| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 185/2024/1096/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1098 |
| Огноо | 2024-12-02 |
| Зүйл хэсэг | 26.1.2., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1098
2024 12 02 2024/ШЦТ/1098
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч Д.Пүрэврагчаа,
хохирогч Ж.Б ,
шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “З” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овгийн Б-ын Б д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Э.Г, Б.Т нартай бүлэглэж 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Тусгаар тогтнолын ордны 4 давхар 411 тоотод Фишинг төрлийн үйлдлийг программыг ашиглан фейсбүүк хэрэглэгч Ж.Б ын “**************” нэртэй фейсбүүк хаяг руу хууль бусаар халдан нэвтрэх нэрийг авч, нууц үгийг өөрчлөн, улмаар мэдээллийг устгасан буюу цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн, засварласан, мэдээлэл нэмж оруулсан, ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “**************” нэвтрүүлэг Монголд ганц байдаг хүмүүнлэгийн нэвтрүүлэг юм. Хүмүүнлэгийн нэвтрүүлэг хийх мөнгөө босгохын тулд пэйж хаяг нээж, зар сурталчилгаа оруулах, нэвтрүүлгийн шууд бичлэг хийх зэргээр тухайн пэйжийг хөгжүүлсэн ба хийсэн ажлаа байршуулж, сар болгон хөгжүүлдэг админаа 300,000 төгрөгөөр цалинжуулдаг. Тухайн пэйжийг алдсанаар “**************” нэвтрүүлгийн 13 жилийн түүх устсан. Өдийг хүртэл маш их зардал гаргаж пэйжээ хөгжүүлсэн ба сэтгэл санааны хохиролд маш их өртсөн. Би пэйжээ алдсанаас хойш нэрийг өөрчлөх бүрт харсаар байгаад араас хөөцөлдөж байж олж авсан. 2020 онд пэйжээ авсны дараа манай пэйжийн дагагчийн тоо буурсан ба ямар ч хандалтгүй болсон байсан. Пэйж дараа нь нэрийг нь солихын тулд Харилцаа холбооны зохицуулах газарт бичиг өгсөн. Нэвтүүлэг өөрөө хүмүүнлэгийн төлбөр авдаггүй учраас 1,734,000 төгрөгийг нэхэмжилж байна, мөн пэйжийг 2019 оноос нэрийг нь солих хүртэл хохирсон, 13 жилийн түүхээ устгуулсан ба пэйж хөгжүүлсэн зардал зэрэг нийт 10,000,000 төгрөгийн зардал нэхэмжилж байна” гэв.
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хэрэг дээр хамт оролцсон 2 хүний нэгийг нь сайн таньдаггүй байсан. Т надад 2022 оны 09 дүгээр сараас эхлээд ажлын санал тавьж эхэлсэн. Тэгээд би Г гэх залуутай танилцаад ажлын анкет бөглөсөн ба ажлын гэрээ хийгээгүй. Намайг хамтарч ажилла гээд асуудал гарахгүй гэж хэлсэн. Би цахим орчинд сайн ажилладаг биш боловч надад яагаад ажлын санал тавьсан гэдгийг би мэдэхгүй байна. Надад зааж өгсний дагуу би цахим хаягт нэвтэрдэг байсан. Тухайн үед олон дагагчтай пэйж олоод маргааш, нөгөөдөр нь зарсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ********** дугаартай хэргээс:
Улсын яллагч хохирогч Ж.Б аас Цагдаагийн байгууллагад хандан гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 14-р хуудас/, Завхан нэртэй фэйсбүүк цахим хуудсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 20-р хуудас/, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрч Л-ийн Г/РД:**********/-ийн ашигладаг Model 1707 дугаартай Macbook болон фэйсбүүк хуудас хөдөлдөг гэх “Bruno” нэртэй фэйсбүүк хаягт ач холбогдол бүхий эд зүйл, баримт бичгийг илрүүлэхээр нэгжлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 25-29-р хуудас/, гэрч Л.*********ас ирүүлсэн “хэрэгт ач холбогдол бүхий “1. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1,500,000 төгрөгөөр нэг удаа 1,000,000 төгрөгөөр нэг удаа нийт хоёр удаагийн гүйлгээгээр 2,500,000 төгрөгийг *********** дугаарын данснаас *********** дугаарын данс руу шилүүлсэн гүйлгээний хоёр хуудас баримт. 2. “Batjargal Tuguldur” гэх фейсбүүк хуудаснаас “41k 77k liketei 83k followtoi huudas baina ah sonirhohu?” гэсэн чат бүхий гурван хуудас фейсбүүк чат. 3. Эрэгтэй, эмэгтэй хүйс Улс, хот, хэлээр бүлэглэн гаргасан хүснэгт бүхий хоёр хуудас баримт нийт 7 хуудас баримтыг 2020 оны 06 сарын 18-ны өдрийн 11 цаг 10 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв.” гэх мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох баримт /хх-ийн 35-42-р хуудас/, Голомт банкны 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14/ХХ/03_1088 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Б-ийн Тийн эзэмшлийн *********** тоот дансны хуулга /хх-ийн 47-59-р хуудас, хохирогч Ж.Б-ын мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/, хохирогч Ж.Б ын дахин мэдүүлэг /хх-ийн 168-р хуудас/, хохирогч Ж.Б-ын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, гэрч О.М.ын мэдүүлэг /хх-ийн 92-93-р хуудас/, гэрч С.Мийн мэдүүлэг /хх-ийн 78-79-р хуудас/, гэрч Л.Гын мэдүүлэг /хх-ийн 82-83-р хуудас/, гэрч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 171-172-р хуудас/, гэрч П.Сийн мэдүүлэг /хх-ийн 175-176-р хуудас/, Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2-5а/10126 дугаартай “Б-ын Б /РД:************/-н улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд шүүж, холбогдох мэдээллийг хавсралтаар хүргүүлэв.” гэх албан бичиг /хх-ийн 145-р хуудас/, Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2-4в/6285 дугаартай “Монгол Улсын иргэн Б-ын Б *************нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан байна” гэх албан бичиг /хх-ийн 145-р хуудас/, Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2-4в/6785 дугаартай “Монгол Улсын иргэн Б-ын Б *************нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр улсын хилээр гарах, / **********/ 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр орох чиглэлд бүртгэгдсэн байна” гэх албан бичиг /хх-ийн 206-р хуудас/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/583 дугаартай шүүгдэгч Э.Г, Э.Ч, М.Ж, Б.Т нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол /хх-ийн 190-204-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Б.Б гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-72-р хуудас/, гэрч Б.Тийн мэдүүлэг /хх-ийн 91-92-р хуудас/, гэрч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 171-172-р хуудас/, яллагдагч Б.Б гийн мэдүүлэг /хх-ийн 100-103-р хуудас/, гэрч П.Сийн мэдүүлэг /хх-ийн 175-176-р хуудас/, прокурорын тогтоол /хх-ийн 115-р хуудас/, шүүхийн шийтгэх тогтоол /хх-ийн 100-р хуудас/, прокурорын санал, шүүгчийн захирамж болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн баримтуудыг шинжлэн судлуулав.
Хохирогч Ж.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүгдэгч Б.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч Б.Б нь Э.Г, Б.Т нартай бүлэглэж 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Тусгаар тогтнолын ордны 4 давхар 411 тоотод Фишинг төрлийн үйлдлийг программыг ашиглан фейсбүүк хэрэглэгч Ж.Б ын “**************” нэртэй фейсбүүк хаяг руу хууль бусаар халдан нэвтрэх нэрийг авч, нууц үгийг өөрчлөн цахим төхөөрөмж мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн, засварласан, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан болох нь:
- Хохирогч Ж.Б аас Цагдаагийн байгууллагад хандан гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 14-р хуудас/,
- “Завхан” нэртэй фейсбүүк цахим хуудсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 20-р хуудас/,
- 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрч Л-ийн Г/РД:**********/-ийн ашигладаг Model 1707 дугаартай Macbook болон фейсбүүк хуудас хөдөлдөг гэх “***********” нэртэй фейсбүүк хаягт хэрэгт ач холбогдол бүхий эд зүйл, баримт бичгийг илрүүлэхээр нэгжлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 25-29-р хуудас/,
- Гэрч Л.*********ас ирүүлсэн “хэрэгт ач холбогдол бүхий “1. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1,500,000 төгрөгөөр нэг удаа 1,000,000 төгрөгөөр нэг удаа нийт хоёр удаагийн гүйлгээгээр 2.500.000 төгрөгийг 499201130 дугаарын данснаас *********** дугаарын данс руу шилүүлсэн гүйлгээний хоёр хуудас баримт. 2. “Batjargal Tuguldur” гэх фэйсбүүк хуудаснаас “41k 77k liketei 83k followtoi huudas baina ah sonirhohu?” гэсэн чат бүхий гурван хуудас фэйсбүүк чат. 3. Эрэгтэй, эмэгтэй хүйс Улс, хот, хэлээр бүлэглэн гаргасан хүснэгт бүхий хоёр хуудас баримт нийт 7 хуудас баримтыг 2020 оны 06 сарын 18-ны өдрийн 11 цаг 10 минутанд хүлээн авч, тэмдэглэл үйлдэв.” гэх мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох баримт /хх-ийн 35-42-р хуудас/,
- Голомт банкны 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14/ХХ/03_1088 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Б-ын Т-ийн эзэмшлийн *********** тоот дансны хуулга /хх-ийн 47-59-р хуудас/,
- Хохирогч Ж.Б-ын “...2014 оны 04 дугаар сарын 10-ны өдөр “Babu Babu” гэх нэртэй фейсбүүк хаягаас “**************” нэртэй фейсбүүк пэйж хуудас нээсэн юм. Тухайн фейсбүүк хуудсыг нээсэн зорилго нь ************** нэртэй нэвтрүүлгийг олон нийтэд хүргэх зорилгоор нээсэн. Манай хуудас надаас гадна хоёр хөгжүүлэгч админ эрхтэй байсан. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 07-ны тухайн хуудасны админ хэрэглэгчдийг бүгдийг өөрчилсөн байсан. Тэгээд би одоо харахад намайг бас админ хэрэглэгчийн эрхээс хассан байсан. Ийм учир тухайн фейсбүүк хуудасны админ эрхийг хууль бусаар олж авсан хүнийг олж холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/,
- Хохирогч Ж.Б ын: “...Уг фейсбүүк хуудсаа 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээж авсан. Гэхдээ уг хуудсаа хүлээж авч, сэргээсний дараа дотор нь байсан өмнөх мэдээллүүд нь бүгд устгагдчихсан, дагагч нар нь улам цөөхөн болчихсон байсан. Одоо бол уг фейсбүүк хуудсаа би өөрөө хөтөлж ажиллуулж байгаа. Нэрийг нь “************** нэвтрүүлэг” гэж өөрчилсөн...” гэсэн дахин мэдүүлэг /хх-ийн 168-р хуудас/,
- Хохирогч Ж.Б-ын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр мэдүүлсэн “...2014 оны 04-р сарын 10-ны өдөр ***** нэртэй миний фейсбүүк хаягаас **************” нэртэй фейсбүүк пэйж хуудас нээсэн юм. Зорилго нь “**************” нэртэй нэвтрүүлгийг олон нийтэд түгээх, хийсэн ажлаа тайлагнах байсан юм. ************** нэвтрүүлгийг оффис нь Хан-Уул дүүргийн Хангай дээд сургуулийн 3 давхарт үйл ажиллагаагаа явуулдаг юм. Энэ пэйж хуудсыг нээснээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар өлийг хүрсэн бөгөөд 2019 оны 10-р сарын 07-ны өдөр манай пэйж хуудсыг хөтөлдөг Г.Д гэх охин над руу пэйж дээр мэдээлэл тавих гэсэн чинь болохгүй байна. Та намайг админ эрхээс хассан юм уу гэж хэлэхээр би гайхаад юу гэж дээ гээд пэйж хуудас руу орох гэсэн чинь орж болохгүй байсан бөгөөд “**************” нэртэй фейсбүүк пэйж хуудасны нэрийг “Мөрөөдөл Завхан болгож өөрчилсөн байсан. Одоо пэйж хуудасны нэр нь “Завхан” гэсэн нэртэй байгаа 2014 оноос хойш тавигдаж байсан мэдээ мэдээллийг бүгдийг нь устгасан байсан...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч О.М.ын: “...**********фейсбүүк пэйж хуудас нь хөдөө орон нутагт урлагийг түгээх зориулалттай фейсбүүкийн пэйж хуудас байгаа юм, хоёр админтай нэг нь би нэг нь манай хуурай дүү Мэ, Мэ нь 99084074,88684074 утастай...” “...“Завхан нэртэй фейсбүүк пэйж хуудасны талаар мэдэхгүй байна...” “... Би пэйж хуудаст ирсэн чатанд хариулт өгөхөө больсон. Манай дүү өгсөн байх...” “...99058714 дугаарыг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92-93-р хуудас/,
- Гэрч С.Мий: “...2016 онд би Art нүүдэл төсөл хэрэгжүүлэхээр би нээж байсан 2016 онд Говь-Алтай аймаг руу явж мэдээлэл оруулж эхэлсэн. Art нүүдэл төсөл нь хөдөө орон нутагт урлагийн бүхий л төрлийг сурталчлах зорилгоор хэрэгжүүлж байгаа төсөл юм. 2016 онд Говь-Алтай аймагт Art нүүдэл төсөл хэрэгжүүлсэн талаар, 2017 онд зураг зурж байгаа талаар бичлэг оруулснаас хойш мэдээлэл оруулаагүй байж байгаад 2020 онд “Завхан, Art нүүдэл” төслийн мэдээллийг оруулсан. “Завхан, Art нүүдэл” төслийг хэрэгжүүлэхдээ “Нарантуяа” сантай хамтран санхүүжилт авч хэрэгжүүлсэн. “Нарантуяа” сангаас санхүүжилт авах ажлыг М. хариуцаж бид нар 2020 оны 05 дугаар сарын 18 өдөр Завхан аймаг явж мэдээлэл бэлдээд 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн. Манай фэйсбүүк хуудас гурван админтай М. утас*********, ********* 2020 оны 06 дугаар сард админ эрх авсан 99057814 дугаарын утастай. М. бол эвлүүлэгч зураглаач, ********* маркетинг хийдэг. Бид гурав бие биеэ таньдаг болоод арав гаран жил болж байна...”, “... Тэрийг бол сайн мэдэхгүй байна Завхан аймгийн тухай бичлэг болохоор манай бичлэгийг хуульж тавсан байх би энэ талаар сайн мэдэхгүй байна. ********* мэдэж магадгүй мэдээллийг олон нийтэд түгээх ажлыг хариуцаж байсан. Бас “Art нүүдэл” хуудас руу “Завхан” фейсбүүк хуудсны админыг асуусан хүн рүү ********* өөрийнхөө дугаарыг явуулсан байсан. Тэгэхээр админ нь ********* байж магадгүй гэхтэй би тодорхой мэдэхгүй байна...”, “...Бид хоёр нэг аймагт төрсөн бас манай аймгийн фэйсбүүк группийн админ учраас би холбогдож танилцаж байсан. ********* маркетингийн чиглэлээр ажилдаг фейсбүүк хуудас хөгжүүлдэг залуу. Бид хоёр хуурай ах дүүгийн холбоотой чөлөөт цагаа хамт өнгөрөөх, ууланд хамт алхах зэргээр холбоотой байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79-р хуудас/,
- Гэрч Л.Гын: “...Би өөрийн найз Мийн хамт “Art нүүдэл” нэртэй төсөл хэрэгжүүлж “нийгэмд гэрэл нэмье” гэсэн уриатай эхэлж 21 аймагт 21 алдартны хөрөг зурхаар төлөвлөн ажиллаж байгаа. Хамгийн анх 2016 онд Говь-Алтай аймаг “Нэн ховордсон амьтан мазаалай” зургийг зурж эхэлсэн. 2017 онд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр төмөр зам дагуу ерөнхийлөгч Х.Б-ын хөрөг зургийг. 2020 онд Завхан аймаг яруу найрагч Б.Явуухулангийн хөрөг зургийг зурсан. Манай “Art нүүдэл” фейсбүүк хуудас хоёр үндсэн админтай бусад хүмүүс нь админ эрхтэй боловч хөгжүүлэгч маягаар ажилдаг...”. “...Тухайн мэдээллийг би өөрөө оруулсан “Завхан” гэх нэртэй фейсбүүк хуудас бол миний өөрийн хуудас юм. 2020 оны 02 дугаар сарын 05-ний өдөр би хүнээс худалдан авч админ эрхтэй болсон. Завхан фейсбүүк хуудас нь 4 админтай “Enku” гэсэн фейсбүүк хаягтай Нарантуяа гишүүний охин, хамтрагч юм хийдэг Бат-Амгалан гэх залуу байдаг. Фейсбүүк хуудас дээр Бат-Амгалангийн хоёр хаяг байдаг. Бас админ эрхийн хүсэлт аваагүй Тулга гэх залуу байдаг. Бат- Амгалантай 2020 оны сонгууль дээр хамтарч ажиллаж байгаа урьд бие биеэ мэддэггүй байсан. Тулга гэх залууг бол огт танихгүй Завхан аймагт нэр дэвшигч Нарантуяагийн багт ажиллаж байгаа. Тухайн хаягийг би өөрийн ажлын залуугаас худалдан авсан гэхтэй би түүний нэрийг одоо санахгүй байна гэхдээ мөнгийг дансаар шилүүлж байсан болохоор дансны хуулга харвал би мэдэж чадна худалдан авсан хүнээ би өөрөө олоод өгч чадна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-83-p хуудас/,
- Гэрч Б.Бын: “...Франц улсад сургуульд сурахаар 2020 онд явж байсан юм. Тэгээд сая энэ оны хавар 05 дугаар сард Монгол Улсад ирсэн юм. Ирснээсээ хойш нэг компанид хэлмэрчээр ажиллаж байсан юм. Тэгээд өнгөрсөн долоо хоногт Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу аяллаар явах гэж байгаад цагдаа нарт баригдчихсан юм байна лээ. Уг аялал нь ажилладаг компаниас нь өгсөн шагнал урамшуулал юм билээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 171-172-р хуудас/,
- Гэрч П.Сий: “... Б.Б нь манай Номад Планит ХХК-д орчуулагчаар ажилладаг залуу байгаа юм. Би түүнтэй нэг газар хамт ажилладаг юм...”. “... Б.Б гийн хувьд манай компанид 2024 оны 06 дугаар сараас эхлэн орчуулагчаар ажиллаж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 175-176-р хуудас/,
- Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2-5а/10126 дугаартай “Б-ын Б /РД:************/-н улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд шүүж, холбогдох мэдээллийг хавсралтаар хүргүүлэв.” гэх албан бичиг /хх-ийн 145-р хуудас/,
- Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2-4в/6285 дугаартай “Монгол Улсын иргэн Б-ын Б *************нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан байна” гэх албан бичиг /хх-ийн 145-р хуудас/,
- Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2-4в/6785 дугаартай “Монгол Улсын иргэн Б-ийн Б *************нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр улсын хилээр гарах, /**********/ 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр орох чиглэлд бүртгэгдсэн байна” гэх албан бичиг /хх-ийн 206-р хуудас/,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/583 дугаартай шүүгдэгч Э.Г, Э.Ч, М.Ж, Б.Т нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол /хх-ийн 190-204-р хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйл /Хуулийн нэр томьёоны тодорхойлолт/-ийн:
4.1.1. “мэдээллийн систем” гэж мэдээлэл цуглуулах боловсруулах, хайх, илгээх, хүлээн авах, ашиглах болон аюулгүй байдлыг хангах зорилго бүхий программ хангамж, техник хангамж, мэдээллийн сан, бусад бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн иж бүрдлийг,
4.1.2. “мэдээллийн сүлжээ гэж хоёр, түүнээс дээш хэрэглэгчийн хооронд мэдээлэл илгээх, дамжуулах, хүлээн авах программ хангамж болон техник хэрэгслийн иж бүрдлийг,
4.1.3. “мэдээллийн эзэн” гэж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.5-д заасан хүн болон тухайн мэдээллээр тодорхойлогдож байгаа хуулийн этгээдийг...” гэж тус тус томъёолсон байна.
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйл /Хуулийн нэр томьёоны тодорхойлолт/-ийн:
4.1.1. “кибер аюулгүй байдал” гэж кибер орчинд мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдал хангагдсан байхыг,
4.1.3. “кибер орчин” гэж мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, түүнийг боловсруулах, хадгалах, ашиглах боломж олгож байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчныг,
4.1.4. “бүрэн бүтэн байдал” гэж мэдээллийг зөвшөөрөлгүй устгах, өөрчлөхөөс хамгаалсан байхыг,
4.1.5.”нууцлагдсан байдал” гэж мэдээлэлд зөвшөөрөлгүй хандах, нэвтрэх боломжгүй байхыг,
4.1.6. “хүртээмжтэй байдал” гэж зөвшөөрөгдсөн хүрээнд мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, ашиглах боломжтой байхыг
4.1.7. “мэдээллийн систем” гэж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.1-д заасныг 4.1.8.”мэдээллийн сүлжээ” гэж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.2-т заасныг... ойлгоно” гэж,
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино...” гэж, 4 дүгээр зүйл /Хуулийн нэр томьёоны тодорхойлолт/-ийн:
4.1.11. “хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг ойлгоно” гэж заасныг тус тус зөрчиж, шүүгдэгч Б.Б нь Э.Г, Б.Т нартай бүлэглэж, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Тусгаар тогтнолын ордны 4 давхар 411 тоотод Фишинг төрлийн үйлдлийг программыг ашиглан фейсбүүк хэрэглэгч Ж.Б ын “**************” нэртэй фейсбүүк хаяг руу хууль бусаар халдан нэвтрэх нэрийг авч, нууц үгийг өөрчлөн цахим төхөөрөмж мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн, засварласан, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үйлдэл хийсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан; компьютерийн өгөгдлийг нуусан, хандалтад хязгаарлалт тогтоосон, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан, үйл ажиллагааг хязгаарласан; мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмжийг устгасан, гэмтээсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Харин Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байх бөгөөд тус хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг “Кибер орчинд хууль бусаар халдах” гэж нэршлийг өөрчилсөн байна.
Мөн дээрх хуулийн өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, хандалтад хязгаарлалт тогтоосон, ноцтой саад учруулсан бол хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Б гийн үйлдсэн гэмт хэрэг нь Э.Г, Б.Т нартай бүлэглэн, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Фишинг төрлийн үйлдлийг программыг ашиглан фейсбүүк хэрэглэгч Ж.Б-ын “**************” нэртэй фейсбүүк хаяг руу хууль бусаар халдан нэвтрэх нэрийг авч, нууц үгийг өөрчлөн цахим төхөөрөмж мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн, засварласан, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан байх ба гэмт хэрэг гарсан цаг хугацаа нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн зарим шинж болох мэдээллийн сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үйлдлийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өөрчлөн найруулсан хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг болгон хүндрүүлэх шинж болгож, оногдуулах ялыг хүндрүүлсэн буюу хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна.
Гэтэл прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэг эсэх асуудал дээр буюу үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй ирүүлсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б гийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг журамлан, шүүгдэгч Б.Б г Э.Г, Б.Т нартай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн, засварласан, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь өөрийн үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй боловч хэргийн зүйлчлэл тохироогүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Фишинг төрлийн үйлдлийг программыг ашиглан фейсбүүк хэрэглэгч Ж.Б ын “**************” нэртэй фейсбүүк хаяг руу хууль бусаар халдан нэвтрэх нэрийг авч, нууц үгийг авч Э.Г, Б.Т нарт өгөн, дээрх фейсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг өөрчилж цахим төхөөрөмж мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн, засварласан, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмт хэрэгт гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн буюу бүлэглэж гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
1.1 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирол нэхэмжилсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт “************** юм” нэртэй фэйжийг хариуцуулж ажиллуулж байсан админыг цалинжуулсан төлбөр болон тухайн фэйжийг хөгжүүлэхэд зарцуулсан төлбөрт нийт 11,734,000 төгрөгийг нэхэмжилсэн ба энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.Б нь өөрт учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага оногдуулах хурлыг үргэлжлүүлэн явуулав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Улсын яллагчийн санал болгож байгаа ялыг өөрчлүүлэх хүсэлттэй байна. Нийгэмшүүлэх, амьдралын зөв замд залах нийгмийн хариуцлага оногдож байна. Миний үйлчлүүлэгч өөрийн мэдсэн, сурсан зүйлээ ашиглан ажил хөдөлмөр эрхэлж байгаа ба тодорхой цалин хөлс авдаг тул торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирогчийн алдагдсан гэх фэйсбүүк хуудсыг эргүүлэн өгсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Иймд шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт 30 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялаас хасч түүний нийт эдлэх ялын хэмжээг 4,950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,950,000 төгрөгөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллах үүргийг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овгийн Б-ын Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Э.Г, Б.Т нартай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн, засварласан, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б г 5,400 /дөрвөн мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б гийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийн 1 /нэг/ хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож хасч, түүний нийт эдлэх ялын хэмжээг 4,950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,950,000 /дөрвөн сая есөн зуун тавь/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суух газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б гийн хувьд ногдох хөрөнгө орлогоос 833,333 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.Б нь өөрт учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