Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1240

 

 

 

 

 

 

 

   2024         11         14                                       2024/ШЦТ/1240

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энхтүвшин даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

улсын яллагч Д.Энхбаяр,

шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Ц.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мгийн С холбогдох эрүүгийн 2306 01860 1889 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.........................................................................................................................

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.С нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өөрийн найз Б.Гт .................................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Эгчийн нэр дээр байдаг, эгч Бүгд Найрамдах Солонгос улсад байгаа, ирэхээр нь эзэмшигчийн нэрийг нь шилжүүлж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 14,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

мөн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Б.Гын эзэмшлийн .................................... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд байсан дугуй хийлэгч, хучлага, дугуй, багаж, бензин талон, МР3 тоглуулагч болон бэлэн 1,000,000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч 1,447,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

Шүүгдэгч М.С нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч М.С нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өөрийн найз Б.Гт .................................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Эгчийн нэр дээр байдаг, эгч Бүгд Найрамдах Солонгос улсад байгаа, ирэхээр нь эзэмшигчийн нэрийг нь шилжүүлж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 14,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

мөн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Б.Гын эзэмшлийн .................................... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд байсан дугуй хийлэгч, хучлага, дугуй, багаж, бензин талон, МР3 тоглуулагч болон бэлэн 1,000,000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч 1,447,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Гын өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын орчимд найз Саас Приүс-30 загварын ..............улсын дугаартай автомашиныг 14,500,000 төгрөгөөр бодож Да хүрээ зах дотор явж байхдаа худалдаж авсан. Худалдаж авахдаа өөрийн автомашиныг 7.000.000 төгрөгөөр бодож өгөөд үлдсэн 7,500,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлж өгсөн. Тухайн үедээ би өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй ба тухайн үед С надад хэлэхдээ “Эгчийн нэр дээр ББСБ-д төлөлттэй байдаг, гэхдээ төлөлт нь дуусчихсан, эгч маань БНСУ-д байгаа ирэхээр нь шилжүүлээд өгье” гэж хэлсэн. Тэгээд бутэн жилийн турш унаж, хэрэглээд явж байтал 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 00:50 цагийн орчим М гэх фейсбүүк хаягаас "Танд илгээмж ирсэн байна" гэсэн зурвас ирсэн ба би гайхаад шөнөөр ирдэг юм уу гэхэд надаас заавал хаягийг маань авах гээд байхаар нь би хаягаа өгөөгүй. Тэгсэн чинь Саас миний хаягийг мэдээд тэр хавийн зогсоолоос миний машиныг олоод 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ачаад явчихсан байсан. Тэгэхээр нь би С руу энэ талаар хэлэхэд "Өө тийм үү, ямар шуурхай юм бэ, би яриад асуучихъя" гээд холбогдоогүй. Тэгээд би өмнө нь хүргэлтийн ажилтан байна гэж бичиж байсан хаяг руу чат бичихэд "Би машиныг чинь ачуулсан" гэхэд нь би банк бус дээрээ байгаа юу гэж асуухад "Чи миний машиныг яагаад өөрийнхөө юм шиг яриад байгаа юм бэ, С та 2 энэ машиныг хуулийн дагуу аваагүй, би энэ машиныг банк бусынхаа үлдэгдлийг хааж байгаад авсан" гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үед машин дотор байсан эд зүйлийг яасан бэ гэж асуухад Ст өгч явуулсан гэж хэлсэн. Тэгээд Сыг хайгаад Да хүрээ зах болон танил гэх хүмүүсээс нь сурагласан боловч огт олж чадаагүй... Тухайн үед миний машинд дэвтрийн цаасанд ороосон бэлэн 1 сая төгрөг, мэргэжлийн үнэмлэх, дугуй хийлэгч, автомашины хучлага, запас дугуй, автомашины ком багаж хэрэгсэл, Петровисийн 80,000 төгрөгийн бензин талон зэрэг эд зүйлс байсан... Би Саас автомашин худалдаж авсан мөнгө болон автомашинд үлдээсэн байсан эд зүйлс болон бэлэн мөнгөнөөс эргүүлж аваагүй.”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Мгийн өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр "..................." ББСБ-аас зээлийн гэрээ байгуулж Сувдан цагаан өнгийн Приус-30 загварын автомашин худалдаж авсан ба гэрээ байгуулсан даруй ..............улсын дугаарыг авсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сард Турк улс руу ажлын шугамаар явахаар болсон тул таньдаг найз Саас "зээлийн төлөлттэй байгаа машиныг зарж болдог юм уу гэж асуухад болно гэхээр нь үргэлжлүүлэн төлөөд өөртөө аваарай гэж хэлээд зөрүүнд нь 5,000,000 төгрөгийг өөрийнхөө дансанд авсан. Тухайн үедээ гадагшаа явах боломжгүй болсон ба Ст ББСБ руу яриад хэлчихсэн дээр байхаа гэж хэлсэн. Тэрнээс хойш Стай тохиролцчихсон учраас дахиж хүмүүс рүү яриагүй. Тэгтэл 2022 оны 10 дугаар сарын төлөлт ороогүй гээд "..................." ББСБ-аас чат бичихээр нь би найзуудаар нь дамжуулаад Ст хэлүүлсэн. Тэгэхэд С над руу чатаар өнөө маргаашгүй хийчихнэ, би БНСУ-д ирчихсэн байна гэж хэлсэн ба би хийчих байх гэж итгээд явж байтал 2022 оны 11 сарын ороогүй гэж ББСБ-аас холбогдсон. Тэгээд ББСБ нь надаас байнга асуугаад байхаар нь би хөдөөнөөс Улаанбаатар хотод ирээд эхнэртэй нь холбогдоход эхнэр нь холбоогүй байгаа гэсэн ба Сын фейсбүүк дээр нь "луйварчин минь мөнгөө авъя" гээд үл таних хүнээс нийтлэл оруулчихсан байхаар нь түүнтэй холбогдож сураглахад "Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Батлан хамгаалахын их сургуулийн замын эсрэг талын 85 дугаар байранд найзуудтайгаа байгаа" гэсний дагуу ББСБ-д мэдэгдээд очиход байрны хажуу талд хүмүүстэй зогсож байсан ба би очиж уулзаад уурласан. БНСУ руу явсан гэж надад худлаа хэлсэн байсан. Тэгээд ББСБ руу залгаад дуудахад ажилтан нь ирсэн ба "манай дүү унаад явчихсан, хаана байгааг нь мэдэхгүй, олоод өгье" гэж хэлээд тухайн 85 дугаар байрны баруун хойд талд байрлалтай хотхоны ойролцоогоос шөнийн 03 цагийн орчим хайж олсон. Тэгтэл ББСБ-аас ачлагын машинтай хүрч ирээд ачаад явсан Тэрний маргааш өдөр нь С үл таних хүнтэй хамт ирээд ББСБ руу явъя гэж хэлээд хамтдаа очиход ..............улсын дугаартай автомашиныг тухайн байгууллагаас одоо авах юм уу гэхэд одоо энэ хүн рүү шилжүүлчих гээд миний ................... данс руу хамт байсан хүнээрээ 15,535,000 төгрөгийг шилжүүлсэн ба би ББСБ руу мөнгийг шилжүүлж миний зээл хаагдаж Стай хамт явж байсан хүний эзэмшилд очсон. Үлдэгдэл 4,312,000 төгрөгийг ...................гэсэн Сын өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Тэр үедээ бичиг баримтаа тухайн хүний нэр дээр шилжүүлж аваад, номер дугаарыг нь аваад зогсоол руу нь хамтдаа очсон ба түлхүүр тааруулдаг хүмүүс дуудаж онгойлгуулсан ба худалдаж авсан хүн нь жолоочийн суудалд суугаад С жолоочийн хажуугийн суудал дээр суусан ба С доторх эд зүйлийг нь шалгаж байхдаа бэлэн мөнгө олсон, тоолж үзэхэд 1,000,000 төгрөг байсан. Дээрх 1,000,000 төгрөг, голын хайрцагт байсан бичиг баримтууд, хойд суудал дээр байсан хувцас зэрэг эд зүйлсийг С өөрөө аваад би өгчихье гэж хэлэхэд нь худалдаж авч байсан хүн болон би эзэнд нь аваачиж өгөөрэй гэж сануулж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

