Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/01717

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/01717

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ш нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ө холбогдох,

“Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлал гуйхыг даалгах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянаад 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т  хариуцагч Н.Ө  иргэдийн төлөөлөгч Ц.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Б.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “З  сайтын эрхлэгч Н.Ө  2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн “Зариг.мн Өнөрцэцэг” твиттер хаягаараа дамжуулан “...Г халтар хэдэн төгрөгийг аваад ...”, “... Тэрбумтан эгч уг нь хүнээ зөв олж, надруу чиглүүлж..., Ш  минь найзыгаа муулж, тэрбумтан эгчээс мөнгө авна гэж зүүдэлж ч явсангүй ээ”, “ фейсбүүк хуудсаар дамжуулан ““Түгжил”-үүдийг холоос битгий хай” нэртэй постыг интернер болон цахим орчинд олон нийтэд тарааж миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаж, хуурамч мэдээллийг тараасан. Уг интернэт болон цахим орчинд олон нийтэд тараасан мэдээлэлд “... Гэтэл гэдэг сайт дээр “Шантаажчин Ө салбараа аврахаар сэтгүүлчид нэгдлээ” гээд нээх сүрхий гарчигтай, миний хамгийн муухай зургийг эвлүүлээд, хотын дарга нтр-ийг шантаажилсан гээд баахан гүтгэлэг бичээд, бүүст хийгээд тараав”, “ ... Хүн яагаад ийм айхтар атгаг санаатай, гэмгүй царайтай, мөнгөний төлөө юу ч хамаагүй хийхээр болчихдог юм бэ?”, “Найзыгаа муулж тэмбумтан эгчээс мөнгө авна гэж зүүдэлж ч явсангүй ээ”, “А О маргаж байсан чатыг Г  руу бичсэн мэт эвлүүлдэг мэргэн санаа бас Ш  гарч, ямар аймаар юм бэ? Ш  ганцхан миний араас ингэж хутга шаадаггүй. Тэр ажиллаж байгаа газрынхаа дарга нарыг, нөхөр нь бас ажиллаж байгаа яамныхаа удирдлагуудын тухай энэ нууц сайтдаа бичиж, шантааж хийдэг юм байна”, “... Шүрэнцэцэгийн нөхөр нь Зам тээврийн хөгжлийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажилладаг. Гэтэл сайдыгаа энэ гэдэг нууц сайтаараа шоглоод сайд нь энэ сайтыг хайгаад байгаа юм байна лээ”, “Яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга Магнайсүрэнг энэ сайтаараа чимхээд муулсан байна. Бодвол “Даргаа ийм сайт дээр таны талаар сөрөг мэдээлэл гаргачихаж, би устгуулаад өгөх үү, та хэдэн төгрөг өгчих” гэхээс зайлахгүй”, “Эхнэр, нөхөр хоёр сэтгүүлзүйг шавартай хутгаж, хоолоо олж идэж байна” гэж дурдсан мэдээллийнхээ үнэн зөв, бодитой байдлыг нотлохыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж” гэж заасны дагуу хариуцагч Н.Ө  шаардаж, доорх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу эдийн бус гэм хорыг арилгах арга хэмжээг авч, миний гутаагдсан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Н.Ө  намайг гүтгэж, хуурамч мэдээлэл тараасан үйлдэлдээ “З твиттер хаяг, “” болон  фейсбүүк хаягаар дамжуулан нэхэмжлэгч Б.Ш  надаас уучлал гуйхыг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Н.Ө  нь Б.Ш  гүтгэсэн гэж Зөрчлийн хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2019 оны 10 дугаар сард өргөдөл гарган шалгуулсан. Хан-Уул дүүргийн Прокурорын газар зөрчлийн хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн ба Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас тухайн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Н.Ө  Б.Ш  гүтгэсэн болох нь тогтоогдоогүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг үндэслэн Н.Ө  Б.Ш холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Н.Ө  шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: “Би Б.Ш  нэр төрд халдаагүй, гүтгээгүй. Тухайн цахим орчинд тавьсан өөрийн нийтлэл, сэтгэгдэл дотор Б.Ш УИХ-ын гишүүн Г  мөнгө авсан гэдгийг нотолж бичээгүй. Сэтгүүлч Н.Ө  намайг гүтгэж бичсэн News76.mn сайт нь Б.Ш нэр дээр байдаг болох нь Харилцаа холбооны зохицуулах хорооны албан бичгээр тогтоогдсон. Б.Ш  Барилга, хот байгуулалтын яаманд ажилладаг бөгөөд өөрийн нэр дээр байдаг дээрх нууц сайтаар дамжуулан яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга М  гүтгэсэн байдаг. Энэ асуудал ил болсноор тэрээр ажлаас чөлөөлөгдсөн. Б.Ш  нөхөр Амартүвшин мөн л Зам тээврийн яаманд хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад эхнэртэйгээ ижил шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...  сайтад 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Шантаажчин Ө салбараа аврахаар сэтгүүлч нар нэгдэж байна” гэх гарчиг бүхий нийтлэл тавигдсан. Тус нийтлэлд миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан, бодит бус доорх мэдээллийг олон нийтэд тараасан. Үүнд “Хаалтын гэрээ хийе гэж санал тавьна. Их хэмжээний мөнгө нэхнэ. Хүссэн мөнгийг нь өгөхгүй бол УИХ-ын гишүүн, албан тушаалтан, аж ахуйн нэгж хэн ч байсан баттай биш цуу яриагаар мэдээлэл бэлтгэж шантаажилна. Эцсийн зорилго нь мөнгө авах”, “Ингээд хэсэг бүлэг улс төр, бүлэглэлийн нөлөөгөөр Зариг босож, тэдний захиалгаар бусдыг “намнадаг””. “Сэтгүүлзүйг жинхэнэ худалдаж буй Н.Өнөрцэцэг их хэмжээний мөнгө нэхэж, шантаажилдагийг олон хүн гэрчлэх байх”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.А  туулын бургасны тухай олон ч лайв хийж, хаалга үүдийг нь хашиж явсан Зариг өнөөдөр үг дуугүй С.А магтан дуулна. 15 сая төгрөг өгье гэхэд нь голсон тэрээр үүнээс хэд дахин их шантаажны мөнгө авсан байж таараа”. “Түүнчлэн хувийн аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, УИХ-ын гишүүдээс 30 сая, 40 сая, 100 сая төгрөг шантаажилсан гэх юм. З баримт нь ч байна” гэжээ. Тус мэдээллийг бэлтгэн хүргэсэн  сайт нь Б.Шүрэнцэцэгийнх болох нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 02/1287 дугаар албан бичгээр тогтоогдсон. Гэвч тус сайт нь өнөөдрийн байдлаар зөрчилтэй домейн болж хаагдсан байна. Миний бие тус нийтлэлд дурдсан шиг бусдыг “шантаажилж” дарамталсан зүйл огт байхгүй, худал мэдээллийг олон нийтэд түгээсэн байна. Иймд сэтгүүлч Н.Ө миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан арга хэлбэрээр няцаалт хийлгэхийг хариуцагч Б.Ш  даалгаж өгнө үү” гэжээ.

