Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2020/0319/З |
Дугаар | 128/ШШ2020/0561 |
Огноо | 2020-09-03 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2020/0561
2020 оны 09 сарын 03 өдөр | Дугаар 128/ШШ2020/0561 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Э
Хариуцагч: Үндэсний Аудитын газрын Санхүүгийн Аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Ц.Э, М.А
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний Аудитын газрын Санхүүгийн Аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Ц.Э, гэрээт аудитор М.А нарыг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Төлбөрийн акт тогтоох тухай №01/80САГ-2019/17/СТА-ЗГТС тоот актын Б.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.С, хариуцагч Ц.Э, хариуцагч Ц.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний аудитын газрын Санхүүгийн Аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Н, Аудитор Ц.Э, гэрээт аудитор М.А нарын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны 01/80, САГ-2019/17/СТА-ЗГТС дугаартай актын Б.Эд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу нэхэмжлэл гаргасан байгаа. Үндэсний аудитын газрын аудиторуудын гаргасан актыг тогтоох хэсэгт заасан суралцагчдад илүү шилжүүлсэн 42224 ам долларыг буцаан холбогдох этгээдээр төлүүлэх гэсэн заалт байдаг. Үг үсгийн хувьд харахад суралцагчдад илүү шилжүүлсэн гэж байгаа суралцагчид энэ мөнгийг хүлээж аваагүй. Холбогдох этгээдээр төлүүлэх гэж байдаг энэ тохиолдолд Боловсролын зээлийн сангийн холбогдох албан тушаалтнууд гэж бид ойлгож байгаа. Гэтэл гарцаагүй энэ акт бидний эрх ашгийг хөндсөн. Актаар ногдуулсан Энхбилгүүнд холбогдох үнийн дүнд хамаарах хэсгийг Энхбилгүүнээр төлүүлнэ гэдэг шаардлагыг Боловсролын зээлийн сангаас аавд нь удаа дараа байнга шахалт дарамт үзүүлж шаардах болсноор Энхбилгүүний эрх ашиг хөндөгдөж эхэлсэн. Энхбилгүүний тухайд өөрийн эрдэм мэдлэг, хичээл зүтгэлээрээ олон мянган оюутан, суралцагчидтай өрсөлдөж, Дэлхийн шилдэг топ 100 сургуулийн 1 болох АНУ-ын Миннесотагийн их сургуулийн болзлыг бүрэн хангаж урилга аваад Боловсролын зээлийн сантай холбогдох харилцаа холбоог тогтоосон байгаа. 2014 оноос суралцагч нь өөрийнхөө зардлаар сургалтын төлбөрөө төлж байсан. 2013 оны 78 дугаартай Ерөнхийлөгчийн зарлиг, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслээд зээлийн гэрээг байгуулж 2017 онд 18000 доллар, 2018 онд 19000 долларын боловсролын зээлийн санхүүжилтийг авсан. Аудиторуудын гаргасан төлбөрийн актад дурдсанаар аудиторууд дарааг зөрчлийг илрүүллээ гэсэн байдаг зөрчлийг тодорхойлохдоо суралцагчдын төлбөрийг илүү шилжүүлсэн мэт үйлдлээр тодорхойлоод байдаг. Илүү шилжүүлсэн гэх зөрчилтэй холбогдох нотлох баримтыг бид цуглуулахад Үндэсний аудитын газар нь нэг талаар энэ нотлох баримтыг зарим хэсгийг нь үндэслэлтэй гэж үзээд байгаа мэт нэг талаар энэ баримтууд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг шаардлагыг хангахгүй байна гэж үзвэл бүхэлд нь хангахгүй авч үзэх байсан болов уу, гэтэл ямар үндэслэлээр зарим хэсгийг нь тооцоод, заримыг тооцохгүй байгаа гэдэг нь хуульд нийцэхгүй байгаа бөгөөд энийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулийн 3.1.5, мөн хуулийг дагаж гарсан 2013 оны 271-р тогтоолоор сургалтын зээлийг тухайн сургуулиас ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан олгоно гэж заасан байдаг. Энэ журмаар Боловсролын зээлийн сангийн процесс ажиллагаа явагдсан учраас хуульд нийцсэн гэж үзэж байгаа. Гэтэл сургалтын төлбөрт шилжүүлсэн төлбөрөөс зарим хэсгийг үндэслэлгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Илүү шилжүүлсэн зөрчил гаргасан гэх этгээд нь хэн болох вэ гэдэг асуудлыг бид тодруулах шаардлагатай. Энд суралцагчийн оролцоо гэж байхгүй, хууль болон журамдаа ч тэр тухайн сургуулийн илгээсэн нэхэмжлэхээр л төлбөр шилжүүлж байгаа болохоос биш, шилжүүлж байгаа үйлдлийг ч Боловсролын зээлийн сангийн холбогдох эрх бүхий эрх олгогдсон албан тушаалтнууд нь шат дарааллаа шалгах процесс ажиллагаагаа хийгээд шилжүүлж байгаа болохоос биш суралцаж байгаа хүүхдэд хамааралгүй, энийг хувийн дансандаа авсан зүйл байхгүй байхад энэ хүүхдэд хариуцуулах болж байгаа нь ойлгомжгүй тодорхойгүй байна. Үндэсний аудитын газрын гаргасан актын агуулга хэлбэрийн тухайд төрийн аудитын байгууллага ямар эрх үүрэг хэрэгжүүлдэг, талаар бид судалсан. Үндэсний аудитын газар нь санхүүгийн гүйцэтгэлийн, тайлагнахын, нийцлийн гэсэн аудитыг хийдэг. Аливаа хяналт шалгалтын байгууллагын шалгалт хамрах хүрээтэй зохих шалгууртай байх ёстой, Боловсролын зээлийн сангийн 2018 оны жилийн эцсийн тайланд санхүүгийн аудит хийнэ гэсэн байтлаа яагаад 2016, 2017 оны зөрчлүүдийг зөрчил гэж үзэж гаргаж ирээд байгаа гэдэг асуудал нь тодорхойгүй байгаа. Үндэсний аудитын газар нь төрийн тусгай алба буюу аудиторууд нь төрийн тусгай албан хаагч гэж хуульд заагдсан. Гэтэл гэрээт аудитор гэдэг хүн энэ эрх хэмжээг эдэлж, актыг үйлдэж, гарын үсэг зурах хүн мөн үү гэдгийг хянаж үзээсэй. Энхбилгүүнд Боловсролын зээлийн санд холбогдох энэ акт огт хамааралгүй. Хууль болон хуулийг дагаж гарсан журмын дагуу энэ хүүхэд төлбөрөө шилжүүлж авсан байхад яагаад энэ төлбөрийг буцааж төлөх үүрэг хүлээх вэ, тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ маргаан нь өөрөө хууль хэрэглээний маргаан болж байгаа. Үндэсний аудитын газар хяналт шалгалт явуулахдаа хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэж акт тогтоогоод байна. Аудиторууд хяналт шалгалт явуулаад Энхбилгүүний төлбөрийг Боловсролын зээлийн сангаас сурч байгаа сургуульд шилжүүлэхдээ зөвхөн сургалтын төлбөр гэж бичиж шилжүүлэх ёстой гэсэн агуулгаар акт тавьсныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байгаа. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулий 3.1.5, 8.8.9-д сургалтын зээлийн тодорхойлолт, зохицуулалтыг хуульчилсан. Хуулийн дагуу батлагдсан Засгийн газрын 2013 оны 271-р тогтоолоор баталсан журмын 2-т заасан зохицуулалтууд байдаг. Хэрэгт авагдсан баримтын хувьд сургуулиас ирсэн нэхэмжлэл байдаг, хуульд зааснаар сургалтын зээлд сургалтын төлбөр болон амьжиргааны зардал орохоор хуульчилсан, гэтэл хариуцагчийн актын тухайд амьжиргааны зардал орохгүй, зөвхөн сургалтын төлбөр орно гэсэн байдлаар акт тогтоосон байдаг. Аливаа байгууллага хууль дээдлэх зарчимтай, хуульд дээрх асуудлаар хуульчилсан байхад акт тогтоогоод байгаа нь хууль бус юм. 2020.2 сар хүртэл Засгийн газраас журамд тогтоолоор нэмэлт оруулж сургалтын төлбөр гэдгийг дэлгэрүүлэх шаардлагатай болсон гэж үзээд дэлгэрүүлсэн байдаг, тэгэхээр энэ төлбөрүүд бол төлөгдөх ёстой гэжээ.
Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хариуцагч: Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 15.1, Төсвийн тухай хуулийн 8.9.2-т заасны дагуу Боловсролын зээлийн сангийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж, дүгнэлт гаргасан. Бид санхүүгийн тайлангийн аудитын төлөвлөгөө хөтөлбөрийн дагуу Боловсролын зээлийн сангийн 2018 оны жилийн эцсийн тайланд байсан бүх материалыг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, түүнд нийцүүлэн гаргасан нягтлан бодох бүртгэлийн бодлого, заавар, журмын дагуу үнэн зөв шударга илэрхийлэх санал зөвлөмжийг өгсөн. Энэ талаар санхүүгийн тайлангийн аудитын удирдамжид тодорхой заасан. Санхүүгийн тайлангийн аудитын төлөвлөгөөндөө тухайн жилд санхүүгийн тайлангийн аудит хийхэд анхаарах асуудал, баримтлах нэгдсэн бодлого чиглэл гэж зааж өгсөн байдаг. Төлөвлөгөөнд Дэлхийн шилдэг сургуулийн бакалаврын хөтөлбөрт гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад магистр, докторын хөтөлбөрийн санхүүжилтийн асуудлыг, мөн суралцагчид хууль, журмын дагуу гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхийг тусган ажилласан. Бид тус сангийн аудиттай холбогдуулан эрсдэлтэй асуудлыг тодорхойлоод аудитынхаа горим саналыг хэрэгжүүлсэн. Төрийн аудитын тухай хуулийн 13.4.7, 15.1.10, 18.7-д зааснаар Монгол улсын ерөнхий аудиторын 2014 оны А/124-р тушаалаар баталсан аудит хийх журмын дагуу аудитыг хийсэн. Боловсролын зээлийн сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6.1.3, 16.3, 16.4, 28.1, 30.4-т зааснаар бид аудитын дүгнэлтийг гаргасан. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 3.1.5, 5.3, 8.7-д хуульчилсан. Хуулийн дагуу Засгийн газрын 271-р тогтоолоор тодорхой журам батлагдсан. Өмнө нь 2012 оны 19-р тогтоолоор сургалтын зээлд сургалтын төлбөр болон амьжиргааны зардал багтана гэж тусгасан байсан нь энэ нь хасагдчихсан. 2014 оны 71-р тогтоолоор өөрчлөлт орсон ингэхдээ сургалтын зээлд сургалтын төлбөр байна гээд амьжиргааны зардал багтана гэдэг зохицуулалт нь хасагдсан байгаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Үндэсний Аудитын газрын Санхүүгийн Аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Ц.Э, гэрээт аудитор М.А нарыг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Төлбөрийн акт тогтоох тухай №01/80САГ-2019/17/СТА-ЗГТС тоот актын Б.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын дээд боловсролыг санхүүжүүлэх, суралцагчдын нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан байна.
Харин дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Энэ хууль нь Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад болон гадаад улсад дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа болон суралцаж төгссөн Монгол Улсын иргэн, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсад суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангах, дээд боловсролын сургалтын байгууллагыг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, дэмжих, энэ ажлыг эрхлэх, зохицуулах, сурталчлах чиг үүрэг бүхий байгууллага, иргэнээс суралцагчид үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, хэм хэмжээг тодорхойлно гэж хуульчилсан байна.
Дээрх хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаас үзэхэд тус хууль нь зөвхөн Монгол Улсын дээд боловсролыг санхүүжүүлэх, суралцагчдын нийгмийн баталгааг хангахтай холбоотой харилцаанд үйлчлэхээр харагдаж буй боловч тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаас үзвэл тус хууль нь гадаад улсад дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа болон суралцаж төгссөн Монгол Улсын иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбоотой харилцаанд үйлчлэхээр байна.
Иймд Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн холбогдох зохицуулалтууд нь тус захиргааны хэрэгт хамааралтай байна.