“...................” ББСБ-аас ирүүлсэн албан бичиг, зээлийн гэрээ /хавтаст хэргийн 49-55 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 631-24-1649 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 100-103 дахь тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч М.Сын өгсөн: “...Би тогтоолтой танилцсан. Тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Гт зээлийг нь хааж өгнө гэж зарсан ч хэлсэн үгэндээ хүрэхгүй тухайн мөнгөөрөө би өртэй байсан найз Ээгий гэх хүнд 9,000,000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн, үлдсэн мөнгийг нь би 1xbet мөрий тавьдаг сайтад мөнгөө мөрий болгож өсгөж байгаад ББСБ-д зээлийг нь хаах мөн бусад өр ширээ дарж мөнгө өсгөе гэж бодоод мөрий тавьсан боловч хүсэж байсан үр дүндээ хүрээгүй алдсан. Тэгээд улмаар ББСБ-аас Мгаас өрөө нэхсэн, түүнийх нь дагуу би Гын байгаа газраас нь тухайн ........ улсын дугаартай автомашин дээр очоод Гт хэлэхгүй авч яваад Мгийн өр ширийг дарж дуусгаад Гын хохирлыг барагдуулж чадаагүй. Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Дахин тийм асуудал гаргахгүй, боломжтой хамгийн богино хугацаандаа хохирлын мөнгийг барагдуулна..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дахь тал/ зэргээр тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Улсын яллагч “...Шүүгдэгч М.С нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ зах дотор .................................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Эгчийн нэр дээр байдаг, эгч Бүгд Найрамдах Солонгос улсад байгаа, ирэхээр нь эзэмшигчийн нэрийг нь шилжүүлж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Б.Гаас 14,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, мөн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Б.Гын эзэмшлийн .................................... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд байсан дугуй хийлэгч, хучлага, дугуй, багаж, бензин талон, МР3 тоглуулагч болон бэлэн 1,000,000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч 1,447,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хавтаст хэргийн 19 дүгээр хуудас, хохирогчийн өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас, гэрч Мгийн өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас, албан бичиг хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас, хөрөнгийн үнэлгээний тайлан хавтаст хэргийн 100-103 дугаар хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна. гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч М.С “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч М.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэх дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс маргаагүй болно.

