Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                     

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж,

Улсын яллагч: М.Батзаяа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Энхжаргал, Б.Алтанчимэг

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан  нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чулууны Энхтөгөлдөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чулууны Өлзийсайхан нарт холбогдох 129/2016/0115/Э индекстэй, эрүүгийн 201603000121 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэхэд

           

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, эрэгтэй, 29 настай,  бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Төв орон сууцанд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 100.000 төгрөг хурааж 7 жил хорих ял оногдуулсныг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 145 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 01 жил 09 сар 20 хоногийн хорих ялыг өршөөн хасаж сулласан, Боржигон овогт Чулууны Энхтөгөлдөр /РД:С387012818/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сарын 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт Чулууны Өлзийсайхан /РД:АИ95030712/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

1. Шүүгдэгч Ч.Энхтөгөлдөр нь ялтай байх хугацаандаа шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Буматын ам гэх газраас 2016 оны 03 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө хохирогч Б.Ванданшаравын 1 тооны нас нийлсэн морийг хулгайлж, Б.Ванданшаравт 650.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 21-22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр байрлах 8 дугаар цэцэрлэгийн хашааны баруун талд байсан хохирогч Ц.Буянбаатарын эзэмшлийн улсын дугааргүй “Бүргэд-2” маркийн хүрэн өнгийн мотоциклийг хулгайлан Ц.Буянбаатарт 320.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цогт-Уул хорооллын 13-04 тоотод оршин суух хохирогч Б.Гэрэлмаагийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан Б.Гэрэлмаад 832.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

яллагдагч Д.Гончигсамбуутай /нас барсан/ бүлэглэн, шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цогт-Уул хорооллын 1А-08 тоотод оршин суух хохирогч Ж.Баянмөнхийн эзэмшлийн улсын дугааргүй хар өнгийн “Супер Бэни” маркийн мотоциклийг машин механизм ашиглан хулгайлан Ж.Баянмөнхөд 1.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Өлзийсайхан, яллагдагч Д.Гончигсамбуу /нас барсан/ нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 03 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цогт-Уул хорооллын гудамжнаас хохирогч А.Далайжаргалын эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн улаан өнгийн мотоциклийг хулгайлан А.Далайжаргалд 600.000 төгрөгийн буюу нийт 3.502.500 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн мөрдөн байцаалтын шатнаас гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн.

2. Шүүгдэгч Ч.Өлзийсайхан нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Сүрьеэгийн ам гэх газарт хохирогч Н.Базарсадтай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ “Н.Базарсад нь чи хаанахынх юм, зодолдох уу” гэж хэлсний улмаас маргалдаж Н.Базарсадын толгойн тус газар цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

2016 оны 04 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 02-12 тоотод оршин суух хохирогч Б.Ганцоожийн улсын дугааргүй “Юнганг” маркийн улаан өнгийн мотоциклийг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлж Б.Ганцоожид 1.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

давтан үйлдлээр шүүгдэгч Ч.Энхтөгөлдөр, яллагдагч Д.Гончигсамбуу /нас барсан/ нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 03 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цогт-Уул хорооллын гудамжнаас хохирогч А.Далайжаргалын эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн улаан өнгийн мотоциклийг хулгайлан А.Далайжаргалд 600.000 төгрөгийн буюу нийт 1.700.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөрдөн байцаалтын шатнаас гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судаллаа.

 

             201603000121 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

 

            Хохирогч Ж.Баянмөнхийн өгсөн:

 

            Би 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр унднаараа гэртээ буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цог-Уулын хороолол 1А-08 тоотод байх гэртээ эхнэр Мөнхтуяагийн хамт 13 цаг 30 минутын орчим ирээд гэртээ ороод цай чанаж уугаад эргээд 14 цаг 25 минутын үед ажил руугаа явахаар хашааны гадаа гарч иртэл миний мотоцикль байхгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Миний мотоцикль суудал нь хөх өнгийн цэцгэн хээтэй, хивсэн гадартай, банк болон зарланыг хөх өнгийн гуперээр бүрсэн, 2 ширхэг никел тольтой, улсын дугааргүй, хар өнгийн “Супер Бэни” маркийн мотоцикль байсан. Би энэ мотоциклийг 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1.550.000 төгрөгөөр худалдан аваад өвөл унаагүй одоо гаргаж ирээд унаж хэрэглэж байгаа юм. Би мотоциклио 1.550.000 төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна. Би мотоциклио олж авмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/

 

           Гэрч Ч.Өлзийсайханы өгсөн:

 

           2016 оны 03 сарын 23-ны өдөр би эхнэр хүүхдээ Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Бэрэнгийн уурхай гэх газар гэр лүү хүргэж өгөхөөр Ч.Энхтөгөлдөр ах руу залгаад мотоциклоо түр өгөөч гэж хэлсэн. Тэгээд Ч.Энхтөгөлдөр Гончигийн хамт манай хадам аавынд ирсэн. Би Ч.Энхтөгөлдөр ахын мотоциклийг нь аваад эхнэр хүүхдээ хүргэж өгчхөөд ирсэн. Ч.Энхтөгөлдөр, Гончигсамбуу нар манайд үлдсэн. Намайг эргээд ирэхэд Ч.Энхтөгөлдөр, Гончигсамбуу ах 2 мөнгөтэй бол ганц шил архи аваад өгөөч гэхээр нь би нэг шил 0.5 литрийн Архангай нэртэй архи авч өгөөд бид 3 тэр архийг хувааж уугаад унтацгаасан. Маргааш өглөө нь ахиад нэг шил архи аваад өгөөч гэхээр нь гэртээ байсан торгоо зах дээр 16.000 төгрөгөөр зараад нэг шил Архангай гэсэн архи аваад бид 3 хувааж уусан. Тэгээд чи байж бай 2 ах нь гарчхаад ирье гэж гараад 30-аад минутын дараа нэг нэг мотоцикол унаад ирсэн. Би юун мотоцикль юм бэ гэж асуухад доороос хулгайлчихлаа гэж хэлсэн. Би энэ мотоциклиор яах гэж байгаа юм бэ гэхэд Гончигсамбуу ах адуу юм уу, хэдэн төгрөгөөс өгчихнө гэж хэлж байсан. Тэгээд Гончигсамбуу ах намайг хамт Төвшрүүлэх сум руу яваад ирье. Хүргээд өг гэхээр нь би зөвшөөрсөн. Ч.Энхтөгөлдөр Гончигсамбуу ах 2 хоорондоо адуу юм уу үхэр хулгай хийе, гурвуулаа 2 мотоцикольтойгоо яваад нэг мотоциколь дээрээ махыг нь ачаад авч ирж заръя гэсэн. Би тэгэхээр нь хамт хулгай хийхгүй гэхэд мотоциклийг Төвшрүүлэх сум оруулаад өг гэж хэлсэн. Тэгээд Архангай аймгийн төвөөс 20-21 цагийн үед гарсан байх. Харанхуй болсон байсан Төвшрүүлэх сум руу явах замд Янгиртай хясаа өнгөрөөд замын хойд талд байх айл руу Ч.Энхтөгөлдөр мотоцикольтойгоо очсон. Би араас нь очилгүй замын хажууд Гончигсамбуугийн хамт байж байтал мотоциклио айлын гадаа орхиод алхаад ирсэн. Яах гэж байгаа юм бэ гэхэд эндээс мал хулгай хийе гэхээр нь би яах гээд байгаа юм бэ, явлаа гэхэд та 2 хол байж бай гээд мотоциколио эргүүлж авчирж өгчхөөд буцаад явган явсан. Гончигсамбуу ах бид 2 хамт Ч.Энхтөгөлдөрийг ирэхийг хүлээж байтал айлаас гэрэл гараад хойд талаараа гэрэлтүүлээд эхэлсэн. Тэгэхэд Гончигсамбуу ах цаадах чинь баригдчихлаа. Хоёулаа явъя намайг Төвшрүүлэх сум руу хүргээд өг гэсэн. Би засмал зам дээр гараад зогсож байтал нэг машин тэр айл руу явтал Гончигсамбуу Ч.Энхтөгөлдөр баригдчихсан байна. Намайг Төвшрүүлэх сум хүргээд өг. Би маргааш чамд таксины мөнгө өгнө гэж хэлсэн. Тэгээд бид 2 хамт Төвшрүүлэх сум ороод Буд гэдэг айлд хоносон. Бид 2 тэр айлд очиход 01 цаг болж байсан байх. Ч.Энхтөгөлдөр, Гончигсамбуу нар хар өнгийн Супер Бэни маркийн улсын дугааргүй мотоциколь хулгайлсан байсан. Тэр мотоциклийн толийг нь Төвшрүүлэх сум явах замд аваад хаясан. Тэр 2 түлхүүргүй шууд холбоод асаасан байсан. Хаанаас хулгай хийснийг нь мэдэхгүй байна.  Ч.Энхтөгөлдөр Гончигсамбуу нар 2 ах нь гарчхаад ирье намайг байж байгаарай гэж хэлээд л гараад явсан. Хулгай хийх талаар яриагүй. Би хулгай хийх гэж байгаа талаар нь мэдээгүй. Гончигсамбуу, Ч.Энхтөгөлдөр ах 2 хоорондоо адуу юм уу, үхэр хулгай хийе гэж ярилцаж байсан. Би хамт хулгай хийхгүй гэхэд намайг мотоциколь Төвшрүүлэх сум руу хүргээд өг, ах нь энэ мотоциклийг зарах гэж байгаа гэж хэлсэн. Ч.Энхтөгөлдөр хулгай хийж байгаад баригдсан айлыг танихгүй. Ч.Энхтөгөлдөр юу хулгай хийж байгаад баригдсан талаар мэдэхгүй байна. Ч.Энхтөгөлдөр ах ганцаараа очсон. Гончигсамбуу ах бид 2 хамт хулгай хийгээгүй. Ч.Энхтөгөлдөрийг баригдах үед мотоциколь дээрээ хамт хүлээгээд сууж байсан. Бид нар ямар нэгэн айлд очоогүй. Гончигсамбуу ах бид 2 хамт Төвшрүүлэх суманд Буд гэдэг айлд л очсон. Ч.Энхтөгөлдөр, Гончигсамбуу 2 хоорондоо хулгай хийе гэж ярилцаж байсан. Ч.Энхтөгөлдөр, Гончигсамбуу нар хулгай хийе гэж ярилцахад та хамт хулгай хийхийг би зөвшөөрөөгүй. Мотоциколь унаад хүргээд өг гэхээр нь хамт явсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуудас/

          Гэрч Ж.Мөнхтуяагийн өгсөн:

 

          2016 оны 03 сарын 24-ний өдөр 13 цагийн үед намайг ажил дээрээ байхад манай нөхөр Ж.Баянмөнх над дээр ирээд хамт харьж унд ууя гээд өөрийнхөө эзэмшлийн улсын дугааргүй хар өнгийн “Супер бэни” маркийн мотоцикольтойгоо ирсэн. Тэгээд бид 2 гэртээ хариад мотоциклио хашааныхаа гадаа орхиод гэртээ орж унд уучхаад 14 цагийн үед гараад иртэл манай нөхрийн мотоцикль алга болсон байсан. Тэгээд нөхөр бид 2 ойр хавиараа хайгаад олоогүй тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Хашааны хаалганы гадаа арзгар ултай гутлын мөр байсан. Өөр ямар нэгэн ул мөр, сэжигтэй зүйл ажиглаагүй. Манай нөхөр энэ мотоциклио 2015 оны намар худалдан авч байсан. Намар аваад удаагүй өвөл болоод унахгүй байж байгаад дулаан орсон болохоор мотоциклио унаж байсан. Бараг шинээрээ байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй байх. Тухайн үед манай гэрт хүн байгаагүй. Нөхөр бид 2 ундны цагаараа очиж унд уусан юм. Энэ тухайн өөр хүн мэдээгүй байх. Мотоциклийг маань удалгүй эргээд олоод өгсөн болохоор олон хүнд хэлж сураагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/

