| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2017/01060/И |
| Дугаар | 183/ШШ2017/01373 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2017/01373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, 38 дугаар байрны 55 тоотод оршин суух, Дамдин овогт **************/рд:УР64070114/-ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-45, өөрийн байранд байрлах Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК /рд:2646161/-д холбогдох “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/135 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Налайх дүүргийн цахилгаан түгээх төвийн ашиглалт засварын хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан /ШТЭҮД-2242/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Түмэнбаяр миний биө нь 2003 онд ШУТИС-ийн эрчим хүчний инженерийн сургуулийг цахилгаан системийн мэргэжлээр төгссөн. 2015 онд ШУТИС-ийн эрчим хүчний сургуулийг мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтыг дүүргэж, мэргэшсэн инженер болсон. Анх эрчим хүчний системийн байгууллагад 1995 оны 6 дугаар сарын 12-нд хуучнаар УБ ЦШС-ний газрын харьяа Налайх салбарт борлуулалтын байцаагчаар ажилд орсон. Уг ажилд 2002 оныг хүртэл ажиллаж байгаад борлуулалтын инженер, борлуулалтын байцаагч, хэмжүүрийн инженер, ашиглалтын хэсэгт монтёр, ашиглалтын хэсэгт мастер, Налайх түгээх төвийн засварын инженерээр тус тус ажиллаж байсан. 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн захирлын Налайх түгээх төвийн ашиглалт засварын хэсгийн ахлагчаар ажиллуулах тухай Б/126 дугаар тушаал гарч, энэхүү албан тушаалд томилогдож ажилласан. Ашиглалт засварын хэсгийн ахлагчаар томилогдож ажил хүлээж авахад ашиглалтын түвшин 2012 онд 83 хувь байсан, 2013 онд оны эцсээр ажил дүгнэхэд 87 хувь, 2014 онд 90 хувь, 2015 онд 95 хувь, 2016 онд 95 хувьд тус тус хүргэж ажилласан. Гэтэл Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/135 дугаар тушаалаар гаргаж, намайг ашиглалт засварын хэсгийн ахлагчаас чөлөөлж, хэсгийн инженерээр томилсныг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр уг албан тушаалд томилогдон ашиглалт засварын инженер Г.Зоригтбаатарт ажлаа хүлээлгэж өгөхдөө тушаалын хувийг авч албан ёсоор танилцсан. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Баярсайханы гаргасан дээрх 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/135 дугаар тушаал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж үндэслэлгүйгээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1 буюу хөдөлмөрийн гэрээ байгуулах заалт байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд ажилтныг шилжүүлэн ажиллуулах 3 тохиолдлыг хуульчилсан байдаг. Энэ нь уг хуулийн 32.1-т гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болно. 33.1-т сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд, эсхүл өөр байгууллагад түр хугацаагаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулж болно, 34.1-т эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд түүнтэй тохиролцон шилжүүлнэ гэсэн байдаг. Өөр хуулийн зохицуулалт байхгүй. Мөн хөдөлмөрийн дотоод журам, Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2015 оноос 2016 онд мөрдөх хамтын гэрээг үндэслэсэн байсан. Эндээс гол маргаан гарах болсон шалтгаан нь ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг мөрдүүлэх ёстой. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5-д заасан байдаг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 130.1-т ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ гэсэн байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын үндэслэл болсон нэгж хоорондох сэлгэн ажиллуулах 4.11 дэх заалт байна. Гэтэл ажил олгогч ажилтантай тохиролцсон зүйл байхгүй. П.Түмэнбаяр өөрийгөө шилжүүлэн ажиллуулж байгаа тушаалыг ажлын хэсэг ирсэн өдөр мэдсэн. Энэ нь ажил олгогч ажилтантай сэлгүүлэн ажиллуулах талаар тохиролцсон зүйлгүй гэдгийг нотолж байна. Иймд захирлын энэ тушаал бол Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн учир уг тушаалыг хүчингүй болгож, Налайх түгээх төвийн ашиглалт засварын хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанийн гүйцэтгэх захирлын өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу*******,******* нарыг шилжүүлэн ажиллуулах тухай 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/135 дугаар тушаал гарсан. Уг тушаалын үндэслэлд компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.1, 4.9, 4.11 дүгээр зүйлүүдийг үндэслэж шилжүүлсэн. Дотоод журмын 4.1-т “гүйцэтгэх захирал нь байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтнуудтай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ, тодорхой хугацаагаар ажиллуулах ажилтантай хугацаатай хөдөлмөрийн гэрээг бичгээр 2 хувь байгуулна. Хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж хавсаргана. Дэд захирал, хэлтэс, албаны дарга, төвийн дарга, лабораторийн эрхлэгч нартай жил бүр “Үр дүнгийн гэрээ” байгуулж дүгнэнэ. Компанийн нууц хамгаалах үүрэг бүхий ажилтнуудтай “Нууц хадгалах гэрээ”-г нууцын ажилтан байгуулна.” 