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5- д сургалтын зээл гэж Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмын дагуу элсэн суралцаж байгаа иргэний сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг бүхэлд нь буюу зарим хэсгийг санхүүжүүлэхэд зориулан хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох зээлийг, 8 дугаар зүйлийн 8.9-д Суралцагчид олгох сургалтын зээлийн нийт хэмжээ нь суралцагчийн суралцах хугацааны сургалтын төлбөр, амьжиргааны зардлын нийлбэрээс хэтрэхгүй байх бөгөөд сургалтын зээлийг буцаан төлүүлэхдээ зээлдэгчийн амьжиргаанд нь дарамт үүсгэхгүйгээр суутгал хийхээр журамлана, 8.7-д Гадаад улсад дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа Монгол Улсын иргэнд Засгийн газраас тогтоосон журмын дагуу суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл олгож болно гэж тус тус хуульчилсан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд сургалтын зээлд сургалтын төлбөр болон амьжиргааны зардлын аль алийг оруулан тооцож буюу багтааж болохоор хуульчилсан байна.
Харин Монгол улсын Засгийн газрын 2013 оны 271 дүгээр тогтоолын 2.3-д Сургалтын зээл нь сургалтын төлбөр байна. Энэ журамд заасан гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн сургалтын төлбөрт суралцаж байгаа сургуулиас нь нэхэмжилсэн хичээлийн багц цагийн төлбөр, эрүүл мэндийн даатгал, гадаад суралцагчийн хураамж, номын сангийн үйлчилгээний төлбөр хураамжийг оруулан тооцно гэж заасан ба энэ заалтад Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор нэмэлт орсон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ гэж заасан ба Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн холбогдох зохицуулалтуудаас үзэхэд тус хууль нь дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа этгээдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, сургалтын зээл олгох харилцааг ерөнхийлөн зохицуулсан байна.
Иймд Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг энэ маргаанд хэрэглэх нь холбогдох хуулиудад харшлахгүй юм.
Дээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзэхэд сургалтын зээлд сургалтын төлбөр болон амьжиргааны зардлын аль алийг оруулан тооцож болохоор хуульчилсан байх тул Үндэсний Аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Төлбөрийн акт тогтоох тухай №01/80САГ-2019/17/СТА-ЗГТС тоот актаар Миннесотагийн их сургуульруу илүү төлбөр шилжүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Мөн нэхэмжлэгчийн суралцаж байсан Миннесотагийн их сургуулиас ирсэн нэхэмжлэх зэрэг холбогдох санхүүгийн баримтууд шаардлага хангасан эсэхийг шалгах, хэдий хэмжээний төлбөр шилжүүлэхийг нягтлан шалгасны үндсэн дээр шилжүүлэх нь захиргааны байгууллагын буюу Боловсролын зээлийн сангийн үүрэг тул захиргааны байгууллагын шалгах үүргээ биелүүлсэн эсэхтэй холбоотой үйлдлийн улмаас нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй гэж шүүх үзлээ.
Хариуцагч нь Б.Э Засгийн газрын тогтоолд заасан монгол улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцаагүй, тэргүүлэх чиглэлд хамаарахгүй мэргэжлээр төгссөн гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх хэдий ч маргаан бүхий Үндэсний Аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №01/80САГ-2019/17/СТА-ЗГТС тоот актад тэргүүлэх чиглэлд хамаарахгүй мэргэжлээр суралцаж төгссөн гэсэн үндэслэлийг заагаагүй байх тул хариуцагчийн маргаж байгаа тус үндэслэл нь маргаан бүхий захиргааны актад хамааралгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, үндэслэлгүй байна.
Дээр тайлбарласан үндэслүүдээс үзэхэд Үндэсний Аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №01/80САГ-2019/17/СТА-ЗГТС тоот актын холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.9, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Эий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний Аудитын газрын Санхүүгийн Аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Н, аудитор Ц.Э, гэрээт аудитор М.А нарын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Төлбөрийн акт тогтоох тухай №01/80САГ-2019/17/СТА-ЗГТС тоот актын Батсуурийн Энхбилгүүнд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Эий улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Үндэсний Аудитын газраас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