 

          Гэрч Г.Хандсүрэнгийн өгсөн:

 

          Би Ч.Энхтөгөлдөр, Ч.Өлзийсайхан, Гончигсамбуу нарыг танина. Гончигсамбуу миний төрсөн эгчийн хүү байгаа юм. Ч.Өлзийсайхан, Ч.Энхтөгөлдөр нарыг нэг нутгийн хүүхдүүд гэдгээр нь танина. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. 2016 оны 03 сарын 24-нөөс 2016 оны 03 сарын 25-нд шилжих шөнө унтаж байтал Гончигсамбуу, Ч.Өлзийсайхан 2 манайд орж ирээд унтсан. Тэгээд өглөө эрт унтаж байхад нь цагдаа нар ирээд дагуулаад явсан. Шөнө манайд орж ирээд шууд унтсан. Хаанаас хаа хүрч яваа талаараа яриагүй. Манай гэрийн хаалга онгорхой байсан. Манай нөхөр Буд бид хоёр унтаж байсан. Бид хоёрыг унтаж байхад Ч.Өлзийсайхан, Гончигсамбуу орж ирээд хувцасаа тайлалгүй газраар унтаж байхад цагдаа нар ирээд аваад явсан. Манай нөхөр бид хоёртой Ч.Өлзийсайхан, Гончигсамбуу нар ямар нэгэн зүйл яриагүй. Тэгээд өглөө бид нарыг босоогүй байхад цагдаа нар ирсэн. Бид нар хоорондоо ямар нэгэн зүйл яриагүй. Ч.Өлзийсайхан, Гончигсамбуу нар манайд юугаар ирсэн талаар би мэдэхгүй байна. Шөнө гэртээ унтаж байхад орж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/

 

          Хохирогч Б.Ганцоожийн өгсөн:

 

          2016 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө 2012 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн Юнганг маркийн улсын дугааргүй мотоцикль Төвшрүүлэх сумын төвийн 3 дугаар багийн 02-12 тоот хашаанаас хулгайд алдсан. Би 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө 08 цагийн үед босоод гартал гэрийн хажууд тавьсан мотоцикль байхгүй байхаар нь хулгайд алдсан талаар мэдэгдсэн юм. Би мотоциклио 500.000 төгрөгөөр үнэлж байна. 2014 онд 1.000.000 төгрөгөөр хүнээс худалдаж авч байсан юм. Надад гомдол санал байхгүй. Би мотоциклио Ч.Өлзийсайханаас бүрэн бүтэн хүлээж авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх... мэдүүлэг /хх-ийн 154-155 хуудас/

 

          Гэрч Д.Отгонбаярын өгсөн:

 

          2016 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө 04 цагийн үед унтаж байхад манай хүргэн болох Ч.Өлзийсайхан нь согтуу ирээд надад хэлэхгүй аймаг яагаад явдаг юм надаас салбал би хүүхдээ авна ална гэж заналхийлээд агсан тавиад байхаар нь цагдаад дуудлага өгөөд бариулсан. Ч.Өлзийсайхан манайд ирэхдээ мотоцикльтой ирсэн. Би хулгайн мотоцикль унаж явсан эсэхийг нь мэдээгүй. Ч.Өлзийсайхан нь улаан өнгийн улсын дугааргүй Юнганг маркийн хуучин мотоцикльтой байсан. Би Ч.Өлзийсайхантай дахиж уулзаагүй. Маргааш нь манайхан бүгд хөдөө гарсан. Ч.Өлзийсайхан нь архинд их дуртай. Согтохоороо агсан тавина. Гадуур их тэнэдэг. Сүүлийн үед хулгайн хэрэгт холбогдоод байгаа ажилд тааруу хөл муутай, хөлөө хугалж байсан. Эрүүл байхдаа үг дуу цөөнтэй, хүнд тусархуу зан чанар байдаг. Би охиноо суулгахгүй гэж бодож байгаа. Миний охины хань болж чадахгүй, манай охин ч сална гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 156-157 хуудас/

 

           Хохирогч Б.Ванданшаравын өгсөн:

 

           Манайх 2016 оны 03 сард малаа төллүүлээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутагт байх Бумбат гэдэг газар байсан юм. Тэгээд 2016 оны 03 сарын 24-ний өдөр гэртээ унтах гээд байж байтал шөнийн 00 цагийн үед манай гадаа мотоцикль дуугараад, манай нохойнууд хуцаад байхаар нь гараад хартал нэг явган хүн манай гаднаас морь унаад манай гэрээс баруун хойд зүгт явж байгаа харагдсан. Би араас нь гэрэл тусгалгүй сэмхэн дагасан. Гадаа сартай байсан болохоор ил харагдаж байсан. Морьтой хүн манай гэрээс баруун зүгт байх энгэр өөдөө явсан. Араас нь харж байтал мориноосоо буугаад нуруун дээгүүр явган алхаад явсан. Би араас нь машинтайгаа явахад явган зугтаагаад уул өөд явсан. Тэгэхээр нь эргэж хариад мотоциклио унаад замаараа Даваагийнхаар ороод сая морьтой хүн явсан, харсан уу гэхэд хараагүй гэсэн. Тэгээд араас хөөгөөд барьж авсан. Энэ хүнийг барьж авахад миний араас миний дүү Бавуугарьд ирсэн. Тэгээд Бавуугарьдын утсан дээр бичлэг хийж байгаад тэр хүнээс болсон асуудлын талаар асуухад шоронгоос өршөөлийн хуулиар суллагдаж гарч ирсэн гэж хэлсэн. Чи яагаад манайхаас хулгай хийж байгаа юм бэ гэхэд Содномдагвын Даваа Гончиг бид хоёрт танайхыг зааж өгсөн. Гэрийнх нь ард адуу ч бий, үхэр ч бий гэж хэлсэн байсан. Тэгээд би тэр доор нь цагдаа дуудаж өгсөн. Бас манай үхрээс 13 тооны үхэр тасраад явсан байсан. Энэ үхрийг бас хулгай хийх гэж байсан байж магадгүй. Манай өвсний хашаанд байсан нэг тооны хээр зүсмийн морийг тэр хүн хулгай хийгээд унаж явж байгаад намайг араас нь хөөхөөр морийг орхиод өөрөө зугтаасан. Би тухайн үед манай морийг хулгайлсан хүнийг дагаад явж байтал манай цаад талд байдаг Даваа гэдэг айлын урд талд манай үхэр тасраад явж байсан. Тэгэхээр нь би манай морийг хулгайлсан хүн манай үхрийг бас хулгайлсан байна гэж бодсон юм. Манай үхэр шөнө тасарч бэлчдэг. Тухайн үед би л гэртээ байсан. Мал төллөж байсан үе болохоор өдөрт эхнэр хүүхдүүд ирж туслаад оройдоо буцаад аймгийн төв рүү явдаг байсан юм. Намайг тэр хүнийг барьж авах үед манай дүү Бавуугарьд ирж таарсан. Манай малаас өөр мал алдагдаагүй. Би Даваа гэдэг хүнтэй ойрхон хаварждаг юм. Ямар нэгэн өр авлага өс хонзонгийн харьцаа байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Буруутай этгээд нь хуулийн дагуу арга хэмжээгээ авахуулах байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 202-204 хуудас/

 

          Гэрч Г.Отгоны өгсөн:

 

          2016 оны 03 сарын 24-нөөс 2016 оны 03 сарын 25-нд шилжих шөнө 00 цагийн үед манайхыг унтаж байхад манайд Ванданшарав орж ирээд танай энэ хавиар морьтой хүн давхиад явчихлаа. Хаашаа явсныг нь мэдсэн үү гээд манай нөхөр Даваадоржтой яриад байсан. Тэгээд Даваадоржоо чиний морь чинь байна уу гээд тэр 2 гэрээс гарсан. Би бас араас нь гарсан манай морь гэрийн ард байх хашаан дотроо байсан. Тэгээд Ванданшарав яваад өгсөн. Танай энэ рүү морьтой хүн явсан уу гээд асууж байсан. Өөр юм яриагүй. Ванданшаравынх манайхаас зүүн урд зүгт 300-400 метр зайтай байдаг. Манай гэрийн ойролцоо ямар нэгэн мал байгаагүй. Манай ойролцоо Ванданшаравын үхэр байгаагүй. Манайд гадны ямар нэгэн хүн ирээгүй. Морьтой хүн харсан уу гээд сураад байсан. Өөр ямар нэгэн юм яриагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 205-206 хуудас/

 

          Гэрч С.Даваадоржийн өгсөн:

 

          2016 оны 03 сарын 24-нөөс 2016 оны 03 сарын 25-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал гадаа машин дуугараад байхаар нь гэрээсээ гартал манай гадаа Ванданшарав өөрийнхөө жижиг суудлын машинтай ирээд манай гадуур хулгайч орж ирээд хойд хамар руу алдчихсан уу, урд хамар руу алдчихсан уу гэсээр ирсэн. Тэгээд намайг чиний морь байна уу гэхээр нь морио хартал манай морь хашаан дотроо байсан. Тэгээд Ванданшарав танай энэ хавиар чимээ мэдэгдэж магадгүй шүү гэж хэлээд эргээд явчихсан. Тэгээд нилээд удсаны дараа Ванданшарав над дээр ирээд чи манай адууг зааж өгсөн байна. Чамайг ав гэж хэлсэн гэж байна гээд над руу хэл амаар доромжлоод дайраад байсан. 2016 оны 03 сарын 24-нөөс 2016 оны 03 сарын 25-нд шилжих шөнө манайд хэн нэгэн ирээгүй. Манай гэрт манай эхнэр бид 2 бас манай жоохон хүүхэд бид гурав байсан. Ванданшаравынх манай гэрээс зүүн урд зүгт 400-500 метр зайтай. Би сайн мэдэхгүй байна. Ванданшарав манай гадаа ирэхдээ өөрийнхөө жижиг суудлын автомашинтай ирсэн. Ванданшарав нэгэн мал туугаагүй байсан. Манай гэрийн ойролцоо ямар нэгэн мал харагдаагүй. Тухайн үед шөнө байсан. Ванданшарав манай гадуур хулгай орж ирээд би араас нь хөөгөөд явж байгаад алдчихлаа. Танай энэ хавь руу явсан уу, урд энгэр рүү гарчихвуу, хойд энгэр рүү гарчихвуу гэж байсан. Ванданшаравын үхэр баруун энгэр рүү гарахад манай урдуур явна. Манайх Ванданшаравын баруун талд байдаг. Мал явж байсан бол мэдэгдэх байх. Ванданшарав үхэр тууж байгаа харагдаагүй. Мотоцикль машинтайгаа л хүн хайгаад байгаа бололтой гэрлээ тусгаад манай гэрийн баруун талд байх энгэр, хяр дээгүүр л яваад байгаа харагдсан. Мотоциклийн гэрэл тусаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 207-209 хуудас/