1.3. Хууль, эрх зүйн дүгнэлт.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Хулгайлах гэмт хэргийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол, мөн бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн” хэмээн гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байдаг. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд, шүүгдэгч М.С нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Б.Гын эзэмшлийн .................................... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд байсан дугуй хийлэгч, хучлага, дугуй, багаж, бензин талон, МР3 тоглуулагч болон бэлэн 1,000,000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч, хохирогчийн өмчлөх эрхэнд халдан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогджээ.

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Мөн хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.С нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Б.Гын эзэмшлийн .................................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч яван, улмаар түүнд мэдэгдэхгүйгээр тээврийн хэрэгсэлд дотор байсан дугуй хийлэгч, хучлага, дугуй, багаж, бензин талон, МР3 тоглуулагч болон бэлэн 1,000,000 төгрөгийг авч 1,447,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Хэдийгээр шүүгдэгч М.Сыг машин доторх эд зүйл болон бэлэн 1.000.000 төгрөгийг авахад хажууд нь машин худалдаж авсан хүн болон гэрч Х.М нар байсан хэдий ч хохирогчийг танихгүй байдлыг далимдуулан“ эзэнд нь би өгчихье гэж”   тэдгээрийг хуурч, мэхлэн, хохирогчид хэлэхгүй байх гэсэн хувийн дотоод сэтгэхүйн харилцаагаар итгэл үнэмшилтэй  авсан нь хулгайлах гэмт хэрэгтэй адилтгаж үзнэ.

Иймд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Сын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирчээ.

Залилах гэмт хэргийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хууль тогтоогч нараас  “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчлан тогтоосон бөгөөд энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” бол гэж залилах гэмт хэргийг  тодорхойлсон байна.

Дээрх ойлголтын хүрээнд авч үзвэл шүүгдэгч М.С нь хуулиар хамгаалагдсан өмчлөгчийн эрхийг зөрчиж, “Эгчийн нэр дээр байдаг, эгч Бүгд Найрамдах Солонгос улсад байгаа, ирэхээр нь эзэмшигчийн нэрийг нь шилжүүлж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж мөнгийг буцааж өгөхгүй гэсэн субьектив санаа зорилготойгоор бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авсан нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх үндэслэлтэй юм.  

Шүүгдэгч М.С нь хохирогч Б.Гаас 14,500,000 төгрөгийг залилан, авч, бусдын өмчлөх эрхэд үлэмж хэмжээний хохирол учруулсан байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “үлэмж хэмжээний хохирол" гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгохоор заасан бөгөөд гэхдээ үндсэн бүрэлдэхүүний хувьд хохирлын хэмжээ шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байх ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг төгссөнд тооцно. 

Иймээс шүүгдэгч М.С нь хууль зүйн хувьд хохирогч Б.Гаас 14,500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн  авч залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

          Харин Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан ирүүлсэн ба уг заалт нь “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэжээ.

          Гэтэл шүүгдэгч М.Сын үйлдэл нь цаг хугацааны хувьд өөр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн бөгөөд үүнийг хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан гэж ойлгохгүй тул журамлах шаардлагагүй гэж үзлээ.

Нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

   Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гт  15,947,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч М.С нь хохирогчтой тохиролцон /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн/ 13,000,000 төгрөгийг төлж барагдуулан бөгөөд хохирогч гомдол саналгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “...Иймд шүүгдэгч М.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.” гэх,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргаангүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлж барагдуулсан, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйл байх тул улсын яллагчаас оногдуулж буй нийтэд тустай ажил хийлгэх ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү. Учир нь миний үйлчлүүлэгч хүнд хэлбэрийн сүрьеэ өвчтэй, эмнэлэгт хэвтээд гарсан, Дархан-Уул аймгийн эмнэлгийн хяналтад байдаг бөгөөд 7 хоногт 1 удаа очиж эмнэлэгт хэвтдэг, эхнэр хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан үзнэ үү.” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч “...Хэлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч М.С гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дэх тал/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 85 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 90 дэх тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 91 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлтийн лавлагаа /хх-ийн 92 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 95 дахь тал/ зэрэг баримтуудаар хувийн байдлыг тодорхойлов.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 Иймд шүүгдэгч М.Сын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, хохирол төлж барагдуулсан байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял буюу шүүгдэгч М.Ст тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ст оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ял буюу 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар М.Ст оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. 

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч М.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Мгийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн, 

          мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

            2. Шүүгдэгч М.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

           мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ст оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ял буюу 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ЭНХТҮВШИН