4.11-т “Ажил олгогч нь компанийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, компанийн үр ашгийг дээшлүүлэх, технологийн шинэчлэлтэй холбоотой ажлын байр өөрчлөх, ажил сайжруулах, авилгалаас урьдчилан сэргийлэх зэрэг бодлогын хүрээнд санхүү, нягтлан бодох бүртгэл, техникийн нөхцөл олголт, гадагш хандсан зөвшөөрөл олгодог ажлын байр болон бусад чиглэлийн ажилтнуудыг нэгж хооронд сэлгэн, шилжүүлэн ажиллуулах шийдвэр гарган хэрэгжүүлэх эрхтэй. Энэ тохиолдолд ажилтанд урьдчилан мэдэгдэж ажилтантай байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна” гэж заасны дагуу тус хэсэгт нь инженерээр шилжүүлэх тушаал гаргасан. Ажлын байр өөрчлөгдөж байгаатай холбогдуулан хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт орох тул Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийг үндэслэсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 31, 32, 33 дугаар зүйлүүдийг ярьж байна. Хөдөлмөрийн тухай хуулинд зохицуулсанаас бусад асуудлыг байгууллагын дотоод журмаар шийдвэрлэнэ гэж тусгасан байдаг. Уг хуулийн 32, 33, 33-т заасны дагуу сул зогсолт юмуу эрүүл мэндийн шалтгаанаар шилжүүлэн ажилуулах нөхцөл бүрдээгүй, манай ажил дээр сул зогсолт байхгүй, байнгын тогтмол ажиллаж байгаа. Мөн гал түймэр, гэнэтийн гэх зайлшгүй нөхцөл байдал манайд үүсээгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх 3 заалтыг үндэслэх боломжгүй. Ажлын ачаалал, ажиллах хүчин, авлига зэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор шилжүүлэн ажиллуулдаг. Үүнийг сая нотлох баримтаар гарган өглөө. Хөдөлмөрийн доттоод журмыг өөрт нь танилцуулан гарын үсэг зуруулсан байсан. Мөн хөдөлмөрийн гэрээний 2.3-т сэлгэн шилжүүлэх тухай заасан. Энэ хүн шинэ ажлын байрандаа ажиллах ёстой. Мөн энэ асуудлыг гэнэт тушаал ирээд мэдсэн гэдэг, гэтэл компанийн гүйцэтгэх захирал н.Баярсайхан өрөөндөө дуудан мэдэгдсэн байдаг юм. Иймд тус компанийн гүйцэтгэх захирал нь дотоод журамд заасны дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд тус компанийн ажилчдыг нэгж хооронд сэлгэн шилжүүлэн ажиллуулах боломжтой тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Түмэнбаяр нь хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдуулан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/135 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Налайх дүүргийн цахилгаан түгээх төвийн ашиглалт засварын хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...гүйцэтгэх захирал нь дотоод журамд заасны дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд тус компанийн ажилчдыг нэгж хооронд сэлгэн шилжүүлэн ажиллуулах боломжтой тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэргийн баримтаас үзэхэд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “П.Түмэнбаяр,******* нарыг шилжүүлэн ажиллуулах тухай” Б/135 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Компанийн дотоод журмын 4 дүгээр зүйлийг 4.1, 4.9, 4.11, Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан 2015-2016 онд мөрдөх Хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.17 дахь заалтыг тус тус үндэслэн Налайх түгээх төвийн ашиглалт, засварын хэсгийн ахлагч*******, инженер******* нарыг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс*******ыг тус хэсгийн ахлагчаар,*******ыг мөн хэсгийн инженерээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ. /хх9/
Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлахаар заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хөдөлмөрийн гэрээний 2.3-т сэлгэн шилжүүлэх тухай заасан. Энэ хүн шинэ ажлын байрандаа ажиллах ёстой” гэж тайлбарласан боловч 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/135 дугаар тушаалд хөдөлмөрийн гэрээний холбогдох зүйл заалт тусгагдаагүй. Ажил олгогч ийнхүү захиргааны санаачлагаар ажлын байрыг өөрчлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар ажилтны зөвшөөрлийг аваагүй, ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг дуусгасан тушаалын үндэслэл тодорхой биш, хөдөлмөрийн хууль тогтоомжийг баримтлаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй” гэж, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4.11-т “Ажил олгогч нь компанийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, компанийн үр ашгийг дээшлүүлэх, технологийн шинэчлэлтэй холбоотой ажлын байр өөрчлөх, ажил сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх зэрэг бодлогын хүрээнд санхүү, нягтлан бодох бүртгэл, техникийн нөхцөл олголт, гадагш хандсан зөвшөөрөл олгодог ажлын байр болон бусад чиглэлийн ажилтнуудыг нэгж хооронд сэлгэн, шилжүүлэн ажиллуулах шийдвэр гарган хэрэгжүүлэх эрхтэй. Энэ тохиолдолд ажилтанд урьдчилан мэдэгдэж ажилтантай байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Нэхэмжлэгч ажлаас шилжүүлсэн асуудлыг гэнэт тушаал ирээд мэдсэн гэдэг, гэтэл компанийн гүйцэтгэх захирал н.Баярсайхан өрөөндөө дуудан мэдэгдсэн байдаг юм” гэж тайлбарласан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар ийнхүү мэдэгдсэн нь нотлогдохгүй байх тул ажил олгогчийг дээрх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй. Иймд ажил олгогчийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/135 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин ажил олгогч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/135 дугаар тушаал нь цаашид эрх зүйн дагавар үүсгэхгүй, мөн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл байх тул уг үндэслэлийг шүүх нэхэмжлэлийн бие даасан шаардлагын хэмжээнд дүгнээгүй болно.
Дээрх нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх иргэний хэрэгт багтах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Түмэнбаярыг Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Налайх түгээх төвийн ашиглалт, засварын хэсгийн ахлагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч П.Түмэнбаяр болон хариуцагч “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь улсын тэмдэгтийн хураамжаас тус тус чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ
| |||||||
| | |