         

          Гэрч Б.Бавуугарьдын өгсөн:

 

          2016 оны 03 сарын 24-ний өдөр төрсөн ах Ванданшаравынд орой харанхуй болсон байх үед ирсэн. Тэр үед Ванданшарав ахындаа ортол эхнэр нь манай морийг хүн хулгай хийчихсэн юм шиг байна, ах чинь араас нь явсан гэхээр нь би гараад хартал гэрийнхээ хажуу талын уулан дээр машиных нь гэрэл тусаад байгаа харагдсан. Би мотоциклиор араас нь очтол манай ах нэг залууг бариад авсан байсан. Манай морийг хулгайлж байна гэж хэлсэн. Манай ахын хээр зүсмийн морь нь гэрийнх нь хажуу талын уулын энгэрт сул байж байсан. Тэгээд Ванданшарав ах бид 2 тэр залуугаас яагаад хулгай хийсэн талаар нь асуугаад би утсан дээрээ бичлэг хийгээд авсан юм. Тухайн үедээ бичлэгийг нь СД дээр хуулаад өгсөн. Манай ахынхаас хашаан дотор нь байсан хээр зүсмийн морийг хулгай хийж байгаад баригдсан юм байна лээ. Ванданшарав ах надад хэлэхдээ гэрийнх нь ард байх малын хашаан дотор байсан хээр зүсмийн нас нийлсэн морь нь хулгайд алдагдсан гэж байсан. Тэр залуу тухайн үед бид хоёрт юу гэж хэлж байсныг одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан хулгай хийсэн талаараа ярьж байсан. Энэ яриа нь СД дээр бичигдсэн байгаа. Би очихдоо хулгай болсныг мэдээгүй очсон. Тухайн үед шөнө ахындаа очих гээд л явж байсан юм. Манай ахынх Архангай аймгийн төвтэй ойрхон хаваржиж байсан юм. Мал төллөж байсан болохоор туслахаар очиж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 210-211 хуудас/

 

          Хохирогч Б.Гэрэлмаагийн өгсөн:

 

          2016 оны 05 сарын 04-ны өдөр ажилдаа явчхаад орой 17-18 цагийн үед л тараад гэртээ харьсан. Гэртээ очоод хаалгаа онгойлгоод гэртээ орсон. Ороод эхэндээ хулгай орсныг мэдээгүй. Тэгээд байшингийн ард талд байх тахилын өрөө рүү ороод явж байтал нэг л юм дутуу юм шиг харагдсан. Тэгээд юу дутуу юм бол гэж бодчихоод гал тогооноос дамжаад хойд талын жижиг өрөөндөө ортол цонх нь онгорхой байсан. Жижиг өрөө л ардаа цонхтой. Тэгэхээр эргэж тахилын өрөөндөө юмаа бүртгэхэд манай нөхөр Жаргалсайханы монгол гутал, хуучин бор өнгийн арьсан гутал, полиусан бүс, тахилын ширээн дээр байсан 4 шил архи, 4 ширхэг хуванцар аяга зэрэг эд зүйл алга болсон байсан. Тэгээд нөхөртөө хэл хүргэсэн. Манай нөхөр хөдөө ажлаар яваад өгдөг хүн юм. Манай байшингаас 32 угалзтай монгол гутал, хуучин бор өнгийн арьсан гутал полиусан бүс,тахилын ширээн дээр байсан 3 шил 0.5 литрийн Экс нэртэй архи, 1 ширхэг Ерөөл нэртэй архи, 0.5 литрийн архи, 4 ширхэг хуванцар аяга зэрэг эд зүйл алдагдсан. 32 угалзтай Монгол гутал нь шинэ гутал байсан. Нэг удаа л цагаан сараар өмссөн байсан. Полиусан бүсэнд сүү өргөж ундаалдаг байсан болохоор сүү болсон байгаа. Бусад нь содон шинж тэмдэг гэхээр зүйл байхгүй байх. Манайх блокон хашаатай. Блок нь зарим газраа унаад намхан болсон байгаа. Би алдагдсан эд зүйлсээсээ 32 угалзтай монгол гутал, бор өнгийн арьсан хуучин гутал, полиусан бүс, 3 ширхэг хуванцар аяга, зэрэг эд зүйлсийг авсан. Одоо дутуу нь 1 ширхэг хуванцар аяга байгаа. Ер нь гомдол санал гэхээр зүйл байхгүй. Би 32 угалзтай монгол гутал, хуучин бор өнгийн арьсан гутал хоёрыг хараад таньсан. Полиусан бүсийг сүү болсон болохоор нь таньсан. Хуванцар аяганд манайх идээ будааны дээжээ өргөдөг байсан болохоор таньсан. Би тухайн үед гэртээ ганцаараа очсон. Тухайн үед манайх нүүгээд зарим зүйлсээ зөөж эхэлсэн байсан юм. Манай нөхөр бид 2 эхлээд мөнгөн бүс, бурхан хоёроо алга болсон гэж бодсон. Тэгтэл шинэ гэртээ зарим зүйлээ зөөж байсан болохоор мэдээгүй юм. Дараа нь эдгээр эд зүйлс алга болоогүй байгааг мэдсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 241-243 хуудас/

 

          Гэрч Х.Отгонбаатарын өгсөн:

 

          2016 оны 04 сарын 20-ны үед байсан санагдаж байна. Би яг хэдэн сарын хэдэн гэдгийг нь санахгүй байна. Намайг гэртээ ямаагаа самнаж байтал Ч.Энхтөгөлдөр, Гончигсамбуу нар нэг нэг мотоцикль уначихсан ирсэн. Тэгээд намайг мотоцикль авах уу, энэ 2 мотоциклийг хоёуланг нь зарна гэсэн. Би тухайн үед тэр 2 мотоциклийг үзэж байгаад Мустанг-200 маркийн улаан өнгийн мотоциклийг нь 100.000 төгрөгөөр худалдан авахаар тохироод 50.000 төгрөгийг бэлэн өгөөд явуулсан. Сүүлд нь Ч.Энхөтөгөлдөр надаас 30.000 төгрөг авсан. Тэр өдрөөс 10-аад хоногийн дараа Гончигсамбуу залгаад Монгол гутал зарах гэсэн юм авах уу гэсэн. Тэгэхээр нь би аваад ир үзье гэсэн. Тэгээд Гончигсамбуу, Ч.Энхтөгөлдөр, Хонгор гурав нэг ширхэг монгол гутал, 3 ширхэг мөнгөн аягатай төстэй хуванцар аяга барьсан ирсэн. Ч.Энхтөгөлдөр миний монгол гутал байгаа юм. Мөнгөний хэрэг гараад 100.000 төгрөгөөр авчих, би өмсөөгүй шинээрээ байгаа гэж хэлсэн. Би тэгэхээр нь тэр монгол гутлыг нь аваад 50.000 төгрөг бэлнээр өгсөн. 3 ширхэг аягаа бас манайд үлдээгээд явсан. Дараа нь Ч.Энхтөгөлдөр, Ч.Өлзийсайхан нар ирээд нэг тооны ямаа аваад явсан. Тэгээд байж байтал 20-оод хоногийн дараа Төвшрүүлэх сумын хэсгийн төлөөлөгч ирээд мотоцикль, монгол гутлыг надаас хурааж авсан. Мотоцикль худалдан авахад би өөрөө мотоцикльгүй байсан болохоор мотоцикль зарна гэхээр нь худалдан авсан. Монгол гутлыг Ч.Энхтөгөлдөр миний гутал, өмсөөгүй гээд байхаар нь худалдан авсан. Би хулгайлж олж авсан эд зүйлс гэж мэдээгүй. Ч.Энхтөгөлдөр Улаанбаатар хот явах гээд мөнгөний хэрэг гараад гээд мотоциклио зарсан. Монгол гутлыг миний гутал гэхээр нь худалдан авсан. Надад зарахдаа миний мотоцикль, миний гутал гэж хэлж байсан. Хулгайнх гэдгийг мэдсэн бол худалдан авахгүй байсан. Би тэд нараас өмнө нь ямар нэгэн эд зүйлс худалдан авч байгаагүй. Тухайн үед Ч.Энхтөгөлдөр 2 ширхэг улаан өнгийн мотоцикльтой явж байсан. Нэг нь улаан өнгийн Мустанг-5 маркийн, нөгөө нь Мустанг-200 маркийн мотоцикль байсан. Монгол гутал нь 32 угалзтай шинэ монгол гутал байсан. Мотоцикль нь хуучин улаан өнгийн Мустанг-200 маркийн мотоцикль байсан. Би мотоциклийг 80.000 төгрөгөөр, Монгол гутлыг нь нэг тооны эр ямаа тэгээд 50.000 төгрөгөөр худалдан авсан. Эр ямаагаа 50.000 төгрөгөөр бодож өгсөн. Нийт 180.000 төгрөг болсон. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 244-246 хуудас/

         

             Гэрч Д.Жаргалсайханы өгсөн:

 

         2016 оны 05 сарын 04-ний өдөр манай эхнэр над руу утсаар залгаад манай байшинд хулгай орсон байна гэж хэлсэн. Би тухайн үед хөдөө ажлаар явж байсан юм. Тэгээд маргааш нь ирээд юмаа бүртгэхэд миний монгол гутал, арьсан гутал, бүс, аяга, архи зэрэг эд зүйлс алга болсон байсан. Манай тэр байшингаас ТОСК-ын байр руу нүүж байсан юм. Тэгээд ихэнх зүйлсээ зөөсөн. Зарим зүйлээ зөөж амжаагүй байсан. Тэгээд цагдаа дээр дуудахаар нь иртэл манай эд зүйлсийг олчихсон байсан. Манай байшингаас миний 32 угалзтай монгол гутал, хуучин бор өнгийн арьсан гутал, полиусан бүс, бурханы ширээн дээр байсан 3 шил 0.5 литрийн Экс нэртэй архи, 1 ширхэг Ерөөл нэртэй 0.5 литрийн архи, 4 ширхэг цайны дээж хийдэг хуванцар аяга зэрэг эд зүйл алдагдсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хөдөө ажлаар их явдаг болохоор байнга ирээд байж чадахгүй. Тийм болохоор манай эхнэр хэрэгт хохирогчоор оролцож байгаа. Би эхлээд гэртээ ирээд эд зүйлсээ бүртгэхэд мөнгөн бүс, зэс бурхан 2 байгаагүй. Дараа нь нүүж очсон гэртээ очоод эд зүйлсээ эмхэлж цэгцэлж байтал бүс, бурхан хоёр байгааг мэдсэн. Эхэндээ алга болсон байна гэж бодож байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 248-249 хуудас/

 

           Гэрч Д.Хонгорзулын өгсөн:

 

