Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/01879

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 11 өдөр

     Дугаар 183/ШШ2019/01879      

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Ө

 

Хариуцагч: Н газарт холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ..............шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ө  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02595 дугаар шийдвэрээр Ц.Ө , Ө.Б нараас 11 120 000 төгрөг гаргуулж Х.Отгонжаргалд олгохоор шийдвэрлэсэн. Ц.Ө  миний бие тухайн үед Ө.Б-г  гараашныхаа бичиг баримтыг өгөөч, гуравхан хоног барьцаанд тавиад буцааж өгье гэхээр нь итгээд гарын үсэг зур гэсэн бичиг болгонд зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд тухайн зээлээс би нэг ч төгрөг аваагүй мөртөө зээлийг төлөхөөр болсон. Ө.Б нь энэхүү зээлийн хүүг өөрөө бүгдийг нь төлнө гэдгээ шүүхэд хэлсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний хаягаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Ц.Ө  миний өмчлөлийн Ү-2206050346 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, Энхжин хотхоны 32а байрны В1 давхрын 40 тоот 15 м.кв автозогсоолыг 23 329 616,61 төгрөгөөр үнэлүүлж 16 331 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах үнийг тогтоосон тухай мэдэгдлийг би 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авлаа. Миний бие тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна. Тус автозогсоолыг манай гэр бүл өмчилдөг бөгөөд бид 35 000 000 төгрөгөөр худалдан авч байсан. Энхжин хотхон нь автозогсоолын хүрэлцээ муутай худалдах автозогсоол дууссан учраас одоо автозогсоолууд 40 000 000-45 000 000 төгрөгөөр зарагдаж байгаа. Би хүнд итгэснээсээ болоод хүний өмнөөс төлбөр төлөх болж хохирч байгаагаас гадна мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар автозогсоолыг хэт багаар үнэлж дахин хохироход хүрээд байна. Иймд Ц.Ө  миний өмчлөлийн ..........................автозогсоолыг Н газраас үнэлгээчин томилж тогтоосон 23 329 616,61 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож  өгнө үү” гэв.

 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02595 дугаар шийдвэрээр Ц.Ө , Ө.Б нараас 11 130 000 төгрөгийг гаргуулж Х.О-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Ө , Ө.Б нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийг хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ...................автомашины зогсоолыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18290545/01 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 18290545/02 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна. Төлбөр төлөгч нарт үнийн санал өгөхийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4/9790, 4/9791, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 4/10312, 4/10311 үнэлгээний албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул хөрөнгийн үнэлгээний Баян-Модот ХХК-иар үнэлүүлэхэд уг автозогсоолыг 23 330 000 төгрөгөөр үнэлсэн тул мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 4/11858, 4/11859 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч нарын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70%-иар тооцон анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр оруулахаар нийтэд зарласан байна. Анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр оруулахад борлогдоогүй болно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Ц.Ө ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.   

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц.Ө  нь хариуцагч Н газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “...Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Ө  нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 4/11859 дүгээр мэдэгдлийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гардаж авч, гомдлоо 2019 оны 5 дугаар сарын 23-ний өдөр шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж дүгнэлээ. 

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Нэхэмжлэгч Ц.Ө  нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...миний өмчлөлийн .........................автозогсоолыг 23 329 616,61 төгрөгөөр үнэлгээ тогтоосныг зөвшөөрөхгүй. Тус автозогсоолыг 35 000 000 төгрөгөөр худалдан авч байсан. Энхжин хотхон нь автозогсоолын хүрэлцээ муутай худалдах автозогсоол дууссан учраас одоо автозогсоолууд 40 000 000-45 000 000 төгрөгөөр зарагдаж байгаа” гэж тайлбарласан.  

 

Хэргийн баримтаас үзэхэд Ц.Ө , Ө.Б болон Х.О нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдсан болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02595 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 489 дүгээр магадлалаар тогтоогдож байна. 

 

Зээлдэгч Ц.Ө , Ө.Б нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч Х.О нь шүүхэд хандаж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02595 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 489 дүгээр магадлалаар зээлийн гэрээний үүрэгт хариуцагч .Ө , Ө.Б нараас 11 130 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 193 030 төгрөгийг тус тус гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.   

 

Дээрх шийдвэрт шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183//ГХ2018/00451 тоот гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд хариуцагч Н газар уг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөрөө төлөх талаар мэдэгдэн, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18290545/01 дүгээр “Эд хөрөнгийг битүүмжлэх тухай” тогтоолоор .Ө ын өмчлөлийн Ү-2206050346 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, Энхжин хотхоны 32а байрны В1 давхрын 40 тоот 15 м.кв автозогсоолыг битүүмжилж, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 18290545/02 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураан авсан байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны зүйл гэдэгт маргаагүй, шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргаагүй тул шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч нар үнийн санал ирүүлээгүйгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 145 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

 

“Баян Модот” ХХК нь хөрөнгөд зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, үнэлэгдэж буй хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага болон барилгын төсөвт тооцооллоор, газрыг нормативын аргаар үнэлж....................... автозогсоолын зах зээлийн үнэ цэнийг 23 329 613,61 төгрөгөөр тогтоосон байна. Мөн хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, шинжээчийн тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохоо буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Н газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Ө ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