| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2019/03467/И |
| Дугаар | 183/ШШ2019/02767 |
| Огноо | 2019-12-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2019/02767
| 2019 оны 12 сарын 17 өдөр | Дугаар 183/ШШ2019/02767 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК,
Хариуцагч: Б.Б,
Зээлийн гэрээний үүрэгт 2 866 896 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ..................шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралд гаргасан тайлбартаа: “...Т ББСБ ХХК нь С.О , Н.М , Б.Б нартай 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 31403110688 дугаартай зээлийн гэрээ байгуулж 3 000 000 төгрөгийг сарын 3%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу зээлийг төлөх ёстой байсан ч авсан зээлээ графикийн дагуу төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг шаардахаар зээлийн гэрээнд бичигдсэн хаягийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тухайн хаягтаа амьдардаггүйн улмаас хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарч байсан. Ингээд хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/01575 дугаартай шийдвэр гарсан. Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б нь дээрх хаягт амьдардаг болох нь тодорхой болсон тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно” гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаар нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1 356 000 төгрөг, зээлийн хүү 1 155 363 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 231 073 төгрөг, бусад зардал 54 200 төгрөг, нийт 2 796 696 төгрөг төлөх үүрэгтэй. Тус үүрэг нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар тооцсон бөгөөд түүнээс хойш хугацааны хүүг нэмж тооцохгүйгээр нэхэмжилсэн болно. Мөн хариуцагч нар нь гэрээнд заасан хаягтаа амьдардаггүйн улмаас тэднийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад зарцуулсан 70 200 төгрөгийг мөн нэхэмжилж байна. Иймээс Иргэний хууль болон зээлийн гэрээний дагуу хариуцагч Б.Б ээс 2 886 896 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Б.Б зээл авсан гэж маргаж нэхэмжлэл гаргаагүй, харин Б.Б бол хамтран үүрэг гүйцэтгэгч, өөрийнхөө хамтран үүрэг гүйцэтгэгч гэдэгтэй маргахгүй байгаа. С.О , Н.М нарыг эрэн сурвалжлуулахад Монгол улсад байхгүй гэж мэдэгдэн Б.Б ий хаягийг өгсөн. Зээлийн гэрээ байгуулж байхдаа зээлийн эргэн төлөлтийн талаар Б.Б д танилцуулсан бөгөөд зээлдэгч С.О нь Б.Б ий нагац эгч тул өөрийн хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалж барьцааны гэрээ байгуулсан, хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэдэгтээ маргахгүй байгаа учраас 2 886 896 төгрөгийг төлөх нь зүйтэй” гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Б.Б миний бие Т ББСБ ХХК-иас өөрт хэрэгцээтэй зээлийг нэг ч удаа авч байгаагүй бөгөөд авч байсан бол миний дансанд болон бэлнээр өгсөн эсэхээ нотлохыг шаардаж байна. С.О болон түүний нөхөр Б.М нарыг эрэн хайгаагүй байтлаа Б.Б миний биеийг эрэн сурвалжлуулсанд гомдолтой байна. Нэхэмжилж буй мөнгөн дүнг төлөхөөс татгалзаж байна” гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Б.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 886 896 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно” гэж заасан. Иймд Б.Б бол хамтран үүрэг гүйцэтгэгч тул 2 886 896 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.
Хэргийн баримтаас үзэхэд Т ББСБ ХХК болон С.О , Б.М нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр №31403110688 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 3 000 000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэй, бизнесийн зээлийн зориулалтаар 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцсон байх бөгөөд уг гэрээнд хамтран зээлдэгчээр Б.Б оролцож, гарын үсэг зуржээ.
Дээрх зээлийн гэрээ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйл болсон 3 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, зээлийн зүйлийг хариуцагч нар хүлээн авсан болон гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зээлдэгч нар зөрчсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдох бөгөөд хариуцагч Б.Б “...Би Т ББСБ ХХК-иас өөрт хэрэгцээтэй зээлийг нэг ч удаа авч байгаагүй бөгөөд авч байсан бол миний дансанд болон бэлнээр өгсөн эсэхээ нотлохыг шаардаж байна. Нэхэмжилж буй мөнгөн дүнг төлөхөөс татгалзаж байна” гэж маргасан.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар хариуцагч Б.Б нь 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч байна.
Улмаар мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар нэхэмжлэгч нь Б.Б ээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нар үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул хариуцагч нар зээлийн гэрээний дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм.
Иймд шүүх үндсэн зээл 1 356 060 төгрөг, үндсэн хүү 1 155 363 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 231 073 төгрөг, нийт 2 742 496 төгрөгийг хариуцагч Б.Б ээс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хариуцагч нарыг эрэн сурвалжлуулсан зардлыг Б.Б ганцаар хариуцах үндэслэлгүй, мөн 54 200 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 124 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Б.Б д шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасан, 242.12-т “Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар Б.Б нь С.О , Б.М нараас уг үүргийг шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 58 830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Б ээс 2 742 496 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 124 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 58 830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