2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би Ч.Энхтөгөлдөр, Гончигсамбуу нартай Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт таарсан. Тэгээд хамт Ч.Энхтөгөлдөрийн гэрт орж нэг шил архи хувааж уусан. Тэгээд байж байтал Ч.Энхтөгөлдөр, Гончигсамбуу нар Отгонбаатарынд очоод ирэх хэрэг байна, хүргээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд миний мотоциклиор гурвуулаа Отгонбаатарынд очсон. Отгонбаатарынд очоод Ч.Энхтөгөлдөр шинэвтэр Монгол гутал, бас 3 ширхэг хуванцар аяга зэргийг 100.000 төгрөгөөр авчих гээд л наймаа хийгээд байсан. Отгонбаатар ч зөвшөөрөөд 50.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь 50.000 төгрөгөө өгөхөөр тохиролцоод байсан. Ингээд л буцаад Төвшрүүлэх суманд ирээд би ч гэртээ харьсан. Маргааш нь Ч.Энхтөгөлдөр намайг явж байтал ахиад дуудаад очтол надад хуучин бараг асдаггүй шахуу хүрэн өнгийн Бүргэд маркийн мотоцикль үзүүлээд та аваад мотоциклио сэлбэчих гэсэн. Би ахад нь ямар мөнгө байх биш гэхэд дараа хоёулаа болно биздээ гээд байсан. Тэгтэл Гончигсамбуу би чамд дөхүүлээд өгье гээд надтай хамт явсан. Тэгснээ Гончигсамбуу хоёулаа энэ мотоциклийг зарчихъя, сэлбэгэнд хямдхан өгье, Ч.Энхтөгөлдөр асуувал хөдөө явуулсан гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд явж байтал Лууяа гэдэг миний хуурай дүү таараад сэлбэгэнд авах уу гэхэд тэгье гээд 40.000 төгрөгөөр зарчихсан. Тэр мөнгийг нь Гончигсамбуу авсан. Би тэгээд харихаар явсан. Үүнээс хойш ахиж Ч.Энхтөгөлдөр, Гончигсамбуу нартай таараагүй. Отгонбаатарынд Ч.Энхтөгөлдөр очоод шинэвтэр монгол гутал бас 3 ширхэг аяга байсан. Менгөний хэрэг гараад байна 100.000 төгрөөр авчих гэж байсан. Би юу гэж хэлсэн талаар нь мэдэхгүй байна. Би Ч.Энхтөгөлдөр болон Гончигсамбуу нараас хэний гутал болохыг нь асуугаагүй. Намайг хүргээд өгөөч гээд гуйсан юм. Намайг хүргээд өгөөч гээд гуйхаар нь л хүргэж өгсөн юм. Би хулгайн эд зүйл байсан гэж мэдээгүй. Ч.Энхтөгөлдөрөөс аваад Лууяа гэх хүнд зарсан мотоцикль нилээд хуучин Бүргэд маркийн хүрэн өнгийн мотоцикль байсан. Намайг Ч.Энхтөгөлдөр та ав ав гээд байхаар нь авсан. Тэгээд Ч.Энхтөгөлдөрийн гаднаас Гончигсамбуу хүргээд өгье гээд хамт явснаа чи Ч.Энхтөгөлдөрт хөдөө явуулсан гэж хэлээрэй, би энэ мотоциклийг зарчихъя гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. Тэгээд Лууяа гэдэг залууд 40.000 төгрөгөөр зарсан. Би тэр мөнгөнөөс нь аваагүй. Гончигсамбуу л мөнгийг нь авсан. Би нар бүгдээрээ нэг нутгийн хүмүүс. Гудманд таараад дуудахаар нь зугтаагаад явалтай нь биш дээ. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Ямар учиртай эд зүйлс болохыг нь ч асуугаагүй. Гуйхаар нь л хамт явж өгснөөс өөр зүйл байхгүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 01-02 хуудас/

 

Хохирогч Ц.Буянбаатарын өгсөн:

 

2016 оны 05 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 8 дугаар цэцэрлэгийн хашааны гадна тавьчихсан байсан мотоцикль алга болсон. Тэр хавиар нь эрж хайгаад олоогүй цагдаад мэдэгдсэн. Тэгээд хэд хоногийн дараа цагдаагаас яриад мотоциклио олж авсан. 76-87 ӨБТ улсын дугаартай, Бүргэд-2 маркийн хүрэн өнгөтэй, Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль байсан. 2014 оны 7 сард шинэвтэр мотоцикль хүүхдээсээ авч байсан. Одоо мотоциклио 800.000 төгрөгөөр үнэлнэ. Миний мотоциклийн хойд дугуй сольчихсон, аккумулятор, бензин банкны таг, монтажны утас, дөрвөн дохио, хянах байхгүй байсан. Мотоцикль асахгүй байсан. Би 800.000 төгрөг нэхэмжилж байна. Би хохирлоо хурдан төлүүлмээр байна. Мотоцикль асахгүй эвдэрчихсэн байна. Би мотоциклиороо ажил амжуулдаг юм. Гомдолтой байна... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 25-26 хуудас/

 

Гэрч Г.Лувсандоржийн өгсөн:

 

Би 2016 оны 05-р сарын 06-ны өдөр Төвшрүүлэх сумын төвд явж байхад Гончигсамбуу, Хонгорзул ах хоёр таарсан юм. Тухайн үедээ тэр хоёр хүрэн өнгийн “Бүргэд” маркийн мотоцикль бензин нь дууссан гээд түрээд явж байсан юм. Тэгтэл тэр хоёр тэр мотоциклио зарна гэхээр нь хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа талаар асуухад 50.000 төгрөгөөр зарна гэхээр нь би 40.000 төгрөгөөр зарчих гэсэн. Тэгээд тэг тэг гэхээр нь би Хонгороо гээд эгчээс 40.000 төгрөг зээлж аваад Хонгорзул ахад өгөөд уг мотоциклийг нь машин дээрээ ачаад гэрлүүгээ явсан юм. Би Хонгорзул ахыг мөн Гончигсамбуу нарыг танина. Бид нэг нутгийн хүмүүс байгаа юм. Хонгорзултай ах, Гончигсабуу нартай би садан төрлийн холбоо байхгүй. Тухайн үед Гончигсамбуу уг мотоциклийг Хонгорзул ахад зараад Хонгорзул ах надад зарж байгаа талаараа ярьж байсан. Тухайн үед уг мотоцикль хүрэн өнгийн “Бүргэд” маркийн мотоцикль байсан юм. Одоо уг хүрэн өнгийн “Бүргэд” маркийн мотоцикль надад байхгүй байгаа. Би уг мотоциклийн зарим эд ангиудыг өөрийнхөө мотоцикльд хийсэн байж байгаад буцаагаад мотоцикльд нь хийсэн. Тэгээд цагдаа нарт хүлээлгэж өгсөн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 28-29 хуудас/

 

Хохирогч А.Далайжаргалын өгсөн:

 

Би эхнэр хүүхдийн хамтаар Архангай аймгийн Эрдэнэбулгэн сумын 4-р баг Бор толгойн 26-01 тоотод оршин суудаг юм. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын сүүлээр санагдаж байна өдрийг нь сайн санахгүй байна манай хадам дүү миний улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг унаж яваад найзындаа очоод ирнэ гээд явах үедээ миний мотоциклийг айлын хашааны гадаа үүдэнд тавьж орхиод хулгайд алдсан байсан. Миний мотоциклийг Цогт-Уулын дээшээ өгсөхөд 2 цуваа дэлгүүр байдаг юм тэр 2 дэлгүүрийн дундуур хойшоо яваад 3 дахь ногоон хаалганы үүднээс алдсан байсан. Миний хулгайд алдсан мотоцикль улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байгаа. Уг мотоциклийн урд ачаа хугархай, банкны 2 талын хэсэг цөмөрхийтэй, толь тогтоодог суурь өөрийнхөөрөө биш, иж паленит-5 маркийн мотоциклийн суурийг хийсэн, суудлын бүрээс нь улаан алаг өнгийн бүрээстэй хуучин мотоцикль байгаа. Уг мотоциклийн гаалийн бичиг надад байхгүй алга болсон. Би хулгайд алдсан мотоциклио 450.000 төгрөгөөр үнэлж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хулгайд алдсан мотоциклио бүрэн бүтэн хүлээж авсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 79-80 хуудас/

 

Гэрч Б.Отгонжаргалын өгсөн:

 

2016 оны 03 дугаар сарын сүүлээр манай нөхөр А.Далайжаргалын улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг манай дүү унаж яваад Цогт-Уулын гудамжнаас айлд орох үедээ хашааных нь гадаа үлдээж ороод буцаад гараад ирэх үед мотоцикль нь хулгайд алдагдсан байсан гэж манай дүү хэлж байсан. Тэгээд мотоциклио хайгаад олоогүй байж байтал 06 дугаар сард манай нөхөр А.Далайжаргалын хулгайд алдсан мотоцикль олдсон манай нөхөр А.Далайжаргалын мотоциклийг хулгай хийсэн хүмүүс цагдаа дээр баригдсан гэж сонсож мэдсэн. Яг ямар хүн хулгайлсан талаар би танихгүй болохоор мэдэхгүй байна. Ямар ч байсан 3 хүн хулгайлсан гэж ярьж байсан. Манай нөхөр А.Далайжаргалын хулгайд алдсан мотоцикль улаан өнгийн Мустанг-5 маркийн хуучиндуу мотоцикль байсан. Содон шинж тэмдгийг нь сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 81-82 хуудас/

 

Хохирогч Н.Базарсадын өгсөн:

 

2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Норовсамбуутай гудманд тааралдсан. Тэгээд хамт айлд очоод ирье гээд Сүрьеэгийн ам гэх газар Сурмаажав гэдэг айлд очсон. Сурмаажав нь өөрөө байгаагүй. Тэднийд эхнэр хүүхэд нь байсан. Удалгүй тэднийд Ч.Өлзийсайхан болон Эрка гэдэг үсчин залуу нар ирсэн. Ч.Өлзийсайханы авч ирсэн архи пиво хоёрыг хувааж ууцгаагаад би явах гээд гэрээс гарсан. Тэгтэл намайг Ч.Өлзийсайхан дуудсан. Намайг яваад очтол миний нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Тэр үед би газар унасан. Тэгтэл миний толгой руу өшиглөж зодсон. Нэг сэрэхэд хүмүүс ирчихсэн салгаж байсан. Би тухайн үед хэсэг ухаан алдсан байсан. Тухайн үед Ч.Өлзийсайхан бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээгүй. Ямар нэгэн намайг зодох шалтгаан байгаагүй. Би Ч.Өлзийсайханыг тэр өдөр л харсан. Хэрүүл маргаан хийгээгүй. Намайг зодох үед гэрийн гадаа бид хоёроос өөр хүн байгаагүй. Намайг сэрэхэд Цэрэнханд эгч Жагсам ах хоёр салгаж байсан. Миний нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Намайг газар унасан байхад миний толгой руу өшиглөж дэвсэж зодсон. Хэдэн удаа өшиглөж, дэвснийг мэдэхгүй байна. Би эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 107-109 хуудас/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн № 361 дүгээр шинжээчийн дүгнэлт.

Дүгнэлтэд: 1. Н.Базарсадын биед доод эрүү ясны их биеийн баруун хэсгийн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхи, нүдний алимны салст, баруун хавирагны нуман доор цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Зодуулсан гэх тухайн цагт үүссэн байх боломжтой. 3.  Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1-д зааснаар / эрүүний хугарал/ биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь 2-4-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт. /2-р хх-ийн 123-124 хуудас/

 

Гэрч У.Норовсамбуугийн өгсөн:

 

2016 оны 07 сарын 26-ны өдөр би найз Базарсадтай таарсан. Тэгээд би Базарсадын хамт Сурмаажав ахынд хувцасаа солихоор Сүрьегийн ам гэх газар байсан гэрт нь очсон. Сурмаажав ахынд очиход гэрт нь эхнэр хүүхэд нь байсан. Сурмаажав ах өөрөө байгаагүй. Сурмаажав ахынд байхад үсчин Эрка гэдэг залуу над руу залгаад хаана байна гэхээр нь Сурмаажав ахынд байна гэхэд Ч.Өлзийсайхантай хамт ирж байна гэж хэлсэн. Ч.Өлзийсайхан, Эрка 2 Сурмаажав ахынд ирж байхдаа нэг шил 0.75 литрийн ерөөл нэртэй архи, 2.5 литрийн Боргио гэсэн пиво аваад ирсэн. Энийг нь бид 4 хувааж уусан. Архи, пиво ууж дууссаны дараа Ч.Өлзийсайхан, Н.Базарсад 2 хоорондоо маргалдаад байх шиг байсан. Юун дээрээс маргалдаад байсныг мэдэхгүй байна. Тэгээд Ч.Өлзийсайхан, Н.Базарсад 2 гэрээс гарсан. Тэгсэн Сурмаажав ахын эхнэр Ариунзаяа эгч гадаа зодоон хийгээд байна гэхээр нь гартал Сурмаажавын ахын гэрийн ард талд нь байх малын байрны хажууд Базарсад газар уначихсан Ч.Өлзийсайхан намайг өшиглөчихлөө гэж байсан. Базарсадын хамаатан бололтой нэг эгч нөхрийн хамт ирчихсэн цагдаа дуудаж байсан. Тухайн үед Базарсад, Өлзийсайхан нар юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Сурмаажав ахын гэрт байхад хоорондоо юм яриад байх шиг байсан. Сүүлдээ маргалдаад байх шиг байсан. Юунаас болж маргалдаад, хоорондоо юу ярьж байсан талаар нь мэдэхгүй байна. Ч.Өлзийсайхан Н.Базарсадын хаана хэдэн удаа юугаар цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Би зодоон хийж байхыг нь хараагүй. Намайг гэрээс гараад харахад Н.Базарсад газар уначихсан байгаа л харагдсан. Ч.Өлзийсайхан мотоциклио унаад зугтах гэж байхад тэр эгч бариад авч байсан. Сурмаажав ахын гэрт эхнэр Ариунзаяа, охин Нямсүрэн, Эрка, Ч.Өлзийсайхан, Н.Базарсад бид нар байсан. Тухайн үед Н.Базарсад миний толгой даагдахгүй байна гэж байсан. Ямар бэртэл гэмтэл учирсан байсан талаар нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 110-111 хуудас/

 

Гэрч О.Эрдэнэбатын өгсөн:

 

2016 оны 07 сарын 26-ны өдөр Булган үсчин гэх газар үс засаад байж байхад Ч.Өлзийсайхан орж ирээд үсээ засуулсан. Тэгээд Ч.Өлзийсайхан Сурмаажав ахынд очоод ирье гээд бид 2 хамт явсан. Сурмаажав ахынд очиход Сурмаажав ах байгаагүй. Эхнэр нь л охинтойгоо байсан. Тэгээд буцаад гарч байтал Норовсамбуу нэг залуугийн хамт ирж байсан. Тэгээд буцаад Сурмаажав ахынд ороод бид 4 нэг шил 0.75 литрийн архи, бас 2 литрийн пиво хувааж ууцгаасан. Сурмаажав ахын эхнэр нь ч бас уусан байх. Тэгээд ууж байтал Ч.Өлзийсайхан болон У.Норовсамбуутай ирсэн залуу 2 гарч тамхилна гээд гарсан. Тэр 2 гараад нилээд удаж байтал гадаа нэг эгчийн дуу гараад хүн аллаа ш дээ гэсэн. Тэгэхээр нь бид нар гараад хартал Сурмаажав ахын гэрийн ард талд байх малын хашааны ард талд нь Ч.Өлзийсайхан тэр залууг зодчихсон байсан. Тэр залуугийн хамар амнаас нь цус гарсан байгаа харагдсан. Тэгтэл Ч.Өлзийсайхан зугтаагаад явсан. Удалгүй ирээд Ч.Өлзийсайхан зугтсан тухай хэлсэн. Цагдаа нар Ч.Өлзийсайханг барьж аваад явсан. Би тэндээ үлдээд удалгүй яваад өгсөн. Сурмаажав ахын гэрт архи ууж байхад Ч.Өлзийсайхан тэр залуу 2 хоорондоо бага зэрэг маргалдаад байсан. Би бодохдоо хоорондоо тоглоод хэрэлдэж байгаа юм байх гэж бодсон. Тэгтэл гадаа гараад зодолдсон байсан. Ч.Өлзийсайхан Базарсадыг зодож байхыг нь хараагүй. Би гэрт байсан. Намайг гэрээс гарч ирэхэд тэр залуу зодуулчихсан байсан. Хамар амнаас цус гоожсон байсан. Сайн хараагүй. Ч.Өлзийсайхан зүгээр л байх шиг байсан. Цагдаа нарт баригдсан байх үед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Ч.Өлзийсайхан, Н.Базарсад 2 гэрээс гарсан. Бусад нь Сурмаажав ахын гэрт байж байсан. Тэгээд байж байтал нэг эгч хүн аллаа шдээ гээд орилохоор нь бид нар гарсан. Тэр эгч л харсан байх. Гэрийн гадаа Ч.Өлзийсайхан, Н.Базарсад хоёроос өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 112-113 хуудас/

 

Гэрч Ч.Ариунзаяагийн өгсөн:

 

2016 оны зун байсан. Би хэдэн сарын хэдэн байсныг нь санахгүй байна. Манайд Норовсамбуу нэг залуугийн хамт, үс засдаг Эрка гэдэг залуу Ч.Өлзийсайханы хамт ирцгээсэн. Хоорондоо ярьсан юм шиг л хамт ирцгээсэн. Манайд ирэхдээ манай нөхөр Сурмаажав дээр ирж байгаа гээд нэг шил архи, 1 ширхэг 2 литрийн пивотой ирсэн. Тухайн үед манай нөхөр байгаагүй. Тэрийг манайд ууцгаагаад гарцгаасан. Манай гэрт бол зодоон хийсэн зүйл байхгүй. Тэрд нар архи ууж байхдаа Ч.Өлзийсайхан нь Норовсамбуутай хамт явсан залууг зодчихлоо гэж байсан. Гэрийн гадаа нэг эмэгтэй хүн орилоод байсан. Би гэрээс гараагүй сайн мэдэхгүй байна. Ч.Өлзийсайханыг хүн зодож байхыг нь хараагүй. Гэрийн гадаа л Ч.Өлзийсайханг хүн зодчихлоо гэж байсан. Манай гэрт ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Тэд нар л гадаа байгаад байсан. Удалгүй цагдаа нар ирээд аваад явах шиг болсон. Ч.Өлзийсайхан өөрөө хүн зодсон байхаа. Би мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 114-115 хуудас/

 

Гэрч Б.Жаганы өгсөн:

 

2016 оны 07 сарын 26-ны өдөр манайх Сүрьегийн ам гэх газар зуслангаар гол дагуу буусан байсан. Манай ард Сурмаажав гэдэг айл буусан байсан. Тэднийхээр согтуу хүмүүс тасардаггүй юм. Тэгтэл манай эхнэр Цэрэнханд үнээгээ саахаар гараад удалгүй намайг гараад ир гээд орилоод байсан. Би тэгэхээр нь гэрээсээ гартал манай эхнэр Н.Базарсадыг хүн зодоод алах гэж байна гэж хэлсэн. Би хаана гэхэд тэр Ганаагийн өвөлжөөн дээр буусан айлын гадаа гэсэн. Тэгээд Цэрэнханд бид 2 гүйгээд очтол Базарсад газар суучихсан ухаан алдаад сэргэж байгаа шинжтэй юм асуухаар мэдэхгүй байсан. Хамт бас найз нь гээд нэг залуу байсан. Тухайн үед зодсон гэх туранхай залуу нь зугтаагаад цагдаа нар ирээд барьж авсан. Манай эхнэр л анх хараад намайг дуудсан. Тэгээд би яасан бэ гээд Н.Базарсадаас асуухад миний эрүү болохгүй байна хугарчих шиг боллоо гэж байсан. Намайг очиход Н.Базарсадын нүд ам, хамраас нь цус гарсан, ухаан алдаад сэргэж байгаа бололтой байсан. Юу болоод байгааг эхэндээ мэдэхгүй байх шиг байсан. Би яг зодуулж байхыг нь хараагүй. Зодуулсных нь дараа очсон. Намайг очиход Базарсадаас гадна 3 залуу байсан. Энэ 3 залуугийн арай өндөр туранхай нь зодсон гэж байсан. Нөгөө 2 залуу нь чи Базарсадыг яагаад зодож байгаа юм бэ, өмнөх хэргээсээ салаагүй байж гэж хэлж байсан. Намайг очоод тэр залууг бариад авахад биед нь ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй. Тэр залуу нь зугтаах гээд би барьж байсан юм. Базарсадын нэг нүд хавдсан, хамар, амнаас нь цус гарсан, толгойноос нь хүртэл цус гарч байсан. Н.Базарсад эрүү хугарсан юм шиг байна гээд сайн ярьж чадахгүй байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 116-118 хуудас/

 

Гэрч А.Цэрэнхандын өгсөн:

 

2016 оны зун манайх Сүрьегийн ам гэх газар зуссан юм. Тэгээд 2016 оны 07 сарын 26-ы өдөр би үнээгээ саагаад байж байтал манай хойд талд байсан Сурмаа гэдэг айлаас нэг улаан цамцтай залууг нэг туранхай өндөр залуу дагуулж гарч ирээд гэрийнх нь ард байх малын байрны хажууд аваачаад цохиж унагаагаад, гутлаараа тархи толгойгүй өшиглөж зодоод, босч ирэхээр нь л цохиод байсан. Гэрээс нь хүн гарч ирэхгүй байгаа харагдсан. Би хараад хүн алах нь гэж бодоод өөрөө яваад очиход зодуулж байсан хүн нь манай төрлийн Базарсад гэдэг хүүхэд байсан. Базарсад ухаангүй газар хэвтэж байсан. Би тэр залууг чи яагаад ингэж байгаа юм бэ гэхэд дуугарахгүй байсан. Тэгээд би гэр рүүгээ орилоод нөхрийгөө дуудсан. Манай нөхрийг ирж байхад тэр залуу зугтаах гээд байсан. Манай нөхөр барьж аваад цагдаа дуудчихлаа гэтэл зугтаагаад явсан. Цагдаа нар ирээд тэр залууг араас нь очиж барьж авсан. Тэр залуу Базарсадыг цохиж унагаагаад өшиглөж зодоод, босч ирэхээр нь цохиод байсан. Ер нь 10-аад удаа өшиглөж зодсон байх. Би холоос хараад эхлээд Базарсадыг гэж таниагүй хүн алах нь гэж бодоод л очсон. Аймаар цохиж зодсон. Н.Базарсадын хамар, амнаас нь цус гарсан. Ам хөдөлгөж болохгүй байна. Эрүү хугарчих шиг боллоо гэж байсан. Намайг очиход Базарсадаас гадна 3 залуу байсан. Энэ 3 залуугийн арай өндөр туранхай нь зодсон гэж байсан. Нөгөө 2 залуу нь чи Н.Базарсадыг яагаад зодож байгаа юм бэ, өмнөх хэргээсээ салаагүй байж гэж хэлж байсан. Тэр залууг Базарсад цохиж зодоогүй. Биед нь ямар нэгэн ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Базарсад хүний урдаас зодолдох тэнхээгүй болтлоо зодуулсан байсан. Базарсадыг тэр залуу яагаад цохиж зодох болсон талаар мэдэхгүй байна. Хамт архи уусан юм шиг л байна лээ. Тэр айлд хэдэн залуучууд байсан. Гэрээсээ л орж гараад байсан. Базарсадыг зодуулж байх үед хажууд нь өөр хүн байгаагүй. Сүүлд нь манай нөхөр бид 2 очсон юм... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 119-121 хуудас/

 

          Ч.Энхтөгөлдөрийн сэжигтнээр өгсөн:

 

          ...Би энэ хэрэгт холбогдон цагдан хоригдож байсан. Тэгээд цагдан хоригдож байгаад гадуур шалгагдахаар болсон. Тэгээд би ажил хийгээд хэдэн төгрөг олох санаатай Улаанбаатар хот руу Гончигсамбуугийн хамт 2016 оны 06 сарын 01-нээс 2016 оны 06 сарын 02-ны хооронд замын унаагаар явсан. Улаанбаатар хотод Гончигсамбуугийн дүү Мядагаа гэдэг айлд Баянхошуунд байсан. Гончигсамбуу Улаанбаатар хотод байж байгаад явчихсан байсан. Би хэзээ явсан талаар нь мэдэхгүй. Улаанбаатар хот орж ажил хийж хэдэн төгрөг олно гэж бодсон юм. Би Улаанбаатар хотод энд тэнд барилгын ажил хийж байсан. Сүүлд Налайх дүүрэгт ээж Эрдэнэчимэг дээр очиж тоосгоны үйлдвэрт ажил хийхээр 2016 оны 09 сарын 20-нд очиход Ч.Өлзийсайхан ирчихсэн байсан. Би ээжтэйгээ утсаар яриад ажил хийхээр очсон. Ч.Өлзийсайхантай бол яриагүй. Би оргосон байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдээгүй. Надад өөр цагдаагийн газарт шалгагдаж байгаа хэрэг байхгүй... гэх мэдүүлэг. /хх-ийн 74-75 хуудас/

          2016 оны 03 сарын 24-ны өдөр Гончигсамбуу бид 2 Цогт-Уул хорооллоос хар өнгийн Супер Даюун маркийн мотоцикль хулгай хийгээд орой 23-24 цагийн үед Архангай аймгийн Төвшрүүлэх сум орхоор явсан. Би улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг унаад Ч.Өлзийсайхан, Гончигсамбуу 2 хулгай хийсэн хар өнгийн мотоциклийг унаад явцгаасан. Бид 3 бага зэрэг архи уусан байсан. Гэхдээ их согтоогүй байсан. Тэгээд замдаа Янгиртай хясаа өнгөрөөд явж байтал замын хойд талд айл харагдсан. Гончигсамбуу, Ч.Өлзийсайхан 2-ыг зам дээр үлдээгээд би өөрөө тэр айл руу явган явсан. Намайг очиход дундаа малын байртай, малын байрныхаа 2 талд гэртээ 2 айл байсан. Би шууд малын хашааных нь ард байх өвсний хашаан дээр очиход хээр зүсмийн морь уяатай байсан. Би тэр морийг хашаанаас гаргаад мордоод гэрээс баруун зүг рүү уул руу явж байтал тэр айлын нохойнууд нь хуцаад гэрэл гарахаар нь унаж явсан морио уулын энгэр дээр орхиод өөрөө цаашаагаа явган алхаад мотоцикль дээрээ очих гээд явж байтал мотоцикльтой 2 хүн ирээд намайг хулгай хийж байна уу гээд цохисон. Гончигсамбуу, Энхтөгөлдөр нар явчихсан байсан. Тэгээд юм яриад сууж байтал цагдаа нар ирсэн. Гончигсамбуу бид 2 хулгай хийе гэж ярилцсан байсан. Ч.Өлзийсайхан зөвшөөрөхгүй байхаар нь хулгайлсан мотоциклио хүргээд өг гээд дагуулаад явж байсан юм. Би нэг тооны хээр зүсмийн морь хулгай хийсэн. Өөр хулгай хийсэн зүйл байхгүй. Би энэ морио хүн мэдчих шиг болохоор нь тавьчихсан. Миний морь тавьсан газар болон тэр айл 2-ынх хоорондоо нилээд их зайтай байсан. Миний бодлоор ойролцоогоор 1 км орчим зай байгаа байх. Би тухайн үед Гончигсамбууг байж бай гээд үлдээсэн юм. Би хэнийх гэдэг айлыг нь мэдэхгүй танихгүй. Би Даваадорж гэдэг хүнийг танихгүй. Ванданшарав гэдэг хүнд Даваадорж гэдэг хүн зааж өгсөн гэж хэл гээд байхаар нь тэгэж хэлсэн. Би Даваадорж гэдэг хүнийг танихгүй. Би нэг тооны морийг л хулгай хийсэн. Өөр мал хулгай хийсэн, туусан зүйл байхгүй. Би тухайн үед бага зэрэг архи уусан байсан. Их согтоогүй байсан. Тухайн үед ямар нэгэн зорилго гэхээр зүйл байхгүй. Хулгай хийе гээд л хулгай хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 219-221 хуудас/

2016 оны 05 сарын 04-ний өдөр үдээс хойш 15 цагийн үед зах руу явахаар Сансарын дэлгүүрийн хойд талаас уруудаад явж байтал намхан блокон хашаатай, хашаандаа 2 гэртэй, тоосгон байшин байгаа харагдсан. Би ойртоод хартал эзэнгүй, цоожтой байгаа харагдсан. Тэгэхээр нь хашааг нь давж ороод байшингийн ард тал хашаа 2-ын завсраар ороод байшингийн цонх нь вакум болохоор цонхийг түлхэж онгойлгоод байшинд орсон. Байшинд ортол хойд талын өрөөнд нь түрүүтэй хүрэн өнгийн монгол гутал, гутал, хуванцар аяга, эрэгтэй хүний полоосон бүс, авдар дээр нь байсан 1 шил Ерөөл, 3 ширхэг Экс нэртэй архи байсныг нь аваад байшин дотроос нэг шуудай олоод хийгээд гаргасан. Байшингаас нь гараад Бор толгой дээр байх хадан цохионд нууж орхиод Ерөөл нэртэй архийг нь аваад талыг ууж хадан дээр унтаж байгаад 21, 22 цагийн үед сэрээд Төвшрүүлэх сум руу явах гэсэн унаа олдохгүй захын ойролцоо руу алхсан. Тэгээд наадмын талбайн урд талд явж байтал хүүхдийн цэцэрлэгийн хашлагыг налуулаад тавьсан хүрэн өнгийн бүргэд маркийн мотоцикль байхаар нь түрж цаад талд байх жалганд орж утсыг нь холбож асаагаад доод Петровис клонкын хажуугаар гараад шинэ сургууль руу явсан засмал замаар яваад хаданд нуусан зүйлээ аваад тэр шөнөө Төвшрүүлэх сум явсан... Төвшрүүлэх суманд гэртээ очиход манай гэрт хүн байгаагүй. Аав хөдөө явсан байсан. Маргааш нь өглөө нь монгол гутал, бүс, аягыг нь далд хийчхээд сууж байтал манайд 10 цагийн үед Хонгороо орж ирсэн. Хонгороотой хоёулаа нэг шил архи хувааж уусан. Архи уугаад дуусч байтал Гончигсамбуу орж ирсэн. Үлдэгдэл архиа хувааж уугаад надад нэг гутал байна зарах гэсэн юм гэхэд Отгонбаатард зарчих гэж Гончигсамбуу хэлсэн. Тэгээд Хонгороо, Гончигсамбуу бид гурав монгол гутал болон аягануудыг аваад Хонгороогийн мотоцикльтой гуравлаад Отгонбаатарынд очоод мөнгөний хэрэг гараад байна энэ гутлыг 100.000 төгрөгөөр аваач гэхэд одоо бэлэн 50.000 төгрөг байна. Тэгэж байгаад нэг тооны ямаа авахгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь гутлаа аягануудтай өгсөн. Тэгээд эргээд Төвшрүүлэх сумын төв орж ирээд 50.000 төгрөгөөр Гончигсамбуу бид 2 хамт архи уусан. Маргааш нь Хонгороо ах миний хулгай хийсэн улаан хүрэн өнгийн Бүргэд маркийн мотоциклийг ахдаа зарчих гээд байхаар нь та зүгээр ав ав гээд өгчихсөн. Тэр мотоциклийг Гончигсамбуу, Хонгороо 2 түрээд аваад явсан. Сэлбэгэнд зарсан гэж байсан. Хонгороо болон Отгонбаатар нар хулгай хийсэн, хулгайн эд зүйл зарж борлуулж байгаа талаар мэдээгүй байхаа. Би ямар нэгэн зүйл яриагүй. Гончигсамбуу бол энэ тухай мэдэж байсан. Би тэр айлаас угалзтай монгол гутал, бор өнгийн түрүүтэй гутал, эрэгтэй хүний полоосон бүс, 4 ширхэг хуванцар аяга, 4 шил архи хулгай хийсэн. Гэрэлмаагийн байшингаас мөнгөн чимэгтэй эмэгтэй хүний суран бүс, зэс бурхан зэрэг эд зүйлсийг хулгайлаагүй. Би байшинд ороод ил байсан зүйлсийг нь л авсан юм. Өөр юм ухаагүй. Намайг эдгээр эд зүйлсийг хулгайлаад Төвшрүүлэх суманд очиход энэ бүгдийг Гончигсамбуу харсан. Бор өнгийн гутлыг нь би өмссөн байсан... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 07-09 хуудас/

Би 2016 оны 05 сарын 04-ны өдөр 15 цагийн үед Цогт-Уул хороололд байх намхан блокон хашаатай, хашаандаа 2 гэртэй, тоосгон байшинтай айлаас орж эд зүйл хулгайлсан. Тэгээд хадан дээр унтаж байгаад 22 цагийн үед Архангай аймгийн Төвшрүүлэх сум явах гээд унаа хайгаад захын ойролцоо алхаад унаа олоогүй. Тэгээд явж байтал наадмын талбайн урд талын хүүхдийн цэцэрлэгийн гадаа хашлага налуулаад тавьсан байсан улаан, хүрэн өнгийн Бүргэд маркийн мотоциклийг хулгайлаад цаад талд нь байх жалганд оруулж залгуурыг нь салгаж асаагаад хадан дээр нуусан зүйлсээ аваад тэр шөнөө Архангай аймгийн Төвшрүүлэх сум орсон. Төвшрүүлэх сум орсоноос маргааш нь буюу 2016 оны 05 сарын 06-ны өдөр Хонгороо гэдэг ах зарчих гээд байхаар нь та зүгээр ав гээд өгчихсөн юм. Улаан хүрэн өнгийн Бүргэд маркийн мотоцикль байсан. 2 ширхэг никль цагаан өнгийн дөрвөлжин хэлбэртэй тольтой байсан. Хуучин мотоцикль байсан. Өөр содон шинж тэмдэг гэхээр зүйл байгаагүй. Улсын дугаар байхгүй байсан санагдаж байна. Хонгороо Төвшрүүлэх суманд хамт архи ууж байхдаа ах нь дараа мөнгийг нь өгье, одоо мөнгөгүй байна гэхээр нь та зүгээр ав гээд өгчихсөн. Гончигсамбуу би түрээд хүргээд өгчихье гээд аваад явсан. Тэгсэн сүүлд нь Лувсандорж гэдэг хүнд сэлбэгэнд зарсан байсан. Энэ тухайгаа бол надад хэлээгүй. Хонгороо тэр мотоциклийг хулгайлж авсан талаар мэдээгүй байх. Би хулгайлсан тухайгаа хэлээгүй. Гончигсамбуу энэ талаар мэдэж байсан. Намайг хулгайлсан гэдгийг мэдэж байсан. Гончигсамбуу тэр мотоциклийг зарсан байсан. Гончигсамбуу надад тухайн үедээ хөдөө ачаад явуулчихлаа гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 35-37 хуудас/

2016 оны 03 сарын эхээр байсан санагдаж байна. Би хэдэн сарын хэдэн байсныг сайн санахгүй байна. Тухайн үед Гончигсамбуу бид 2 Төвшрүүлэх сумаас Архангай аймгийн төвд ирсэн явж байсан. Тухайн үед Жаграй, Ч.Өлзийсайхан нартай Төвшрүүлэх сумаас хонь хулгай хийхдээ ашигласан Даюун маркийн мотоциклио зах дээр сэлбэгэнд 50.000 төгрөгөөр зарчихаад түүгээрээ архи ууж яваад Ч.Өлзийсайханы хадмынд Цогт-Уул хороололд очсон. Тэгээд хамт архи ууцгааж байгаад хамт гадуур гарах уу гээд гарцгаасан. Ч.Өлзийсайханы хадмынхаас гараад урагшаа явж байтал нэг хашааны гадаа хашаа налуулаад тавьсан байсан улаан өнгийн нарийн банктай Мустанг-5 маркийн мотоцикль байхаар нь бид 2 хамт хулгай хийгээд Ч.Өлзийсайханы хадмын хашаанд аваачсан. Энэ шөнөө Гончигсамбуу бид 2 тэр мотоциклийг унаж Төвшрүүлэх сум орсон. Үүнээс хойш Төвшрүүлэх суманд нэлээд хэд хоносон. Тэгээд Төвшрүүлэх сумаас Ч.Өлзийсайхан унаж эхнэр хүүхдээ хүргэж өгч, аваад дундаа л унаж хэрэглэж байсан. Тэр мотоциклийг Гончигсамбуу бид 2 хар ангийн Супер Бэни мотоциклийг хулгай хийхдээ унаж явсан. Бас айлаас адуу хулгай хийж байгаад баригдахдаа унаж явсан. Тэр мотоциклийг Ч.Өлзийсайхан согтуу явж байгаад журамлуулсан гэж байсан. Хулгай хийх санааг хэн нэгэн гаргаагүй. Гончигсамбуу, Ч.Өлзийсайхан бид 3 хамт явж байгаад мотоцикль таарахаар нь хулгай хийчихсэн юм. Улаан өнгийн, Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Бага зэрэг хуучин. Би түлхүүргүй асдаг болгосон байсан. Тухайн үед Ч.Өлзийсайханы хадам аавынд Ч.Өлзийсайхан ганцаараа гэр сахиж байсан. Хадмууд нь хөдөө гэр рүүгээ явсан байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 91-93 хуудас/

 

          Ч.Өлзийсайханы сэжигтнээр өгсөн:

 

          Би Архангай аймгийн цагдаагийн газар шалгагдаж байхдаа Н.Базарсадтай харилцан зодолдсон. Тэгээд тэр шөнөө эрүүлжүүлэхээс гараад Ганаа гэдэг ахынд очиж хоносон. Би Ганаа гэдэг ахынд 3-4 хоносон байх. Тэгээд ээж Эрдэнэчимэг надад Улаанбаатар хот явах зардлын мөнгө явуулсан. Тэгээд ээж дээрээ буюу Улаанбаатар хотын Налайх дүүрэгт очиж тоосгоны үлйдвэрт ажиллаж байгаад цагдаад баригдаад ирсэн. Надад Архангай аймгийн төвд очих айл байхгүй бас мөнгө ч байхгүй байсан. Тэгээд ээж дээрээ очиж ажил хийж мөнгө олох зорилгоор явсан. Би мөрдөн байцаалтанд шалгагдаж байгаагаа мэдэж байсан. Манай гэр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд байгаа. Манай хадам аавынх хөдөө Бэрэнгийн уурхай гэх газар байдаг. Бас Архангай аймгийн төвд Цогт-Уул хороолол гэртэй. Тухайн үед эхнэртэйгээ таарамжгүй байсан. Төвшрүүлэх сум руу ирж очих мөнгө байгаагүй юм. Би мөрдөн байцаалтаас оргон зайлсан байх хугацаанд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт тоосгоны үйлдвэрт ээж Эрдэнэчимэг, ах Ч.Энхтөгөлдөр нарын хамт ажиллаж байсан. Ч.Энхтөгөлдөр ирээд 10 гаран хонож байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 хуудас/

          Би 2016 оны 04 сарын 20-21-нд шилжих шөнө 01 цагийн үед Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төвийн 3 дугаар багийн 02-12 тоотоос Б.Ганцоожийн хашаан дотор байсан “Юнганг” маркийн улаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг хулгайлаад түрж гаргаад гэрийнхээ урд очоод кондукторын утсыг нь салгаж асаагаад тэр шөнөдөө Архангай аймгийн төв рүү ирсэн. Би айлд ямаа самнаад гэртээ ирэхэд эхнэр, хүүхэд 2 гэртээ байхгүй байсан. Аймгийн төв рүү явсныг нь мэдээд араас нь явах гээд унаа байхгүй болохоор Ганцоожийн хашаан дотор байсан мотоциклийг хулгайлж унаж явсан. Улаан өнгийн хянах нь хагарч хадгаар ороосон яндан 4 нүхтэй, 2 газар цөмөрсөн улсын дугааргүй мотоцикль байсан. Би тухайн үед ганцаараа явсан. Намайг мотоцикль хулгайлсан гэдгийг мэдэж байгаа хүн байхгүй. Тухайн үед хадам ээж эхнэр хоёрт надад яагаад хэлээд явж болдоггүй юм, надаас сална гэвэл би хүүхдээ авна гэж маргалдаад байж байтал цагдаад дуудлага өгсөн байсан. Зүгээр мотоцикль унаж явж байгаа гэдгийг л мэднэ. Би мотоцикль хулгайлсан гэж хэлээгүй. Би ямаа самнасан айлдаа 1 шил архи, 2 литрийн Боргио пиво уусан жаахан халамцуу байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 163-164 хуудас/

2016 оны 03 сарын эхээр байсан санагдаж байна намайг хадам аав Энхжаргалынд ганцаараа байж байтал Ч.Энхтөгөлдөр, Гончигсамбуу нар ирсэн. Би тэгээд 0.5 литрийн Архангай гэсэн нэртэй архи авч өгсөн. Энэ архиа бид 3 хувааж уусан. Тэгээд бид 3 манайд байхдаа хамт мотоцикль хулгай хийе гэж ярилцаад гарсан юм. Манай хадам аавынх Цогт-Уул хорооллын 01-21 тоотод байдаг юм. Манай хадам аавынхаас гараад урагшаа явж байтал улаан өнгийн улсын дугааргүй нарийн банктай мотоцикль айлын хашаа налуулаад тавьсан байсан. Тэгээд тэр мотоциклийг хулгайлахаар болж түрж гудамжнаас холдуулаад 3 залгуурыг нь салгаад асаасан. Тэр шөнөө тэр мотоциклийг Ч.Энхтөгөлдөр, Гончигсамбуу нар унаад явсан. Түүнээс хэд хоногийн дараа би тэр мотоциклийг хэсэг унасан. Тэр үед Ч.Энхтөгөлдөр, Гончигсамбуу нар тэр мотоциклийг ашиглан хар өнгийн Супер Бэни маркийн мотоцикль хулгай хийсэн. Тэр шөнөө Энхтөгөлдөр айлын мал хулгай хийх гэж байгаад баригдсан. Ингээд л анх цагдаад баригдсан юм. Хулгай хийх санааг Гончигсамбуу, Ч.Энхтөгөлдөр хоёр гаргасан. Би тэгээд хамт явсан. Улаан өнгийн, улсын дугааргүй, улаан өнгийн суудлын бүрээстэй, нарийн банктай бага зэрэг хуучин Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Тэр мотоциклийг би архи уусан байсан үедээ жолоодож яваад цагдаад баригдаад журмын хашаанд хийсэн. Цогт-Уул хороолын хэдэн хэдийн тоотын гаднаас уг мотоциклийг хулгай хийснээ санахгүй байна. Тухайн үед шөнө байсан. Төмөр хаалгатай хашаа байсан. Төмөр хаалганыхаа цаад талд хашаа налуулаад тавьсан байсан. Тэр мотоциклийг хулгай хийсэн өдөр хэдэн сарын хэдний өдөр байсныг санахгүй байна. 2016 оны 03 сарын эхээр л байсан санагдаж байна. Би тухайн үед хадам аав Энхжаргалындаа ганцаараа байсан. Манай хадам аав, эхнэр хүүхэд бүгд хөдөө явсан байсан. Би ганцаараа гэр сахиж байсан. Уг нь тухайн үед би Улаанбаатар хот явах гэж байсан юм. Гончигсамбуу, Ч.Энхтөгөлдөр нар ирээд явахаа больсон... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 88-90 хуудас/

