| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/1106/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1100 |
| Огноо | 2024-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Өнөбат |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1100
2024 12 03 2024/ШЦТ/1100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2024/1106/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Б.Өнөбат,
шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.А-д холбогдох эрүүгийн 2409032932154 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 2004 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** сургуульд 3 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 562 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, Г.А /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.А нь 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдрийг шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “***” үйлчилгээний төвийн гадна хэсэгт хохирогч О.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа цохих үйлдлээр зодож эрүүл мэндэд нь хамрын нуруу хоёр нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.А нь согтуугаар 2023.12.02-наас 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх *** үйлчилгээний төвийн гадна хохирогч О.А-г өөрийн найз З гэгчтэй маргалаа гэх үл ялих зүйлээр шалтаглан толгой нүүрэн тус газарт нь олон удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын нуруу хоёр нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.А-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх хуудас), хохирогч О.А-н мэдүүлэг (хавтаст хэргийн 4 дэх хуудас), Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №69 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Г.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн хохирогч О.А нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч О.А нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын болон бусад хохирлын асуудлаар нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.А-н эмүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж, үйлчилгээний төлбөр болох 65,000 төгрөгийг шүүгдэгч Г.А-с гаргуулж, Эрүүл мэнд даатгалын Ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Г.А хүлээн зөвшөөрсөн 600,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.А нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.А-с 65,000 /жаран таван мянга/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэнд даатгалын Ерөнхий газарт олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч О.А нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын болон бусад хохирлын асуудлаар нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР