны 09 дүгээр сарын эхээр утсаар ярьж уулзах санал тавихад биеийн байдал муу нуруу өвдөөд эмнэлэгт хэвтэж байна гэхээр нь уулзалтыг хойшлуулан эмнэлэгээс гарсны дараа нь 10 дугаар сарын сүүлчээр хариуцагч Г.Н-г утсаар дахин дуудаж уулзах санал тавьсаны дагуу компани дээр ирж захирлуудтай уулзаж, зээлсэн мөнгөө удахгүй төлнө гэж харилцан ярилцсан болно. Хариуцагч Г.Н нь манай компанийн удирдлагуудтай уулзаж, удахгүй зээлээ төлөх байх гзж итгзж байсан боловч биеийн байдал муудсан гэдэг тайлбарыг утсаар дахин өгсөн бөгөөд эмнэлэгээс гарах хугацааг нь хүлээж байгаад дахин утсаар зээлийн төлбөрөө төлөх шаардлага тавьж, удирдлагуудтай ирж уулзах тухай удаа дараа санал тавьсны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээний сунгалтыг 2017 оны 08 дугаар сарын 20-ноос 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал нэг сарын 3 хувийн хүүгийн хамт төлөхөөр харилцан тохирч зээлийн гэрээний сунгалтыг байгуулсан болно. Хариуцагч Г.Н нь тухайн үед зээлсэн мөнгөө зээлийн хүүгийн хамт 2018 оны 01 дүгээр сардаа багтаан төлж барагдуулна гэж гэрээний сунгалт хийсэн боловч 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суух хаягтаа байдаггүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон тул эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг нь олж тогтоосон болно. Хариуцагч Г.Ннь энэ хугацаанд манай компанитай байгуулсан зээлийн гэрээний 1.2, 1.3, 1.4-д заасан, зээлийн нэмэлт гэрээний 1.1-д заасан тус тус үүргийн биелэлтийн дагуу үндсэн төлбөрийн үлдэгдлээс 100 000 000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 04-нд төлсөн бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд дахин нэг ч төлбөр төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүйгээс үндсэн зээл 194 838 710 төгрөг, түүний хүү 88 641 832 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс зээлийн нэмэлт гэрээний 1.2-д заасан алданги 22 016 774 төгрөг, нийт 305 497 316 төгрөгийн зээл, зээлийн хүү, алданги тооцсон өр, авлага хуримтлагдаж, зээлийн үндсэн гэрээний 1.5-д заасан зөвшилцөлд хүрэхгүй байгаа тул манай компаний нэхэмжилсэн 305 497 316 төгрөгийг хариуцагч Г.Н-ээс гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. “Г” ХХК-тай бид 300 000 000 төгрөгийн Хамтран ажиллах гэрээ хийсэн бөгөөд энэ талаар 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 6145 дугаар шийдвэрт тусгагдсан. Үүнээс газар эзэмших гэрээг байгуулж эрх шилжүүлэх явцад 200 000 000 төгрөгийг шилжүүлэн өгч манай байгууллагад эрх шилжсэн тохиолдолд үлдэх 100 000 000 төгрөгийг шилжүүлэхээр Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингээд эрх шилжүүлэх болоход уг газар нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан тул эрх шилжүүлэх боломжгүй болсон. Бид 300 000 000 төгрөгийг төлөхдөө Хаан банкнаас зээл авсан бөгөөд түүнтэйгээ холбоотой Хамтран ажиллах гэрээнд хүүг нь тооцсон. Манай зүгээс мөнгөө шаардахад хариуцагч талаас тодорхой хугацаа өгөөч гэх хүсэлт гаргасан тул бид Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 200 000 000 төгрөгийг авах тухай шийдвэр гарсан. Энэ хугацаанд 263 000 000 төгрөгийн хэмжээгээр компанийн хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авагдсан. Талууд давж заалдах гомдол гаргалгүй анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр хандах болоход хариуцагч Г.Н нь компанийн бүх эрхээ сэргээлгээд танай төлбөрийг төлье гэх санал тавьсан. Манай зүгээс уг саналыг хүлээн авч манай авсан зээлийн дагуу 94 000 000 төгрөгийн хүү тооцогдсон байгаа, уг төлбөрийг та хариуцаад 294 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулах юм бол таны саналыг хүлээн зөвшөөрье гэж хариу өгсөн. Ингээд талууд харилцан тохиролцож 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан. Г.Ннь 294 838 710 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч манай банкны битүүмжлэлд байгаа бүх зүйлсийг суллаж өгөхийг хүссэн. “Г” ХХК-ийн үед дээрх 100 000 000 төгрөгийг төлөөгүй, харин Г.Н-г эрэн сурвалжлуулах явцад өөрөө ирж 200 000 000 төгрөг төлөх гэж байгаад 100 000 000 төгрөгийг нь төлсөн асуудал байгаа. Тиймээс өөрөө зөвшөөрч зээлийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Г.Ннь өөрийн “Г” ХХК-ийн эзэмшлийн Б дүүргийн 377.5 м.кв газрыг шилжүүлэхээр “Б” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга н.П-тэй уулзаж тохиролцсон. Уг газарт “Б” ХХК нь оффисийн байр барих гэж байсан юм. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу 200 000 000 төгрөгийг Г.Н-ийн дансруу шилжүүлсэн. “Б” ХХК нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд дээрх 200 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 6145 дугаар шийдвэрээр 200 000 000 төгрөгийг “Б” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 100 000 000 төгрөгийг нь төлсөн тул одоо 100 000 000 төгрөгийг төлөх л үлдсэн. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Б” ХХК-ийн захирал н.С нь ТУЗ-н дарга чамайг 200 000 000 төгрөгөө төлөхгүй бол хүн явуулж хачин болгоно гэж дарамталж байгаад 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан байдаг. Гэхдээ тохиролцохдоо 200 000 000 төгрөг төлөх хугацааг олгохын тулд зээлийн гэрээ байгуулна, байгуулахгүй бол хугацаа өгөхгүй гэсэн. Ингээд зээлийн гэрээ байгуулсан боловч уг зээлийн гэрээний дагуу 294 000 000 төгрөгийг аваагүй. Гэтэл “Б” ХХК нь үндэслэлгүй нэхэмжлэл шүүхэд гаргасан байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарсан шийдвэрийн дагуу үлдэгдэл 100 000 000 төгрөгийг бол төлнө. Харин 294 000 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Г.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 305 497 316 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

            Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Г.Н-тэй 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр №ИГ-2017/02 тоот зээлийн гэрээ байгуулж, 294 838 710 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 20-ны хүртэл нэг сарын 2 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон байна. /хэргийн 16-р хуудас/

            Мөн талууд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр №ИГ-2017/02-01 тоот зээлийн гэрээний сунгалтаар 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 8 сарын хугацаатай нэг сарын 2 хувийн хүүтэй зээлийн гэрээний дагуу 336 686 785 төгрөгний зээлийн төлбөрийг хүүгийн хамт гэрээний хугацаанд төлж барагдуулаагүй байх тул гэрээний хугацааг 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний хүртэл нэг сарын 3 хувийн хүүгээр тооцож гэрээний хугацааг сунгажээ. /хэргийн 17-р хуудас/

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 100 000 000 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 194 838 710 төгрөг, түүний хүү 88 641 832 төгрөг, алданги 22 016 774 төгрөг, нийт 305 497 316 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн аваагүй, 100 000 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт буцаан төлөөгүй, шүүхийн шийдвэрийн дагуу газрын үнэд төлсөн гэж маргасан.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлж авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээнд байгуулсанд тооцно” гэж тус тус заасан байна.

Хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №ИГ-2017/02 тоот зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлж өгөөгүй, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч мөнгийг бэлнээр аваагүй, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу төлөх төлбөрийг барагдуулахаар гэрээ хийж 100 000 000 төгрөгийг төлсөн гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №101/ШШ2016/06145 дугаар шийдвэрээр “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Г” ХХК-нд холбогдох гэрээний үүрэгт 263 225 506 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-иас 200 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ. /хэргийн 20-22-р хуудас/

Нэхэмжлэгчээс дээрх шүүхийн шийдвэрийн дагуу “Г” ХХК-ийн төлөх 200 000 000 төгрөгийг, банкнаас авсан зээлийн хүү болох 94 000 000 төгрөгийн хамт нийт 294 838 710 төгрөгийг хариуцагч Г.Н нь төлөхөөр хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарласан, зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр 294 838 710 төгрөгийг бэлнээр шилжүүлэн өгөөгүй гэдгийг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

Талууд зээлийн гэрээг байгуулахдаа уг гэрээг байгуулах талаараа санал нэгдсэн, хүсэл зоригийн илэрхийллийг бичгээр хийсэн байх ёстой боловч хуульд зээлийн гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлийн гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлийг бодитойгоор олгосон байхыг шаарддаг юм.

Мөн нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 100 000 000 төгрөгийг буцаан төлсөн нь зээлийн гэрээг хүлээн зөвшөөрсөн, зээлийн гэрээгээр өр шилжсэн гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан Хаан банкын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 100 000 000 төгрөгийг “Пүрэв генералд худ авалт буцаалт Г.Н ” гэсэн утгаар шилжүүлсэн, Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар өр шилжсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 38-р хуудас/

Иймд нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №ИГ-2017/02 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардсан боловч уг гэрээний дагуу 294 838 710 төгрөгийг шилжүүлэн өгсөн эсэх нь баримтаар нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлгүй байна гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

                         

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 685 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хариуцагч Г.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 305 497 316 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 685 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ХУЛАН