2016 оны 07 сарын 26-ны өдөр Эрка гэдэг залуугийн хамт Сүрьегийн ам гэх газар Сурмаажав ахынд нэг ширхэг 2.5 литрийн Боргио гэсэн нэртэй пиво аваад очсон. Сурмаажав ахынд очиход Норовсамбуу, Базарсад, Сурмаажав ахын эхнэр нь охинтойгоо байсан. Норовсамбуу, Базарсад, Эрка бид 4 пиво хувааж уусан. Пиво уугаад дуусаад байж байтал Базарсад над руу чи хаанахынх юм гэж дайраад зодолдох уу гээд байсан. Сурмаажав ахынхаас Базарсад бид 2 хамт гараад гэрийнх нь ард байх байрны хажууд очиход Базарсад миний хамар руу цохисон. Би хэсэг тонгойгоод байж байтал Базарсад намайг бариад авсан. Тэгэхээр би нь барьцалдаж аваад хоорондоо 2, 3 удаа цохилцож байхад урд талаас нэг эгч ирээд салгасан. Тэгээд цагдаа дуудсан. Би тухайн үед цагдаа дээр хэрэгт шалгагдаж байсан болохоор зугтаасан. Тэгээд зугтааж байгаад цагдаад баригдсан. Тэгээд тэр өдрөө эрүүлжүүлэхэд орсон. Н.Базарсадыг эмнэлэг рүү аваад явсан. Н.Базарсад над руу эхлээд өөрөө дайраад байсан юм. Тэгээд хоорондоо маргалдсан юм. Би Н.Базарсадын нүүр рүү гараараа 3 удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед Сурмаажав ахынд Сурмаажав ахын эхнэр нь охинтойгоо байсан. Тэгээд бид 4 байсан. Өөр хүн байгаагүй. Би энэ явдал болсон шөнө эрүүлжүүлэхээс гараад 2, 3 хоног Архангай аймагт байж байгаад Улаанбаатар хотын Налайх дүүрэг рүү ээж Эрдэнэчимэг дээр очиж тоосгоны үйлдвэрт ажил хийж байгаад цагдаа нарт баригдаад ирсэн. Базарсад миний хамар руу цохисон. Гараараа цохисон байх гэж бодож байна. Миний хамарны яс цөмөрсөн. Би эмнэлэгт үзүүлээгүй. Би Н.Базарсадад зодуулсан. Өөр хүнд зодуулаагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гараараа хамраа дарж үзэхээр хонхойж мэдэгдээд байгаа. Би Базарсадыг сайн танихгүй. Хэрэг болох үед л хоорондоо танилцсан юм... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 139-140 хуудас/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 хуудас /, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8, 24-26, 152, 197, 200, 238-239, 2-р хх-ийн 23, 76-77,  хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-23 хуудас/, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49-50, хх-ийн 31, 44 хуудас/, Шинжээч А.Бямбажавын хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 115, 159, 213, 2-р хх-ийн 4,  32, 59, 84, хуудас /, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 123 хуудас /, Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 09 сарын 02-ны өдрийн 151/005240 тоот, Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 05 сарын 03-ны өдрийн 151/002473 тоот лавлагаанууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144-145, 2-р хх-ийн 232-234, 3-р хх-ийн 48-49 хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: хохирогч Ж.Баянмөнхийн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/, гэрч Ж.Мөнхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/, гэрч Г.Хандсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/, хохирогч Б.Ганцоожийн мэдүүлэг /хх-ийн 154-155 хуудас/, гэрч Д.Отгонбаярын мэдүүлэг /хх-ийн 156-157 хуудас/, гэрч Ч.Өлзийсайханы мэдүүлэг /хх-ийн 163-164 хуудас/, хохирогч Б.Ванданшаравын мэдүүлэг /хх-ийн 202-204 хуудас/, гэрч Г.Отгоны мэдүүлэг /хх-ийн 205-206 хуудас/, гэрч С.Даваадоржийн мэдүүлэг /хх-ийн 207-209 хуудас/, гэрч Б.Бавуугарьдын мэдүүлэг /хх-ийн 210-211 хуудас/, хохирогч Б.Гэрэлмаагийн мэдүүлэг /хх-ийн 241-243 хуудас/, гэрч Х.Отгонбаатарын мэдүүлэг /хх-ийн 244-246 хуудас/, гэрч Д.Жаргалсайханы мэдүүлэг /хх-ийн 248-249 хуудас/, гэрч Д.Хонгорзулын мэдүүлэг /2-р хх-ийн 01-02 хуудас/, хохирогч Ц.Буянбаатарын мэдүүлэг / 2-р хх-ийн 25-26 хуудас/, гэрч Г.Лувсандоржийн мэдүүлэг /2-р хх-ийн 28-29 хуудас/, хохирогч А.Далайжаргалын мэдүүлэг /2-р хх-ийн 79-80 хуудас/, гэрч Б.Отгонжаргалын мэдүүлэг /2-р хх-ийн 81-82 хуудас/, хохирогч Н.Базарсадын мэдүүлэг /2-р хх-ийн 107-109 хуудас/, гэрч У.Норовсамбуугийн мэдүүлэг /2-р хх-ийн 110-111 хуудас/, гэрч О.Эрдэнэбатын гэх мэдүүлэг /2-р хх-ийн 112-113 хуудас/, гэрч Ч.Ариунзаяагийн мэдүүлэг /2-р хх-ийн 114-115 хуудас/, гэрч Б.Жаганы мэдүүлэг /2-р хх-ийн 116-118 хуудас/, гэрч А.Цэрэнхандын мэдүүлэг /2-р хх-ийн 119-121 хуудас/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн № 361 дүгээр шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 123-124 хуудас/ 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн илтгэх хуудас /3-р хх-ийн 30 хуудас/, мөрдөн байцаагчийн зарлан дуудах хуудас /3-р хх-ийн 32 хуудас/ мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх санал /3-р хх-ийн 62-63 хуудас/, Архангай аймгийн Прокурорын газрын 2016 оны 08 сарын 01-ний өдрийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай прокурорын 92 дугаар  тогтоол зэрэг  хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Ч.Энхтөгөлдөр нь  Д.Гончигсамбуутай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цогт-Уул хорооллын 1А-08 тоотод оршин суух хохирогч Ж.Баянмөнхийн эзэмшлийн улсын дугааргүй хар өнгийн “Супер Бэни” маркийн мотоциклийг хулгайлан 1.100.000 төгрөгийн,  ганцаараа 2016 оны 03 дугаар сарын 24-25-нд шилжих Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Бумбатын ам гэх газраас хохирогч Б.Ванданшаравын 1 тооны морийг хулгайлж 650.000 төгрөгийн, Ч.Өлзийсайхан,  Д.Гончигсамбуу нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цогт-Уул хорооллын гудамжнаас хохирогч А.Далайжаргалын эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн улаан өнгийн мотоциклийг хулгайлан А.Далайжаргалд 600.000 төгрөгийн, ганцаараа 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цогт-Уул хорооллын 13-04 тоотод оршин суух хохирогч Б.Гэрэлмаагийн гэрт нэвтэрч эд зүйл хулгайлан 832.500 төгрөгийн,  2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 21-22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр байрлах 8 дугаар цэцэрлэгийн хашааны баруун талд байсан хохирогч Ц.Буянбаатарын эзэмшлийн улсын дугааргүй “Бүргэд-2” маркийн хүрэн өнгийн мотоциклийг хулгайлан Ц.Буянбаатарт 320.000 төгрөгийн буюу нийт 3.502.500  буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,  дээрх хэргүүдэд шалгагдаж байхдаа 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр авсан Гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн;

 

Шүүгдэгч Ч.Өлзийсайхан нь Ч.Энхтөгөлдөр,  Д.Гончигсамбуу нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цогт-Уул хорооллын гудамжнаас хохирогч А.Далайжаргалын эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн улаан өнгийн мотоциклийг хулгайлан 600.000 төгрөгийн, ганцаараа 2016 оны 04 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 02-12 тоотод оршин суух хохирогч Б.Ганцоожийн улсын дугааргүй “Юнганг” маркийн улаан өнгийн мотоциклийг хулгайлж 1.100.000 төгрөгийн  нийт 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Сүрьеэгийн ам гэх газарт хохирогч Н.Базарсадтай маргалдаж Н.Базарсадыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, дээрх хэргүүдэд шалгагдаж байхдаа 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр авсан Гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж  2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч Ч.Энхтөгөлдөрийг ялтай байхдаа  ганцаараа болон бусадтай бүлэглэж орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлж бага бус  хэмжээний хохирол учруулсан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, шүүгдэгч Ч.Өлзийсайханыг ганцаараа болон бусадтай бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдалд тохируулан хорих ял оногдуулах  үндэслэлтэй байна үзлээ.

            Шүүгдэгч Ч.Энхтөгөлдөрийн хувьд ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн гэсэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

            Шүүгдэгч нь Ч.Энхтөгөлдөр нь 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 100.000 төгрөг хурааж, 7 жил хорих ял шийтгүүлсэн байх бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1 жил 09 сар 20 хоногийн ялаас өршөөн хасаж суллагдсан байх бөгөөд ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн учраас оногдуулсан хорих ялыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу тэнсэх үндэслэлгүй байна гэж үзлээ. Мөн урьд хорих ял эдэлж байсан гэсэн үндэслэлээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасны дагуу түүний хорих ял эдлэх дэглэмийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ч.Өлзийсайхан нь 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт 3 сарын 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх бөгөөд түүний ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч Н.Базарсад нь эмчилгээний зардалд 1 сая төгрөг Ч.Өлзийсайханаас нэхэмжилсэн ба үүнээс 350.000 төгрөгийн баримт / 2 хх-ийн128 хуу/ хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч Ч.Өлзийсайханаас хохирогч Н.Базарсадад хохирол, төлбөр төлсөн тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна.

            Прокуророос шүүгдэгч Ч.Энхтөгөлдөрийг Д.Гончигсамбуутай бүлэглэн Ж.Баянмөнхийн мотоциклийг хулгайлахдаа машин механизм ашигласан гэж яллах дүгнэлтэнд дурдсан бөгөөд хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд Ч.Энхтөгөлдөр, Д.Гончигсамбуу нар  нь дээрх гэмт хэрэг үйлдэх үедээ мотоцикль жолоодож явсан гэх боловч уг мотоциклийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхлэгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор ашигласан болох нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  /1 хх-ийн 194-197 хуу/ хохирогч Б.Ванданшараваас гаргаж өгсөн гэх бичлэг бүхий ногоон өнгөтэй, charcoal dvd+r 16x speed 4.7 gb 120 min гэсэн бичиг бүхий CD дээрх бичлэгт бичигдсэн дуу хоолой нь шүүгдэгч Ч.Энхтөгөлдөрийнх мөн болохыг тогтоосон баримт /шинжээчийн дүгнэлт гэх мэт/ байхгүй тул уг CD-г нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

 

             Шүүгдэгч Ч.Энхтөгөлдөрийн цагдан хоригдсон 119 хоног, шүүгдэгч Ч.Өлзийсайханы цагдан хоригдсон 93 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцох, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Энхтөгөлдөр нь бусдад төлөх төлбөргүй, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ч.Өлзийсайханаас 350.000 /гурван зуун тавин мянган/ төгрөг гаргуулж хохирогч Н.Базарсадад олгох, хохирогч Н.Базарсад нь бусад хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий CD нэг ширхэгийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасны дагуу уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээхээр  шийтгэх тогтоолд тус тус дурдахаар шийдвэрлэв.

           

              Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогтой Чулууны Энхтөгөлдөрийг ялтай байхдаа давтан үйлдлээр, шүүгдэгч Ч.Өлзийсайхан, Д.Гончигсамбуу нартай бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, шүүгдэгч Боржигон овогтой Чулууны Өлзийсайханыг давтан үйлдлээр Ч.Энхтөгөлдөр, Д.Гончигсамбуу нартай бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ч.Энхтөгөлдөрт эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ч.Өлзийсайханд эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Ч.Өлзийсайханд 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар Ч.Энхтөгөлдөрт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Ч.Өлзийсайханд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

 

            3.  Монгол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч Ч.Энхтөгөлдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурван/ сарын  хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялын зарим болох 3 /гурван/ сарын нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар,  шүүгдэгч Ч.Өлзийсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялын зарим болох 6 /зургаан/ сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн  хорих ялын зарим болох 6 /зургаан/  сарын хорих  ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

            4.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-г журамлан шүүгдэгч Ч.Энхтөгөлдөр оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-г журамлан шүүгдэгч Ч.Өлзийсайханд оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  тус тус эдлүүлсүгэй.

 

            5.  Шүүгдэгч Ч.Өлзийсайхан нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс цагдан хоригдсон 93 хоног, шүүгдэгч Ч.Энхтөгөлдөрийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 26 хоног, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс цагдан хоригдсон 93 хоног, нийт 119 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

            6.   Шүүгдэгч Ч.Энхтөгөлдөр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдаж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ч.Өлзийсайханаас 350.000 /гурван зуун тавин мянган/ төгрөг гаргуулж хохирогч Н.Базарсадад олгуулж, хохирогч Н.Базарсад нь баримтаа бүрдүүлэн бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            7.   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгөтэй, charcoal dvd+r 16x speed 4.7 gb 120 min гэсэн бичиг бүхий CD нэг ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т заасны дагуу уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл үлдээсүгэй.

 

8.    Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                               Э.ОДХҮҮ