            Иргэдийн төлөөлөгч Ц.А  шүүх хуралдаанд гаргасан дүнэлтдээ: “Талууд эвлэрч, бие биенээсээ уучлалт гуйх нь зүйтэй” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

      Нэхэмжлэгч Б.Ш нь хариуцагч Н.Ө холбогдуулан “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлал гуйхыг даалгах тухай” үндсэн нэхэмжлэл, хариуцагч Н.Ө  нь нэхэмжлэгч Б. холбогдуулан “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах тухай” сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

N  сайтад 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нийтлэгдсэн гэх “Шантаажчин Н.Ө  салбараа аврахаар сэтгүүлч нар нэгдэж байгаа гэнэ” гэсэн мэдээллийг өмнө нь Н.Ө цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шалгуулсан байх ба тухайн зөрчлийн хэрэгт авагдсан баримт, хохирогч, холбогдогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Б.Ш нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Н.Г  N  сайтын нэвтрэх эрхийг шилжүүлсэн тухай мэдүүлж, иргэн Н.Га тухайн өдөр Б.Ш-с уг сайтыг эрхлэх эрхийг авсан болохоо мэдүүлсэн, мөн хэрэгт авагдсан “А ” ХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 619/261 тоот албан бичиг, хавсралтаар дээрх нөхцөл байдал тогтоогджээ.

Хэдийгээр N  сайтыг анх Б.Ш  2017 оны 2 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн байгаа боловч тэрээр 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэхэд тухайн сайтын нэвтрэх эрхийг бусдад шилжүүлсэн байна.

Гэтэл тухайн сайтад 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нийтлэгдсэн мэдээллээс үүдэн Н.Ө , Б.Ш  нарын хооронд үл ойлголцол үүсч, улмаар Н.Ө  өөрийн эрхлэдэг фейсбүүк хаяг болон твиттер хуудаст тухайн үед төрсөн сэтгэгдэлээ нийтэлжээ.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Б.Ш  нь хариуцагч Н.Ө сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцвал зохих этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэргийн 6-20 дугаар хуудаст авагдсан “U ”, Z гэх хаяг бүхий фейсбүүк хуудас, мөн “З  Ө ” гэх нэр бүхий твиттер /жиргээ/ хаягуудад хариуцагч Н.Ө  нийтэлсэн “Түгжил”-үүдийг холоос битгий хай”, “Эхнэр, нөхөр хоёр даргаа хусаж амьдардаг” гэх агуулга бүхий нийтлэл, сэтгэгдэлүүдийг хариуцагч Н.Ө  нь өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн үйлдэл нь Б.Ш нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж үзэхээргүй байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээ тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-т “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зүйл, заалтын “гутаасан мэдээ” гэдэг нь бодит байдалд нийцээгүй, иргэн, хуулийн этгээдийг хууль болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн буюу буруу, шударга бус үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээг тарааснаар иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг доройтуулсан байхыг ойлгохоор байна.

Гэтэл дээр дурдсан мэдээллүүдийн улмаас нэхэмжлэгч Б.Шнэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нь хэрхэн нөлөөлсөн, түүний үнэлэмж хэрхэн гутаагдсан, дордсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд талуудын хэн аль нь өөрсдийн нэр хүндийг гутаагдсанаас ямар үр дагавар үүссэн болохыг баримтаар нотлоогүй.

            Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 21.5., 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.2.-т тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Өнөрцэцэгт холбогдох “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлал гуйхыг даалгах тухай” нэхэмжлэгч Б.Ш нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Б.Шхолбогдох “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах тухай” хариуцагч Н.Ө сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Ш  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Н.Ө  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 21.5., 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.2.-т тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Өнөрцэцэгт холбогдох “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлал гуйхыг даалгах тухай” нэхэмжлэгч Б.Ш  нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Б.Ш холбогдох “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах тухай” хариуцагч Н.Ө  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Ш улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, хариуцагч Н.Ө улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ГЭРЭЛТУЯА

              

               ШҮҮГЧИД                                                     Д.МӨНХЦЭЦЭГ

                                                  

                                                                                       Ж.СЭМЖИД